Цагаан тагтаа


Three Colors: White (1994). Парисийн шүүхийн танхимд залуухан хос гэр бүлээ цуцлуулж байх агаад шүүгч үзэсгэлэнтэй, гуалиг шаргал үстэй хүүхнээс нөхрөөсөө салах шалтгаан болон үүндээ одоо ч итгэл төгс байна уу гэж асуухад эхнэр болох Dominique  (Julie Delpy – франц-америкийн жүжигин, дуучин)  нөхөртөө огт хайргүй болсон, нөхөртэйгөө хуримласнаас хойш хайргүй болсон гээд шалтгаан нь тэр орондоо муу, намайг жаргааж чаддаггүй хэмээн түс тас хэлж энэ бүхнийг сонсон цөхрөн, ичин буй нөхрөө олны өмнө адгийн муухайгаар доромжилно.. шүүхээс гэрлэлтийг нь цуцлаад, бас дундын бүх өмч болох гоо сайхны салоныг нь эхнэрт нь шилжүүлэхийг гаслан сонсоод, одоо нохой явган гахай нүцгэн үлдэж буйгаа ухаарах энэ хөөрхийлөлтэй эрийг Karol (Zbigniew Zamachowski – польшийн жүжигчин) гэдэг бөгөөд танихгүй хэн ч харсан эхнэр нь яаж тоосон юм, салах нь аргагүй юм гэмээр царай муутай, намхан, харахаас нэг доожоогүй, заяагүй харагдах боловч дотроо бол үнэнч, шударга, бас тун хөдөлмөрч хүн, дашрамд энэ хүн Dominique-д энэ хорвоогийн бүхнээс илүү хайртай болой.. шүүхийн байрны гадаа бас ч гэж эцсийн боломж байгаа байх, ид шидээр ч юмуу хүүхний зүрхийг эргүүлнэ гэж итгэсэн Karol хамаг л уран үгсээ урсгах хэдий ч Dominique түүнийг бүх эд хогшил нь дотор нь багтсан, бас Karol өөрөө ч дотор нь багтчихаар том чемодантай нь үлдээгээд өөрөө машиндаа суун алслан одно.. Karol чемоданаа чирсээр банк дээр очтол карт нь хугацаан дуусч ганц талхны л мөнгөтэй үлдсэн байлаа.. тэрээр польшоос ирсэн цагаач ба түүнд байсан бүхэн нь эхнэр нь, бас тэр салон \өөрөө үсчин мэргэжилтэй\ агаад одоо очих газаргүй, улаан мөнгөгүй хүний газарт ийнхүү үлджээ..
ингээд гудманд чемодан дээрээ сууж байтал халаасанд нь салоных нь түлхүүр байж байх нь тэр, ядаж нэг шөнө дулаахан унтъя, мөн эцсийн дайралтаа хийе гэж залуу бодно.. Dominique салон дээрээ иртэл дотор нь Karol унтаж байх агаад хүүхэн уурлаж цагдаад хэлнэ хэмээтэл Karol хүүхний сул тал болох эмзэгхэн хүсэл тачаалыг ашиглан бушуухан тэвэрч аваад үнссэн нь тэр дороо үр дүнгээ өгөн тэд оргилсон тэмүүллээр хурьцаж эхэлтэл нэг, хоёр, гурав гээд л Karol дур тавьчихна.. хүүхэн түүн рүү харж мушилзаад: чи намайг ойлгохгүй, би чамайг хайрласан ч үзэн ядсан ч чи ойлгохгүй, би чамайг хүсэхгүй байгааг ч чи бас ойлгохгүй гэж хэлээд Dominique салондоо гал тавин цагдаа дуудчихна, энэ нь цагдаад өшөөгөө авахаар ирсэн Karol-ын гэмт үйлдэл шиг харагдах нь тодорхой ба ингэснээр залуу давхар гэмт хэрэгтэн болж хувирах нь тэр.. Karol зугтаахаас гадна золгүй хувь заяандаа дийлдэн явахаас өөр аргагүйд хүрнэ.. метроны буудал дээр Karol гуйлга гуйн сууж байгаад Mikołaj (Janusz Gajos – польшийн жүжигчин) гэх ерөөсөө инээддэггүй болов уу гэмээр гутранги царайтай, дажгүй хувцасласан нутгийнхаа эртэй танилцаж жаргал зовлонгоо хуваалцангаа ганц шил юм мултална.. Karol эхнэртэй маш их хайртайгаа, түүнийгээ эргүүлэн авах итгэлтэй байгаагаа ярихад Mikołaj түүнд хандаж: дориун мөнгөний ажил байна: баян, эхнэр хүүхэдтэй нэг эр амьдралаас уйдаж үхэхийг хүсэх бөгөөд амиа хорлож чадахгүй учир өөрийг нь хороох хүнийг хайж байгаа, чи сонирхохуу гэхэд Karol мэдээж тийм зориггүй учир татгалзана.. Mikołaj эхнэрийг нь хөөрхөн үү гэж асуугаад харъя гэснээр Karol шинэ найзыгаа дагуулан Dominique-ын гэрийн гадаа ирэхэд хөшигний цаана хүүхэн бас нэг хүн байгаа харагдана, Karol даруйхан үлдсэн жаахан мөнгөөрөө Dominique руу залгахад: хүүхэн чи тохиромжгүй үед залгалаа гээд харилцуураа тавилгүй хөндий тавихад цаана нь хүүхний гийнах, хүслээ үл барьж дийлсэн орилоон бас орны хяхтанах чимээ гарна.. гомдол болон уур хилэн хоёртоо шатсан Karol шинэ найздаа хандаж: ямар ч ажил хийхэд бэлэн, хамт польш явъя гэнэ.. Karol цагдаад хөөгдөж байгаа болохоор нууцаар хил давах хэрэг гарах ба тэрээр нөгөө чемодандаа орж хэвтээд польшдоо буух агаад түүнийг уг нь Mikołaj нисэх онгоцны буудлаас тосох байтал нутгийн хулгайчууд Karol дотор нь байгаа чемоданыг хулгайлчихна, өөрөөр хэлбэл Karol-ыг.. том бас хүнд олз олчихлоо гэж баярласан хулгайчдын уурыг Karol ихээр хүргэн нэвширтлээ зодуулах хэдий ч юутай ч эх орондоо ирсэн тэрээр ах дээрээ очих ба ах нь дүүгийнхээ ямаршуу байдалтай гэнэт ирэхийг хараад цочирдоно.. Karol-ын ах мөн салон ажиллуулдаг агаад Karol бүрэн эдгэж, амарсныхаа дараа ахынхаа салонд ажиллангаа давхар мөнгөний ченжүүдийн бие хамгаалагч хийнэ, энэ ченжүүд бохир ертөнцтэй холбоотой бол харин манай хүнд түргэхэн мөнгөтэй болж аваад Dominique-ээс өшөө авахыг хүсч байлаа.. өшөө авах хүсэл хийгээд Dominique-г заавал өөрийн болгоно гэсэн ад тачаал Karol-ын нүд чихийг нээж, тэрээр ченж босс-гоо маш хямдханаар, маш их мөнгө ирээдүйд өгөх нэгэн эдлэн газрыг худалдаж авахаар төлөвлөж байгааг нууцаар мэднэ, хэрэв өөрөө мөнгөтэй бол урьтаад газрыг авчихаж болохыг тэрээр ойлгох ба яг энэ үед түүнийг Mikołaj эрж сурсаар олж ирэх бөгөөд Karol түүнээс нөгөө ажил хэвээрээ юу гэхэд Mikołaj хэвээрээ гэнэ.. харанхуй метроны түннелд Karol буу барьсаар мөнгөний ажлаа хийхээр ирэх бөгөөд түүнийг Mikołaj хүлээж байна, өөрөөр хэлбэл үхэхийг хүссэн хүн нь Mikołaj өөрөө байжээ.. Karol итгэлтэй байна уу гэхэд Mikołaj толгой дохино, ингээд буу тас хийсэн ч Mikołaj үхээгүй байна, Karol сумгүй буудсан агаад зэвхий цайсан Mikołaj-аас чи итгэлтэй байна уу, хоёрдах нь сумтай шүү гэхэд Mikołaj толгой сэгсрээд амьдармаар байна гэнэ..
 Mikołaj амалсан мөнгөө Karol-д өгөхөд Karol: би мөнгийг чинь зээллээ, дараа өгнө гэнэ, тэр өдөржин найзууд зад уудаг.. мөнгөтэй болсон Karol нөгөө эдлэн газар дээр очин газрын эзэн өвгөнийг архиар дайлж, уран үг урсгаад маш хямдханаар худалдаад авчих ба эргүүлээд нөгөө ченжүүддээ асар үнэтэйгээр зарж орхино.. гэнэт баяжсан Karol өөрөө компани байгуулан бизнес эрхлэж эхлэх бөгөөд хамтрагчаараа Mikołaj-гаа хажуудаа авна, өнөөх зээлсэн мөнгөний хариуд ийнхүү компаний хувьцаа эзэмшигч болгоно.. юугч хийж чадах хэмжээний мөнгөтэй болсон Karol найзтайгаа хамтран Dominique-ээс одоо өшөө авахаар төлөвлөх бөгөөд эхлээд Karol өөрийгөө үхсэн болгож, бүр оршуулах ёслолоо хийлгэх бол дараагийнх нь бүх хөрөнгө мөнгөө  Dominique-д гэрээслэн үлдээнэ.. Karol-ын хуурамч оршуулга дээр олон хүн ирсэний дотор Dominique ирчихсэн уйлж байх агаад хүүхнийг Karol холоос дурангаар харан бас уйлж байдаг, энэ мөчөөс ертөнц дээр Karol гэгч үгүй болж, түүнийг амьд гэх бүх баталгаа үгүй болох ба зөвхөн Mikołaj л бүхнийг мэдэж байв.. оршуулгын дараа Dominique-г буудалдаа ирэхэд  Karol орон дотор түүнийг хүлээж байна, хүүхэн анхандаа айсан ч нүдэндээ итгэн гараас нь барьж тайвшраад цаашлаад тэд тэврэлдэн, үнсэлцэн, хурьцана, харин энэ удаа Karol хүүхнээ хэзээч амсаж байгаагүй жаргалыг нь мэдрүүлдэг.. маргааш өглөө хүүхэн сэрээд Karol-г байхгүйг мэдээд өнгөрсөн шөнийн явдал зүүд билүү гэж гайхан эргэлзээд Mikołaj руу залгахад Mikołaj : тэр үхсэн шүүдээ, чи оршуулганд нь оролцсон шүүдээ гэж хэлдэг, Dominique гайхаш тасран байтал цагдаа нар орж ирээд түүнийг экс нөхрийх нь үхэлд буруутай болохыг, их хэмжээний гэрээслэл хүлээж авахын тулд нөхрөө алсан гэж буруутгаад шоронд аваачина.. энэ бүхнийг мэдээж Karol хийсэн бөгөөд орондоо ямар эр болохоо Dominique-д нэг мэдрүүлчихээд өөрөө хүүхнийг эзэмшиж чадахгүй бол өрөөлд ч өгөхгүй гэж шоронд үүрд түгжиж байгаа нь энэ ажээ.. хэсэг хугацаа өнгөрчээ, жирийн болхи хувцасласан Karol ахынхаа салоноос гарч явсаар шорон орох агаад шоронгийн байрны цонхны цаана цогсох Dominique-г олж харахад хүүхэн түүн рүү хараад дохио зангаагаар намайг суллаач, чөлөөлөөч гэх шиг болох ба үүнийг харсан Karol хайрт түүнийгээ эрх чөлөөтэй явуулах ёстойгоо ухааран уйлна.. 
польшийн их найруулагч Krzysztof Kieślowski-ын гурван өнгө трилогийн цагаан нь буюу хоёрдахь кино нь болж гарсан энэхүү бүтээл бол францын хувьсгалын эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүсэг гэсэн тунхагийн тэгш эрх санааг ухвар санаагаа болгосон ба мөн францын далбааны цагаан өнгийг үндсэн дэвсгэрээ болгосон билээ.. эл бүтээл нөгөө хоёроо бодвол арай хөнгөн, утга учрын хувьд романтик, бас илүүтэй хошин өнгө аястай ба судлаачид трилогийн хамгийн сул кино нь гэж үздэг бол би хувьдаа энэ кинонд нь илүү дуртай билээ.. гэрлэлт тэгш эрх дээр тогтдог, өөрөөр хэлбэл хайр тэгш эрхгүйгээр оршихгүй ба эр эмийн харьцаанд тэгш эрх алдагдвал гэрлэлт ч, хайр оршихгүй билээ.. Karol эхнэрээ дур тавиулж чаддаггүй байж байгаад хожим дур тавиулж өгөө авааг тэнцүүлэх, бас өөрийг нь гомдоосны хариуд бас гомдоож өгөө аваагаа тэнцүүлэх бөгөөд хэдий хүүхэнд хатуу хандаж амьдралыг нь үгүй хийдэг ч нөгөө талдаа тэрээр Mikołaj-ын амьдралыг аварч амьдралыг тэгштгэх бол кинонд гарах тагтаа энх тайван, цэвэр ариуныг бэлгэддэг.. тус трилогийн цагааныг анти – комеди, цэнхэрийг анти – трагедия, улааныг анти – романс гэдэг бөгөөд уг киноны бараг план болгонд ядаж нэг цагаан өнгийн зүйл гардаг ажээ..

НЭМЭЛТ: Трилогийн хамгийн сул нь боловч, "Цагаан" бол дүрийн гайхалтай судалгааны дээр сэтгэл татам хайрын түүх юм. Гол дүрийг бүтээсэн Zbigniew Zamachowski-ын тоглолт хөнгөхөн, инээдтэй ч цөхрөл, шаналлаа ялсан хүнийг төгс гаргасан ба тэрээр ямаршуу дотортой жүжигчин болохоо нотолсон. Харин Julie Delpy-ын дүр хүйтэн хөндий ч, сэтгэлээс гарамгүй нөлөөтэй. "Цэнхэр" шигээ уг киноны нэр нь кинондоо шингэсэн байдаг; тухайлбал, нэл цас болсон, өвлийн бүрхэг тэнгэртэй Польш хамгийн тохиромжтой орчин бөгөөд цагаан өнгө нь машин, барилгын фасад, тагтаа болон хувцас хунараас харагддаг. Найруулагч Кисловский хүний мөн чанарыг тун сайн ойлгодог байсан ба ойлголтоо дүрүүдээрээ дамжуулан хүргэхийн сацуу дүрүүдээ тийм байдлаар амилуулдаг байв. Та энэ киног эхлүүлсэн л бол заавал төгсгөх нь дамжиггүй.  


Comments