Ингээд, нэгэн загварын шоуны дараа гэртээ харьж яваад Valentine санасмаргүйгээр нэгэн нохойг дайрчихна, азаар нохой амьд боловч шархдсан байх ба бүсгүй нохойн хүзүүвч дээрээс нохой болон эзэнийх нь нэр, хаягийг олж мэдээд хаягийн дагуу очтол бөөн ном, кино юмуу хөгжмийн студи юмуу гэмээр тоноглогдсон амины байшинд жар эргэм насны хөл муутай өвгөн түүнийг угтаад яршигласан, төвөгшөөсөн байдлаар харьцаж, нохойг хүлээж авахгүй чи өөртөө үлдээ хэмээн бараг хөөж тууна.. Valentine нохойг малын эмчид аваачиж эмчлүүлээд түр өөртөө үлдээх бөгөөд маргааш түүний хаягаар өвгөнөөс нохойн эмчилгээний төлбөр гэж мөнгө ирнэ, хүүхэн мөнгө болон нохойгоо аван өвгөн дээр очиход өвгөн хавьгүй нааштай хүлээж аван ганц хоёр үг солих агаад өвгөнийг Kern \ Jean-Louis Trintignant - Канны шагналт Францын жүжигчин\ гэдэг, тэтгэвэртээ гарсан хуульч, нэлээд илэн далангуй, шударга, зожигдуу, ухаалаг хүн ажээ..
Бүсгүй өвгөнийг жигшихээ больж, харин ч татагдаж, яриад суумаар болох агаад төрсөн дүү нь эх нэгтэй эцэг өөртэй, мөн хар тамхины хэрэгт холбогдоод зовоож байгааг Valentine өвгөнд хэлнэ, заримдаа хүн анхны сэтгэгдлээр итгэл төрөхүйц хүндээ бүх юмаа ярьдаг үе байдаг шүүдээ, тэр л болжээ.. Kern хөршөө ижил хүйстэнээс гадна хар тамхины томоохон зуужлагч байж магад хэмээгээд бас нэг утасны яриаг замаас нь таслан сонсуулах нь Auguste болон Karin хоёрын яриа байх ба тэр оройдоо бүсгүй гэртээ хариад найз залуугийнхаа утасдахыг хүлээх бол нөгөө талд Auguste хуульчийн шалгалтаа өгөх гээд завгүй байгаад Karin-тайгаа уулзаж амжсангүйгээс гадна холбоо барих гээд ч ер чадсангүй, ингээд гэнэтийн бэлэг, бас гэнэтийн шалгалт болгож Karin-ын гэрт сэмхэн очиход найз хүүхэн нь өөр залуугийн дор тачаадан хэвтэж байх ч Auguste саад болголгүй гомдлоо, уураа дотогш залгин явж одно.. энэ үед Valentine сонин дээрээс: тэтгэвэртээ гарсан өвгөн хуульч хөршөө нууцаар тагнаж байснаа өөрөө хүлээн зөвшөөрөн өөрөө өөрийгөө цагдаад өгсөн мэдээг уншаад Kern дээр явж очих ба өвгөн бүсгүйг уриалгахан угтаад өнөөдөр миний төрсөн өдөр, хамт тэмдэглэе гээд тэд ганц шил юм уунгаа ярилцан сууна..
Энэ явдалтай бараг давхцан Valentine Англи руу, найз залуу руугаа явахаар шийдэх бөгөөд сүүлийн загварын шоундаа сайн найз болсон Kern-г урьжээ.. шоу мэдээж сайхан болж, шоуны дараа тэд аминчлан уулзахад бүсгүй өвгөнөөс нөгөө зүүдний үргэлжлэлийг асуухад: чи хайртай хүнтэйгээ жаргалтай байсан гэж Kern хэлэхээс гадна би өөрөөсөө илүү хайрлаж явсан бүсгүйдээ хаягдсан, тэгсэн ч түүнийгээ насаараа дагаж явсаар Ла Маншийн хоолойд живж үхэхийг нь харсан гэдэг бөгөөд залуу загвар өмсөгч бүсгүй хөгшин тэтгэвэртээ гарсан хуульч хоёр эцсийн удаа ингэж яриад салцгаадаг.. Auguste болон Valentine англи явах нэг хөлөг онгоцонд суух ба тэр үед цаг агаар муу байж Ла Маншийн хоолойд олон онгоц осолдсон мэдээг зурагтаар Kern санаа зовнин үзнэ.. зурагтын хөтлөгч ослоос амьд гарсан хүмүүсийг зарлаж байна: Julie, Olivier \Цэнхэр ангийн гол дүрүүд\ болон Karol, Dominique \Цагаан ангийн гол дүрүүд\ мөн мэдээж Auguste, Valentine нар амьд гарсан ба Auguste, Valentine хоёр ийнхүү танилцдаг аа..
Киноны хөгжим болох "Bolero” нь найруулагч Krzysztof Kieślowski-ын киноны гол цөм болох хүний амьдралын давтамж хийгээд христийн шашны номлол, мөн хууль болон хуулийг хэрэгжүүлэгч хүн хоорондын ярвигтай моралийн харилцааг симболчлох бөгөөд кинонд утсаар ярих, утасны холбоог чухалчлан авч үзсэн байдаг нь хүмүүс хоорондоо ярилцаж байх ёстой, ярилцсанаар ойлголцон бие биедээ туслах юмуу хань болж холбогддог болохыг үзүүлжээ.. мөн хүмүүн төрөлхтөн цөм нягт холбоотой, нэг нь нөгөөдөө аливаа хэлбэрээр нөлөөлдөгийг хийгээд бидний жижиг тэнэглэл явсаар том тэнэглэлд хүрнэ, бидний жижиг ухаантай үйлдэл аажмаар том ухаарал болно гэдгийг ойлгуулсан энэ кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 261-р байрт жагсдаг бүтээл.. Трилогийн бүх ангид нэг хөгшин хүн хогийн хайрцагт шил хийх гэж зүдэрч байгаа гардаг, Цэнхэр болон Цагаан ангиудын гол баатрууд болох Karol, Julie хоёр энэ үйл явцыг зөвхөн л ажиглаад өнгөрдөг бол Улаан дээр Valentine хөгшинд туслаж шилийг хайрцагт хийж өгдөг бөгөөд тус киноны ахан дүүсэг санааг ийнхүү харуулдаг.. Киноны зураг авалтын өмнө найруулагч Krzysztof Kieslowski “чи хүүхэд байхдаа өөр нэртэй болохыг хүсч байсан уу” гэж жүжигчин Irène Jacob-оос асуухад “би үргэлж Valentine гэдэг нэртэй болохыг хүсдэг байсан” гэж тэрээр хариулсан ба кинонд энэ нэрийг ашиглажээ..
НЭМЭЛТ: Уг кинонд улаан өнгө ахан
дүүсэг санааг бэлгэддэг бол ер нь урлагт, мөн гэрэл зургийн дизайнд улаан өнгө
нь хайр ба цус, амьдрал ба үхлийн симбол болдог гэдэг. Энэ утгаараа уг кинонд
давамгайлсан улаан өнгөний симбол нь Ingmar Bergman-ын "Cries and
Whishpers" киноны харааны хурц дүрслэлийг санагдуулна. Valentine гэдэг дүр
тэтгэвэрт гарсан шүүгчийн амьдрал, хатаж хоржийсон сүнсийг амьдруулагч өөрчлөлт
юм. Хэрэв улаан өнгө аюул ба хүсэл тэмүүллийг зэрэг илэрхийлэхээр зохиогдсон
бол Valentine, шүүгч хоёрын сөргөлдөөн нь киноны изотопын төв болно. Туршлага
ба урам хугаралт, мөн залуу нас ба хүнийг бүрэн хүн болгодог зайлшгүй
зовлонгийн зөрчилдөөнийг үзүүлсэн кино. Трилогийн "Цагаан" нь олон
төрлийн мэдрэмжийг тоглуулдаг бол "Цэнхэр" нь ёроолгүй хагацлын
бясалгалыг өгүүлдэг, харин "Улаан" эдгээр сэдвүүдийг нэгтгэхийн сацуу
хүн бүр ахан дүүсэг мөн чанарыг бясалгална.
Comments
Post a Comment