Өрөвдөлтэй амьдрал






Midnight Cowboy (1969). Joe бол Техасын унаган хүү бөгөөд аяга таваг угаахаас цаашгүй нэгэн хэвийн уйтгартай хөдөө нутгаа орхин Нью Иорк явж биеэ үнэлэн амьдрахаар шийдэн автобусанд сууж байгаагаар тус кино маань эхэлнэ.. Joe-г \
Jon Voight \ заавал яагаад биеэ үнэлнэ гэж хэн бүхэн гайхах нь зүй, тэгвэл эхний шалтгаан нь тэрээр ямарч боловсрол мэдлэггүй ёстой л хөдөөний гэнэн малчин тул их хотод өөрийн хамгийн сайн чаддаг ор хөнжлийн ажилдаа найдахын дээр гуч л хүрч яваа нуруу туруу, зүс царай сайтай учир хүүхнүүдийн түрүүвчийг хоосолчихно гэж итгэх бол хоёрдахь шалтгаан нь элдэв ажил хийж биеэ зовоосноос секс хийж мөнгө олох амархан, болчихмоор санагдах нь боловсрол, ухаан дутуугийн шинж хэдий ч сэтгэл сайхантай залуу билээ.. автобус хот руу дөхөх тусам олон өнгөөр анивчин цацрах зарын самбарууд, уриалан дуудах дэн буудлуудын хурц гэрэл их хотын харгис, үл өршөөх амьдралын шаардлагыг нууж дарах мэт бөгөөд манай хөдөөний залуу гэрэл чийдэн, өндөр барилгуудын цаадах идээ бээр, ялзралыг үл мэдэн баясан хөөрөх энэ зуур түүний өнгөрсөнтэй товчхон танилцая..

Joe-г багад нь ээж нь эмээ дээр нь хаячихаад үүрд алга болж, тэрээр хормойн донтой эмээ дээрээ буюу эмээгийнхээ амрагуудын дунд өссөн агаад багасаа архидалт, завхайрал дунд хүн болсон нь биеэ үнэлэгч болохоор яваагийн нэг суурь үндэсээс гадна дөнгөж нас биед хүрээд тэр хавийнхаа хамгийн гоё охинтой үерхэж яваад бүлэг согтуучуудын гарт орон найз охиноо нүднийхээ өмнө хүчиндүүлийг хараад барахгүй өөрийг нь ч хүчиндэж бие хийгээд сэтгэлийн гүн шарх үлдээжээ.. уг аймшигтай бузар явдалд охин бүрэн галзуурсан бол Joe тэр аймшигт шөнийг хар даран зүүдлэх бөгөөд одоо сонгон авсан завхай амьдралаас өөр аргаар амьдрах аргагүйджээ.. ингээд, кинон дээр гардаг шиг ковбой хувцастай залуу Нью Иорк хотод буухад алиалагч харсан юм шиг хүмүүс түүнийг ширтэнэ, харин Joe-д шинэ хот шинэ амьдрал, мөрөөдлийн орон шиг санагдаж даруйхан ажилдаа орно.. тэрээр байр хөлслөчихөөд голдуу мөнгөтэй байрын эгчмид насны хүүхнүүдтэй олон бүтэлгүй яриа үүсгэж яваад ашгүй нэг сэтгэлд таарсан эгч хүүхэнтэй хэл амаа ололцоно.. 

эгч хүүхэн тун аятайхан бас үнэтэй байранд суудаг тул Joe бодож байсанчлан хэрэг явдал амархан бүтэж байгаад баярлан эр бяр чадлаа хүүхэнд ёстой нэг үзүүлж өгөх бөгөөд салах болж мөнгөө нэхэхэд харин эсрэгээрээ хүүхэн мөнгө нэхэж, би бол дээд зэрэглэлийн янхан, чи намайг ашиглалаа хэмээн орилж хашгирахад айж сандарсан Joe өөрт байсан мөнгөнийхөө тэн хагасыг өгчихөөд бушуухан зугтаана.. сэтгэлээр унасан тэрээр сэтгэлээ засахаар баар орж пиво ууж байгаад Ratso \ Dustin Hoffman \ гэдэг байнга бүгшүүлэн ханилгах, хазагнаж явдаг Итали гаралтай луйварчин, хулгайчтай танилцана.. Ratso түүний бүх яриаг сонсоод хулхидуулсаныг нь хэлж, энэ хот гэдэг газар хүнд итгэх аргагүй, биеэ үнэлж мөнгө ольё гэвэл зуучлагчтай байх хэрэгтэй, би тийм хүн танина, чамд тусалъя, харин хэдэн цаас л хэрэгтэй гэхэд пивоны аагиндаа халсан Joe түүнд итгэж, зөвшөөрнө.. маргааш нь Joe байгаа бүх мөнгөө Ratso-д өгчихөөд заасан газарт очоод дахиад хулхидуулсанаа ухааран, энэ хот гэдэг газар худал хуурмагийн төв юм гэдгийг ойлгох ба Ratso-г хайгаад мэдээж олохгүй, харин байрны түрээсээ өгч чадахаа больж гудманд гарахдаа тулна..

 гудманд унтаж, аяга кофе энэ тэрхэнээр өл залгах төдий ядарсан Joe тэсэлгүй ижил хүйстэнүүдийн цуглардаг кино театр орж, аман секс хийлгүүлсэний төлөө мөнгө авахаар болох агаад харин тохирсон хүн нь аман секс хийж өгчихөөд мөнгөгүй гэж гүрийхэд Joe түүнийг нэг зодох гэснээ өрөвдөөд больдог.. ахин дахин хулхидуулж, чадуулсандаа гутарсан Joe дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон үед санамсаргүй явж байгаад Ratso-той тааран хэд нударгалаад мөнгөө нэхэхэд Ratso-д сохор зоос байхгүй байх ба хариуд нь толгой хорогдох газар олж өгье гэсээр өөрийн гэртээ аваачина.. Ratso-ын гэр гэдэг нь хэрэгцээгүй орхигдсон бараг нурж унаж байгаа байр байх ба Ratso уг байранд нууцаар амьдарна, Joe мөнгөө олж авахгүйгээ ойлгон ядаж толгой хорогдох газартай больё хэмээн бодож ирээдүйн хамгийн сайн найзындаа нүүж очно.. үнэхээр энэ мөчөөс эхлэн тэд үмх талхаа ч хувааж идсэн андууд болдог билээ.. Ratso-ын гэрт ирсэн учир түүний талаар цөөн үг хэлье.. Ratso аавыгаа дагаж Нью Иоркт ирсэн бөгөөд аав нь гутал тослогч байсан болохоор тэр ч гутал тослогч удаан хугацаагаар хийсний улмаас уушги нь муудаж байнга ханиалгахаас гадна хөл муутай, нэг үгээр хөгжлийн бэрхшээлтэй хүн хэдий ч асар сэргэлэн, зальтай гаргууд хулгайч билээ.. Итали эрийн бие өдөр ирэх тусам муудах тул нарлаг Майами явж амьдрах хүсэлтэйгээ анхны өдрөөсөө л Joe-д хэлнэ.. хоёр найзын тарчигахан амьдрал хийгээд жижиг гарын хулгай, өлсөж, ядарсан өдрүүдийг нурших илүүц бол үзэгч бид тэднийг даган нийгмийн ялзарсан, ямар ч ёс суртанхуунгүй гудамжны амьдралтай танилцахаас гадна мөнгөний өмнө сөгдөх цэвэр ариун, ёс журам, итгэл найдвар, ёс суртахуун зэрэг хүний бүх үнэт чанаруудыг харж гутна..

нэгэн цас бударсан, шинэ жил ойртсон өдөр найзууд санамсаргүй байдлаар нууц үдэшлэгт уригдана, тэнд архичид, хар тамхичид, ижил хүйстэнгүүд, биеэ үнэлэгчид гээд есөн жорын үл бүтэх улс байх ба Joe тэнд нэг баян хүүхнийг урхидах бол Ratso-ын биеэ улам муудан явж байгаад унаад байдаг болсон байв.. тэр шөнөдөө Ratso-ын биеэ маш ихээр дордон шөнөжин халуурч хоноход Joe баян хүүхнийхээ халуун өврөөс мөнгөтэйгөөр найз дээрээ ирэх бөгөөд бараг үхэж байгаа найз нь эмч, цагдаа битгий дуудаарай харин намайг Майами авч яваач гэж гуйхыг нь Joe эсэргүүцэж үл чадна.. Joe-д ахиухан мөнгө хэрэгтэй тул баян амрагтаа хандахад тэр нь эзгүй байна, ингээд арга ядан нэгэн ижил хүйстэнээ сонирхогч хөгшинтэй уулзаж маш хүнд шөнийг өнгөрүүлнэ.. мөнгөтэй болсон найзууд Майами руу автобусанд сууж санаа амарна.. замын явцад Joe шинэ газар очвол ер нь ингэж амьдрахаа больж, ажил хийж хүн шиг амьдрахаа найздаа ярихаас гадна алиа ковбой хувцсаа хогийн саванд хийдэг.. хүссэн газраа бараг ирэхэд Ratso үхчих бөгөөд сайн найзынхаа амьдралыг зөв тийш нь эргүүлсэнээ мэдсэнгүй үхсэн нь харамсалтай.. 

Английн кино найруулагч John Schlesinger-ын замналынх нь хамгийн шилдэг бүтээл гэгддэг эл кино тэр жилийнхээ оскарын наадмаас шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол төрөлд ялалт байгуулсан ба эл бүтээл оскарын шилдэг кино хүртсэн анхны X \сүүлд R ангилал гэх болсон\ ангиллын кино болсоноороо түүхэнд тодоор үлджээ.. найруулагч John Schlesinger киноныхоо зохиолыг James Leo Herlihy-ын ижил нэрт роман дээрээс кино зохиол болгосон ба кинонд ижил хүйстэнүүдийн секс, нүцгэн хүүхнүүд гэх мэтээр шоконд орохоор сценүүд байсан нь тухайн үедээ хэт илэн далангүй, садар самуун гэгдэж байсан бол одооныхоор бол сүйдтэй зүйл биш байлаа.. кино маань хотын драм, нөхөрлөлийн кино жанрт хамаарагдах ба гол дүрүүдийг бүтээсэн Dustin Hoffman, Jon Voight хоёрын хослон тоглолтыг кино урлагийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай хослон тоглолт гэдэг бөгөөд тэр жилийнхээ оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд хамтдаа нэр дэвшиж байлаа.. тухайн үед ид мандаж байсан Dustin Hoffman Итали эрийн дүрээр өөрийгөө элит жүжигчин гэдгээ тунхагласан бол Jon Voight хөдөөний ковбойгоор од болох сууриа тавьсан байдаг ба Dustin Hoffman-ын тоглолтыг Premiere сэтгүүлээс бүх цаг үеийн хамгийн шилдэг зуун жүжиглэлтийн 7-р байрт жагсаан байдаг.. киноны анхны үзвэрээр үзэгчид ижил хүйстэнүүдийн секс сцений үеэр театрыг орхин гарч байсан гэдэг бөгөөд Dustin Hoffman-ын "I'm walking here!” гэдэг үг Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг зуун кино ишлэлийн 27-р байрт жагсдаг бол энэхүү кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 326-р байрт жагсадаг аа.. сонирхуулахад, эл бүтээлд америкийн ерөнхийлөгч байсан Jimmy Carter маш дуртай байсан гэдэг..

НЭМЭЛТ: Энэ бол цаг үеэсээ түрүүлсэн хийгээд тухайн үедээ хүчирхийлэл, садар самууныг илэрхий үзүүлсэн гэж шүүмжлүүлж байсан кино. Киноны гол дүр Жогийн найз охин Аннегийн дүрийг бүтээсэн жүжигчин Женнифер Солтын зураг авалтын үеэрх дурсамжийг сийрүүлье. Хүчинддэг хэсгийг цөөнгүй удаа авсан ба тэр үдэш жүжигчин бүсгүйн хувьд сэтгэл мэдрэлийн там болжээ. Тэр хэдий биеийн өнгөтэй хувцас өмссөн байсан ч тэр шөнө маш халуун байсан учир хувцас нь биед наалдаад тэсвэрлэхийн аргагүй байсан гэдэг. Ж. Солт "хамгийн аймшигтай нь хүмүүс миний нүцгэн бөгсийг харж байгааг мэдрэх байлаа. Надад дэндүү гутамшигтай санагдаж байсан тул би энэ талаар ярихыг ч хүсдэггүй байв. Тэгээд намайг нэг залуу дараад авсан, энэ намайг өвтгөсөн ч энэ нь хүчирхийллийн сцэн байсан учраас хэн ч анхаарч үзээгүй. Би орилоод, орилоод л байсан, энэ бол хүлээн зөвшөөрөх аргагүй сэтгэлийн цочир мэдрэмж байсан" гэжээ.  


Comments