They Live by Night (1948). Кино ингэж эхэлнэ: задгай галын өмнө галын илч хийгээд хайр, хүсэл тачаалынхаа хүчит бүрхүүлэнд түр зуурхан автан орчлонгоос тасраад нүд болон амаараа хэн хэнийгээ амтлан мэдрэх хос инээлдэн, үнсэлцэн, бас эрхэлдэн байтал гэнэт хаалга балбах чимээ гарах агаад уг чимээ хосыг сүрхий цочоогоод зогсохгүй тэдний айсан том нүд, дагжин чичирхийлэх бие, туулайн зүрх лугаа зогсох шахам цохилох зүрхийг үзэгчдэд мэдрүүлэх бөгөөд дөнгөж хорь гаран насны, сэтгэл татам эдгээр хайрын шувуухайнууд тайван амьдрах аргагүй болсны утга учрыг одоо өгүүлсү.. хүн амины хэргээр долоон жил шоронд хоригдож байгаад одоо их зам дээр шоронгийн хамуудтайгаа зугтаан давхих Bowie дөнгөж хорь гараад явж буй царайлаг залуу агаад үнэндээ хүн алж, хүрээ талаагүй тэрээр хэргийн газарт байж тааран хохирсон, гэхдээ шоронгийн амьдрал түүнийг олон муу юманд сургасан нь мэдээжээс гадна хамуудтайгаа ийнхүү оргоогүй бол өшөө олон жил шоронд бүр хүнээ байх байсан бизээ.. өөрийн буруугүйг бат ухамсарлан мэддэг, тиймээс ч мөнгөтэй болж хуульч хөлслөн өөрийгөө цагаатгуулахыг зорилгоо болгосон энэ залуу хүний хувьд итгэж болохоор сайн ажээ.. түүний хамуудыг уншигч та хамгийн өөдгүй, муу хүнээрээ төсөөлөн бодож болно..
жижигхэн хотын жижигхэн
банк-г Bowie-ын үлэмж хөдөлмөрийн ачаар Chicamaw, T-Dub хоёр дэлгүүр хэсэх
лугаа адил дээрэмдэх бөгөөд тэд мөнгөө яг тэнцүү хуваан салцгаана.. Bowie
үнэтэй машин, үнэтэй хувцас аваад Keechie дээрээ ирэн оргуулан аваад явах ба
эцэгт нь хэлбэл осолтой байлаа.. Bowie болон Keechie-д хангалттай мөнгө байсан
ч үргэлж зугтаасан, сэрэмжилсэн, цочсон, тогтворгүй амьдралын хэв маяг, зуршил
бүрэлдэн тогтоно.. тэднийг ямарч тансаг буудал, үнэтэй хоол, ховор архи ирэх
айдсанаас нь сэрэмжлүүлэхгүй бөгөөд тэд хэзээд хаалга тогших юмуу гэнэт нүдэнд
үзэгдэх цагдаагаас айн бушуухан хувцаслахад, түргэн үсэрч бултан зугтахад бэлэн
байх буюу тэд цаг минут тутамд сэрэмжтэй, тайван байх аргагүй, унтах ч эрхгүй
байлаа.. Bowie-ын мөнгө их ч энэ байдлаараа юм болголгүй үрвэл таван жилийн
дараа сохор зоосгүй үлдэх аюултай ба дээр нь цаг үргэлж зугтаж амьдрахаас
залхана.. энэ үед Keechie жирэмсэн болчихно, ингээд Bowie илүү амар тайван, аюулгүйгээ
бодон төлөвлөсөнөөр мексик руу гарч амьдрахаар зэхэж байтал түүн дээр Chicamaw
ирээд нэг ажил байна, миний мөнгө дууссан гэнэ.. чухам яаж Chicamaw түүнийг
олсон нь аймшигтай таавар ба эрүүл саруул амьдрал, хүн шиг амьсгалахыг хүсч
байсан Bowie хайртыгаа, хайртынхаа тээх үрийг хамгийн ихээр бодолцоно..
Францын
шинэ давалгаа хөдөлгөөнд хүчтэй нөлөөлсөн, нэгдсэн улсын хамгийн чухал кино
урлаачдын нэг гайхамшигт Nicholas Ray-ын энэхүү бүтээл дөчөөд оны нуар жанрын
гол киноны нэг агаад түүний анхны найруулагчийн ажил болсноороо онцлогдох
кино.. кино их хямралын үед амьдрах нийгмийн дайсан \бурханд итгэгч бол тэднийг
ийм заяатай гэх бол бурханд үл итгэгч тэднийг золгүй, нийгмийнхээ золиос гэнэ\,
хулгайч, алуурчид болох залуухан хосын хотоос хот дамжин зугтаах түүхийг
өгүүлсэн. Edward Anderson-ын зохиолоос сэдэвлэсэн бөгөөд зохиолыг Nicholas Ray
өөрөө кино зохиол болгосон ба уг кино хайр сэтгэлээс өөр юу ч үгүй, хайр
сэтгэлээр л гинжлэгдэн үүрд холбогдсон эр, эмийн бүлэг этгээдээс, цагдаа
шүүхээс болон нийгэмд оршин байх боломжгүй зугтаагч хосуудын кино жанрын
анхдагч жишээ болсон бүтээл бөлгөө.. Edward Anderson-ын сайн зохиолыг кино
зохиол болгочих, цаашлаад кино болгочих хүн олдохгүй явсаар нэрт продюсер John
Houseman уг хэцүү ажлыг гардан аваад найруулагч болон кино зохиолчоор залуухан Nicholas
Ray-г томилсон нь нүдээ олсноос гадна Nicholas Ray-ын алтан замналыг эхлүүлэх
эхний шат болжээ.. уг киног үзэн гайхширсан тэр цагийн од Humphrey Bogart Nicholas
Ray-г өөрийн продюсерлэсэн Knock on Any Door (1949) хэмээх бүтээлдээ
найруулагчаар ажиллахыг урин замналыг нь бүр дардан болгожээ.. киноны гол
дүрүүдэд: Farley Granger - Америкийн жүжигчин, Alfred Hitchcock-ын кинонуудад
тоглосоноороо алдаршсан тэрээр эл кинонд тун сайн тоглосон ба замналынх нь эхний
гуравт багтах шилдэг дүр нь бол Cathy O'Donnell – Америкийн жүжигчин, суут William
Wyler-ын "The Best Years of Our Lives" хэмээх кинонд тоглосоноороо
түмэнд дурсагддаг.. найруулагч Nicholas Ray гол дүрээ согтуудаа олсон гэдэг
буюу тэрээр нэгэн үдэшлэг дээр Farley Granger-тай танилцаад энэ л миний хайсан
жүжигчин гэж сонгосон байдаг бол Farley Granger энэ кинонд тоглосоноор миний
замнал шат ахисан, Nicholas Ray миний төлөө сэтгэл гаргасан хэмээн насан
туршдаа түүнд талархана гэсэн байдаг.. жүжигчин Farley Granger хамтран тоглоё,
энэ дүр чамд таарна гэсээр Cathy O'Donnell-г уруу татан эл кинонд тоглуулж
чадсан ба тэд хамтран тоглохдоо хэрэн тэнэсэн эмгэнэлтэй хосын дүрийг төгс
бүтээсэн.. хожим буюу 1974 онд их найруулагч Robert Altman эх зохиолоор нь
дахин нэг кино хийсэн байдаг ба харин уг 1948 оны кино маань бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 632-р байрт жагсдаг..
Comments
Post a Comment