The Umbrellas of Cherbourg (1964). Өгүүлэх нь, Францын далайн эргийн жижиг хот Cherbourg-д бороо орж гудмаар алхах хүмүүс өнгө өнгийн шүхэр барьсан байх ба хотыг дээрээс нь харвал чихрийн набор шиг харагдана.. өнгөөрөө, хэлбэр загвараараа ялгарах шүхэрнүүд барьсан эзнийхээ зан авир, дур сонирхлыг илтгэх бөгөөд тус шүхэрнүүд цөм хатагтай Emery-ын шүхэр зардаг дэлгүүрийнх бөлгөө..
Хатагтай Emery жижиг хотдоо л тохирсон жижиг шүхрийн бизнестэй дөч дөнгөж л гарч яваа зуны сүүлчийн цэцэг шиг сайхнаараа байгаа нэгэн бол энэ ертөнцөд дээр түүний бүхий л баялаг болсон охин Geneviève-тэйгээ (Catherine Deneuve) хоёулаа аж төрнө.. 17 настай Geneviève гоо үзэсгэлэнгээрээ хотдоо байтугай даяан дэлхийд гайхагдам ба ээжийн хайртай ганц охин учир зөрүүд, эрх дураараа ааштай нь дээр залуу насны мөрөөдөмтгий романтик аа.. охин хотын машины засварын газар ажилладаг Guy (Nino Castelnuovo) гэх өөрөөсөө дөрөв, тав ах царайлаг залуутай ээжээсээ нууцлан үерхэнэ.. Guy өөрийг нь өсгөсөн бие муутай авга эгчийн хамт амьдрах агаад эгчийг нь эргэж тойрох, мөн өөрийг нь нууцхан сэтгэлдээ хайрлах Madeleine гэх даруухан, сэтгэл татам бүсгүйтэй энгийн нөхөрлөнө..
Guy-ыг ажлаа тарахыг дөхөх үед нь Geneviève очиж хосууд гудмаар зугаалан, театр хамт орох зэргээр цаг мөч бүрийг аз жаргалтайгаар, хоёр биедээ уусан өнгөрүүлнэ.. тэд суух талаар ярицгаах болж, охин ч ээждээ Guy-ын талаар дурдаж эхлэх боловч ээж нь түүнд хандан “чи жаахан байна, хайрын талаар ямарч туршлагагүй, одоохондоо толгойг чинь би мэднэ” гэх мэтээр охинтойгоо маргацгаах болно..
Эсэргүүцэлтэй тулгарсан хайр гэдэг бол гал дээр тос нэмсэн адил
улам догшин асдаг ба хосууд ч хурим, цаашдын амьдралаа романтик
сэтгэлээр дүрслэн төлөвлөцгөөж эхэлнэ.. гэтэл энэ үед тэд нарт хоёр ч
муу мэдээ ирнэ.. нэгдэх нь: хатагтай Emery зээлээ төл гэсэн яаралтай
шуудан байх агаад эх, охин хоёр дэлгүүрээ зарахгүй л бол зээлээ төлөх
боломжгүй, хэрэв дэлгүүрээ зарвал гудманд гарна гэсэн үг байв.. Emery
залуу насандаа ганган явсан нэгэн бөгөөд залуу наснаас нь үлдсэн үнэт
эдлэлүүдээ зарж түр ч гэсэн амьсгаа авъя хэмээн Geneviève сэтгэж,
эхийгээ удтал ятгаснаар тэд үнэт эдлэлийн дэлгүүрт очно, харамсалтайн
харин дэлгүүрийн эзэн барааг нь сонирхохгүй.. эх, охин хоёрыг бурхан
тэнгэр нь бүр ч хаясангүй байв, тэд дэлгүүрт үнэт эдлэлийн худалдаа
эрхэлдэг, гадаад дотоод явдаг, харахаас чинээлэг байрын Roland гэх гуч
орчим насны нүдэнд дулаахан эртэй танилцаж, залуу ч сайхан сэтгэлээр эх
охины асуудлыг сонсоод барааг нь авахаар тохиролцоно..
Roland-ын үнэн
санаа бол сайхан сэтгэл биш хосгүй гуа сайхны өмнө ялагдан нугарсан,
хуял тачаалдаа боолчлогдсон алхам байлаа.. Roland өнгөрсөнд эмэгтэй
хүнээс болж тун их зовж, хайранд итгэхээ болиод байтал Geneviève-ыг олж
харан анхны харцаар дурлаж, түүний төлөө сүнсээ өгөхөөс ч буцахгүй
болно.. хоёрдахь муу мэдээ нь: Guy-ыг цэрэгт татсан зарлан ирнэ, энэ
мэдээ зээлний асуудалтай барагалж давхцдаг.. өгүүлэн буй цаг үе маань
Алжирын дайн болж байсан ба Guy хоёр жилийг армид өнгөрүүлэхээр болно..
уг мэдээ Geneviève-ыг хамгийн ихээр тарчлаан, хөөрхий охин энэ хагацлыг,
ганцаардлыг тэсэж чадахгүй үхчихнэ гэдгээ шуудхан Guy-д хэлж битгий
яваач, хамт үлдээч хэмээн яаж ч усан нүдэлсэн ч Guy ямар ч аргагүй
гэдгээ хэлж, намайгаа хүлээгээрэй гэхээс өөр үг хэлж үл чадна.. хайртай
залуу нь хоёр жил бараа сураггүй явж, хамгийн гол нь амьд эргэж ирэх
эсэх нь баталгаатай биш болохоор Geneviève маш их айж аргаа барахдаа
Guy-ыг нуугаад үлдээчихье гэхэд Guy мэдээж зөвшөөрөхгүй, эх орон дуудаж
байхад хулчгар эр л эмэгтэй хүний ард нуугдана шүүдээ..
Guy
явахын өмнөх шөнө тэд анх удаагаа нэг орондоо орох бөгөөд охин онгон
биеэ насан туршдаа харамсахааргүйгээр хайртай хүндээ өгнө.. төмөр замын
өртөөн дээр хосууд салж чадахгүй тэврэлдэцгээх бөгөөд бүсгүй хүлээхээ
амлах бол залуу хүлээгээрэй хэмээн аминчлан захиж, галт тэргийг далд
ортол Geneviève харж зогсоно.. хэдэн сар өнгөрөхөд, бүсгүй жирэмсэн
болсоноо мэднэ, уг мэдээ эхийг нь алах шахах ба охиноо Roland-тай
суулгах туйлын хүсэлтэй байлаа.. эх нь эцэггүй хүүхэд гараад ирвэл
найзууд, хөршүүд, садан төрлөөсөө юу гэх бол гэхээс айж, охиноо
Roland-тай суулгахаар ил далд, наана цаана нь орон охиныгоо ятгаж
эхэлнэ.. ам л нээвэл Roland-ыг магтаж, өөрсдийнх нь аж амьдрал дээшилнэ
зэргээр зогсоо зайгүй сурталчиж өгөх бол Roland ч тэднийхээр орж гардаг
дотно хүн нь болж ирнэ..
Guy-ыг явсанаас хойш Geneviève-ын бие сайнгүй
байлаа, үүнд: давхар бие хийгээд хайрыгаа санасан бэтгэрэл, санаа
зовнилыг дурдахад хангалттай болов уу.. ядахад Guy-аас хааяа л нэг захиа
ирэх бөгөөд яагаад захиа ирэхгүй болчихов гэхэд нь эх нь цаадах чинь
өөр хүүхэнтэй болсон гэх юмуу чамайг мартсан гэх зэргээр байнга Guy-ын
эсрэг ухуулга хийж байлаа.. Geneviève-ын гэдэс томрон, төрөх ч ойртоод
ирлээ, Guy-аас сураггүй бол Roland албан ёсоор гэрлэх санал тавьж, төрөх
хүүхдийг хамт өсгөе, би аав нь байж чадна гэж хэлнэ.. ингээд, Geneviève
төрж охинтой болох агаад Françoise гэдэг нэр өгнө, энэ нэрийг хүүхэддээ
өгнө гэж Guy-тай хамт ярьдаг байсан, түүнчлэн мэдээж Geneviève
Roland-ын саналыг хүлээн авч гэр бүлээрээ Парис рүү нүүж, харин
дэлгүүрээ зардаг.. уг явдлаас бараг жилийн дараа Guy доголон болчихсон
цэргээс халагдан гэртээ ирнэ..
Болсон бүх явдлыг сонссон тэрээр
Geneviève-д хүлээж чадаагүйд нь гомдож, шөнийн клубээр хэсүүчлэн,
гомдол, гутралаа архины мансуурал, янханы янаг тэврэлтэд мартагнаж
байлаа.. төд удалгүй Guy-ын авга эгч нас барж, эцсийн амьсгал хураахдаа
дориун хэмжээний мөнгө гэрээслээд үүрд одно.. өөрийн гэсэн машины
бизнестэй болох мөрөөдөлтэй явсан залууд энэ бол мөрөөдлөө биелүүлэх
боломж бөгөөд шавар шалбаагнаас одоо л толгойгоо татаж хүн шиг амьдрах
учиртайгаа ухамсарлана.. Guy-ыг эзгүйд эгчийг нь ээж шигээ харж байсан
Madeleine-г энэ бүх хугацаанд өөрт нь сайн ч хэлж зүрхэлдэггүй байсныг
эгчийг нь өнгөрсөний дараа Madeleine-ны “одоо би явъя даа, намайг гэх
хүн алга” хэмээн гоморхуу хэлэхэд л залуу ухаарч ойлгох ба бүсгүйг хамт
байхыг гуйж зөвшөөрүүлж чадна.. хэсэг хугацаа өнгөрч, бизенсээ
эхлүүлэхэд бэлэн болох үед Madeleine энэ бүх хугацаанд өөрийг нь
тоодоггүй байсанд болон хамгийн гол нь Geneviève-ыг мартаагүй болов уу,
Geneviève ахиад гараад ирвэл намайг орхино доо гэж эмээж, Guy-аас
итгэлтэй байна уу гэж асуухад, тэрээр “Geneviève-ыг мартсан, чамтай хамт
бүхнийг шинээр эхлүүлмээр байна” гэдэг.. энэ явдлаас хойш бараг гурав,
дөрвөн жил өнгөрч, шинэ жилийн үдэш байлаа..
Guy Madeleine-тэй хуримлан
гурав орчим насны хүүтэй болсны дээр өөрийн гэсэн бензин түгээгүүрийн
газартай болж, сэтгэл хангалуун, жаргалтай сайхан амьдарна.. цас хаялсан
үдэш бензин авахаар тансаг машин ирэх ба машинд чинээлэг улс болох нь
мэдэгдэх хувцастай ээж, охин хоёр сууна, эд бол Geneviève охин Françoise
юм.. Madeleine хүүгийнхээ хамт ойрхон гарсан хойно Geneviève, Guy хоёр
ийнхүү тэр нэгэн салалтаас хойш анх удаагаа уулздаг ба машинд байх
охиныг Guy өөрийнх нь охин гэж таниад нэрийг нь асуухад Geneviève
охинтойгоо уулзахуу гэж асуухад, Guy үгүй гэдэг.. бүсгүй бензинээ авч
дуусчихаад Guy-аас чи зүгээр биздээ гэж асуухад хариуд нь залуу би
зүгээрээ хэмээнэ.. Geneviève машиндаа суун явахад төд удалгүй Madeleine
хүүтэйгээ ирэх бөгөөд Guy хүү болон эхнэрээ тэвэрдэг...
Хамгийн аугаа
хайр бол бүтээгүй хайр гэсэн үг эл кинонд маань тун тохирох санагдах..
хэдий киноны маань гол дүрүүдийн хайр бүтээгүй, төгсгөл хүртэл
үзэгчдэдээ ахин нийлэх болов уу гэсэн горьдлого хүлээлгэх ч тэд зам
замаа хөөцгөөнө, энэ нь ч зөв шийдэл байж, угаасаа ч жинхэнэ хайр бүтэх
ёсгүй гэсэн урлагийн мөн чанарыг харуулжээ.. тодруулбаас, урлаг нь
хүнийг асуудалд умбуулж, орчин тойрон хийгээд мөн чанарын эргэлзээнд
оруулах ёстой бөгөөд эл бүтээл ч энэ чигийг дагаж залуусын хайр
сэтгэлийн нарийн ярвигтай асуудлыг сургамж маягаар бас амьдрал бол
тохиолдол, ийм тохиолдол хаа сайгүй, одоо ч энд тэндгүй болж байгаа шүү
гэдгийг харуулжээ..
Францын шинэ давалгаанд хамаарагдах, мюзикл киноны
мастер, хамгийн онцгой кино урлаачдын нэг Jacques Demy-ын уг бүтээл 1964
оны Канны кино наадмын дээд шагналыг хүртсэн бол оскарт 5 төрлөөр нэр
дэвшжээ... Jacques Demy киноныхоо зохиолыг өөрөө бичиж, мөн мэдээж
найруулсан агаад жирийн шахуу бүтэлгүй хайрын сэдэвтэй уг киног
алдаршуулсан зүйл бол мюзикл хэлбэр буюу кино поп-опера маягаар буюу бүх
үг, харилцан яриа дуулалтаар хийгдэж, ганц ч үг дуулалтгүйгээр
хэлэгдээгүйгээрээ онцлогоос гадна шинэлэг байжээ.. тус бүтээл
найруулагчийн романтик трилогийн нэгээр нэрлэгддэг ба нөгөө хоёр нь:
Lola (1961), The Young Girls of Rochefort (1967) гэсэн бүтээлүүд юм..
бүх үгээ дуулж хүргэнэ гэхээр хүүхэлдэйн кино шиг марзан юм болно гэж
бодвол том эндүүрэл бөгөөд киноны гурваны нэг гэхэд л кинондоо бүрэн
уусчихсан буюу дуулалтандаа дасчихсан байна.. уг бүтээл Jacques Demy-ын
хамгийн алдартай бүтээлээс гадна бүх цаг үеийн хамгийн шилдэг
мюзиклуудын \бүжиггүй болно\ нэг агаад бүх цаг үеийн хамгийн шилдэг
мянган киноны 172-р байрт жагшдаг аа.. киноны агуулгаас гадна хэлбэр
бүтэц маш хурц өнгөлөг бөгөөд кино тод өнгөөр залуу насыг бэлгэдсэн
болов уу.. мюзикл киног хөгжимгүйгээр хэрхэн төсөөлөх билээ?
Киноны хөгжмийг Францын нэрт хөгжмийн зохиолч Michel Legrand гайхалтай уярам хийгээд харуусал мэдрүүлсэн хөгжмөөр эгшиглүүлсэн бөгөөд киноны маань суурь дэвсгэр, амин сүнс нь хөгжим нь болж өдгөө хамгийн романтик кино хөгжмийн нэгээр нэрлэгддэг бол би уг хөгжмийг хайрыг бүрэн илэрхийлэх аялгуу гэж боддог.. киноны гол дүр Geneviève –д кино урлагийн түүхэндэх хамгийн гоо үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг, мөнхийн сайхнаараа Catherine Deneuve тоглосон ба тэрээр уг дүрээрээ франц төдийгүй дэлхийд алдаршаад зогсохгүй эл дүрийг нь өдгөө бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй дүрүүдийн нэгээр нэрлэдэг ээ.. киноны турш Catherine Deneuve-гээс бид харцаа салгаж үл чадах агаад тэрээр энэ л дүрээрээ илүүтэй мөнхөд дурсагдах болов уу.. La La Land (2016) киногоороо оскар хүртсэн Damien Chazelle-ын хамгийн дуртай кино нь The Umbrellas of Cherbourg ба тэрээр La La Land бүтээлээ туурвихдаа уг киноноос урам, сэдэл авсан гэдэг ажээ..
Goy kino uzsen shg l bolloo bayrlalaa
ReplyDeleteзочилсонд баярлалаа
Delete