Bonnie and Clyde (1967). Өгүүлэх нь, нэгдсэн улсад их хямрал тохиож нийгмийн байдал ороо бусгай үеийн Техас мужид шоронгоос дөнгөж суллагдсан Clyde машин хулгайлах гэж байгаад буудлын үйлчлэгч хүүхэн Bonnie-той танилцана.. залуус шууд л бие биедээ татагдаж ядах юмгүй өвөр түрүүндээ орох ба Bonnie-ын гоо сайхан, зоримог чанар Clyde-ын ухааныг балартуулах бол уйдаж үхэх шахаж, зүдрүүхэн гунигтай амьдралаас нь энэ зоригтой, эрс шийдэмгий залуу өөрийг нь гарган аврах нь гэж Bonnie баярлан дуртайяа дэр нэгтгэнэ .. залуусын хайрын романс хийгээд тэдэнд тохиох адал явдлыг өгүүлэхээсээ өмнө дүрүүдтэйгээ ойртон танилцая..
Clyde бол онгироо, нэр
төрд дуртай, тэнэг зоригтой бол Bonnie мөн л зоригтой, эршүүд, бас мэдээж
үзэсгэлэнтэй залуухан бүсгүй ба тэд бие биедээ үнэнч.. Bonnie-гийн ятгалгаар
буюу Clyde хэр эр хүн болохоо харуулах гэсэн тэнэгхэн хүслээр дэлгүүр
дээрэмдсэнээр бүх зүйл эхэлнэ.. Clyde-дад энэ үйлдэл нь хүүхэнд өөрийгөө хэр
чанга эр болохоо харуулах гэсэн бардамнал байхад Bonnie түүнээс баатарлаг, төгс эр хүнийг
хүлээн харна.. тэдний гэнэн тэнэг үйлдэл яван даамжирсаар улсын хэмжээний
аюултай дээрэмчид, алуурчид болгоно. Зөвхөн мөнгөтэй болох зорилгоор тэд
дэлгүүр, шатахуун түгээгүүр дээрэмдэж, цагдаа нарыг алж байсангүй. Clyde-н эр
бяр чадлаа хүүхэндээ харуулах талбар нь дээрэм, аллага болж, харин Bonnie-д
байнгын аюул дор өрнөх амьдралыг таашаан, авхаалж самбаатай өөрийн баатар эрдээ
дур хүслээрээ татагдах нь чухал байв..
өөрөөр хэлбэл тэдний хобби, тэдний хамт
байх нөхцөл нь энэхүү дээрмийн амьдрал болж ирнэ.. энэхүү амьдралдаа тэд машин
сайн жолооддог залууг элсүүлэхээс гадна Clyde төрсөн ахаа болон түүний эхнэрийг
нийлүүлснээр бүлэг маягийн зартай дээрэмчид үүснэ.. хамгийн сонирхолтойн
дээрэмчид олонд танигдахаас айж ичихгүй харин ч явсан, дээрэмдсэн газраа бүртээ
өөрсдийн зургийг бахдалтайгаар авхуулан явсан газраа үлдээж байв. Сонин дээр
гарах нийтлэл тэднийг хөгжөөж, улам урам зориг өгч, хэн хэнийгээ хайрлах
сэтгэлийн батжуулж байлаа... киноны үйл явдал цустайгаар, хөгтэйгөөр, мөн
эротик холилдсоор өрнөж байгаад эмгэнэлтэйгээр өндөрлөнө.. энэхүү бүтээл нь бидний
дассан, сурсан романтик кино биш харин тухайн цаг үеийнхээ холливууд кино имиж,
хоригийг зоригтойгоор эвдсэн бүтээл болж, өдгөө далаад оны шинэ холливууд
эриний анхны киноны тоонд багтаж ирсэн чухал бүтээл.. Хайр сэтгэлийн энэхүү
солиотой түүх кино урлагийн түүхэнд ч, үзэгчдэд ч шинэлэг байсан ба уг киноны
амжилт хойшдын уран бүтээлчдэд харгислал хийгээд секс зураглалыг илүү чөлөөтэй,
нээлттэй дүрслэх замыг зассан гэгддэг бөгөөд киноны домоглог төгсгөлийг кино
урлагийн түүхэндэх хамгийн аймшигтайгаар үхлийг зурагласан сцений нэгээр
нэрлэдэг.. кино гарсан даруйдаа цаг үеэсээ түрүүлсэн олон шилдэг бүтээлийн
адилаар тухайн цаг үедээ таарахгүй ихээр шүүмжлүүлж байсан ба үүнд дэндүү
харгис хэрцгий, алуурчин тоноочдыг бахдалтайгаар буюу үзэгчдэд муу нөлөө
үзүүлэхүйц гаргасан гэж “загнуулж” байсан ч урлагийнхан болон залуу үе уг киног
сайшаан хүлээн авч, олон уран бүтээлчид эл бүтээлийг эх сурвалжаа болгон дээдэлж иржээ.. тухайлбал, The Wild Bunch, The Godfather, The Departed,
Natural Born Killers гэсэн гэмт хэрэгт, цуст кинонуудыг бүтээгчид галзуу хосууд Bonnie, Clyde хоёроос маш ихээр
урам аван эдгээр киногоо бүтээсэн байдаг.. Америкийн кино найруулагч Arthur
Penn-ны \түүний хамгийн шилдэг кино ба Америкийн хамгийн шилдэг киноны нэг \ уг
бүтээлийг өдгөө Америкийн анхны модерн кино \пост классик ч гэдэг\ гэгдэх
болжээ.. найруулагч уг бүтээлээрээ холливуудыг эгнэгт өөрчилсөн том тэсрэлт
хийснээ тэр үед мэдээгүй нь мэдээж бөгөөд анх киног найруулах саналаас
татгалзаж байгаад бараг эцсийн мөчид François Truffaut, Jean-Luc Godard гэсэн
Францын шинэ давалгааны мастеруудын төрөл бүрийн шалтгаанаар уг кино төслөөс
гарсан хойно найруулагчийн суудалд дахин сууснаар одооны гайхалтай гэмт хэрэгт,
драм бүтээл бүтжээ.. түүхэн бодит явдлыг кино зохиол болгосон David Newman
анхнаасаа зохиол дээрээ François Truffaut-тай хамтран ажиллаж, киногоо түүгээр
найруулахыг хүсэж байсан ч François Truffaut өөр кинонд ухаанаа илүү
хандуулсанаар төслөөс гарсан ч кино багийнхныг Jean-Luc Godard-тай холбож өгсөн
бөгөөд Jean-Luc Godard холливуудад итгэдэггүйн дээр холливуудын кинонд хандах
хандлагаас болж төслөөс гаран Arthur Penn эцсийн эцэст “захирлын” суудалд
суусан байдаг.. шинэлэг уур амьсгал болон эрсдэлтэй кино төслөөс George
Stevens, William Wyler, John Schlesinger, Sydney Pollack гэсэн аварга загаснууд
буюу найруулагчид татгалзаж байсныг дурдъя..
кино маань франц найруулагчаар
бүтээгдээгүй ч тухайн үеийн Францын кино урлагийн шинэ давалгааны нөлөөгөөр бий
болсон буюу киноны зохиол болон кино
маань бүрэн Францын шинэ давалгаанд автагдсан байсан гэдэг бөгөөд цавчсан
эвлүүлэг хийгээд эрс солигдох зураглал нь Франц үнэртэй Америк бялуу шиг
болой.. киноны эх зохиол сексийг хэт илэн далангүйгээр дүрсэлсэн буюу дүрүүдийн
секс хүсэл тачаал хийгээд ижил хүйстэний секс, гурвалсан секс гэх мэтээр нийгэм
кино дэлгэцнээс үзэхэд зохисгүй байсан учир нэлээн зөөлрүүлж кинон дээрээ
оруулсан хэдий ч тэр үедээ л задгай, мөн секс симболоор их байсан гэдэг.. тус
киноны хойч үедээ үзүүлсэн нөлөөг төсөөлөмгүй бөгөөд 2.5 саяар бүтэээд 70 саяын ашиг олсоныг нь
үзвэл эл бүтээл шинэ үе буюу залууст ихээхэн таалагдсан ба залуу нас гэдэг бол
зориудын эсэргүү буюу багахан галзуурал билээ.. илэн далангүй гарах цуст
аллага хийгээд алуурчдыг баатар мэт эерэг талаас гаргасан нь киног маш их
шүүмжээр дарж, үзэгчдэд огт таалагдсангүй. Мөн түүнчлэн арилжааны гэх
тодотголтой хэрнээ \массын\ эрэгтэй хүнд эмэгтэй хүн аман секс хийх гэж
оролдсон анхны кино болсон зэргээр тэр үедээ цоо шинэ өнгө аястай, агуулгатай
зоригтой кино болсон... гэмт хэрэгт төрлийн киноны титмээ Францын кино урлагт
алдчихаад байсан Америкчууд Arthur Penn-ны ачаар титмээ эргүүлэн авчирсан....
тэр жилдээ 10 төрлөөр Оскарт нэр дэвшсэн боловч ердөө хоёрхон төрөлд ялалт байгуулсан
нь чамлалттай ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 235-р байрт
жагсдаг.. өмнө нь хэлсэнчлэн эл бүтээлийг түүхэн бодит явдлаас сэдэвлэсэн
бөгөөд Bonnie, Clyde хоёр жинхэнээсээ байсан домогт дээрэмчин хосууд юм.. тэд
1932-1934 оны хооронд алж тонож байв..
Гангстарыг комедитэй болзуулж,
романтикыг харгислалттай гэрлүүлсэн бүтээл, зайлшгүй үзсэн байх ёстой чухал
кино билээ.. гол дүрүүдэд Warren Beatty болон Faye Dunaway хоёр гайхамшигтай
тоглон өөрсдийгөө элит жүжигчид болохоо тунхагласан ба Warren Beatty гол дүр
бүтээнгээ мөн кинонд продюсерээр давхар ажилласан байдаг бол Faye Dunaway-ын
оронд Natalie Wood, Jane Fonda нарын алдартангуудыг тоглуулахаар төлөвлөж
байсан ч Faye Dunaway тоглосон нь чухам нүдээ олсон..
Америкийн кино жүжигчин, кино найруулагч
мөн Arthur Penn-ны хэлсэнээр төгс продюсер бол Warren Beatty \холливуудын гоё
залуу тэрээр хүүхэмсэгээрээ маш алдартай\ ба арвандөрвөн удаа оскарт нэр дэвшиж
\үүнд мэдээж шилдэг гол, туслах, шилдэг зохиол гэх мэтээр арвандөрөв хүрнэ\
байснаас 1981 онд “Reds” киногоороо оскараас шилдэг найруулагчийн шагнал
хүртсэн бөгөөд оскарт шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг гол дүр, шилдэг
продюсерээр нэр дэвшсэн нь аугаа Orson Welles-тэй ижилсэх том амжилт юм..
түүний продюсерлэсэн найман кино Оскарт 53 төрлөөр нэр дэвшсэн байдаг..
Америкийн жүжигчин Faye Dunaway уг кинонд тоглож ерөнхийдөө од болсон ба
оскарын эзэн энэ бүсгүй холливуудын дал, наяад оны хамгийн эрэлттэй бас
үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчдийн нэг байв.. киноны бусад туслах дүрүүдэд Michael
J. Pollard, Gene Hackman, Estelle Parsons, Denver Pyle, Gene Wilder \ Тус кино Америкийн
нэрт жүжигчин Gene Wilder-ын дебют нь байв \ гэсэн алдар цуутай жүжигчид
тоглож, Estelle Parsons шилдэг туслах эмэгтэй дүрээр тэр жилийнхээ Оскарын
шагнал хүртсэн байдаг.. уг кино бас нэг зүйлээрээ холливуудын анхдагчид гэж
явдаг ба энэ нь жүжигчдийн хувцас дотуур хиймэл цустай уут байршуулсанаар
буудахад бяцхан ууттай цус дэлбэрэх нь маш үнэмшилтэй болгож байв, тиймээс ч
тухайн цаг үедээ маш харгис харагдаж адлуулж байв.. Энэхүү бүтээл хамгийн
аюултай 25 киноны нэг гэгддэг бөгөөд Америкийн кино хүрээлэнгээс гангстер
жанрын хамгийн шилдэг арван киноны тавд жагсаажээ..
НЭМЭЛТ: Уг кино нь 1930-аад оны хүчирхийлэлт
гангстеруудын хэв маягтайгаар романтик, инээдмийн хувилбараар хийгдэхээр
яригдаж байсан ба ингэхдээ орчин үеийн кино хийх арга техникийг ашиглахаар
байв. Найруулагч Артур Пенн зарим хүчирхийллийн хэсгийг комик өнгө аястайгаар
дүрсэлсэн байсан; энэ нь "Keystone Kops" зэрэг дуугүй эриний бүдүүлэг
хошигнолтой киног санагдуулж байсан ч дараа нь илүү хүчирхийлэлтэй, аймшигтай
дүрслэлд шилжжээ. Уг кино өнгө аясаа түргэн солих, ширүүн эвлүүлэгтэйгээрээ Францын
Шинэ давалгааны найруулагчдын нөлөөг шууд харуулдаг.
Comments
Post a Comment