West Side Story (1961). 1957 оны нар шарсан зуны нэгэн өдөр Нью Иоркийг Манхэттен дүүргийн ойролцоох тоглоомын талбайд арав гаран өсвөр насны (арвандолоо, наймтай) залуус зодолдох агаад ажигч хүн бол тэднийг хоёр талцан үзэлцэж байгааг түвэггүй ойлгоно.. цагдаагийн машины дохиолол хангинасаар түрүүч Schrank амжиж ирээгүй бол хүний амь эрсдэх байсныг ч үгүйсгэхгүй бөгөөд өөрийн хариуцсан дүүргийн хоёр эвлэрэшгүй бүлгэмийг байнгын зодоон, тэмцэлдээнээс залхасан Schrank бүлгэмийн тэргүүнүүд болох Riff болон Bernardo хоёрт хатуу анхааруулга өгөөд ахин зууралдсан байдлаар нүдэнд минь үзэгдвэл хэцүү нэртэд аваачихаа мэдэгдэнэ.. залуус чухам ухаарсан мэт дүр эсгээд салахад цагдаагийн түрүүч ч дотроо энэ хэрэг ингээд төгсөхгүй, явж явж том хэрэг гарна, яг тэр үеэр цөмийг нь барихаар төлөвлөнө.. Riff, Bernardo хоёр салахдаа удахгүй болох нийтийн бүжгийн үеэр уулзан мөнхийн өш хонзонгоо нэг тийш болгох тулааныхаа тов болон дүрэм журмыг ярилцахаар болох ба киноныхоо гол дүрүүд буюу дайсагнагч бүлгэмүүдтэй ойроос танилцая..
киноны үйл явдалд жижиг дүр ч томоохон нөлөө
үзүүлэгч бол Anybodys нэртэй охин агаад тэрээр эрэгтэй хүүхэд шиг хувцасласан Jets-ын
гишүүн болох туйлын хүсэлтэй ч Riff болон түүний нөхөд түүнийг үл тоомсорлож
дээр нь шоглоно.. бардам, тэнэг зоригтой Riff бүхнийг шийдэх эцсийн тулаанд
хамгийн сайн найз бас өөртөө нь хамт Jets-ыг үүсгэн байгуулсан Tony гэгч залууг
оролцуулахыг хүсээд найз дээрээ очдог.. Tony бол үлгэрийн баатар шиг төрхтэй,
сайхан сэтгэлтэй нэгэн бөгөөд үнэхээр ч нэгэн цагт Jets-ыг үүсгэн байгуулсан ч
одоо бол бүлгэмээсээ гарч Doc гэдэг сайхан сэтгэлтэй дэлгүүрийн эзнийг даган
ундаа мундаахан заран тайван сайхан амьдарна.. Riff найзаа ятгаж дийлэхгүйгээ
мэдэн заль хэрэглэж, нийтийн бүжигт хүрээд ирээч, ярих юм байна гэнэ, Tony л
хүрээд ирэхэд цаашаа учрын олчихно гэж Riff бодоход Tony найзынхаа гуйлтаас
татгалзаж чадахгүй ба ойрын үед өөрт нь гайхамшигтай ямар нэгэн юм болох мэт
сэтгэл нь гэгэлзээд байгаа тул юмыг яаж мэдэхэв гээд очихоор болно.. одоо
тэгвэл нийтийн бүжгээс урьтаж Jets-ын заналт дайсан Sharks гэдэг нэртэй
бүлгэмтэй танилцая.. Sharks нь пуерто рико улсаас америкт цагаачлагчдын халуун
цустай охид, хөвгүүдийн бүлгэмийг хэлэх бөгөөд Bernardo ахлагчтай, Chino туслахтай
эл бүлгэм Jets-ын ихэмсэг, дээрэнгүй үйлдлийн эсрэг боссон хэрцгий, зоримог,
маш нягт бүлгэм болой.. Bernardo ухаалагийн дээр тун зоригтой ба өөрийн
халуухан найз охин Anita нь хамтаар бусдын нүдэнд онцгой харагддаг.. Bernardo
зурсан зураг шиг үзэсгэлэнтэй охин дүүтэй, түүнийг нь Maria гэдэг бөгөөд цэцэг
шиг гуа сайхан тэрээр энэ зун насанд хүрч анх удаагаа бүжгэнд явахаар болсондоо
баярлан бараг нойргүй хонох ба бүжиг дээр өөрт нь гайхамшигтай зүйл тохиолдох
юм шиг зөн совин татна.. охин ах Bernardo-ынхоо үгнээс гарахгүй, ах нь түүнийг
хатуу харж хандах бол охин Anita-тай эгч дүүс шиг дэндүү дотно.. Chino
ахлагчийнхаа үгээр Maria-г сүүдэр шиг дагах ба охиныг битүүхэн хайрлах бол Maria
түүнтэй найзын хувиар үерхэнэ.. ингээд нийтийн бүжиг болж Sharks, Jets, мөн
цагдаа нар бас жирийн улс бүжгийн талбайг дүүргэж бүжиглэж эхлэх бөгөөд энэ үед
Tony болон Maria хоёр биенээ анх удаагаа олж харан анхны харцаар дурлана,
дурлалын бурханы сум яг зүрхэн дунд нь тусна.. тэднийг хамт байгааг харсан Bernardo
уурсан очиход найзыгаа хамгаалах гэж Riff очин мөргөлдөөн үүсэх ч цагдаа
байснаар гал тэгсгээд намжих ба бүлгэмийн толгойлогчид Doc-ын дэлгүүрт болзон
хэлэлцээр хийхээр болдог, энэ үед Tony Maria-г хэн гэдгийг мэдэж аван, өнөөх
гэгэлзсэн сэрэл мэдрэмж нь хайр байсныг олж таних бол охин ч зөн совин өөрийг
нь хуураагүйд баярлан жаргана.. бүжиг тарж, Maria хүчээр гэртээ харина, харин Tony
тэр шөнөдөө түүнийг олж очин тэд сартай тэнгэрийн дор янагийн үгс, халуун
амлалтаа хоёр биедээ ханатлаа хэлцгээх бөгөөд хайр дурлал гал халуун дээрээ
ямар байдгийг хэлж барах бишдээ.. Jets болон Sharks хэлэлцсэнээрээ Doc-ын
дэлгүүрт уулзалдан ямар аргаар, юугаар тулалдахаа ярьж байхад Tony амжиж ирэн
бүгдийн аймхай хулчгараар дуудан жинхэнэ шударга тулаан бол улаан нударгаараа
үзэх гэж хэлдэг бөгөөд Tony эсрэг бүлгэмийнхээ ахлагчийн дүүд хайртай болсон
тул ирээдүйд энэ өш хонзонг таслан зогсоож, ядаж тулаан нударгаар явагдвал хүн
амьтан үхэхгүй гэж бодсон алсыг харсан ухаан байлаа..
хоёр тал үүнийг хүлээн
авч, хоёр талаас нэг нэг хүн буюу Jets-ээс Ice, Sharks-аас Bernardo хоорондоо
тулахаар болж ялсан нь дүүргийг бүрэн авахаар болох ба тулаан хурдны замын доор
болохоор болно.. Maria-г энэ үед хичнээн жаргалтай байсаныг өгүүлэшгүй, Anita
аманцар, бодлогогүй тул удахгүй их тулаан болох гэж байгааг санамсаргүй Maria-д
ам алдчих агаад охин ахдаа бас хайрттай санаа зовж, Tony-г ирэхэд тулааныг
зогсоо, битгий тийм юм болгооч гэж гуйхад хайр дурлалдаа мансууран юугч болов
хийж чадахаар урамшсан байсан Tony зөвшөөрч, зогсоохоо амлахад Anita тэднийг
дурамжхан харж байдаг.. ингээд, тулааны өдөр ирнэ, бүлгэмүүд юмыг яаж мэдэхэв
гээд хаширлаж хутга нууж авч явцгаана.. Ice, Bernardo хоёрыг дөнгөж гар
зөрүүлэхтэй зэрэгцэн Tony ирж утгагүй дайнаа зогсоохыг хүсэвч тусыг эс олж Riff
үзэн ядалтынхаа адгуугаас болж Bernardo-ын хутганд үхэх бол ганц найзаа үхэхийг
харан уурандаа ухаанаа алдсан Tony Bernardo-г алж орхих агаад яг энэ үед цагдаа
нар ирэх ч Tony болон бусад хүн зугтааж амждаг.. Maria дайн зогссон ханхүү нь
удахгүй ирнэ гээд хүлээж байхад түүн дээр Chino ирээд Tony дөнгөж сая ахыг чинь
алчихлаа гэдэг, уг мэдээнд охин яаж цочирдсоныг өөр дээрээ төсөөлөн бодож
үзээрэй.. Maria-г өрөөндөө уйлж суухад Tony цонхоор нь орж ирээд болсон бүхнийг
учирлан ярьж, уучлалт гуйж, цагдаад өөрөө очиж хэргээ хүлээнэ гэхэд охин
түүнийг үлдэхийг гуйх ба хайр сэтгэл бүхнийг өршөөснөөр тэд хайрын бал бурмаа
амтлах буюу хурьцалын жаргалдаа умбана.. жаргал дөнгөж дуусахад Anita Maria-ын
хаалгыг тогшино, Tony хамт зугтаая, би Doc-оос мөнгө авчихна, Doc-ын дэлгүүр дээр
уулзая гээд цаг болзчихоод Maria-г орхих агаад Anita тэнэг хүн биш тул Maria-г
баахан загнаж, зэмлэх уйлан дуулан учирлах хийгээд чи миний ахад хайртай байсан
хайр гэдгийг мэднэ, намайг ойлгооч гэхэд Anita үерхэл нөхөрлөлөө бодон түүнийг
уучилна.. яг энэ үед цагдаагийн түрүүч Schrank-г тэднийд ирж Tony болон ахынх
нь талаар Maria-аас мэдүүлэг авна гэх бөгөөд Maria түрүүчтэй удтал ярих нь
тодорхой тул болзсон цагаасаа хоцрох нь хэмээн хэлээд өгөөч хэмээн Anita-г
гуйна, Anita зөвшөөрөн Doc-ын дэлгүүрт очиход тэнд битүү Jets-ынхэн байлаа.. Riff
үхэж одоо Ice тэргүүн болж, Riff-ын өшөөг авахаар улангасч, зэрлэгшсэн байх ба мэдээ
хүргэхээр ирсэн Anita-г тэд Tony-той уулзуулалгүй харин ч доромжилж, бүр
хүчиндэхийг завдах үед Doc гарч ирэн болиулдаг.. доромжлуулсандаа уурлаж, Jets-ыг
үзэн ядах нь улам оргилон буцалсан Anita Maria-ын захиж хэлсэнийг биш харин Chino
уурандаа Maria-г алсан гэж худал хэлчихээд яваад өгдөг.. үнэхээр ч энэ цаг үед Chino
Tony-г алахаар хотоор хайж явсан билээ.. Maria-г үхсэн гэж сонссон Doc уг
гашуун мэдээг арын өрөөнд нуугдаж байсан Tony-д хэлэхэд залуу цааш амьдрах
хүсэлгүй болж гадагш гаран намайг алж хайрт Maria-тай минь уулзуулж аль хэмээн
орилон явах агаад согтуу хүн шиг ингэж яваад Maria-гаа цоо эрүүл өөдөөс нь ирж
явахыг харах мөчид түүнийг Chino буудаж хөнөөдөг..
домогт William Shakespeare-ын
сонгодог “Romeo and Juliet” бүтээлээс санаа аван америкийн суут хөгжмийн
зохиолч Leonard Bernstein-ын 1957 оны ижил нэрт театрын мюзиклээс сэдэвлэсэн уг
кино тэр жилдээ оскарын арван төрөлд ялалт байгуулсаны дотор шилдэг кино шагнал
багтдаг ба эл бүтээл бол оскарын түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн мюзиклээс
гадна бүх цаг үеийн хамгийн шилдэг мюзикл киноны нэг гэгддэг билээ.. “The Sound of Music” болон “On the Town”
зэрэг өдгөө классикуудыг бүтээсэн Jerome Robbins, Robert Wise гэсэн мюзиклийн
мастерууд уг киног суут Leonard Bernstein-ын хамтаар бүтээсэн нь уг кино бүжиг
хийгээд дууны төгс зохицлоор мюзикл киноны ноён оргил гэж ихэнхи судлаачид
үздэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 318-р байрт жагсдаг.. кино
эхлэхэд хуруу инчдээд хараа татам байна, дунд үед асар хүчтэй, эрэмгий бүжиглэх
нь үнэн гоо зүйтэй, төгсгөлд хүн хүнээ ялган үзэж болохгүйг ухааруулна.. киноны
бүжиг гайхамшигтай ба Leonard Bernstein-ын хөгжим дор бүжиглэнэ гэдэг маш
хүндээс гадна тиймээс ч уг киног давж гарсан бүжигтэй мюзикл өдий хүртэл
төрөөгүй бизээ.. Tony-ын дүрд америкийн жүжигчин Richard Beymer тоглосон ба Elvis
Presley тоглох боломжтой байсан ч менежер нь хэрэггүй гэж зөвлөж больсон ч
сүүлд кино асар их амжилт \тэр жилдээ хамгийн их ашиг олсон хоёрдахь кино
болсон\ олсны дараа Elvis Presley харамссан гэдэг бол Maria-ын дүрд орос
гаралтай холливуудын хамгийн сайхан бас авъяаслаг хүүхнүүдийг нэг Natalie Wood тоглосон агаад түүний ялдам, энхрий төрх Maria-аараа
илүүтэй олон түмэнд дурсагдаж магадгүй ээ.. Maria-ын дүрд анх Audrey Hepburn сонгогдсон ч жирэмсэн болсоноор
дүрээс татгалзсан гэдэг бол Anita-гийн дүрийг бүтээсэн Rita Moreno-ын \пуерто
рикон алдартай жүжигчин, дуучин, бүжигчин\ тоглолт оскар аваад зогсохгүй
Natalie Wood-ын тоглолтыг “унтраасан” гэж мэргэжилтэнгүүд үздэг.. энэхүү мюзикл
маань Парист нийтэд 249 долоо хоног тасралтгүй гарсанаар Францын кино урлагийн
түүхэнд хамгийн удаан гарсан кино болдог ажээ.. мөнхийн сэдвээр жигүүрлэсэн
цаглашгүй мюзикл..
This comment has been removed by the author.
ReplyDeleteKinog ni vzmeer sanagdchihlaa, goy baina.
ReplyDeleteKinog ni vzmeer sanagdchihlaa, goy baina.
ReplyDeleteбаярлалаа.. киногоо заавал үзээрэй.
Delete