Токиогоос ирсэн хөвгүүд


I Was Born, But... (1932). Yoshi гэр бүлийнхээ хамт Токиогийн захад орших жижигхэн хотод ажлын шугамаар нүүж ирэх бөгөөд гайтай гэхүү, гайхалтай гэхүү Yoshi ажилдаг газрынхаа даргатай хөрш болон амьдарна.. даруу төлөв, ноомой төрх ааш нь нүүр болон биеийн хөдөлгөөнөөс нь тод илрэх Yoshi бүхий л японы үлгэр жишээ болсон эхнэр буюу нөхөр, хүүхдүүдээ халамжлан хайрлах Haha болон тэрсхэн ес хийгээд аравтай хоёр хүүгийн хамт шинэ газар ирсэнээр киног маань эхлүүлнэ.. энэхүү кино маань Yoshi-ын тухай биш, ер нь ч ямар ч насанд хүрсэн хүний тухай кино биш бөгөөд харин ес болон арван настай Keiji, Ryoichi-ын тухай буюу хүүхдийн тухай кино болой.. 
хөвгүүд өөр хоорондоо ярьдаг хэлтэй, дохио зангаатай ба ах Keiji нь дүүгээ бүрэн удирдан зална, мэдээж хүүхдүүд болсон хойно зөрүүд, сахилгагүйг нь ярилтгүй.. хөвгүүд аавыгаа бурхан шиг, баатар шиг хүндлэн тахих агаад тэдний туйлын хүсэл нь аав шигээ болох ба эцэг Yoshi хөвгүүдээ мундаг бол, чухал хүн бол гэж хар багаас нь үүрэгдэж даалгана.. шинэ газар, шинэ орчин хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлдөг бөгөөд манай ах дүү хоёрыг ойр хавийн хүүхдүүд их дээрэлхэж, сургууль дээр нь ч өдөн янзын үзэх нь хүүхдүүдийн сахилгагүй араншинг сэрээхээс гадна шинэ газар байр сууриа тогтоож, үеийнхэн дундаа хүлээн зөвшөөрөгдөх гэсэн тэмцлийг эхлүүлнэ..
хөвгүүдийг, тэднээс ганц нэг ах байх гэмээр том биетэй хүү болон Yoshi-ын даргын хүү Taro нараар толгойлуулсан тэр хавийн хүүхдүүд дээрэлхэж, элдвээр шоглох ч манай баатрууд өөрсдийн асуудлаа томчуудаар бус өөрсдөө шийдэхээр хэрэндээ л тэмцэнэ.. эцэг болон хөвгүүд өглөөний ундаа уучихаад хамтдаа гэрээс гаран гарам дээр ирээд эцэг ажилдаа хөвгүүд сургууль руугаа явахаар зам салах ч хөвгүүд сургуульдаа очиж шоглуулахаас зүрхшээн хичээлдээ суухгүй гадуур өдөржин тэнэж, гэрээс авч явсан хоолоо цэцэрлэгт идэн өнгөрүүлнэ.. тэд ингээд зогссонгүй хичээлийнхээ дэвтэр дээр өөрсдөө дур мэдэн дүн тавих бол нөгөө талд эцэг нь шинэ газар, шинэ хүмүүстэй дасахгүй бас л тэвдэхийн сацуу даргынхаа итгэлийг олох гэж бөхөлзөн, тонголзоно.. хичээл дээрээ мундаг байж онц дүн авсан гэж ээжийгээ хөвгүүд хуурч дөнгөх ч багштайн уулзаж бүгдийг сонссон эцгийгээ хараахан мэхэлж үл чадаад хатуухан донгодуулна.. маргааш нь Yoshi хөвгүүдээ сургууль хүртэл нь хүргэж өгөөд буцах ба хөвгүүд хичээлдээ хүссэн хүсээгүй сууна.. 

богширго шувууны өндөг түүхийгээр нь идвэл бяртай болж бусдад дээрэлхүүлэхгүй гэж итгэн өндөг хайх болон хөрш дэлгүүрийнхээ бараа хүргэгч ах хүүг хахуульдан, ингэхдээ ээжийгээ ятган танай дэлгүүрээс худалдаа хийлгэнэ, чи бид хоёрыг хамгаалж бусад хүүхдүүдийг зодоод өг гэхчлэн хөгжилтэй явдал Keiji, Ryoichi нараас гарна.. дэлгүүрээс нь ахиухан бараа авдаг айлын хүүхдийг хамгаалалтадаа авч, харин бага бараа авдаг айлын хүүхдийн эрлэг болдог бараа хүргэгч хүүд ах дүү хоёрын санал анхных нь биш бөгөөд тэрээр ах дүү хоёрыг ивээлдээ аван Taro-аас бусад хүүхдийг зодож манай хоёрт халдахааргүй болгоно, харин яагаад  Taro-г зүгээр орхив гэвэл тэднийх баян айл учраас дэлгүүрээс нь их бараа авдаг ажээ.. одоо манай хөвгүүд айх юмгүй болохоос гадна Taro-той ойртон дотносно.. амралтын өдрөөр  Yoshi даргындаа уригдан кино үзэхээр болно, Keiji, Ryoichi хоёр ч мөн Taro найзыгаа даган тэнд очсон байна.. гэтэл үлгэрийн баатар мэт үздэг эцэг нь даргынхаа өмнө сөгдөх нь холгүй байж танигдахын аргагүй зусарч хүн болохыг хөвгүүд хараад нүдэндээ итгэхгүй, сэтгэл нь ч тэвчихгүй уйлан хайлан тэндээс гэртээ буцна.. 

аав чухал хүн биш юм байна, аав сул дорой, даргадаа долигногч, бидэнд худал ярьдаг байж хэмээн хоорондоо ярилцсан ах дүүс гэртээ өлсгөлөн зарласнаар гомдлоо илэрхийлнэ.. хөөрхий ээж нь дэмий бүлтэгнэн харж нөхрөө хүлээнэ..  Yoshi гэртээ ирэхэд хүүхдүүд нь өөдөс нь ярдаглан аашилж: та биднийг чухал, мундаг хүн бол гэдэг гэтэл та өөрөө хэн ч биш, даргынхаа утсан хүүхэлдэй, боол нь юм байна гэж хэлнэ, эцэг нь хариуд нь: тэр чинь миний дарга, би ажилчин нь, тэгж байж тушаал дэвшиж цалин нэмэгдэнэ, та хоёрыг сургуультай, хоолтой ирээдүйд мундаг хүн болгох гэж ингэж явна гэж хэлдэг.. хөвгүүд жаахны дээр гэнэт цочиролд автагдсан учир эцэг эхийнхээ хэлсэнийг ухаж ойлгохгүй байсан болохоор  Yoshi хөвгүүддээ суран бүсний амт өгөхөөс аргагүйд хүрнэ.. зодуулсандаа бас гомдож уйлсандаа алжаасан хөвгүүд нам унтаж байхад Yoshi гуниг гутралаа архины хүчээр дотогш нь залгиж байдаг.. ямар ч гуниг, гомдлыг бүрэн биш гэхэд сарниан, нимгэрүүлдэггүй шинэ өглөө гэж байдаггүй билээ.. эцэг эх хоёр хөвгүүдийнхээ зөрүүдийг буруутгасангүй харин ч тэд иймэрхүү асуудлуудтай насан туршдаа тулгарна гэж санаа алдахад хөвгүүд одоо эцгийгээ жинхэнээр ойлгон, яг байгаагаар нь хүндлэн хайрладаг болсоноос гадна урьд дайсганалцдаг байсан хүүхдүүдтэйгээ найзууд болсон байлаа.. 

гайхамшигтай кино найруулагч  Yasujirō Ozu-ын энэхүү бүтээл түүний эхэн үеийн шилдэг бүтээлд тооцогдох ба хар-цагаан дуугүй энэ кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 342-р байрт жагсдаг комеди драм.. уг бүтээлийг үзэгч томоогүй хоёр хөвгүүний нүдээр буюу тухайн нийгэм болон эцэг хүүгийн сэтгэлзүйг харахаас гадна балчир насны тэр дундаа эрэгтэй хүн л ойлгох атмаан, зодоон цохио гэсэн хүүхэд насны асуудлыг маш үнэн бодитоор үзүүлэх бөгөөд үзэгчдэд хүүхэд насыг нь эргүүлэн авчирна.. тухайн амьдарч буй нийгмээс хамаарч эцэг хүүгийн харилцааны зөрчилтэй тал хийгээд капиталист нийгмийн сул талыг зүгээр л хүүхдийн нүдээр хөнгөхөн үзүүлжээ.. анги давхарга, мөнгөний хүч, хүчтэй эрх мэдэлтэйгийн зөв, тэд ялдаг гэсэн капиталист нийгмийн мөн чанарыг даргадаа бялдуучлах Yoshi, хэн илүүг өгнө түүнд зүтгэх бараа хүргэгч, аавыгаа мундаг гэж хоосон итгэх \ капиталист нийгэмд бүгд өмчтэй, бүгд баян амьдарна гэж хоосон итгүүлдэг\ хөвгүүдээс харж болно.. эл бүтээл хөнгөхөн, инээдтэй бас сэтгэл татам бас сэтгэлд хадагдахуйц хурц..  

Comments