Бурхан миний дотор оршдог


Possession (1981). Ажлын шугамаар \тагнуулч\ гэрээсээ хол байж байгаад эргэн гэртээ ирэхэд нь Mark-ын босгосон сайхан гэр бүл нь салж сарних дээрээ тулсан байх агаад түүний үзэсгэлэнт гэргий Anna шөнө нэг орондоо орсон хойноо энэ тухайгаа буюу чамаас салмаар байна гэдгээ хэлж нөхрөө шоконд оруулна.. Mark Anna хоёр зургаа, долоо насны хөөрхөн хүүтэйгээс гадна төдий хэрийн олон жил асуудалгүй амьдарч ирсэн бөгөөд гэнэтхэн эхнэрийнхээ ийн ярих болсонд Mark гайхаад зогсохгүй гол нь шалтаг шалтгааныг нь асуугаад олж мэдэж чадсангүй.. маргааш өглөө нь Anna гэртээ байсангүйгээр барахгүй өдөр, орой ч гэртээ ирсэнгүйд Mark шаналж, бачуурч дуусах ба миний эзгүйд тэр өөр хүнтэй болж гэсэн дүгнэлтэд хүссэн хүсээгүй хүрнэ.. Mark тэсэлгүй эхнэрийнхээ ганц сайн найз Margit гэх хүүхэн рүү залгаж: миний эзгүйд юу болов? Чи Anna-ын ганц найз учир одоо хаана, хэнтэй байгаагийн мэднэ, байдаг мэддэг бүхнээ хэлж надад туслаач гэхэд Margit түүнд хандан: найзынхаа нууцыг задалж чадахгүй гээд тун тойруугаар ч тодоор цаадах чинь өөр хүнтэй болсон шүү гэх нь тэр.

 битгий үнэн байгаасай гэсэн айдас нь бодит болсонд Mark-д ямар сэтгэгдэл төрсөнийг асуух хэрэггүй, хэсэг алмайран хэвтэж байтал нь утас нь дуугарч цочоох ба утсаа авахад энэ Anna байна.. Anna гэрээсээ зайтай байгаагаа хэлж Mark-ын олон асуулт, хараалыг тайван сонсоод би өөр хүнтэй болсон, одоо тэднийд байна гэснээрээ Mark-ыг галзууруулах ба маргааш тэд гэрийнхээ ойролцоох зоогийн газар уулзаж энэ асуудлаа нэг тийш нь болгохоор болно.. Mark аль болох тайван байхыг хичээж, хүүгээ өгөхгүй юм шүү гэж дотроо бодон Anna-г хүлээх бөгөөд сандаруу, яарсан, бараг согтуу ч юмуу гэмээр байдалтай Anna зоогийн газар орж ирээд тэдний хооронд яриа маш товчхон болно: Anna чамаас салмаар байна, би өөр хүнтэй болсон, олон юм асуух хэрэггүй, надыг тайван орхи гэсэн хэдхэн үг л хэлж байгаад Mark-ын чи зайлж болно, харин би хүүгээ авна шүү гэхэд нь огцом өөрчлөгдөж уурсах ба үүнд нь бах нь ханаж мөн уурласан Mark түүнийг харааж загнаж, хэрэв тэр газрын хүмүүс Mark-ыг дарж аваагүй бол тэрээр Anna-г айхтар гэмтээхээр нөхцөл үүссэн байлаа.. архи, пивоны шил хаа сайгүй хөглөрч, гахайн оромж шиг өрөөнд сахал үсэндээ баригдсан Mark сэрнэ.. гомдол, гутралаа сархадаар мартагнуулсаар гурван долоо хоногийг буудалд өнгөрүүлсэнээ буудлын ажилчинаас тэрээр олж мэдээд яаран гэртээ ирэхэд Anna байсангүй ба хүү Bob нь царай алдаж, зутарсан өрөвдөлтэй байдалтайгаар угтана, Mark хүүгээ өрөвдөж, өөрийгөө ингэж явах ёсгүйг ухаарна.. Bob ээж ирэхгүй байгаа, Margit эгч хааяа ирдэг, би ихэнхдээ ганцаараа байсан гэнэ..

 Mark эхнэрээ ирэхээр нь тайван байж байгаад ухаалгаар ярьж, гэр бүлээ авч үлдье гэж бодно.. бараг тэр мөчдөө зэрэгцэн Anna гаднаас уут дүүрэн хүнстэй орж ирэн галт тогоонд орж хоол хийх юмуу гэрээ цэвэрлэж эхлэх бөгөөд Mark-ын асуултад дорвитой хариулахгүй, үлдэхийг, гэр бүлээ бодооч гэж учирлан гуйхад нь тийм боломжгүй, би түүнтэйгээ хамт байх ёстой, хэрэв хүчилвэл би цонхоор унаж үхнэ гэнэ, тэгэх магадлалтайг нь ойлгосон  Mark аясаар нь орхих агаад Anna-ын царай туйлын ядарсан байхаас гадна эрүүл саруул гэхээргүй байлаа.. тэр оройдоо Anna хүүгээ халамжлан гэртээ үлдэх бөгөөд Mark эхнэртэйгээ унтаж үүгээрээ түүнийг уучласан гэдгээ харуулахыг оролдсон ч шөнөдөө Anna дахиад л алга болчихно.. маргааш нь Heinrich гэх залуу утсаар ярьж, Anna-тай надтай хамт байна, ер нь ч надтай үүрд үлдэнэ ухааны юм ярьж Mark-ын эхнэрээ болон нууц амрагийг нь үзэн ядах сэтгэлийг улам төрүүлнэ.. Anna байхгүй тул Mark хүүгээ сургуульд нь хүргэж, авдаг болсон ба хүүгийнхээ ангийн багш хүүхнийг эхнэрээ байна гэж андуурна, тэрийг нь Helen гэх ба үс хийгээд нүдний өнгө нь л өөр болохоос Anna-тай муухай адилхан нь хачин эвгүй.. Mark ажлынхаа шугамаар Heinrich-ын гэрийн дугаарыг олоод Anna-г сураглаж залгахад Heinrich-ын ээж гэх авгай утсыг аваад Anna алга, ойрд ирсэнгүй, хааччихаваа ухааны юм ярих нь Mark-д өөрийн муухайгаар доромжилсон сэтгэгдэл төрүүлж, улмаар хар уурандаа Heinrich-ын гэр рүү явж очно.. 

энэ Heinrich гэдэг нь Mark болон Anna-аас олон ахын дээр баян хар тамхичин байна.. Heinrich Mark-аас ичиж барилгүйгээр ярьж гарна: Anna-тай уулзсаар жил болсон, чи түүнийг ерөөсөө ойлгодоггүй, би ойлгодог, энэ бол сүртэй юм биш, гурвуулаа зохицоод байя гэж барагалж хэлэх бөгөөд ийм юм сонссон ямар нөхөр тэсэх билээ, Mark Heinrich-тэй нударга зөрүүлсэн ч өөрөө зодуулж муу дээрээ муухай гэгч болно.. Mark гэртээ орой ирэхэд эхнэр нь бас л байсангүй бол Margit хүүгийн харан байж байх агаад Mark эхнэрээсээ жаахан ч атугай өшөө авах гэж тэр шөнө дөө Margit-тай унтана.. маргааш нь Anna өнөөх л хөөгдөж туугдсан мэт, галзуу солио туссан мэт гэнэт орж ирээд эхнэрийн үүргээ гүйцэтгэж эхлэх бөгөөд Mark түүний энэ учир утгагүй, үл ойлгогдом байдлыг тэвчихээ байгаад зодох боловч Anna цус нөжиндөө хутгалдсан ч явна гэсээр явах ба Heinrich-тэй уулзахаа больсон, өөр хүнтэй болсон гэдгээ хэлдэг.. Mark яах учраа олохоо больж, эхнэрээ яагаад байгааг, хэнтэй учраад ийм чөтгөрийн болсоныг мэдэхийг хүсэн хувийн мөрдөгч хөлслөхөөр болж Zimmerman гэх хүнд хандана, Zimmerman туршлагатай мөрдөгч гарган өгнө.. эдгээр өдрүүдэд хүүгээ сургуульд хүргэх далимаар Mark хөөрхөн хүүхэн Helen-тэй дотно болж ирэх бөгөөд Helen хүүд нь сайн тул тэднийхээр хааяа орж гардаг болж улмаар Mark-ын өврийг дулаацуулдаг болох ба Mark-ын эхнэртээ хандах өшөө хорсол энэ мэтээр татарч байлаа.. Anna-г нэг өдөр гэрээсээ гарч явахад нь мөрдөгч дагах агаад Anna-г дагаж нэлээн хол явсны эцэст мөрдөгч хуучин орон сууцны байр дээр ирнэ.. 

мөрдөгч заль хэрэглэн байранд орохоосоо өмнө хүүхнийг дагаж хаа ирсэнээ дарга Zimmerman-нд хэлнэ.. Anna мөрдөгчийг маш дургүйгээр байртаа оруулах бол мөрдөгч байрны менежэрийн дүрээрээ өрөөнүүдийг нэгжиж яваад нэг өрөөний буланд нэг сонин амьтан шиг юмыг олж хараад нүдэндээ итгэхгүй гайхаж байтал нь Anna түүнийг араас нь цохих буюу алж орхино.. хэдэн өдөр өнгөрч Zimmerman манай мөрдөгч алга болчихлоо, үнэндээ бид хоёр амрагууд буюу ижил хүйстэнүүд байсан, цагдаад мэдэгдвэл бөөн асуудал үүсэх учир би өөрийн биеэр эхнэрийн чинь байгаа газраа очлоо гэж Mark-д хэлнэ.. Zimmerman мөрдөгчийнхөө заасан хаягаар Anna-ын байгаа байрт явж очиход гол өрөөний голд том ногоон орон дээр цус болон зунгааралдсан шингэнээр бүрхэгдсэн тийм гэхийн тэмдэггүй амьтан шиг юм хэвтэх бөгөөд дүрслэх гэж оролдвол наймаалж эсхүл аварга могойтой адил агаад  Zimmerman үүнийг хараад хөшөө шиг хөшчих бол Anna Zimmerman-нд хандан: тэр маань ядарсан байгаа учир нь бид хоёр шөнөжин секс хийсэн гэж хэлдэг.. хоррор, гэр бүлийн драм жанрын энэ кино бага багаар фантааз, саспенс, хоррор жанрыг хольж өрөн өрсөөр энд хүрэх буюу кино маань энд хүрээд талдаа л орох бол цаашлах тусам улам хүнд, байж боломгүй, ухаан санаанаас ангид болж ирнэ.. киног өнгөцхөн үзээд ойлгох бас дүгнэх боломжгүй ба фантааз байдал, хэтрүүлэг дэндүү их эл бүтээлийн бүхий л мөн чанар нь гэрлэлт хийгээд гэрлэсэн хосын салалтыг илэрхийлнэ.. кино эхлэхдээ л салалтаар эхлэх бөгөөд төгсөхөдөө мөн л салалтаар дуусдаг.. Anna-ын тодорхойгүй урвалт болон ингэх болсон шалтгаанаа хэлдэггүйн нэгд, найруулагчийн салалт болон хайрын талаарх мөнхийн асуултыг үзэгчээсээ асуусных болов уу, мөн хоёрдугаарт, бид бүхэн хайрыг тодорхойлж чаддаггүй шигээ салалтаа бүрэн ухамсарлаж чаддаг уу гэсэн асуултыг асуусан мэт.. энд би зарим зүйл дээр тайлбар хийхийн тулд киноныхоо нууцыг задлахаас өөр аргагүй ба Anna-ын явалдаж, шөнөжин сексдсэн тэр амьтан бол Anna-ын учирсан бүх эрчүүдээсээ хэсэгчлэн аван бүтээсэн мангас буюу түүний хүссэн төгс эр хүн болов уу.. өөрөөр хэлбэл, энэ кино зориудаар эр эмийн харилцаа, салалтыг байж боломгүйгээр фантаазлан үзүүлсэн бөгөөд тус кино ингэснээрээ урлагийн үүргээ гүйцэтгэж өдгөө култ хэмжээнд хүрчээ.. 

Украйнд төрсөн ч Францад ихэнхи бүтээлээ туурвьсан массын киног хатуу шүүмжлэгч, арт киноны томоохон зүтгэлтэн Andrzej Żuławski киноныхоо зохиолыг бичиж, киногоо найруулсан агаад эхнэрээсээ салж байхдаа уг кино зохиолоо бичсэн гэдэг ба зохиолынхоо санааг Лев Толстойн "Анна Каренина" романаас авсан ажээ.. Mark болон Anna-ын зодоон, хэрүүл үзэхэд маш хүнд бөгөөд үнэмшилтэй байдаг нь Andrzej Żuławski-ын тухайн үеийн мэдрэмж, сэтгэлзүйн байдалтай холбож үзэж болно.. уг кино бүх талаараа салалтын хөрөг буюу хосуудын оюун санааны зөрчилдөөнийг хэтрүүлэн үлгэрлэсэн бөгөөд энэ сэдвээрээ Lars von Trier-ын Antichrist болон Ingmar Bergman-ын Scenes from a Marriage гэсэн бүтээлүүдтэй эн зэрэгцэнэ.. Anna болон түүний амьтантайгаа хурьцаж буй сценийг 'beauty and the beast'-ыг найруулагч өөрийнхөөрөө зориглон дүрслэсэн гэдэг ба уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган 677-р байрт жагсаж байна..

 киноны гол дүрүүдэд Isabelle Adjani, Sam Neill гэсэн жүжигчид гайхамшигтай тоглосноос шинэ зеландын нэрт жүжигчин Sam Neill мартагдахааргүй тоглолт үзүүлсэн бол энэ кино тэр чигтээ Францын шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг, кино урлагийн гуа сайхан хүүхнүүдийн нэг Isabelle Adjani-ынх ба Isabelle Adjani тэр жилийнхээ Канны кино наадмаас Anna-ынхаа дүрээр шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал аваад зогсохгүй кино судлаач, сонирхочид түүний тоглолтыг бүх цаг үеийн хамгийн шилдэг арван эмэгтэй гол дүрийн тоонд оруулдаг ба би хувьдаа түүний тоглолтыг кино урлагийн оргил гэж үздэг.. Isabelle Adjani-ын зоригтой занг үнэлэхийн зэрэгцээ түүний дур булаам хийгээд аймаар галзуу төрхийг зэрэг гаргаж чадсаныг шүтмээр бөгөөд сүрдмээр.. уг кинонд Heinz Bennent, Sam Neill, Isabelle Adjani нар асар хүчтэй, галзуутай тоглосон ба Isabelle Adjani уг кинонд жүжигчин хүний хязгаарыг харуулж, жүжигчин хүний жинхэнэ чадварыг харуулж чаджээ.. Isabelle Adjani уг кинонд хоёр дүр буюу Anna болон Helen гэсэн хоёр дүрийг бүтээсэн бөгөөд Anna нь байнга цэнхэр хувцас өмссөн галзуу маягтай бол Helen нь цагаан хувцас өмсдөг илүү зөөлөн хүүхэн билээ.. Isabelle Adjani энэ кинонд тоглох гэж олон жил бэлдсэн гэдэг бөгөөд ахиж иймэрхүү дүр аваагүй гэдэг.. мөн эл кино их британд хориглогдож, америкт хяналтан дор гарч байжээ.. хүн бүрт зориулаагүй, жирийн биш кино..

НЭМЭЛТ: Уг киног төрөлжүүлэхдээ судлаачид Роман Поланскийн "Repulsion" болон Дэвид Кроненбергийн "Brood" кинонуудтай зэрэгцүүлэн авч үздэг бөгөөд хэдий сэтгэлзүйн драм, сэтгэлзүйн хоррор гэж нэрлэдэг ч одоо ч киноны жанрыг тодорхойлох дээр маргаантай байдаг. Зарим шүүмжлэгчид тэмтрүүлтэй амьтан биетээр бодитой оршдоггүй гэж дүгнэсэн; энэ нь Аннагийн сэтгэцийн тусгал байх магадлалтай аж; мөн эхнэрийнхээ араар тавилтыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа Маркын мэдрэлийн үрэвсэл болов уу. Уг киноны талаар бичсэн шүүмжлэлүүдэд кинонд хоёрдмол байдлын сэдэв байгааг онцолсон. Анна үхэхэд Марк түүнийг багш Хеленээр сольдог бол Анна үргэлж хажуудаа байх амьтнаар Маркыг бас сольдог. Хоёрдахь Анна, Марк хоёр буюу хуулбарууд бол нөхөр эхнэр хоёрын хүсдэг идеал дүрүүд юм  


Comments