Сахиусан тэнгэрийн нууц

L.A. Confidential (1997). 1997 онд Оскарын наадмыг Титаник кино бүрэн давамгайлж, бараг төрөл бүрт ялалт байгуулсан билээ. Тэгвэл Титаникын сүүдэрт нэг кино бүрэн дарагдаж, алтан хүний баримлаас хоёрхоныг авч, улмаар олны сонорт төдийлөн хүрэлгүй үлдсэн бөгөөд энд тэрхүү “азгүй” киноны талаар өгүүлнэ.. өгүүлэх гэж буй бүтээл маань цаг хугацааны шалгуурыг даван гарч кино урлагийн шилдэг, заавал ч үгүй үзэх киноны нэгээр зүй ёсоор нэрлэгдэх болсон ба “Los Angeles Times”-аас гаргасан сүүлийн 25 жилд Л.А. хотын соёлыг үзүүлсэн хамгийн сайн арван кино жагсаалтыг манлайлсан агаад сонирхуулахад жагсаалтад: "Boogie Nights" (1997), "The Big Lebowski" (1998) болон "Beverly Hills Cop" (1984) гэсэн бүтээлүүд багтсан байдаг..

 Америкийн кино найруулагч Curtis Hanson-ын \тэрээр мөн кино зохиолч ба уг киноноос гадна 8 Mile (2002) бүтээлээрээ алдартай\ найруулж, James Ellroy-ын ижил нэрт романаас сэдэвлэсэн энэхүү нео-нуар, гэмт хэрэгт, нууцлаг жанрын бүтээл ерээд оны хамгийн шилдэг бүтээлийн тоонд багтдаг ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 756 байрт жагсдаг.. эл кино тэр жилийнхээ Оскарт есөн төрлөөр нэр дэвшин (үүн дотор шилдэг кино багтана) дээр хэлсэнчлэн хоёр төрөлт шагнал авсан буюу шилдэг туслах эмэгтэй дүр болон шилдэг кино зохиолд ялалт байгуулсан ба кино 35 саяар бүтээд дэлхий даяар 126 саяыг олжээ.. Ухаалаг зохиол, нямбай хэмнэл, гайхалтай уур амьсгал болон цаг үеээ нарийвчилан тусгасан тайз засалтай кино ба хөгжим \алдарт Jerry Goldsmith бичсэн\, гэрэлтүүлэг, харилцан яриа гээд бүх зүйл нь өөлөх юмгүйгээр нийцэн тохирсон бүтээл.. 1950-аад оны Л.А. хот буюу холливуудын одод хийгээд мафиуд болон цагдаа нарын бохир, хуурмаг ертөнцийг тус кинонд асар сонирхолтой байдлаар өгүүлнэ..

нэгэн кофе шопт хүмүүсийг хомроглон алсан хэрэг гарсанаар кино маань эхлэх бөгөөд үхэгсдийн дунд саяхан цагдаа байсан хүн байна.. уг хэрэг явж явж хотын хамгийн том мафи болон эрх мэдэлтэнгүүдтэй холбогдоно.. нэг ёсондоо үйл явдал үргэлжлэх тусам олон хэргүүд нэгэн том хэрэг рүү хөтлөсөөр киног улам амттай болгоно.. үзэгч киноны гурван гол дүр болох гурван өөр зан ааш, арга барилтай бас хувийн эрх ашгийн улмаас цаг тутам өөр хоорондоо тэмцэлдэх офицериудын хамт холливуудыг хөндлөн гулд туучин үл ойлгогдом, аюултай хэргийн араас хөөцөлдөнө.. тэднийг даган үзэгчид цагдаагийн ертөнцийн авилгалд идэгдсэнийг, холливууд бол биеэ үнэлэгч, мафизм болсон газар гэдгийг олж харах ба уг кино цагдаагийн сайн, муу ар тал болон амьдралыг үнэмшилтэй сайн үзүүлсэн гэж судлаачид үздэг.. офицер White (Russell Crowe) бол шударга цагдаа, тэрээр тархиндаа найдахаас илүү нударгандаа итгэх агаад алуурчидтай огт яриа байхгүй, өөрсдийнх нь аргаар үздэг, нэг бодлын гэнэн, бүдүүлэг гэхдээ сайн цагдаа.. Exley (Guy Pearce) бол удам залгамжилсан цагдаа бөгөөд нэр төр, албан тушаалыг эрхэмлэдэг хүн, үүнээсээ болж бусдаасаа тусгаарлагдсан, ганцаардсан нэгэн, гэхдээ хамгийн ухаантай нь, бас хамгийн ирээдүйтэйн.. 

Jack (Kevin Spacey) бол хашир чоно, олон жил ажлынхаа сайн мууг ойлгож үзчихсэн нэгэн бөгөөд шар хэвлэлийнхэнтэй нягт ажиллаж өөрийнхөө замаар буюу буруу аргаар мөнгө олчихно, гэхдээ ясны сайн мөрдөгч.. эдгээр цагдаа нар өөр өөрсдийн арга мэх, холбоо сүлбээгээ ашиглан хэргийг мөрдөнө. Тэдний ертөнцийг харах хараа болон шударга ёс, ёс суртахууны тэс өөр зарчмууд сөргөлдөн мөргөлдөх нь мэдээж бөгөөд үүнээсээ болж гол дайснаа гараасаа алдаж буйгаа, мөн нийлэн нэгдэж нэг баг болох байснаа хэзээ хойно ухаарна.. киноны жүжигчдийн бүрэлдэхүүн мөрөөдлийн гэж хэлмээр ба ерээд онд ид мандаж, өдгөө холливуудын А зэрэглэлийн жүжигчид болох: Kevin Spacey, Russell Crowe, Guy Pearce, Kim Basinger, Danny DeVito нар тоглосон агаад судлаачид эдгээр жүжигчдийн тоглолтыг Оскарын шагнал хүртэхүйц гэж магтсан байдаг.. 
Russell Crowe болон Guy Pearce тухайн цагт дэлхийн хэмжээний од болоогүй байсан ба уг кинонд тоглосоноор од болцгоосон гэж хэлж болох бол Kim Basinger замналынхаа хамгийн шилдэг дүрийг бүтээж Оскарын наадмаас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн бөгөөд тэрээр анх удаа нэр дэвшихдээ л шууд шагнал хүртжээ.. Kim Basinger-ын янханы дүр кинонд гарах ганц бүсгүйн дүр хийгээд киноны эротик өнгө төрхийг Kim Basinger нууран дээрээ үүрч гарсан ба тэрээр энэ дүрийг олон удаа найруулагч Curtis Hanson-оор ятгуулсаны эцэст хүлээн авсан байдаг, учир нь найруулагч Curtis Hanson зөвхөн түүнийг л энэ дүрд тохирно гэж мэдэрч байжээ.. жүжигчин Russell Crowe өөрийн дүрээ их найруулагч Stanley Kubrick-ын “The Killing” (1956) кинонд тоглосон Sterling Hayden-ын тоглолтоос үндэслэн бүтээжээ.. мөн сонирхуулахад, найруулагч Curtis Hanson “бэлтгэл” болгож жүжигчдэдээ “Kiss Me Deadly” (1955), “The Killing” (1956), “In a Lonely Place” (1950) гэсэн классик нуар, триллер кинонуудыг үзүүлж байжээ..

НЭМЭЛТ: Найруулагч Curtis Hanson жүжигчин Russell Crowe-г "Romper Stomper" киноноос хараад хайж байсан "зэвүүн, аймаар гэхдээ сэтгэл татам" зан чанараа олжээ. Russell Crowe уг киноны эх романыг бичсэн James Ellroy-ын "The Black Dahlia" бүтээлийг уншиж байсан ч яг "L. A. Confidential"-ийг нь уншаагүй байж. Кино зохиолыг уншсан жүжигчин маань Bud White дүрийнхээ "өөрийгөө зөвтгөсөн ёс суртахуунтай загалмайн дайчны" зан чанарт татагдсан ба найруулагч зохиол дээрх Bud-ын зарим хэсгийг Crowe-тай хамт сургуулилт хийн бичиж аваад продюсер нартаа үзүүлэхэд тэд ногоон гэрлээр зөвшөөрчээ. Дараа нь Guy Pearce сонгон шалгаруулалт орсон ба Ed Exley дүрд түүнийг яг тохирно гэж Hanson нэлээд бодож явжээ. Тухайн үед Guy Pearce "The Adventures of Priscilla" киногоороо алдаршаад байсан ч Hanson эл киног зориуд огт үзээгүй агаад үзчихвэл шийдвэрт нь нөлөөлж магадгүй гэж эмээжээ. Pearce анхлан дүрдээ дургүй байсан ч аажмаар дүрээ ойлгож, хүндэлж эхэлснээр асуудал шийдэгджээ.  


Comments