Өрөвдөж болохгүй!




Viridiana (1961). Сахил хүртээд удаагүй байгаа залуухан, үзэсгэлэнтэй Viridiana-аад нагац ахынх нь бие тааруу байна гэсэн мэдээ ирнэ.. бүсгүйтэй уулзах хүсэлтэйгээ сүмийн дарга гэлэнмаагаар хүргүүлжээ.. дарга гэлэнмаа Viridiana-г хамаатан дээрээ оччихоод ирэхийг ятгана. Учир нь бүсгүйн сүмийн зардал занааг нагац ах нь гаргаж байсан бөгөөд хөөрхий үхэх дөхсөн эрийн сүүлийн хүслийг анхаарч үзэхгүй байхын аргагүй бөлгөө.. бэлэвсэрсэн, том эдлэнтэй нагац ах Jaime-гээ бүсгүй бараг танихгүй бөгөөд ганц хоёр хоног хамт байхаар аян замдаа гарна.. Jaime ганц бие болоод нэлээд удаж, түүнд одоо хань бологчид гэвэл зарц, үйлчлэгч нар нь л  болно.. нагац Jaime болон түүний үйлчлэгчид Viridiana-г халуун дотно, элэгсэгээр угтана.. харин нагац Jaime бүсгүйн сайхан болсныг магтахын сацуу өөрийн үхсэн эхнэртэй туйлын адилхан болохыг гайхна.. дайлуулж цайлуулсаар явах өдөр ирэхэд нагац Jaime болон гэрийн үйлчлэгчид бүсгүйг дахин хэд хоног хамт байхыг хүснэ. Мөн өөд болсон эхнэрийг нь их санагалзуулах тул эхнэрийхээ хуримандаа өмсч байсан даашинзыг өмсөж үзүүлэхийг хичээнгүйлэн гуйна. Ганцаардаж, өвчин зовлондоо шаналсан ахынхаа хүслийг Сайхан сэтгэлт Viridiana хүлцэн биелүүлнэ..
нагацын хандлага садан төрөл гэхээсээ янаг амрагийн хандлагатай болж буйг бүсгүй анзаарна. Тун ч удалгүй бүсгүйг гэргийгээ болохыг хүснэ.. Viridiana шулуухан татгалзана.. харин Jaime, зарц нарын хамт Viridiana-гийн цайнд унтуулах эм хийж өгсөнөөр бүсгүйн онгон биеийг эзэмдвэл энэ гэрт үүрд үлдэнэ гэж төлөвлөнө.. Jaime санасандаа ч хүрэх ба бүсгүйг хүчээр эзэмдэхээр оролдовч үл чадна.. ганцаардал түүнийг сохолсон ч хүнлэг чанар нь бас ч гэж арилаагүй байж.. маргааш өглөө нь Jaime Viridiana-г хүчиндсэн гэж худал хэлж, буцаж явахын хэрэггүй, эндээ хамт байя гэнэ.. Viridiana түүнийг худал хэлж байгааг мэдээж мэднэ.. нагацыгаа олон дахин худал хэлж, сахил санваарыг нь доромжилсон гээд бүсгүй солиортлоо уурлаж үүнийг хүлцэн тэвчихгүй бөгөөд даруй байшинг орхино. 
Ингээд галт тэрэгний буудал дээр ирээд байтал цагдаа нар ирээд нагац нь амиа хорлосон гэдгийг дуулгах ба нагац үнэхээр ч амиа хорлосон байна.. гэхдээ бүсгүй ингээд сүм рүүгээ явчихыг хүсэлгүй харин ч үлдэж, ахынхаа болон өөрийнхөө нүглийг наманчилан сайн сайхныг хийж бүтээхийн төлөө үлдэнэ.. ахынхаа үхэлд өөрийгөө багахан буруутгахаас гадна энд байх хугацаандаа олж харсан ядуу, зовсон хүмүүст тусалж бурханы өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэе гэж бодно.. ийнхүү ахынхаа гэрт ахин ирж ойр хавийн гуйлгачин ядуусыг асран халамжилж, ажил төрөлд оруулахаар хоёргүй сэтгэлээр зүтгэж эхэлнэ.. түүний буяны үйлсэд олон өрөөл татанхай хүмүүс, үгээгүй гуйлгачид, янханууд ч хамрагдах агаад үүнд бүсгүй сахил номынхоо үүргээ амжилттай гүйцэтгэж байна хэмээн баярлана.. энэ үеэр буюу бүсгүйн хүссэн ажил бүтэж ирэх үеэр Jaime-гийн цор ганц хүү Jorge найз хүүхний хамт эцгийнхээ гэрт амьдрахаар бас өв залгамжилахаар ирнэ.. Jorge хамаатныхаа бүсгүйн үйл ажиллагаанд дурамжхан хандах бол найз охин нь Viridiana-тай хардана.. ийнхүү хэсэг амьдрал үргэлжилнэ.. энэ үед Jorge аавынхаа одоо бол өөрийнх нь зарц болсон эгчмид хүүхэнтэй загас наадуулж зугаацна.. нэгэн удаа Viridiana болон Jorge нарын эзгүйд гуйлгачид буюу бүсгүйн ивээлийг хүртэж боловсрон, соёлд суралцсан байх ёстой хүмүүс дур мэдэн орон гэрт нь давхин орж хамаг эд юмсаар нь дургин цэнгэх бөгөөд архины аагинд халцгаасан тэд бүр давран найр наадам болно, үүнийг гар бариад бугуй барихтай зүйрлэмээр.. хүмүүжилгүй, боловсролгүй, дандаа хараал тэмцэл дунд ёс сутрахуунгүй байсан хүмүүс согтуугаар үймүүлж байна гэж бодоход дотор муухайрах ба тэд гэрийн өнгөтэй өөдтэй, үнэтэй бүхнийг гарган ирж дураар цэнгэн наргина..  энэ үед азаар гэхүү азгүйгээр гэхүү Viridiana, Jorge хоёр гэртээ ирч таарах ба яахаас буцахгүй болтлоо согтсон үгээгүйчүүд Jorge-ыг цохиж унагаагаад Viridiana-г бүлэглэн хүчиндэхээр болно.. 
алсад цагдаагийн ирэх сонсогдох ч амжих болов уу? сюрреалист кино мастер, манай гаригийн цөөхөн элит найруулагчдын нэг  Luis Buñuel-н нийгмийн ялзарсан \гуйлгачин\ хэсгийг шашин, хүнлэг ёсны эсрэг сөргүүлэн тавьсан егөөдөлт асуулга гэмээр бүтээл.. гуйлгачид гэдгийг муу зүйлд амархан автдаг, сэтгэлзүйн талаас тэсвэр муутай, хатуужилгүй арчаагүй хүмүүсийг хэлсэн нь тодорхой бизээ.. үнэхээр яах ч аргагүй буюу муу улс төр, эдийн засгаас болж ядуурал гуйлгачиндаа хүрсэн хүн ядаж шашны зөв хүмүүжил авсан бол ямарч нөхцөлд хүнлэг, энэрэнгүй, моралтай байдгийг энэ кинонд үзүүлжээ.. мөн түүнчлэн шашныг зөв шүтэж чадвал хүнлэг хүн болох үгүй бол хий хоосон бурхан ярьж сэтгэл болон нүгэлээ хаацайлагч болдогийг дүрслээд зогсохгүй хүн анхнаасаа ямар байна түүгээрээ л дуусна гэдгийг хатууханаар хэлсэн бүтээл.. найруулагч нэгэнт ядуу дорой хэсэг хэзээ ч тэр ёроолоосоо гарахааргүй болсон байдаг буюу ёс суртахуун хийгээд “бурханлаг” чанараа эгнэгт гээдэг гэсэн санааг маш хүчтэй, өрөвдөх сэтгэлгүйгээр дүрслэжээ..  уг киног испани улс хориглож, Vatican хүчтэй шүүмжлэн, Luis Buñuel тэр даруй мексик зугтаж, киноны бүх хувийг устгах тушаал гарч байв.. гэсэн ч франц руу нэг хувь нь гарч улмаар бүр канны кино наадмаас Palme d’or \кино урлагийн хамгийн дээд шагнал\ шагналыг хүртэж шуугиан тарьсан ба өдгөө кино урлагийн хамгийн чухал киноны тоонд орж, бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 79 байрт жагсаж байна.. гол дүрд мексикийн жүжигчин үзэсгэлэнт Silvia Pinal гаргууд тоглосон ба түүний Viridiana-гийн өндөр ёс суртахуунтай хийгээд дур булаам төрх ёс журам, цэвэр ариуны симбол болсон гэмээр бөгөөд Jaime-ын дүр Luis Buñuel-ын олон кинонд тоглосон испаний нэрт жүжигчин Fernando Rey гаргууд тоглосон.. 
найруулагч сюрреал арга барилаасаа энэ удаад татгалзсан боловч сүсэг бишрэл хийгээд энэрэнгүй сайхан сэтгэлийг зэвүүн ёжтойгоор чимхчихсэн гэж хэлж болох ба киног үзсэн хойноо бид өрөвдсөн хүн өр лүү өшиглөнө гэдэг үгийг дахин нэг бодож үзнэ.. Эхлээд ахдаа, дараа нь тэтгэж дэмжсэн хүмүүстээ хүчиндүүлэх дөхсөн бүсгүйгээр нийгэм болон шашны бараан, болж бүтэхгүй талыг харуулахдаа бүсгүйг бузар бүхнийг эсрэг бурхандаа залбирсаар байтал энэ бүхэн болж байгаа нь гашуун егөөдөл гэлтэй... энэхүү кино маань цэвэр ёс суртахуун болон боловсролыг хөндсөн бөгөөд Luis Buñuel шашингүй үзэлтэн байсан.. кинонд хөлний фетиш болон эротик дүрслэл багагүй бий.. 1996 онд испаний кино шүүмжлэгч, судлаачид уг киног испаний зууны хамгийн шилдэг киногоор нэрлэсэн байдаг ажээ..

Comments