Хөдөөний охин



 

The Misfits (1961) Дөч гаран жилийн гайхалтай замналтай, оскарт арвантаван удаа нэр дэвшиж хоёронтоо манлайлсан америк-ирландын суут кино найруулагч John Huston-ын энэхүү драм, модерн вестерн жанрын бүтээл нь гарсан даруй олигтой амжилт үзүүлж чадаагүй хэдий ч өдгөө маш сайн зохиолтойн дээр жүжигчдийнх нь онцгой тоглолтыг өндрөөр үнэлж, бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 785-р байрт жагсаажээ.. киноны гол дүрүүдэд Clark Gable, Marilyn Monroe, Montgomery Clift гэсэн цаг үеийнхээ элит жүжигчид тоглосон ба харамсалтайн, энэ кино Clark Gable болон Marilyn Monroe хоёрын эцсийн кино нь байв..

 холливуудын хаан хочтой Clark Gable нь америкийн кино хүрээлэнгээс  гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг зуун эрэгтэй жүжигчид жагсаалтын долоод бичигддэг тэрээр It Happened One Night (1934) бүтээлээрээ оскар авсан цагийг эзэлсэн жүжигчин байлаа.. киноны зураг авалт дууссанаас хоёр хоногийн дараа Clark Gable зүрхний шигдээс тусч улмаар арван хоногийн дараа өөд болж киноныхоо нээлтийг үзээгүй бөгөөд түүний үхэл киноны бүх зураг авалт явагдсан Nevada мужийн халуун цөлнөөс болсон гэж үзэхээс гадна зураг авалтын үеэр Clark Gable найруулагч John Huston нар маш их архидаж байсантай холбож үздэг.. найруулагч John Huston зураг авалтын үеэр байнга согтуу байж, мөн тувт мөрийтэй тоглох эсхүл унтаж байсан ба цөлийн халуун кино багийнхныг ёстой шарсан өндөг болгож байсан гэдэг..

John Huston болон Clark Gable нартай хамтран Marilyn Monroe ч архидан согтуурч байсан ба алдрын оргилд хүрчихсэн секс симбол бүсгүй маань тухайн үед нөхөр Arthur Miller-тэйгээ \тус киноны зохиолыг бичсэн, алдартай зохиолч эсээч\ харилцаан муудан сэтгэлийн хямралд орж, архи хар тамхинаас болж эмнэлэгт хэвтсэн бөгөөд киноныхоо дүр шигээ Arthur Miller-ээс киноны зураг авалтын үеэр салсан ба Marilyn Monroe энэ киноноосоо нэг жилийн дараа өөд болсон билээ.. Marilyn Monroe-г америкийн кино хүрээлэнгээс  гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг зуун эмэгтэй жүжигчид жагсаалтын зургаад эрэмбэлсэн бөгөөд сайхан хүүхнээс гадна сайн жүжигчин байсныг нь харуулдаг, юутай ч уг кинонд түүний гоо үзэсгэлэнг эцсийн удаа гэсэн шиг нарийвчилан, ойроос харуулдаг ба найруулагч зориуд Marilyn Monroe-ын хагас нүцгэн биеийг тодхон, дур татмаар биеийг нь хэд хэдэн удаа зурагласан байдаг.. 

Marilyn Monroe өнчин өссөн бөгөөд багаасаа Clark Gable-г шүтэж, эцэг шигээ үзэж ирсэнээ илэрхийлсэн бол харин хожим уг кинондоо, бас дүрдээ дургүй гэж хэлсэн байдаг.. Marlon Brando, James Dean нарын хамтаар Montgomery Clift-ыг \тэр мөн л архинаас болж зураг авалтын үеэр эмнэлэгт хэвтсэн\ холливуудад хамгийн авъяаслаг жүжигчин гэхээс гадна хамгийн сайхан залуу гэдэг байсан ба тэрээр Elizabeth Taylor-той үерхэн холливуудын хамгийн үзэсгэлэн хос гэж нэрлэгдэж явсан ийм нэг гоё жүжигчин байв.. Marilyn Monroe болон  Clark Gable хоёрын эцсийн кино, тэгээд хар-цагаан зураглал нь энэ кино гунигтай болгох ба хот хөдөөгийн ялгаа, салалт болон үнэнч бус байдал, хүний араатанлаг шинж хийгээд хүнлэг сайхан сэтгэлийг дүрсэлсэн сайхан кино билээ.. ингээд, киногоо товчхон өгүүлсү.. Nevada мужийн  Reno хотод гучин настай, тун үзэсгэлэнтэй Roslyn хүүхэн богино настай гэрлэлтээ цуцлуулсандаа сэтгэлээр унаж хамгийн дотно найз болох өөрөөс нь олон эгч Isabelle-ын хамтаар хатуухан юм ууж сэтгэлээ хөнгөрүүлэхээр бааранд сууж байна..

 сайхан хүүхэн хуримгүй гэгчээр сайхан төрсөн ч дурлалд амжилтгүйдээ Roslyn гутах бол найз дүүдээ Isabelle муусайн эрчүүдээр яадгийн, одоо л амьдрал эхэлнэ гэх бөгөөд Isabelle өөрөө салсан, салалтыг бараг дэмждэг, түүний эргэн тойрон салсан хүмүүс байдаг, хамаа намаагүй архичин гэхдээ шударга авгай билээ энэ Isabelle.. Roslyn харин их юм бодно, гэвч үр дүнгүй бөгөөд гэнэхэн, хүний үгээр, харин авууштайн маш сайхан сэтгэлтэй ба амьтны амь бүрэлгэхийг үзэж чаддаггүй, ер нь хатуужил багатай их зөөлөн хүүхэн.. тэрээр гоо сайхнаараа бүхнийг олдог, асуудлаа шийдэж сурсан нь ухаан сууж, хашир суухад нь муугаар нөлөөлсөн гэмээр буюу гоо үзэсгэлэн нь түүнд зарим талаар саад тотгор болжээ.. хүүхнүүд ингэж сууж байгаад мөн бааранд ууж суусан хоёр хөдөөний буюу ковбой залуутай танилцана: тэд бол тавь орчим насны харахаас хөдөөний гүндүүгүй эр Gay болон түүний найз дөч орчим насны хөгжилтэй, яриасаг эр Guido болой.. 

эрчүүд хүүхнүүдийг уух юмаар дайлаад хамтдаа хөдөө гарч сэтгэлээ сэргээнгээ сайхан танилцая, Guido-ын сайхан зуслангийн байр байгаа гэж ятгах агаад Roslyn агаарт гарч сэргэе, тэгээд ч эд аюулгүй хүмүүс байна гэж итгэх бол Isabelle-д зугаатай л байвал хамаагүй байв.. санаа нийлсэн дөрвөл шууд гараад шидчих бөгөөд тэд явсаар Guido-ын дутуу барьсан ч сайхан байшинд ирцгээнэ.. тэд ханатал ууж идэн бас бүжиглэх ба Roslyn сэтгэлийн зовиураа мартах гэж шунан уусаар согтоно.. энэ бүх хугацаанд эрчүүд Roslyn-г ил далдаар булаалдан тэмцэхэд хүүхэнд яг байгаагаараа, шударга бас намбатай Gay илүү таалагдаж, согтсон түүнийг Gay хүргэж өгөхөөр болох бол Guido дуртай дургүй Isabelle-г авч явна.. Roslyn, Gay хоёр замдаа бодол, хүслээ ойлголцон эргэн Guido-ын байшинд ирж нэг оронд орох ба хүүхэн согтсондоо ч биш хөдөөний энэ эрийн бүх байдал нь таалагдсанаар энэ шийдвэрт хүрнэ.. өглөө нь тэд яг л хосууд шиг босч хамтаа цайгаа ууж, мөн тэгээд Roslyn хэсэг үлдэж Guido-ын дутуу орхисон байшинг хамт засахаар болцгооно.. 

энэ үед Gay өөрийгөө бүрэн танилцуулна: тэрээр эхнэрийнхээ үнэнч бусаас болж гэр бүл салган хоёр хүүхдээсээ холдсон агаад одоо хүүхдүүд нь том болсон, хааяа л уулздаг, мөн их санадаг аа хэлэхдээ нулимс цийлэгнүүлнэ.. Roslyn, Gay хоёр энэ үед жаахан маргалдана, шалтгаан нь ногооны талбайг сүйтгэсэн туулайг Gay ална гэхэд хүүхэн зэрлэгийн гайхаж зэмэлнэ.. энэ үед тэдэн дээр Guido, Isabelle хоёр ирэн Gay, Guido хоёр хөдөө хээр гарч зэрлэг мустанг барих талаараа ярилцаж төв орж нэмэлт хүч олонгоо жаал зугаалцгаая хэмээн дөрвүүл хөдөлцгөөнө.. тэд удсан ч үгүй Perce гэх гуч орчим насны, царайлаг, энэ хавьдаа хүндлэгдсэн ковбой залууг элсүүлэх бөгөөд гэм нь тэрээр балгах дуртай ажээ.. танилцсаных гээд манай тав баахан ууна.. согтсон Perce родео тэмцээнд орно гэж зүтгэхэд Roslyn түүнийг хэрэггүй гэж яаж ч ятгаад нэмэр болсонгүй Perce тэмцээнд орж хөнгөхөн бэртэнэ.. родеод амжилттай оролцсоных гээд тэд баар орж зантай уух ба хэнээс ч илүү өөрт санаа тавьж, анхаарч байсан хөөрхөн хүүхэнд Perce дурлах агаад Perce согтуучуудыг далим гарган Roslyn-той хоёулахнаа үлдээд санаагаа хэлэхэд Roslyn нэгэнт Gay-д сэтгэлээ өгсөн учир эелдэгээр татгалздаг..

 орой болж бөөн тасарсан юмнууд гэртээ буюу Guido-ынх руу машинаар явахад арай гайгүй Guido машин барих бол бас арай гайгүй Roslyn дэргэд нь суугаад осол гаргуулахгүйг хичээн явна.. зам зуур Guido нисгэгчээр дэлхийн хоёрдугаар дайнд орж олон гэмгүй хүн алж явсанаа, эхнэр нь төрөхийн хүндэрлээр өөд болсон учир байшингаа дутуу хаяснаа ярьж явсаар гэртээ ирнэ.. маргааш нь эрчүүд мустанг барихаар анд гарна, үүнд Guido онгоцоороо мустангуудыг үргээхэд Gay, Perce хоёр машинаар хөөж байхдаа уургалан барих бол Roslyn харин тэднийг харах гэж явна.. эрчүүд нэг азарга таван гүү барих агаад хөөрхий амьтдыг барих гэж ядрааж, зовоож, хамгийн гол нь тэднийг хэдхэн цаасанд өгөх харгис сэтгэлд нь Roslyn жигшиж, тэднийг үзэн ядна.. Roslyn-ыг яаж ч гуйсан Gay байран дээрээ хатуу зогсох ба Perce болон Guido хоёр хүүхний Gay-ыг үзэн ядах сэтгэл дээр дөрөөлөн сайн хүн болох гэж хичээх буюу Guido хүүхэнд хандан: чи тушаавал би яг одоо мустангуудыг чөлөөллөө, харин чи надыг сонго гэхэд Roslyn түүнд итгэхгүй, харин Perce итгэл төрүүлэм ярьж, улмаар ярьсанаа ч биелүүлж Gay-аас айлгүй бүх мустангийг сулладаг, гэхдээ  Perce үүнийг хүүхний төлөө биш өөрийнхөө төлөө, зөв амьдрахынхаа эхлэл болгон хийдэг.. уг явдалд Gay эхэндээ маш их уурладаг ч Perce-ын хувирал, Roslyn-ын тууштайг харж тэдний зөвийг тэрхэн мөчид ухааран, хайртай хүүхэнтэйгээ хамт байх нь чухал, ахиж зөрүүдэлвэл ахин алдахаа сэхээрэн бүх мустангаа суллачихаад: үүнээс өөр аргаар амьдарч болох байлгүйдээ гэдэг.. Roslyn Gay-ын мөрийг толгойгоороо түшсэнээр кино төгсдөг..

НЭМЭЛТ: Уг киног бүтээхэд олон тооны асуудал үүссэн. Невадагийн хойд цөлийн бүгчим халуунаас гадна Мэрилин Монрогийн Артур Миллертэй салсанаас үүдэлтэй сэтгэл гутралын "халуун" зэрэг байлаа. Зураг авалтын дараа Монро байнга шахуу согтуу байдаг байв. Хожим найруулагч Жон Хьюстон дурсахдаа "Тэр үнэхээр сүйрсэн байсан. Тэр өөрийгөө аврах чадваргүй болсон байсан, ер нь хэн ч түүний аварч чадахгүй байсан" гэжээ. Улмаар Монро 2 долоо хоног эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болж, Хьюстон түүнийг гарч ирээд ажиллаж чадах хүртэл продакшны ажлаа зогсоосон. Түүнийг эмнэлэгээс гарсны дараа зарим ойрын кадрыг хязгаарлагдмал зөөлөн фокусаар авч байв. Монро үргэлж хоцорч ирэх юмуу заримдаа тасалчихдаг байж. Ямар ч байсан зураг авалт дууссан ба Хьюстон болон кино багийнхан түүний талаар гомдоллоогүй. Энэ түүний сүүлчийн кино байлаа. 


Comments