Like Father, Like Son (2013). Таны 6 жил өсгөн хүмүүжүүлэн, бүхий л хайр
сэтгэлээ зориулсан \мөн авсан\ амьдралын ухаан ид сууж, хүн болж яваа хүүхэд
чинь үнэндээ таны хүүхэд биш болохыг, тэгээд жинхэнэ буюу төрсөн хүүхэд чинь
амьд, өөр нэг газар бас нэг “хуурамч” эцэг эхтэй болохыг мэдвэл үүнтэй
эвлэрэхүү?. Японы энэ цаг үеийн шилдэг кино найруулагчдын нэг Hirokazu
Koreeda-ын уг кино 2013 онд Канны кино наадмаас Jury Prize-г эзэндээ авчирсан \мөн
Palme d'Or-д өрсөлдсөн\ шилдэг бүтээл. Найруулагч Hirokazu Koreeda киноныхоо зохиолыг
өөрөө бичиж бас киноны эвлүүлгийг өөрөө хийжээ. Найруулагч үзэгчдэд маш том,
барагалж шийдэж боломгүй асуудал тавина: дассан сэтгэлээ дагахуу? Эсхүл яс,
цусаа бодолцохуу? Уншихад хялбар мэт байгаа бол үзэхэд маш хүнд \өрөвдөлтэй\
бүтээл ба үзэхэд л яс хавталзаж байхад амьдрал дээр тохиолдвол гэж төсөөлвөл?
Найруулагчийн санаа яг энэ юм. Ийм амьдрал туулаагүй өөрийгөө азтай гэж
бодогчдод киногоор дамжуулан тийм мэдрэмж төрүүлж, азтай гэх энэ амьдралдаа
сэтгэл хангалуун явахыг цаагуураа сануулсан мэт.
Ингээд хоёр гэр бүл холбогдсоноор
хоорондоо танилцаж улмаар хүүхдүүдээ эхлээд хэд хоногоор солилцоно. Ryota-ын
характер хийгээд аж амьдралыг нөгөө айлтай нь харьцуулбал бүл олон, амьдрал
тааруувтар ч аз жаргалтай, эцэг нь гэх хүн хүүхдүүдтэйгээ хамт тоглодог, их
зөөлөн хүн гэх мэтээр газар тэнгэр шиг өөр ертөнц байв. Ryota хүүхдүүдээ
харьцангуй бага байгаа дээр нь солихыг шийднэ, үүнд эхнэр нь яаж ч эсэргүүцээд
хахир хатуу нөхрөө дийлэхгүй, харин нөгөө талын гэр бүл Ryota-ын шийдвэрийг
\хүлцэнгүй гэмээр\ харна. Энэ үеэр эмнэлэгийн зохисгүй алдааны эзнийг олох
шүүх хурал болох агаад тэр үед сувилагчаар ажиллаж байсан хүүхэн нөхөртөө
уурласан уурынхаа улмаас тэр өдөр төрсөн хоёр хүүхдийг \манай гол дүрүүд\
сольсноо хүлээнэ. Зүгээр л нөхөртөө уурласан хүүхний тэнэг үйлдэл явсаар бүхэл
бүтэн хоёр гэр бүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Бидний уурандаа
гаргасан ухаангүй үйлдэл хожим ямар их муу үр дагавартайг тус киноноос үзэж суралцмаар
ба Японы хүүхдээ хүмүүжүүлэх ёс хийгээд хариуцлага хүлээх ёсзүй, бие биенээ
хүндлэх хүндэтгэлийг бид энэ киноноос олж үзнэ.

Comments
Post a Comment