Гашуудлын Симфони




Three Colors: Blue (1993). Замын машинд дайгдчих санаатай зөрөн өнгөрөх машин болгон руу гар даллах хорь орчим насны залуу манан зүсэн ирэх ээлжит нэгэн машиныг зогсох болов уу хэмээн горьдон хүлээтэл машин зөрөөд өнгөрөх бөгөөд харин тэр машин тав, зургаахан секундын дараа мод мөргөн аймшигтай осолдоно.. план солигдоход гуч гаран насны хүүхэн эмнэлэгийн орон дээрээс сэрэн нүдээ нээхэд түүний анхны харсан хүн болох эмч хүүхэнд хандаж: та авто осолд орсон, тантай хамт явсан нөхөр болон хүүхэд чинь амь үрэгдсэн гэж хэлэхэд хүүхэн нүдээ анин, гэхдээ уйлахгүйгээр бөөн хар гашуудал залгих шиг болох ба түүний сэтгэлд ямаршуухан цөхрөл, гансралын шуурга дэгдэж байсныг төсөөлөхөөс ч халшрам.. олон улсын нэрт хөгжмийн зохиолч нөхрөө бас тавхан настай байсан охиныхоо оршуулах ёслолыг бичлэгээр арай ядан үзэн хэвтэх хүүхнийг Julie \Juliette Binoche\ гэдэг бөгөөд энэхэн мөчид тэр өөрөө үхээд нөхөр, охин нь амьд үлдээгүйд, эсхүл тэдэнтэйгээ хамт үхээгүйдээ харамсан өөрийгөө зүхсэн нь эргэлзээгүй.. тэрээр энэ их уй гашуу, хоосролыг давж дийлэхгүйн гэж цөхрөөд амиа хорлохыг оролдовч эцсийн мөчид зориг нь үл хүрнэ.. Julie-д одоо хоосон хөндий том байшин болон Alzheimer өвчиндөө нэрвэгдсэн хөгшин эх хоёр нь л үлдсэн бөгөөд өөрийг нь танихгүй болтлоо өвдсөн эхээ асрамжийн газарт орхиод нөхрийнхөө байшинг зарахаар шийдэж, нэг үгээр өнгөрсөн, нөхөр болон охинтойгоо холбоотой бүхий л дурсамжаас салахыг тэрээр хүснэ..
тэрээр сүүлийн удаа гэртээ ирэн бүх өрөөнүүдээрээ, бүх дурсамжаасаа хагацах аялал хийхэд түүнийг гэрийнх нь үйлчлэгч авгай цурхиран уйлж угтах агаад Julie энэ гэрээсээ зөвхөн охиныхоо өрөөнд байдаг охиныхоо өмч болох цэнхэр өнгийн маш гоёмсог гэрлийн бүрхүүлийг авч явахаар шийднэ.. Julie гэртээ сүүлийн удаа хонохдоо нөхрийнхөө найз, бас хөгжмийн зохиолч Olivier руу утасдан: чи надад хайртай хэвээрээ юу, хайртай бол хүрээд ир гэж хэлнэ, Olivier хүүхэнд хайр сэтгэлээ илчлээд удаж буй, Julie секс болон хайр халамж магад ганцаардлыг нь эдгээж магад гэж бодохоос гадна энэ сексээр өнгөрсөн бүхнээсээ эгнэгт хагацъя гэж төлөвлөжээ.. мэдээж Olivier түүн дээр ирж тэд унтах агаад Julie маргааш нь байшингаа зарахаар хүнд даатгаад, бүх эд хөрөнгөө зарж орхиод, мөн нөхрийнхөө дутуу үлдээсэн хөгжмийн зохиолыг устгачихаад өөрөө хэнд ч хэлэлгүй Парис руу явчихна.. тэрээр байр түрээслэн ганцаараа ганцаардлаас өөр юу ч үгүйгээр амьдрахдаа хөрш айл болох янхан хүүхэнтэй нөхөрлөж, түүнд ёс суртахууны дэмжлэг үзүүлэхээс гадна харанхуй өрөөнд нь орогнон үржсэн хулгана болон гөлчгийнүүдийг алахдаа гэмшин өрөвдөхдөө ч охиныхоо өнөөх цэнхэр гэрлийн бүрхүүлийг хадгалсаар, харсаар байлаа.. 
энэ үед түүнтэй уулзах хэрэг байна гэсээр киноны эхэнд гардаг залуу ирнэ.. залуу Julie-д ослын үед машины орчмоос хүзүүний зүүлт олсон бас таны нөхөр нэг зүйл үхэхийнхээ өмнө ярьсан гэнэ.. зүүлт нь Julie-ынх бол нөхрийнх нь ярьсан яриа тэднийг осолд орохоос өмнө нөхрийнх нь ярьж явсан онигооны үргэлжлэл байх агаад Julie зүүлтийг авалгүй залууд үлдээдэг.. Julie санамсаргүй байдлаар Olivier нөхрийнх нь дутуу үлдээсэн хөгжмийн зохиолыг үргэлжлүүлэх болсныг бас нөхөр нь залуухан хүүхэнтэй явдаг байсныг зурагтаар олж үзнэ.. нөхрийнх нь ажлыг үргэлжлүүлж болохгүйг, ингэх эрхгүйг Olivier-тэй уулзаад Julie хэлэхэд Olivier хүлээж авахгүй агаад харин Julie-ын нөхрийн нууц амраг хүүхнийг мэддэг байсан, хаана байдгийг хүүхэнд хэлж өгнө.. нөхрийнхөө нууц амрагтай уулзаж танилцаад энэ залуу хүүхэн ямар сайхан болохыг бас жирэмсэн, тэгээд бүр нөхрийнх нь хүүхэд болохыг Julie олж мэдээд байшингаа зарахаа больж, нөхрийнхөө нууц амрагт бэлэглэчихээд өөрөө нөхрийнхөө гүйцээгээгүй ажлыг нь гүйцээхээр Olivier-д туслахаар очих буюу түүний хайрыг хүлээж авахаар шийджээ.. хүн бол мартамхай, орлуулагч сэтгэлтэй бөгөөд сэтгэлийнхээ хоосрол, гачигдлыг дутагдсан хэмжээгээрээ орлуулан амьдардаг ба хайр бүтэлгүйтвэл өөр хайраар, дур сонирхолоо бас нэг өөр зүйлээр, эцэг эхийн хайрыг үр ачаасаа нөхөн төлжүүлэн авдаг ажээ.. Julie өнгөрсөнөөсөө зугтахдаа зэрэгцэн өнгөрсөнд мэдэгдээгүй үнэнтэй хийгээд өөрийнхөө одоо цагтаа нүүр тулан өнгөрсөнийг огт үгүйсгэх боломжгүйг, ингэх шаардлагагүй, харин ч шинэ хайр, шинэ амьдралыг хүлээж авсанаар өнгөрсөнөөсөө чөлөөлөгдөн, ирээдүйд эрх чөлөөтэй амьдрах учиртай таньж мэднэ..
 Польшийн аугаа их кино найруулагч Krzysztof Kieślowski францын хувьсгалын эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүсэг тунхаглалаас санаа аван үхэхээсээ өмнө трилоги бүтээл бүтээсэн нь эдүгээ кино урлагийн хамгийн чухал, хамгийн шилдэг трилогиудын тоонд тооцогдохоос гадна гурван кино тус бүрдээ заавал үзэх кино гэгддэг.. уг трилогийн кино болгон өөрийн өнгө, утгатай ба энд өгүүлэх “цэнхэр” хэмээх бүтээл нь францын далбааны цэнхэр өнгө болох эрх чөлөөг илэрхийлэхээс гадна уг трилогийн эхний бүтээл билээ.. найруулагч Krzysztof Kieślowski цэнхэр өнгөөр эрх чөлөөг, тэгэхдээ улс төр, нийгмийн гэхээсээ илүүтэй сэтгэлийн эрх чөлөөг гаргахыг хүссэн бөгөөд өнгөрсөнөөс, нэгэнт үгүй болсон ч сэтгэл зовоох бүхнээс чөлөөлөгдөх ёстойг зураглажээ.. киног Польш, Франц, Швейцар улсууд хамтран бүтээсэн бөгөөд трилоги бүтээлийн үйл явдлууд эдгээр улсуудад өрнөх ба “цэнхэр” бүтээл Франц-д болдог.. кинонд маш олон эд зүйлс цэнхэр өнгөтэй байхаас гадна цэнхэр өнгийн зураглал юмуу цэнхэр өнгийн шүүлтүүртэй камерын зураглалыг үзэгч харах буюу кино тэр чигтээ цэнхэр болой.. уг трилогийн кино болгон өөр хоорондоо жижиг хэсгээр холбогдох агаад эл бүтээлд цав цагаан болон ув улаан сцен гарах нь трилогийн нөгөө хоёр киногоо бидэнд сануулах мэт.. кинонд тухайн сцен буюу Julie-ын бодролын агшины үед киноны сцен харанхуйд уусан алга болсоноо ахин сцен амилан орж ирэх нь шинэлэг хэрэг байсан ба уламжлалаар бол тухайн сцен дуусах юмуу дараагийн сцен орж ирэхэд эл харанхуйлсан уусгалтыг ашигладаг ч найруулагч Julie-ын одоог, одоодоо амьдрах чухлыг ийнхүү үзүүлсэн мэт санагддаг.. киноны гол дүрд бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг, францын жүжигчин Juliette Binoche гайхалтай сүнслэг тоглосон ба тэрээр Julie-ын дүрээр Венецийн кино наадмын шилдэгээр шалгарсан байдаг.. бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 269-р байрт жагсах эл бүтээл оюун ухаанд, мэдрэмжинд сорилт болно..

НЭМЭЛТ: Энэ киног нэг хүний шоу гэдэг буюу жүжигчин Juliette Binoche--ын хамгийн оргил ажил гэж дүгнэгчид ч байдаг. Тэр хүнлэг, сайхан сэтгэлийг сэтгэлгүй болсон дүрд авчирч чаддаг ба тэр бол киноны түүхийг үзэгчтэй холбогч юм. Найруулагч Krzysztof Kieslowski бол гэрэл сүүдрийг зураач шиг гарамгай ашигладаг мастер ба кофенд шингэх ёотон гэх мэт мартагдашгүй сцэн уг кинонд олон. Кино нэр шигээ цэнхэр өнгийг ашигладаг; үүнд, цэнхэр шүүлтүүр болон гэрэлтүүлэг, мөн будсан цонх, өрөөний хана, пальто, банзал, хогийн уут, усан сан, үзэг гэх мэт байдаг. Хагацлыг даван гарч, амьдралаа шинээр бүтээх нь шинэ сэдэв биш хэдий ч уг кинонд нэг эмэгтэй ганцаараа энэ аяллыг хийж буйг дүрсэлсэнээрээ онцгой ба таны нүдийг нээнэ. Кино сэтгэл хөдлөлийн хэлбэртэйгээрээ стандарт тогтоож буй тул трилогийн бусад хоёр кинотойгоо тун тохирно. Хураах


Comments