The Music Room
(1958). Хүний гар хүрээгүй удсан, арчилгаа, тордолгоо аваагүй олон жилийн нүүр
үзсэн угтаа тансаг харш байгаад одоо хуучирч муудсан нь эзэнийхээ төрх
байдалтай ижил болсон нэгэн өргөө гэрийн дээвэр дээр ядарч туйлдсан царайтай
тавь гаран насны эр гүн бодлогширон суух байх агаад нүдний харц нь энэ ертөнцөд
биш хоосон орон зайд орших мэт хөндий бол ухаан санаа нь өнгөрсөнд, тэр
ялангуяа харамсал, гэмшлийн зовиурыг дөлгөөхөн тодруулна.. энэ эрхэмийг Huzur (энэтхэгийн нэрт жүжигчин Chhabi
Biswas) гэдэг бөгөөд газрын эзэн, угсаа залгамжилсан орон нутагтаа хүндлэгдсэн
ноён бөлгөө..
Huzur-ын энэ үхлүүт байдал мөнхийн мэт эсхүл хөшөө шиг санагдах
үед зарч нь болох Ananta ирж гүн бодол, санааширлаас нь сэргээхэд ноён гэнэт
цочин байж: одоо хэдэн сарын хэдэн бэ хэмээн зарцаасаа асуух ба ноёны эл
сэхээрэхтэй зэрэгцэн үзэгч бид түүний өнгөрсөн рүү аялан чухам ноён хүн буюу эд
хөрөнгө, нэр хүндээр дутах юмгүй хүний зовлон хаана оршдог хийгээд хэрхэн
зовлонд унадагийг нь харах тул Huzur-ыг түр энд нь орхиод түүний амьдралын
дөрвөн жилийн өмнөх үед нь эргэн очъё..
дөрвөн жилийн өмнө Huzur хорвоогийн
хамгийн баян, хамгийн жаргалтай хүн байв, үүнд түүний сэтгэлийн жаргалыг түлхүү
оруулан хэлэхэд шүүдээ.. тэрээр итгэлт зарц Ananta, бүхнээ даатгаж болох аж
ахуйч болон хайрт эхнэр, өсвөр насны ганц удам залгах хүүгийн хамт амьдарна.. Huzur
эцэг өвгөдөөс уламжилж ирсэн газар нутаг, ахуй амьдралаа үргэлжлүүлэн авч
явахын оронд зугаа цэнгэл буюу хавь ойрынхоо нэртэй төртэй хүмүүсийг цуглуулан
найр наадам хийж, галын баяр хийх зэргээр өдөр хоногийг өнгөрүүлэх бөгөөд
үүндээ даанч гар татахгүй үрэлгэн загнана.. хөршөө, садангаа гайхуулж, амыг нь
ангайлгалж л байвал Huzur-ын сэтгэл ханах агаад ингэхийн тулд зөрүүд бух шиг
юуг ч үл тоож хэнийг ч үл сонсоно.. үдэшлэг, наадмынх нь гол хэсэг нь Huzur-ын
зориулан тусгайлж бэлтгэсэн хөгжмийн тансаг өрөөнд өрнөх бөгөөд уг өрөөн асар
том толь, гялтганасан сүрлэг чамин гэрлийн чийдэн, анхилам үнэртэй лааны гэрэлд
үзэгчдэд зориулсан зөөлөн дэр, үнэтэй дарс, тамхи тэргүүтэн байх бол дуучид
хийгээд хөгжимчдөд зориулсан бяцхан тайз ч энэ өрөөнд бий.. товчхондоо энэ өрөө
бол хөгжим сонсонгоо, мөн үзэсгэлэнтэй охины бүжгийг үзэнгээ мансуурах диваажин
ба үүнийг бодож олсон хүн, ирдэг зочид нь ч диваажинд саатах гэж л ирдэг,
зорьдог билээ.. Huzur өөрийн цуутай үдэшлэг хийгээд үнэтэй дуучдыг авчирдаг
баярхуу байдлаараа өөрийгөө тодорхойлох буюу ингэх нь миний нэр хүндийг өргөнө,
ингэж би хэн болохоо бусдад харуулна гэж боддог болсоор удсанаар өрх гэрийн аж
ахуй цаашлаад газар нутгаа эрхлэх нь таг орхигдож, дэндүү баян тулдаа л тэссээр
байснаас орлого гэх юмгүйгээр өдрөөр өдөрт хоосорч байлаа.. энэ үед хөршийнх нь
хүү Mahim гэх амбицтай, шуналтай мөнгө зээлдүүлэгч залуу түүн дээр ирж манайд
болох үдэшлэгт ирээч хэмээн гуйхад бардам, гэрээсээ гарах дургүйн дээр энэ
нутагт надаас илүү үдэшлэг зохиох хүн байх ёсгүй гэж үздэг Huzur үл зөвшөөрөх
бөгөөд залуу хөгшин хоёрын зөрчил эндээс эхэлнэ.. аавынхаа хөрөнгийг
залгамжлахаар европоос ирсэн Mahim энэ нутагт цахилгаан мотор, цахилгаан хөгжим
авчирсанаар хуучинсаг, уламжлалаа шүтэх Huzur-ын дургүйг айхтар хүргэх бөгөөд
үүнд Mahim-ын худлаа долгиносон аашийнх нь ардах атаархуу, давж гарах гэсэн занг
мэдээд бүр үзэн ядна.. ээлжит нэгэн гайхамшигтай үдэшлэгийн дараа согтуу,
ядарсан Huzur-д эхнэр нь: чи морь, заан унах юмуу эсхүл тэр хөгжмийн өрөөндөө л
хамаг анхаарлаа хандуулсаар энэ айл сөхөрлөө, чи дуучид, хөгжимчдөд дэндүү их
мөнгө зарцуулж байна, одоо болиоч, энэ солиорлоо зогсоогооч хэмээхэд Huzur
мансуурсан нүдээр эхнэрээ харан: чи тэр хөгжмийг сонссон бол хичнээн сайхан
байв, тэр хүүхний хоолой ямар уянгалаг байваа гэж шал өмнөө юм амандаа бувтанаснаар
унтчихдаг.. маргааш нь Huzur-ын эхнэр аав руугаа явах хэрэг гарлаа, хүүгээ
аваад явна, хамт явъя гэхэд Huzur дараачийн үдэшлэгээ бодон юун аялж явах
мантай үгүй гэх бөгөөд эхнэр нь явахдаа түүнд томоотой байгаарай гэж хэлээд
үнсдэг, харин хөгжимд донтож, амьдралын утга учраа болгосон ноён хөгжмөө л
бодох агаад энэ үнсэлт сүүлчийнх гэж огт таасангүйээ..
маргааш оройн нь л гэхэд
ноён Huzur асар үнэтэй үдэшлэг зохиох агаад олон ноёдын дунд хөгжим сонсон
мансуурч байхдаа яагаад ч юм санаан сарниж гадаа цонх руу харахад гадаа бороо
орж, цахилгаан цахих ба усан онгоцоор явсан эхнэр, хүүхддээ гэнэт санаа зовно,
уг зоволтодоо өөрөө ч гайхахаас гадна хундагтай дарсанд нь ялаа орсон байхыг
хараад муу совин нь өөрийн эрхгүй төрж, бараг анх удаагаа үдэшлэгээ сэтгэл
зовлонтойгоор өндөрлүүлнэ.. ноёны муу совин үнэхээр гайг мэдэрсэн буюу ширүүн
борооноор ноёны эхнэр, хүүхэд осолдон живж үхсэн байлаа.. удам залгах ганц хүү,
хайрт эхнэрээ алдсан Huzur тус явдлаас болж үдэшлэг зохиохоо болин хөгжмийн
гайхамшигт өрөөгөө битүүмжлэн, ганцаараа гиюүрэн суусаар дөрвөн жил болжээ..
энэ зуур Mahim асар баяжиж, түүний гэрт хүндэт зочид цуглаж, хөл толгойгүй
наадам болдог болсон ба Huzur хөгжмийн өрөөгөө хаясан шиг өрх гэрийн бүх ажил,
эдлэн газрын бүх ажлаа хаяж ерөнхийдөө дампуурчээ.. одоо бид бүрэн дампуурсан,
эхнэр хүүхдээ санаж, тэднийхээ үхэлд өөрийгөө буруутгасан юмуу ямар байдлаас
ямар байдалд хүрээд байгаадаа гэмшин зовсон Huzur дээр буюу киноныхоо эхэн
хэсэгт ирлээ..
энэ үед Mahim ноён дээр ирээд манай үдэшлэгт ирээч, маш үнэтэй
дуучин захиалсан гэхэд Huzur очихгүй гэдэг бөгөөд хэрэв очвол тэрээр
доромжлогдсонд тооцогдох бол харин Mahim-ын бах тав ханах байлаа.. гэтэл Huzur-д
зөгийнд хатгуулсан мэт гэнэт сэргэн өргөө гэрээ зас, хөгжмийн өрөөг нээ гэж
зарц нартаа хэлж, Mahim-ын хэлсэн үнэтэй дуучинг эцсийн зоосоо шавхаад хамаагүй
авчран дахин нэг удаа зартай үдэшлэг хийхээр болно.. энэ нь ноёны эцсийн мөнгө
хийгээд хүч тамираар хийгдэж байгаа буюу бардам хүний үхэл бардам л байдаг
ажээ.. үдэшлэг дээд зэргийн болж, Huzur өстөн Mahim-г баахан эвгүй байдалд хийж
чаддаг.. согтуу Huzur аав болон өвөө, өвөөгийнхөө өвөөгийн зургийн өмнө
бардамаар харан зогсож байгаад өөрийнхөө зураг дээр аалз явж байхыг харан
сэртхийнэ.. аалз ноёны айн зөгнөсөнөөр үхлийг бэлгэдсэн бөгөөд Huzur согтуудаа
хөөрөн өглөөгөөр морь унаж байгаад унаж үхнэ.. цааш амьдрах тэмүүлэлгүйн дээр
гутамшигтай ядуурсан ноён ингэж үхсэн нь зөв мэт..
энэтхэгийн соён
гэгээрүүлэгч, тус улсын хамгийн том кино урлаач нь болох Satyajit Ray-ын тус кино
түүний олон шилдэг киноны нэг ба зарим судлаачид уг киног нь түүний хамгийн
шилдэг ажил ч гэдэг.. “The Apu Trilogy”-оороо
кино ертөнцөд том байр эзэлж, уг трилоги нь хамгийн шилдэг трилоги бүтээлүүдийн тоонд орох
болсон ба Satyajit Ray бол манай гарагийн хамгийн шилдэг, авъяастай арван
найруулагчийн нэг бөгөөд түүнийг кино бурхан гэж хэлж болно.. Satyajit Ray
домогт “The Apu Trilogy” бүтээлийнхээ эхний хоёр ангийг хийснийхээ дараа уг
киногоо бүтээсэн бөгөөд Уильям Шекспирийн "Лир ван" жүжгийн зохиолын хаантай киноны гол дүрийн Huzur-тэй адитгаж,
зүйрлуулсэн байдаг.. Huzur бол зөрүүд, ихэрхүү хоосон зангаараа лир вантай төстэй
бөгөөд аливаад хэт донтох, тэр нь эрүүл ухаанаас гарвал өвчин юмуу зовлон л
болдог ажээ.. Satyajit Ray-аас нөлөө, урам зориг авсан найруулагчид: Martin
Scorsese, Francis Ford Coppola, Abbas Kiarostami, Elia Kazan, William Wyler, Wes
Anderson, Christopher Nolan гэж үргэлжлэх бөгөөд эл кино маань бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 285-р байрт жагсаж байна..
The Music Room (1958) ~ Киноны
зохиолыг Тарасанкар Бандёпадхягийн алдартай богино өгүүллэгээс сэдэвлэсэн.
"Aparajito" кино нь бүтэлгүйтсэний дараа найруулагч Рэй томоохон хит
кино хийх хэрэгтэй болсон ба алдартай уран зохиолыг Энэтхэгийн сонгодог
хөгжимтэй хослуулан хийхээр шийдсэн гэдэг. Кино анх Энэтхэгтээ муу үнэлгээ
авсан байдаг бол 60-аад оноос Америк болон Европт гарч эхлэхдээ жинхэнэ хит
болж, Рэйг олон улсад алдаршуулсан. Шүүмжлэгчид түүнийг бүжиглэж, дуулдаг
Энэтхэг киноны уламжлалыг бүхэлд нь өөрчилсөн гэж дүгнэж, аугаа Жан Ренуартай
харьцуулж байв. Энэтхэгийн соёл, хөгжмийн уур амьсгалыг харуулсан мизасцэнүүд
нь үнэхээр тансаг. Энэ бол бардам зан ба бардам зан хүнийг тэнэг болгодог тухай
гайхалтай үлгэр юм. Маргаангүй Рэйгийн хамгийн шилдэг киноны нэг.
Comments
Post a Comment