Миний Рок


Sing Street (2016). 80-аад оны Дублин хот.. Ирланд улсын залуус илүү сайн сайхан амьдралыг эрж хайн, мөн рок поп хөгжмйн нөлөөнд “согтуурцгаан” мөрөөдлийн \оддын\ амьдрал хүсэн Лондон руу дүрвэх нь одоогийн манайхан Солонгос руу тэмүүлцгээхтэй ижил мэт.. энэ үед бид нэгэн гэр бүлтэй танилцана:  эцэг эх нь бараг салах дээрээ тулж, төрсөн ах эгч хоёрын насны зөрүүний улмаас тэдэнтэйгээ хөндий өссөн, хөгжим буюу гитараас өөр “найзгүй” Cosmo гэх хочит Conor \ 15 настай\ гэгч хөвгүүн сургуулийн төлбөрөө дийлэхгүйн улмаас үнэ төлбөргүй шашны хатуу дэгтэй сургуульд шилжин орно.. шинэ сургуульд орсон анхны өдрөөсөө л Cosmo стиль, хэлбэрийн хувьд багш нар, сургуулийнхандаа ад үзэгдэж, сайнаа ер үзэхгүй.. гэтэл золоор түүнтэй адил сонирхолтой Darren гэх үе тэнгийн хөвгүүн гарч ирнэ.. 

Darren-ын гэр тэр чигээрээ хөгжмийн зэмсэгээр өвч цэнэглэгдсэн барагалж студи байх ба Darren хөгжмийн талаар асар авъяастай бас мэдлэгтэй хөвгүүн юм.. ингээд Cosmo, Darren хоёрын хөгжимд дурлах сонирхол тэднийг тун ойртуулна.. романтик хийгээд их дотогшоогоо Cosmo-д хамтлаг байгуулах гайхалтай санаа төрөх бөгөөд энэ санаагаа тэрээр ах Brendan-ын үздэг клип, сонсдог дуунуудаас олж бас харж авна, нэг ёсондоо ах нь түүний амьдралыг эгнэгт өөрчилсөн буюу түүний хэн болох, ямар жимийг дагахад ах нь нөлөөлжээ.. Brendan-ын хувьд тэр нэгэн цагт эцэг эхийнхээ үгэнд орж төрөлх нутагтаа үлдсэн нь насаараа харамсан суух явдал болжээ... Brendan уг харууслаа дуу хөгжим сонсон, мөн өрөөндөө бүгэн тамхи татан харамсан, эцэг эхдээ гомдон өнгөрүүлнэ, дуулгавартай сайн хүү байсны үр дүн энэ ба эцэг эх нь харин одоо салж байгаа нь энэ..
 
харин Cosmo өөр байв, тэрээр хамтлаг байгуулж алдар нэртэй болохыг хүсэхээс гадна ахынхаа гунигт алдааг давтахыг үл хүсэн өөрийнхөө ирээдүйг өөрөө бүтээх чин хүсэлтэй зоригтой нэгэн байлаа.. ийнхүү Cosmo, Darren хоёр хамтлаг байгуулахаар хатуу шийдэн өөр бусад хөгжимчид хайна: Darren даралтад хөгжим дээр таньдаг өнгөт арьстан хөвгүүнээ олж авах ба өөрөө гоцлол гитарчин болох бол Cosmo дууны шүлгээ өөрөө бичихийн дээр гоцлол дуучин болно, харин бөмбөрчин болон басс гитарчинаа сургуулийн зарын самбараас олж авдаг.. ингээд хангалттай бүрэлдэхүүнтэй “Sing Street” гэдэг нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулагдах ба хамтлагийнхан эхлээд алдартай хамтлаг дуучдын дууг коверлож дуулангаа өөрсдийгөө бэлдэцгээнэ.. Cosmo анхны шалгалтаа ах Brendan-ндаа сонсуулж, “дүн” авахаар очдог. Brendan-ын өрөө нуль пянзаар дүүрсэн музей лугаа адил байх агаад Brendan хөгжим сонссоор байгаад хөгжим судлаачийн хэмжээнд хүрсэн залуу байв.. Brendan дүүгийнхээ бичлэгүүдийг шууд хог руу чулуудаж, дүүдээ “та нар ковер хамтлаг биш, тийм байгаад ч хэрэггүй, харин бусад алдартай хамтлагуудаас санаа аваад өөрсдийн хөгжмөө бүтээцгээ” гэдэг.. Cosmo үүнд их баярлаж, ах дүү хоёр эргээд ах дүү шиг дотно харьцаатай болно, ах дүү хоёрыг хөгжим нийлүүлдэг гэвэл илүү тохирно.. зүг чигээ олсон хөвгүүд зоригтой загнаж клип хийхээр болох агаад харин клип-нд гоё охин буюу модел охин хэрэгтэй болно.. 

тийнхүү  хамтлагийнхан хавь ойрдоо од, өөрөөсөө ах залуустай “уулздаг” Raphina гэх охинд \модел\ санал тавих ба охин ч нэр алдарт хүргэж байвал яасан ч яахуу гэх байдлаар зөвшөөрөх бөгөөд охиныг харуутаа л Cosmo ухаангүй дурлачихна.. манай “Sing Street” тэр цаг үеийнхээ ид мандаж буй хамтлагуудаас санаа аван дуугаа зохиож бас гадаад төрхөө бүтээж эхэлнэ: тэд Hall & Oates, The Cure, Depech-E Mode, Duran Duran зэрэг хамтлагуудаас санаа аван хөгжим хийгээд гадаад имижээ бүрдүүлэх агаад үүний хажуугаар Cosmo өнөөх модел охинд дурласан сэтгэл хөдлөл дээрээсээ жигүүрлэн байж бичсэн шүлгүүд нь дууны нэг хэсэг буюу шүлэг болж байв.. Cosmo өөрийг нь жаал хүү гэж үзэх модел охинд дурласан хайр, тачаалаа шүлгэндээ шигтгэж өгөх бөгөөд зориулан бичсэн дуу бүрээ хуурцганд шингээн охинд захидлаар илгээнэ.. ингэж байтал сургуулийн төгсөлтийн үдэшлэг дээр хамтлагаараа тоглох мөрөөдлийн боломж олдоно.. гэтэл сургуулийн албаны зүгээс дургүй байх ба нөгөө талд Raphina Cosmo-г овоо тоож, дасаж ирээд байтал түүнийг эргүүлдэг залуу хамт Лондон явах санал тавина, энэ бол охины мөрөөдөл юм, зөвхөн охины ч гэлтгүй тэр үеийн залуусын хүслэн байлаа.. харин Cosmo төгсөлтийн тоглолтод дээр Raphina-г байгаасай хэмээн хүснэ... 

драм-мюзикл-комеди мөн насанд хүрч буй өсвөр насныхны төрлийн 2016 онд гарсан хамгийн “хөөрхөн”, мөн сайн кинонуудын нэг бол Ирландын кино найруулагч John Carney-ын найруулж, мөн зохиолыг нь бичсэн уг кино хөгжмөөр цаг хугацаа, дурсамж дуртгал болон залуу нас, хайр дурлалыг эргүүлэн авчирлаа хэмээн судлаачдаас өндөр үнэлгээ авсан бүтээл.. амьд хөгжим сонирходог, амьд хөгжмөөр тоглодог хүмүүст үзүүштэй, хөгжөөнтэй, мөн урам ташаал өгөх бүтээл бөгөөд шүүмжлэгчд уг киног сайхан сэтгэл болон өөдрөг үзлийг сурталчилсан сэтгэл сэргээх мюзикл гээд амттай бөгөөд гашуун, жаргал бас гуниг хослосон бүтээл хэмээжээ..

  киноны уриа бол “For brothers everywhere” гэдэг, өөрөөр хэлбэл хүний оюун санаа төлөвшин бүрэлдэн тогтоход хажууд нь мэдэхгүй юмыг нь мэдэж тусалж, чадахгүй юмыг нь зааж сургадаг тийм сурган хүмүүжүүлэх хүн заавал хэрэгтэй байдаг ба нэн ялангуяа эрэгтэй хүнд маш өндөр боловсролтой сээхэтэн хүн үлгэр дуурайл болох ёстойг, тэр хүний үлгэр жишээ байдал болон сургамж, заавар залуусыг зөв биеэ хүн болж амьдралд ороход асар тустайг энэ бүтээлд харуулах агаад Brendan дүүгийнхээ ментор болдог билээ.. “Sing Street” хамтлагийн хөвгүүд бусдыг дуурайлгүй өөрсдийнхөөрөө хамтлагаа бүтээж байгаа нь залуу хүмүүс хэн нэгний хуулбар болох биш өөрөө өөрийнхөө дахин давтагдашгүй бүтээл болох ёстойг хэлсэн бөгөөд уг бүтээл нь залуу хүмүүсийн мөн чанараа хайсан, тэдний мөрөөдөл болон бодит байдлын зөрчилдөөний тухай бөлгөө.. энэхүү бүтээлд Ferdia Walsh-Peelo, Lucy Boynton, Maria Doyle Kennedy, Aiden Gillen, Jack Reynor, Kelly Thornton гэсэн залуу, ирээдүйтэй жүжигчид гарамгай тоглосон ба шүүмжлэгчид залуу авъяастнуудын тоглолтыг сэтгэл татам хэмээн магтсан  байдаг..

Comments