A Short Film About Love (1988). Үдшийн бүрий болоход цонхны цаанаас бид нэгэн хүүхнийг нууцаар дурандан харах ба хүүхэн хөзрөөр мэргэ тавих юмуу тоглоом тоглоно. Хийж буй зүйлдээ улайрсан хүүхэн ширээнээс босон хөргөгч рүү алхахад бид түүнийг дотоожоос өөр зүйлгүйг хараад булбарай өгзөг, цагаахан гуя хасыг нь хууль бусаар, ёс суртанхуунгүйгээр Tomek-ын хамтаар харж байгаагаар өгүүлэх кино маань эхэлдэг. Польшийн мастер кино урлаач, хүмүүний сэтгэлийг хамгийн төгс дүрслэн үзүүлэгчдийн нэг Krzysztof Kieślowski-ын найруулж, Olaf Lubaszenko, Grażyna Szapolowska гэсэн жүжигчдийн гайхамшигтай тоглолтоор бий болсон уг бүтээл хамгийн сонирхолтой бас сургамжтай хайрын түүх учраас чадан ядан үйл явдал хийгээд утга санааг нь бичиж бусадтайгаа хуваалцъя гэж бодлоо.
19-тэй, гаднаасаа даруухан томоотой харагдах Tomek хулгайлсан дурангаараа урдах байрныхаа
ганц бие өөрөөсөө эгч хүүхнийг нууцаар харсаар жил болсон ба зожиг сэтгэл болон
зандан бие нь үл таних байрны эгчийнхээ нүдэнд өртөх гэж олон ёс бус, шударга
бус явдал үйлдэнэ. Tomek өөрийн сайн найз, одоо цэрэгт явсан андынхаа гэрт
амьдрах ба түүнтэй хамт андынх нь ээж, бас өөрийнх нь загалмайлсан эх болох
хөгшин авгай хамт сууна. Tomek шуудангийн газарт ажиллах агаад ажил, албаа
ашиглан нууцаар харж бас хайрлагч Magda-ын
шуудангийн хайрцагт хуурамч мөнгөний шилжүүлгийн мэдэгдэх хуудас явуулж Magda-г
ажил дээрээ авчран ойроос харж, мөн хэдэн үг сольж, улмаар тэр өдөртөө
жаргалтайгаар үүлэн дээгүүр ниснэ.
Өдөржин өрөөндөө чийдэнгээ унтраан
харанхуйд бүгэх залууд зовсон загалмайлсан эхийн үгийг Tomek үл тоож, яршиглах
бол загалмайлсан эх нь харин түүнд хандаж найзтай бол, ичиж зоволгүй дагуулж
ирж бай гэсэн үгэнд Tomek ичингүйрэн сонсоно.
Түүний хувьд амьдралынх нь
хамгийн чухал зүйл бол Magda-г дурандах ба оройн арван цагт гэртээ ирэх
хүүхнийг хүлээж бүр сэрүүлэгтэй цаг ширээн дээрээ байнга байлгах агаад бас
гэрийнх нь утас руу хааяа залгаж хоолойг сонсоно. Tomek хоолоо идэлгүй
хүлээж байгаад хүүхнийг харж байгаад хамт идэх нь цуг хооллож буй юм шиг өөрт
нь санагдаж, хачин их баярлах энэ залуугийн Magda-д өгсөн сэтгэлийг хэн хуурамч
гэх билээ. Magda бол урлагийн салбарт ажилладаг гуч нэлээн гарсан ч ямар ч
эрийн зүрхийг ташуурдаж чадах гуа сайхан хэвээрээ байгаа ба түүний гуа
үзэсгэлэнг зуны сүүлчийн цэцэгтэй зүйрлэмү.
Урлагийн хүн болоод тэр үү гэртээ
ихэнхдээ оройтож ирнэ, ирэхдээ заримдаа эрчүүдтэй ирэх бол заримдаа гуньж
гутарсандаа юмуу ганцаардсандаа ч болсон уу уйлан хайлна. Нэг орой Magda
уймарсандаа санамсаргүй шилтэй сүүг асгачихна; ширээгээр дүүрэн асгарсан сүүг
тэрээр хуруугаараа оролдон уйтгарлах нь дотоод хүнийхээ хувьд ямар их
ганцаарддагийг нь харуулах агаад энэхүү сцен сэтгэл хөдөлгөм байдаг. Magda
болон Tomek хоёр ганцаардал гэгч зүйлээр ижилхэн шаналж яваа хүмүүс юм. Tomek
үеийнхэнтэйгээ нөхөрлөхгүй өрөөндөө хичээлээ нухаж суух ба ганцаардалаа тайлж
байгаа арга нь Magda-г нууцаар харах, эхэндээ сонирхол байсан бол аажмаар
дурлаж, эцэс сүүлдээ энэ нь нарт хорвоод ганцаараа биш юм гэсэн сэтгэлзүйн
дүүргэлт өгнө.
Харин Magda түүнээс эрс өөрөөр буюу ганцаардлаа олон эрчүүдтэй
явалдахаар нөхөж байна гэж үзэх ч тэрхэн зуур амтагдаад өнгөрөх эл хуурамч
мэдрэмж хүүхнийг цаг үргэлж бухимдуулж, зовооно. Magda-ын хоёр өрөө Tomek-ын
чадалтай дурангаар гарын алган дээр байгаа юм шиг илхэн, унтлагын өрөө, ор зэргээс
гадна хүүхний эрчүүдтэй үүл бороо болж байгаа харагдах боломжтой хэдий ч Tomek
тэр хэсгийг л огт харахгүй, энэ нь хүүхнийг тэрээр сэтгэлдээ ариунаар буулгасан
төсөөлсөнтэй нь зөрчилдөх учраас болов уу. Нэгэн удаа Magda-ын уйлж байхыг ид
дурандаж байтал Tomek-г загалмайлсан эх нь өрөөндөө дуудан авчрахад Tomek
хөгшинөөс хүмүүс яагаад уйлдаг юм бэ? гэж асуухад хөгшин хагацалаас,
гомдолтоос, шархласнаас гэж хариулдаг.
Маргааш өдөр нь Magda шуудангийн газар
очоод өөрт ирэх мөнгөний шилжүүлгийн талаар бөөн хэрүүл шуугиан тарих агаад
ахиж ингэж болохгүйгээ Tomek ойлгоно. Magda хаалга саван гарч одоход сэтгэлийн
хөдөлгөөнөө барьж чадахаа больсон Tomek араас нь гүйж очоод хуурамч мөнгөний
шилжүүлэгийг би явуулдаг байсан, бас би чамайг нууцаар хардаг, өчигдөр чи
уйлсан биздээ гээд нэмж би чамд хайртай гээд хэлээд тавьчихна, гайхаж яах учраа
олохгүй хүүхэн дэмий л баахан харааж загнасаар Tomek толгой гудайлган цаашаа
явдаг. Тэр оройдоо Magda гэртээ нэг эр дагуулж ирэн зориуд ороо маш сайн
харагдахаар байрлуулаад янаглаж эхэлнэ; Tomek өөрийн өдөж байгааг мэдэн
харж байтал өнөөх залуу нь гэнэт босон гүйж гараад байрных нь гадаа ирж Tomek-ыг
дуудаж гарна.. Tomek-ыг гарч очиход нөгөө залуу ухамсарын шанаа өгнө.
Дараачийн
өдөр Magda-ын байранд сүү хүргэж өгдөг хүү ажлаасаа гарсаныг олж мэдсэн Tomek
хүүхнийг ойроос байнга харах боломжийг үл алдахыг хүссэнгүй сүү зөөгч болно. Ингээд нэгэн удаагийн уулзалтаар Magda түүнээс юу хүсээд байгаагийн асуухад Tomek
би чамайг хайрламаар байна гэдэг, үүнд хүүхэн шоолонгуй инээж чи надтай унтахыг
л хүсэж байгаа, яахав болох л юм гэх маягаар доог хийх бол залуу би чамааас
ямар ч хариу нэхэхгүй, секс ч хэрэггүй зөвхөн хайр л хүсэж байгаагаа илтгэн
энгийн сайхан болзоонд урьдаг. Хүүхэн болзоог алдах юм байх биш гэсэн өнгөөр
хүлээж авна. Болзоо дээр Tomek түүнийг хэзээнээс харсан болон өөрт нь ирдэг
байсан захиануудыг дундаас нь авдаг байснаа хүлээж эргүүлж өгдөг.. энэ
захианууд Magda-ын экс найз залуугаас ирсэн байх ба хүүхэн бараг тоох ч үгүй.
Magda
хайр гэдэг оршдоггүй, эр эмийн харилцаа секс дээр л тогтдог ухааны лут лекц
уншина, эндээс хүүхнийг ямар хүн болохыг барагалж харж болдог. Орой болж тэд Magda-ын
байранд ирнэ, Tomek дурангаар хардаг байсан байрандаа одоо өөрөө ирээд байгаа
нь итгэмээргүй мэт. Magda усанд орохоор явах ба тэднийг Tomek-ын загалмайлсан
эх Tomek-ын дурангаар бүхнийг харж байлаа. Magda уснаас цамцнаас өөр ямар ч
хувцасгүй гарч ирээд Tomek-ын өмнө суугаад гарыг нь бариад гуя хасаа илүүлэхэд
бүтэн жил мөрөөдсөн бүхэн нь биелсэн оргилсон их хүсэл хийгээд амьдралдаа анх
удаа эмэгтэй хүнд гар хүрч үзэж байгаа зандан залуу дорхоноо дур тавьчихна. Magda
нөгөө хайр чинь ингээл болоо юу гэхэд гомдож, үхтлээ ичсэн Tomek гэр рүүгээ
чавхдчихна. Харин хүүхэн буруу юм хийснээ ухааран гэмшиж эхлэх бөгөөд том
цаасан дээр намайг уучлаарай, эргээд ирээрэй гэж бичээд цонхон дээр барьж
зогсох үед Tomek угаалгын өрөөндөө судсаа ханаж байв.
Эмнэлгийн машин ирээд
явахад хүүхэн айж Tomek-ынх руу очиж загалмайлсан эхтэй уулзана; хөгшин
түүнийг янзгүй угтаж, залуу үхээгүй хэд хоног эмнэлэгт хэвтэх болсон гэнэ..
дараагийн хэдэн өдөр Magda өөрийн болчимгүй үйлдэлдээ гэмшиж, хөөрхий залууг
өрөвдөн байн байн цонхоор харж бас утсаа чагнана, гэвч Tomek-ээс огт сураггүй. Нэгэн үдэш Tomek-ын өрөөнд хоёр хүн байгааг хүүхэн хараад тун их баярлан шууд
явж очих ба Tomek ирчихсэн, гар нь боолттой унтаж байна. Загалмайлсан эх Magda-г
залуу руу ойртуулахыг хүсэхгүй, харин хүүхэн бүтэн жил өөрийг нь нууцаар харсан
ширээнд сууж дурангаар өөрийнхөө байрыг дурандаж байгаагаар кино маань
төгсдөг.
"A Short Film About Love" бол найруулагч Krzysztof Kieślowski-ын арван ангит "Dekalog" цувралын 6-р анги болж анх бүтээгдсэн бөгөөд найруулагч маань кино зохиолч Krzysztof Piesiewics-тэй хамтран өргөтгөн бүрэн хэмжээний кино болгожээ. Энэхүү өөрчлөлт хийгээд өргөтгөлд хэд хэдэн өөрчлөлт орсны дотроос хамгийн чухал нь киноны төгсгөлийн хэсгийн бөгөөд жүжигчин Grażyna Szapolowska-н санал болгосноор төгсгөлийг "үлгэрийн" маягтайгаар төгсгөжээ.
Оригнал хувилбарт Tomek амиа хорлох оролдлогоосоо эдгэн ирээд ажилдаа эргэн ордог ба Magda-д түүнийг цаашид нууцаар харахгүй гэж хэлснээр төгсдөг аж. Тэгвэл бидний мэдэх төгсгөлд Magda-н Tomek-г гэх сэтгэл илүү мэдэгдэхүйц болж, Tomek ч түүнд ухаангүй дурласан хэвээр дуусдаг. Кино Tomek-г эмнэлгээс буцаж ирсний дараа түүний өрөөнд дуусахдаа хүүхэн түүний дурангаар өөрийнхөө байрыг дуранддаг; Kieślowski хүүхний гал тогооныхоо өрөөнд уйлж байгаа хэсгийг дахин үзүүлдэг, энэ удаад Tomek түүнд өөрийнхөө сэтгэлийг илчилж, харин Magda сэтгэлийг нь хүлээн авч байгаа харагддаг. Гэхдээ энэ хүүхний төсөөлөл, мөрөөдөл байх магадлал ихтэй юм.
"A Short Film About Love" кино нээлтээ хийгээд критикүүдээс өндөр үнэлгээ авсан ба олон критикүүд уг киног Kieślowski-ын хожмын шилдэг бүтээлүүдийн өмнөтгөл болсон гэж үздэг. Критикч Stephen Holden бичихдээ, хоёр гол дүрд тоглосон жүжигчдийн гүйцэтгэлийг нягт нямбай гээд киног бараан яруу найраг гэсэн буй. Критикч Edward Gurhmann сайтар урласан, сэтгэлд хүрсэн, Kieślowski-ын "Three Colors: Red" бүтээлийн урьдач болсон кино гэжээ.
Критикч Gary Kamiya: "Kieślowski амьдралын хамгийн хатуу хахир замаар бэдэрдэг хогийн ургамал болох хайрын сэтгэл татам хөргийг бүтээжээ". Критикч James Blake: "Энгийн дүрмийн түвэгтэй хийгээд төөрөгдүүлэм судалгаа" гэжээ. Цааш нь тэрээр: "Сэтгэл хөдлөлийн хүчирхэг өгүүлэмжтэй, кино хэлний хувьд хэтрүүлэгтэй энэхүү синтез бүхий кино нь бүхий л түвшинд мартагдашгүй, өршөөлгүй мэдрэмжийг өгдөг. Төгсгөлд нь та цочирдож, гайхширах болно. Гэсэн хэдий ч энэ кинонд ямар нэгэн нигүүлсэл байдаг. Kieślowski таныг алхаар цохиж унагадаггүй, харин таныг унах хүртэл чинь зөөлөн бас алгуурхнаар зулгаах болно".
Хэрвээ кино найруулагчийг нууцаар харагч гэвэл түүний вуайеризмын хамтралд оролцогч жүжигчин өөрийгөө харуулахад дурлагч болно. Польшийн найруулагчиийг уг сэтгэлзүйн драмын гол цөмөөс иймэрхүү хошигнол хийж болох. "A Short Film About Love" киноноос өмнө вуайеризмыг голдуу детектив киноны элемент гэж үздэг байсан бол Kieślowski вуайеризмыг туйлын романтик байдлаар үзүүлж болохыг харуулсан, гэхдээ маш бүтээлчээр, үр дүнтэйгээр шүү дээ.
Бүх зүйлийг камерын линзээр эргэцүүлэхэд ид шидийн аурө бий болдог гэдгийг энэхүү мөс шиг хүйтэн кино харуулдаг. Мөн түүнчлэн уг кинонд романтай хайр өөрөө хүчтэй төсөөлөл үүсгэдэг, улмаар энэ нь төөрөгдлийн үндэс болдогийг харуулсан; ерөөсөө романтик хайр хэзээ хүчтэй, хүчинтэй байдаг гэвэл нууцлаг үедээ л юм. Tomek бол идэвхгүй тагнуулч биш, тэр бол идэвхтэй дарамтлагч ба түүний Magda руу байн байн залгах, хувийн захидлыг нь хулгайлах, тэр ч байтугай сүү хүргэж өгдөг ажилд орж байгаа зэргээс дээрх миний дүгнэлт нотлогдоно.
Энэхүү тун симболик кино нь кино урлагаас психологийн реализм руу үсрэх гэж оролдсон. Энэ кино бол орчин цагийн хотын ганцаардмал хүмүүсийн хөрөг төдийгүй тэдний бэлгийн амьдралын дарагдсан, хорьсон, эсхүл хэт задгайлсан, чөлөөлсөн амьдралын тухай өгүүлсэн. Өнөөдөр бид хичнээн олон Magda нартай хамт ажиллаж, хэр олон Tomek-тэй найзлаж байгаа бол?. Романтик хайр биднийг аварна бас бидэнд зайлшгүй шаардлагатай. Туулах зам нь хатуу хахир байх ч одоо яалтай билээ?

This comment has been removed by the author.
ReplyDelete