Үгс худлаа, өвдөлт л үнэн




Audition (1999). Цэцгийн баглаа болон ээжээ хурдан эдгээрээ гэж бичсэн цаас барьсан арав орчим насны хүүхэд эмнэлэгийн хонгилоор явсаар ээжийнхээ хэвтэх өрөөнд ороход аав нь секунд тутамд энэ ертөнцөөс холдох ээжийнх гараас барьсан чигтээ зогссоор хайрт ханиа эгнэгт алдаж байгаагаар тус хоррор кино маань эхэлдэг.. тус эмгэнэлт явдлаас хойш долоо жил өнгөрчээ.. Aoyama (Ryo Ishibashi) хүү Shigehiko-тойгоо (Tetsu Sawaki) хамт амар тайван амьдарсаар болов ч хүүгээ гэсэн сэтгэл хийгээд ажил төрөл гэж явсаар дахин эхнэр авсангүй бөгөөд тавь ч хүрээгүй түүнийг өсвөр насны хүү нь дахин эхнэр ав, таныг ганцаардаж байгааг би харж байна, хүү нь биеэ даачихлаа, та минь өөрийгөө бод хэмээн ойрын үед хэлэх болсон нь Aoyama-ын чихэнд байнга сонсогдож, үнэхээр ч дахин нэг амьдрал зохиож, ахин нэг дурлалын ундаа уух нас, зүс байгаагаа мэдрэн, улмаар уг санаагаа найздаа хэлэхээр шийднэ.. Aoyama танил тал ихтэй, кино продюсер Yoshikawa-ын (Jun Kunimura) хамт ганц лонх мултлангаа боловсролтой, журамтай, болж өгвөл хөгжим юмуу бүжгээр суралцаж байсан хүүхэнтэй танилцмаар байна гэдгээ хэлэхэд найз нь шоолох ч маргааш ажил дээр хүрээд ир, тэгээд болоё гэнэ..
маргааш нь, Aoyama найзынхаа ажил дээр очиход Yoshikawa түүнд: манайх нэг хайрын талаар кино хийх гэж байгаа, гол дүрд тоглох эмэгтэй жүжигчин хайж байгаа, зуу гаран эмэгтэйчүүдээс сонгон шалгаруулалт хийнэ, чи продюсер болж тэр сонгон шалгаруулалтад хамт сууж таалагдсан хүүхнээ сонго, дандаа урлагийн  мэдрэмжтэй, үзэсгэлэнтэй хүүхнүүд ирнэ, чамд хүүхэн болгоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө, таалагдсанаа өөрийн болго гэнэ.. энэ бол ямар ч эр хүний хувьд хүсмээр зүйлээс гадна давуу талаа ашигласан ёс бус явдал байлаа.. 
ингээд, Aoyama өөрийн намтар, танилцуулгаа бичиж бас зургаа хавсаргасан маш олон хүүхнүүдийн анкеттай танилцангаа виски уун жаргах ба хөөрхөн хүүхнүүдийг шилж сонгон явж байгаад нэгэн урт хар үстэй даруухан төрхтэй хүүхэн дээр хараа тогтоно: тэр нь өөрөөс нь бараг арав дүү бөгөөд төгөлдөр хуур тоглодог, багаасаа балетээр хичээллэж байгаад хүндээр бэртсэний улмаас балетчин болох мөрөөдөл нь унтрахтай зэрэгцэн үхлийг хүлээн зөвшөөрөх болсон бөгөөд өөрийгөө дахин мэдэрч, сорих гэж жүжигчиний сонгон шалгаруулалтад орж байгаагаа бичсэн хүүхэн байлаа.. Aoyama-д энэ хүүхэн буюу Asami (Eihi Shiina) маш ихээр таалагдаж, маргааш бушуухан сонгон шалгаруултаар уулзахыг хүснэ.. 

маргаашийн сонгон шалгаруулалт болж, Aoyama болон Yoshikawa хоёр есөн шидийн хүүхнүүдтэй ярилцлага хийсний эцэст Asami-тай уулзах ба дэндүү ялдам, хэтэрхий даруу, төлөв Asami хөдөөнөөс ирэн нэг бааранд ажилласаар жил болж байгаа, энэ кино кастингт орохыг нэгэн  дуу хөгжмийн студидэд ажилдаг найз нь санал болгосон гээд балетээр хичээллэдэг байсан энэ тэрээгээ ярина.. сонгон шалгаруулалт дуусахад Aoyama найздаа Asami л таалагдлаа, ер нь ч би нүдэлчихсэн байсан юм гэхэд Yoshikawa харин надад бол таалагдсангүй, их хүйтэн мэдрэмж төрүүллээ гэдэг.. тэр оройдоо Aoyama ажлаа тараад харих гэхэд нарийн бичиг хүүхэн нь нэг юм хэлэх гээд юмуу нэг юм хүсээд түүнийг жаал хоргоодог \тэдний хооронд зүгээр дарга, ажилтны харилцаа байдаггүй\ .. дараачийн өдрийн орой Aoyama гэрийнхээ утаснаас Asami руу ярьж, хувиараа уулзах хэрэг байна, болзож болохсон болов уу гэхэд хүүхэн маш уриалгахан хүлээж авах ба бараг үүнийг хүлээж байвуу гэмээр санагдана.. 

Aoyama-г утсаа дөнгөж тавихтай зэрэгцэн Yoshikawa ярьж: Asami гэдэг хүүхний өнгөрсөнг ерөөсөө олж илрүүлж чадсангүй, яриад байсан дуу хөгжмийн студи лав байдаггүй юм байна, сэжигтэй байна, дэмий юм бишүү гэж хэлэхэд Aoyama үүнийг тоосонгүй, тэрээр хүүхэнд үнэхээр дурлачихсан байв.. болзоо болж Aoyama, Asami хоёр нүүр хагаран учран ганц нэг пиво уух агаад Asami ээж, аав нь хөдөө байдаг, тэдэнтэйгээ нээх дотно биш, найз нөхөд гээд байх хүнгүй, ер нь их ганцаарддаг гээд харьж явахдаа Aoyama-ын гараас бариад би эрэгтэй хүнтэй хэзээ ч ийм ойр байгаагүй гэсээр гэр рүүгээ гүйчихнэ, энэ бүхэн Aoyama-д гайхалтай санагдаж, онгон цэцэг зулгаачихсандаа өөрөөрөө баярлан бахдахдаа хүүхний хэзээ уулзахын? Хурдан уулзая гэсэн шаардангуй эрхэлсэн үгэнд хурдан өөрийн болгохыг хүснэ.. маргааш нь, Yoshikawa найзыгаа дуудаж ирүүлээд: цаад хүүхэнд чинь өнгөрсөн түүх гэж алга, ярьсан бүхэн нь худлаа байна, чи намайг түүний талаар илүү мэдээлэл олтол холбоо битгий барь, амлаач гэж Aoyama-аас гуйхад Aoyama дуртай дургүй зөвшөөрдөг.. 
гэтэл хоёр хонолгүй Aoyama хүүхэнтэй холбоо барьдаг ба үзэсгэлэнтэй хүүхэн өөрийг нь гээд байхад тэнэг л биш бол ямар эр хүн хоёроос илүү хонох билээ.. Aoyama-г ярихад Asami туйлгүй баярлан хүлээн авч, надруу дахин залгахгүйн гэж айлаа хэмээн эрхэлж гомдсоор дараагийн болзоондоо уулзана.. энэ болзоо тэднийг албан бусаар хосууд болгох ба Aoyama хүүдээ ерөнхий санаагаа хэлэхэд хүү нь аавынхаа өмнөөс баярладаг.. дурлалаа анир чимээгүйхэн мэдрэх гэж Aoyama, Asami хоёр амралтын газар очно, сар болон далайн чимээ л нүцгэн хосуудын янаг тачаалыг гэрчлэх бөгөөд Aoyama хайрт хүүхнийхээ биенд байх нүд хальтрам шархыг харах ба Asami би чамдаа бүхнээ үзүүллээ, чамаасаа нуух юмгүй боллоо, ганцхан намайг л хайрлаарай гэж нулимстай нүдээр хэлдэг.. маргааш өглөө нь Aoyama сэрэхэд хүүхэн байсангүй.. 

Aoyama хүүхнээ энэ тэрүүгээр хайх ба найз Yoshikawa-даа хандахад найз нь одоо наад хүүхнээ хаяа гэж зөвлөхөд Aoyama огт тоохгүй харин ч найздаа хуурай агсам тавина.. Aoyama хүүхнийхээ балетээр хичээллэдэг байсан хуучин сургуульд нь очиход сургуулийн байр хаалттай буюу ашиглагдахаа болиод удсан байсан ч Aoyama байр руу нэвтэрч ороход балетын өрөөний  буланд нэг тэргэнцэртэй хөгшин эр төгөлдөр хуураар тоглож байна.. Aoyama хөгшинөөс Asami-ыг асуухад хөгшин чи хурдан гэртээ харьсан чинь аминд чинь өлзийтэй шүү гэдэг.. Aoyama цааш явсаар Asami-ын ажилдаг бааранд очиход хүүхний ярьсан шиг биш байх ба баар хаагдаж, Asami нэртэй хүн ерөөсөө бааранд ажиллаж байгаагүй, баарны эзэн аймшигтайгаар үхсэн олдсон, мөн хэргийн газраас илүү нэг хэл, чих бас гурван гарын хуруу олсон гэж гудманд таарсан хүн Aoyama-д хандаж хэлнэ..

 хоррор бас фантази, хачин эвгүй кино хийдгээрээ алдартай Японы нэрт кино найруулагч Takashi Miike-ын энэхүү “сонгон шалгаруулалт” хэмээх бүтээл хоррор төрөл хэрнээ арт кинонд тооцогддог цөөхөн киноны нэг билээ.. кино ихэнхдээ зөөлөн, романтик урсгалаар явж байгаад төгсгөлийн арван таван минутад тэсрэх бөгөөд эл сүүлчийн арван таван минут хэн бүхний хувьд хамгийн хүнд, тэсэшгүй аймшигтай байснаараа ой ухаанд мөнхөд үлдэх бизээ.. яргалалын мастер Takashi Miike-ын энэхүү бүтээлийн үндсэн санаа, өгүүлэмж бол феминист үзэл болон эмэгтэй хүнийг доромжлох, дорд үзэх misogynist санааг давхар илэрхийлдэг гэдэг бөгөөд Asami-г эрэгтэйчүүд давамгайлж, эрчүүдийн дарангуйлал дороос ниссэн өшөө авагч сахиусан тэнгэр гэж судлаачид үздэг.. харин Aoyama-ын төрх байдал болон зан араншин шууд секс хандлагийг л зааж байгаагаас түүнийг хүчирхийлэгч, эмэгтэйчүүдийг дарлагч гэдгийг харуулдаг ба эл бүтээл зүгээр нэг хоррор биш хүйсийн ялгаа, хүйсийн тэнцвэргүй байдлыг далд бэлгэдсэн болой..  тус бүтээл маргаангүй бүх цаг үеийн хамгийн шилдэг хоррор киноны нэг билээ..

НЭМЭЛТ: Энэхүү кино бий болоход Японы Omega Project гэдэг кино компани чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ кино компани Хидео Накатагийн "Ring" киноны ард байжээ; улмаар "Ring" Япон төдийгүй Азид асар их амжилт олсон. Гэхдээ "Ring" Солонгост гарахад асуудалтай тулгарсан ба Солонгосын компанитай хамтран зарим нэг дасан зохицлыг Солонгосын үзэгчдэд зориулж хийснээр асуудал арилжээ. Дараа жил нь буюу 1998 онд Omega болон бусад кино компаниуд хамтран Рюү Муракамигийн "Audition" романыг кино болгохоор төлөвлөсөн бөгөөд Omega энэ удаад ер бусын (supernatural) сэдэвт кино бус өөр сэдэвтэй кино байхаар төлөвлөсөн ч Муракамигийн номыг кино зохиол болгоход онцгой шинж чанар дутаад байжээ. Арай өөр кино хийхийн тулд тэд өмнө нь аймшгийн кинонд ажиллаж байгаагүй найруулагч Такаши Мийкэ, кино зохиолч Дайсуке Тэнган хоёрыг хөлслөсөн. Энэ кинонд ажиллахаасаа өмнө Тэнган аав Шохей Имамуратай хамтран "The Eel" киног бүтээж Канны наадмын шилдэг болоод байжээ. 


Comments