Scenes from a Marriage (1973). Хуримын арван жилийн ойгоо тэмдэглэж байгаа,
амьдрал, ахуйн тогтсон, дундаж давхаргын нэгэн гэр бүлийн хоёроос сэтгүүлч анх
яаж танилцанаас авхуулаад одоо босгосон амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу
гэх зэргээр асуухад дөч орчим насны, энэ айл гэрийн эзэн болох Johan “бид хоёр
ханилаад арван жил жаргалтай амьдарч байна, би сургуулийн профессор, хань маань
гэр бүл салалтын хуульч, ажил үйлс маань цэцэглэхийн дээр хоёр охин маань
бидний амьдралыг улам гэрэлтүүлж байна, бид хоёр бие биедээ маш их хайртай,
үүнээс илүү байх аргагүй” гэж хэлэхэд нөхрөөсөө тав, зургаан насаар дүү эхнэр
нь болох Marianne толгой дохиж, бид үлгэр жишээ гэр бүл гэж хэлж байгаагаар эл
бүтээл маань эхэлнэ..
үүний дараа буюу оройн хоолон дээр манай үлгэр жишээ
хосууд дээр тэдний найзууд болох мөн гэр бүлийн хоёр Peter болон Katarina
зочлон ирж дөрвүүл амттай сайхан хоол идэнгээ хатуу ундааг нэрлэхэлгүй ууцгаан
улмаар Peter, Katarina хоёр муудалцаж эхлэх бөгөөд анхандаа холуур хор малтан,
үгээр дайруулан хоёр биесээ чимхэж байсан эхнэр, нөхрийн үгэн дайралцаан бага
багаар хэрүүл шуугиан болоход мэдээж дарс үүргээ сайн биелүүлсэн нь
ойлгомжтой.. тэд угийн биесээ үзэхээ болиод одоо салж байгаа ба өдийг хүртэл
эвтэй явж ирсэн ч уур, гомдлынх нь хөөс Johan -ын гэрт хагарах нигүүртай байж, Marianne
найзуудаа явсан хойно “шившигтэй юм, айлд ирчихээд, ингэж амьдрах гэж, хоёулаа
эдний дэргэд сайхан, ёстой жаргаж байна” гэж хэлдэг.. гэхдээ Marianne-д уг
явдал нөлөөлсөн үү, нөхөртөө үнэнээ хэлэх шударга ёсны хүсэл төрсөн үү, ямартай
ч жирэмсэн болсон байснаа, бас хүүхдээ авахуулчихсанаа илчлэн өгүүлнэ..
Johan үүнд мөн л тайван, өөртөө
итгэлтэй хариулах ба тэдний харилцаа насанд хүрсэн хүмүүс шиг ухамсартай,
ухаалаг үргэлжилж байгаад Johan дүрсэлсэнээр, мөн мэдээж Marianne гуйлтаар тэр
хүүхний гоё бие, залуухан төрх, тэдний сексийн харилцааг сонсоод бас Paula-ын
зургийг хараад Marianne нөхрөө үнэхээр алдаж буйгаа ухаарахын дээр өөр хүүхэнд
ялагдаж байгаадаа хорсон уурлан, гомдон цөхрөөд уйлж нөхрөө ятгахад нөхөр нь
тийм ямарч боломжгүй гэнэ.. гэхдээ Marianne-ын хүсэлтээр тэд зүгээр тэврэлдэн
унтацгаана.. өглөө болоход Marianne боломж байгаа, ингээд ганцаардан үлдэхээс
айж нөхрөө битгий яваач гэж хүзүүдэн зүүгдэх ч Johan ганцхан түлхчихээс явж
одно.. тэр дороо Marianne нөхрийнхөө найз руу залгаад болсон явдлыг ярьж,
туслаач, түүнийг сэнхрүүлээч гэхэд тэр найз нь би мэдэж байсан гэнэ, үүнийг
сонссон хүүхнийг яаж орилж, яаж цөхрөн, шаналгаатай уйлан хайлсныг асуух
хэрэггүй.. эл зовлонт өглөөнөөс хойш гурван сар өнгөрч, тэд уулзалдаагүй ч
бүрэн салаагүй, мөн хэн хэнээ ахиж харахааргүй тийм үзэн ядалт хооронд нь
үүссэнгүй бөгөөд Johan оройн хоол идэхээр хуучин гэртээ ирнэ..
Marianne хамаг
гоёороо гоёж түүнийг хүлээж авах агаад Johan эхнэрээ хараад гайхан, хөөрхөн
сайхныг нь магтан илт нэг оронд орох маяг үзүүлж эхлэхэд Marianne сэтгэлзүйчид
явдаг болсон, үүнээс их юм сурлаа бас юм бичдэг болсон гээд бичсэнээ нөхөртөө
уншиж өгөхөд тэр нь даанч энэ бүхнийг тоож байгаа шинжгүй зөвхөн секс л хүсч
байлаа, үүнийг нь хүүхэн мэдрэн шууд татгалзаад өөр хүнтэй дахин гэрлэх
бодолтойгоо хэлсэнээр Johan явж одно.. тэдний дараагийн уулзалт салалтаа
эцэслэн шийдэж, өмч хөрөнгөө хуваахаар уулзсан тохиол ба муу ч гэсэн арван жил
хамт амьдран хоёр хүүхдийн эцэг эх болцгоосных гээд ганц юм мултлан ууцгаана, уусан юмандаа халсан
Johan нөгөө хүүхэнтэйгээ сайнгүй байгаа, салах сонирхолгүй байгаагаа зухас
дурдахад Marianne хариуд нь “би чамд
хайртай, гэхдээ одоо салсан нь хэн хэнд нь дээр” гэнэ.. архи тэдний дурсамж
болон сэрлийг нь сэргээж тэд гал халуун, оргилсон секс хийнэ.. секс дуусаад тэд
хэрэлдэж эхлэх бөгөөд согтсон Johan Marianne-г аймшигтай зодож орхиод гэнэт
ухаан орсон Johan харамсангуйгаар салах бичигт гарын үсэг зурдаг.. уг явдлаас
нэг магад хоёр жилийн дараа тэд дахин уулзалдах ба хэн хэн нь гэр бүлтэй болсон
бол одоо өөрсдөө нууц амрагууд болжээ.. нэгэн цагт эхнэр, нөхөр явсан тэд нууц
амрагууд болсон нь хувь заяаны шоглоом гэлтэй.. мөн энэ өдөр тэдний хуримласны
хорин жилийн ойн өдөр бөгөөд кино эхэлсэнээс хойш бид Johan, Marianne хоёрын
арван жилийн салж нийлсэн түвэгтэй үеийг харсааар тэдэнтэй хамт хорин жилийн
ойн өдөр нь ирлээ.. ойн өдрөө тэд янаглан өнгөрүүлэх бөгөөд Marianne анх
хуримласанаасаа нээх удаагүй нэг залуутай явдаг байснаа Johan -нд хэлдэг.. шөнө
унтаж байгаад Marianne хар даран сэрээд “би хэзээч хүн хайрлаж бас хайрлуулж
байсангүй” гэдэг..
Шведийн суут кино найруулагч Ingmar Bergman-ын уг “Marriage”
драмыг түүний хамгийн хүмүүнлэг киноны нэг гэдгээс гадна кино урлагийн хамгийн
тод гэрэлтсэн хайрын түүхийн нэг гэж үнэлдэг.. эрэгтэй хүн, эмэгтэй хүн, хайр,
дотно харьцааны шинжилгээ болсон уг кино хайр гэж юу юм, гэрлэлт гэж юу юм,
ерөөс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны ойлгомжгүй, \ойлгохыг хүсдэггүй\
нууц гэж боддог тэр асуултыг нүцгэнээр, илэн далангуйгээр улайн нүүрэн дээр
дэлгэн тавьсан бүтээл.. Johan бол тогтворгүй, гэхдээ боловсролтой ухаантай эр,
харин Marianne бол насаараа ганц эрд л дурласан, эмэгтэй хүний хамгийн чухал
“ажил” хайрандаа төөрөгдөж, цөхөрч, ганцаардсан хүүхэн бөгөөд найруулагч Ingmar
Bergman хайрын түвэгтэй хийгээд гэрлэсэн хүмүүсийн сэтгэлзүйн хөдөлгөөн,
асуудлыг товойлгохдоо бараг төгс дүрүүдээр буюу нийгмийн сэхээтэнүүдийг
сонгосон нь ухаалаг бас дэндүү оножээ.. Johan болон Marianne бие биедээ хайртай
ч хамт байхад нь тэднийг өнгөрсөний тэнэглэл, сексийн зохицол, бас хувиа бодох
зан нь түлхэн холдуулах боловч тэд бүр салаагүй ч мөн нийлэлгүй хамт байх агаад
ийнхүү хамт байхад нь хайраас давсан, сексээс илүү, гэрлэлтээс ч хол дасал буюу
тэд биесээ мэддэг, мэдэрдэг, тэд биесээ халамжилдаг ба энэ бүхнийг нэгтгэсэн,
нийлүүлсэн гарт баригддаггүй, нүдэнд харагддаггүй зүйл холбох нь хайр төгс биш,
төгс хайр байхгүйн баталгаа гэлтэй.. домогт Ingmar Bergman киногоо найруулан
бас зохиолыг нь бичсэн бөгөөд зохиолынхоо санааг жүжигчин Liv Ullmann-тай \тэд 1965–70
оны хооронд үерхэж байсан ба нэг охинтой\ үерхэж байх үеийн жаргалгүй дурсамж
болон эцэг эхийнхээ харилцаанаас \тэр нэг удаа эцэг эхээ зодолдож байхыг харсан
нь санаанд тод үлджээ\ сэдэвлэн бичсэн гэдэг..
кино анх 1973 онд шведэд ТВ-ын
цуврал болж 281 минутын хугацаатай зургаан бүлэгтэйгээр гарсан бол театрын
хувилбар буюу бидний үзэх нь 167 минутын хугацаатай ба кинонд гол дүрийн
хоёрхон жүжигчин ерэн хувьд нь гарч, киноны ихэнхи нь харилцан яриа өрнөх нэг
өрөөнд л өрнөнө.. кино гарсан дороо шведэд хит болоод зогсохгүй уг киноноос
болсон уу, тэгж таарсан уу, шведэд болон европт салалт өссөн гэдэг \гэрлэлтийн
зөвлөх хоёр дахин эрэлттэй болсон гэдэг\ бөгөөд зарим судлаачид уг киноны нөлөө
их байж гэрлэгсэдэд яаж салах хичээл болсон гэх бол зарим нь орчин үеийн гэр
бүлийн харилцааны аюулыг буюу салалт, үл ойлголцолын аюулын шинж тэмдэгийг цаг
үеээ мэдрэн үзүүлсэн гэх нь ч бий.. юутай ч киноноос болж Ingmar Bergman-г
гудманд явж байхад хосууд таараад хэрхэн салах талаар зөвлөгөө өгөөч гэдэг
байсан ажээ.. зарим талаар киног эмэгтэйчүүдийн тэгш эрх чөлөөлтийн тухай гэж
тайлбарладаг ба найруулагч маань ч үүнийг үгүйсгээгүй байдаг.. киноны гол
дүрүүдэд буюу Marianne-нд норвейгийн жүжигчин, Ingmar Bergman-ын муза Liv
Ullmann \тэрээр энэ кинонд тоглох үеэрээ феминист хөдөлгөөнд оролцдог байжээ\ тоглосон
ба тэрээр хамгийн дотортой жүжигчдийн нэг гэгддэг бөгөөд эл киноны дүрийг нь
цөм биширдэг бол Johan -нд шведийн жүжигчин, Andrei Tarkovsky болон Theodoros
Angelopoulos нарын аваргуудын кинонд тоглож байсан Erland Josephson тун сайн
тоглосон.. эл гайхамшигт бүтээл маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган
киноны 392-р байрт жагсах ба Woody Allen болон Richard Linklater гэсэн
найруулагчдад нөлөөлсөн бол найруулагч Andrey Zvyagintsev өөрийн Loveless бүтээлээ энэхүү өгүүлэн буй киноны
сайтар боловсруулсан дахин хийлт гэжээ..
Comments
Post a Comment