Tristana (1970). Дэлхийн нэгдүгээр дайн дууссанаас арваад жилийн хойно, дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс арав орчим жилийн өмнө Испаний нэгэн өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт тавь орчим насны авгай болон хорь эргэм насны залуухан хүүхний хамт зочлон арван тавь, зургаатай Saturno гэдэг нэртэй хөвгүүнийг үрчилж авна.. Saturno төрөлхийн хэлгүй бөгөөд тэрээр Lope гэх чинээлэг эрхэмийн зарц хийгээд өргөмөл хүү болох хувьтай төржээ.. бурханд итгэдэггүй, бизнес арилжаанд сүжиггүй, учиргүй баян биш ч энэ насаа хангалуун өнгөрүүлчих хөрөнгөтэй Lope \ Fernando Rey \ гэгч нь жар дөхөж байгаа ч хэн ч харсан буурьтай, намбатай ёстой нэг сэхээтэн агаад харамсалтайн үр хүүхэд, эхнэргүй ганц бие болой.. түүний гэрт хоёр эмэгтэй бурхан бий: нэг нь олон жил гэрт нь үнэнчээр үйлчлэгч хийж байгаа хөгшин Saturna бол нөгөөх нь түүний өргөж авсан \эх нь Lope-ын зарц байсан ба бас давхар амраг нь байсан байх магадлалтай\ охин Tristana \ Catherine Deneuve\ хоёр болно, энэ хоёр хүүхэн киноны эхэнд гардаг хүүхнүүд юм.. Lope дөнгөж хорь хүрч байгаа цэцэг цэврүү шиг охиноо нүдний цөцгий мэт хайрлаж бас харамлах ба цаг үргэлж дэргэд нь байхдаа хамаа намаагүй эрчүүдтэй уулзаж болохгүй, эр хүн ерөөсөө итгэж болох юм биш, тэд хүсэл, дураа л боддог гэж сургамжлах агаад охины гоо зүс өдөр хоногоор биш цагаар цэцэглэн дэлгэрч, хөх нь томрох тусам хөгшин эрийг байж суух газаргүй болгож, төрсөн мах цус биш ямар, өдий зэргэд хүргэлээ, насны бөгсөнд буян жаргалаа эдлэх хувьтай бишүү би чинь гэж бодох болно..
өргөмөл эцгийнхээ төдийгүй хавь орчимдоо
зартай өнгө зүстэй болсон Tristana хөгшин Lope-г төрсөн эцэг шигээ биш
юмаа гэхэд ах шигээ, ачит хүн шигээ асар их хүндлэх бөгөөд Lope-г гэртээ
орж ирүүт гэрийн таавчикийн өмсүүлэх зэргээр охины ч, зарцын ч үүргийн
давхар гүйцэтгэнэ.. Lope өөрийгөө бас ч гэж танагтай байгаад бас охиныг
насанд хүрч бэлэн боллоо гэж үзэхүйд зориглон хөдөлж, санаа бодлоо асуух
биш шууд тулгаж намрын навч шиг болсон уруулаа охины туяаран солонгорох
хаврын нялх цэцгэн уруулд хүргэх бөгөөд эр эмийн харилцаанд улаан
мэдлэггүй Tristana анхны үнсэлтээ ичингүйрэн инээж өнгөрүүлэх ч цусан
сартай шөнө хийгээд нулимстай шөнүүдээ ийм л байх ёстой байж, энэ хүн
миний эзэн, ачит хүн болохоор би хариугаа ийм л аргаар барих ёстой юм
байна гэсээр бүрэн дүүрэн хүлцэн амьдарна.. ингээд бараг хоёр жил
өнгөрөхөд Lope улам хөгширсөнөөс өөрцгүй бол Tristana бие Махбодийн
хувьд ч, оюун санааны хувьд ч \нэлээд ухаан сууна\ насанд хүрсэн байх
агаад хөгшин эрийн боол болж байгаадаа бухимдан, залуу, эрх чөлөөтэй
бүсгүй гэдгээ үргэлж өөртөө хэлж, уур хилэнгийнхээ хүчийг цуглуулан
тэсрэхэд бэлэн болсоор байв.. Tristana-ынхаар бол нэгэн таатай өдөр
санамсаргүй байдлаар тэрээр Horacio \ Franco Nero \ гэдэг зураач
залуутай танилцаж, зураач бүсгүйгээс миний модел болооч гэж хүсэх мөчид
тэдний дунд хайрын бас янагийн цахилгаан цахисан ба Tristana өөртэйгөө
чацуу, үрчгэр дорой биш чилгэр сайхан залуугаас амьдралын жаргалыг эдлэх
бөгөөд бүсгүйд буруу юм хийж байна, ёс бус үйлдэл хийлээ гэсэн ухамсар
огт төрөхгүйн Lope-г хэр үзэн яддаг мөн би ингэж амьдрах эрхтэй гэсэн
амбицаас нь улбаатай болой..
танил олонтоо Lope өөрийг нь араар тавьж
буйг төвөггүй олж мэдэн бүсгүйтэй шуудхан ярилцахад Tristana ч үүнийг
хүлээн байсан учир үг дуугүй хаяж одон, зураач эртэйгээ алс хол арилж
өгнө.. Tristana болон Horacio хоёрыг явахаас өмнө Lope тэр гурвын
хооронд багагүй саван хөөсрөх бөгөөд Horacio хөгшин эрийг зодсоноор
ерөнхийдөө ялалтаа тунхагладаг аа.. уг явдлаас хоёр, гурван жил
өнгөрчээ.. Lope нэлээн уудаг болсон байх ба хоёр дахин хөгширчээ.. нэг
өдөр түүнд захиа ирнэ, захианд Tristana маш хүнд өвдөж, улмаар хөлөө
тайруулахаас аргагүй болсон тухай бичсэн байна.. Tristana –г эргэж ирэх
болсонд өвгөн учиргүй баярласандаа өмнөх бүх доромжлол, гутамшигаа
мартах агаад орон гэрээ тэр чигээр нь бүсгүйд зориулан засна.. ингээд
нэг хөлгүй Tristana өвгөнийнд Saturno болон Saturna-ын асрамжинд санхүү
мөнгөнд санаа зовохгүй амьдарч эхлэх бол нөхөр Horacio нь түүнийг
орхичихоод үүрд алга болно.. тахир дутуу болсондоо гутрах сэтгэл дээр
нөхөртөө хаягдсандаа болон энэ бүх зовлонгийг уг болсон Lope-ынхоо л
гарт одоо хүртэл байгаадаа галзуурах шахсан Tristana өвгөнийг маш ихээр
үзэн ядах ба цаг үргэлж муухай аашилж, хүн бүхэнтэй хүйтэн хөндий цэвдэг
харьцана.. өвгөн болсон Lope тэмцэх, эргэцүүлэн бодох хүчгүй болсон
хийгээд Tristana-ын өмнө зөндөө буруутайгаа ухамсарлан шалдаа бууна..
ингээд нэг жил өнгөрөхөд Tristana айл гэрийн эзэн, Lope хэн ч биш
болсоноор нүд аньдаг аа..
Tristana-ын зүүдэнд сүмийн хонхны оронд
Lope-ын тасалсан толгой сажлах хийгээд Tristana-г байнга хүсэмжлэх ч
хэлгүй Saturno-г даажигнах Tristana-ын хөхөө үзүүлэх сценүүд бол бүх цаг
үеийн хамгийн садист кино найруулагчдын нэг Luis Buñuel-ын бодож олох
зураглал ба кино ертөнцийн газрын зурагт испани кино урлаач Luis Buñuel
өөрийн гэсэн газар нутагтай нэгэн гэдгийг тодотгоно.. Испанийн домогт кино урлаач Luis
Bunuel-ын драм. Мастер киноныхоо зохиолыг Julio Alejandro гэгчтэй хамтран
бичсэн бөгөөд кино зохиолыг Испанийн зохиолч Benito Perez Galdos-ын 1892 онд
хэвлүүлсэн ижил нэрт романаас сэдэвлэсэн. Энэ кино Bunuel-ын олон жил гадаадад
ажиллаж байгаад эх орондоо эргэж ирснийг нь тунхаглах ёстой бүтээл байлаа.
Шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан эл бүтээл 43 дахь удаагийн Оскарын
наадмын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд өрсөлдөж байлаа. 1962 онд Испанийн
цензурын газар найруулагчийн "Sacuestro" киноны зохиолыг зөвшөөрөөгүй
тул тэрээр "Tristana" төсөл дээрээ ажиллаж эхэлжээ. Epoca студийн
продюсерууддаа тэрээр өөрийнхөө төслийг дэмжихийг санал болгосон нь амжилт
олов. Ийнхүү Bunuel, Alejandro хоёр 1962 оны 12-р сард зохиолоо бичиж дуусгасан
ба романы үйл явдал өрнөх үеийг 1920-оод оны сүүл үе, 1930-аад оны эхэн үе
болгон өөрчилсөн аж. 1963 оны хавар зураг авалтаа эхлүүлнэ гэж найдсан Bunuel
кино зохиолоо Испаний цензурын газарт илгээтэл Соёлын Яам зохиолд дүрсэлсэн
ирүүл тулааны улмаас татгалзсан хариу өгсөнөөр Bunuel "Diary of a
Chambermaid" киногоо хийх ажилдаа оржээ.
1968 онд Bunuel-г Католик сүмд
буцаж очихыг хүлээн зөвшөөрсөний дараа тэрээр Испанидаа буцаж очихоор шийджээ.
Түүний буцаж очиход продюсерууд "Tristana" төслөө сэргээхийг санал
болгосон ба Bunuel анхандаа сонирхсонгүй; харин Jeanne Moreau, Peter O'Toole,
Omar Sharif нарыг тоглуулах шинэ төслийг эхлүүлэхийг хүсч байв. Гэтэл
продюсерууд Итали, Францаас санхүүжилт олж чадсанаар энэхүү кино бий болох нь
тодорхой болжээ. Мексикт олон жил кино хийх шаргуу хөдөлмөрт өөрийгөө зориулсан
Bunuel-д энэ кино ямар үнэ цэнэтэй байсан бэ гэвэл тэрээр энэ киногоороо эх
орондоо баатрын дүрээр эргэн ирж, ялалтын агшныг мэдрэх буюу зугтсан тэнэмэл
хүүгийн хамгийн сайн эргэн ирэлтийг тэрээр хүсч байв. 1969 онд тэрээр киноныхоо
зураг авалтыг эхлүүлхээр Испанид иртэл Испаний цензурын газар түүнд кино хийх
эрх олгосонгүй Испаний Франкогийн засгийн газарт атейст, эсэргүү гэдгээрээ
зартай Bunuel-д энэ нь тийм ч гэнэтийн явдал байгаагүй болов уу. Тэгсэн өмнөх
Мэдээллийн сайд нараасаа хавьгүй илүү чөлөөт сэтгэлгээтэй Manuel Fraga Iribarne
гэгч хэрвээ Bunuel зураг авалтын дундуур кино зохиолд гар хүрэхгүй гэвэл ногоон
гэрэл асаана гэж мэдэгдсэн байдаг ч зөрүүд Bunuel мэдээж татгалзжээ. Эцэст нь
Fraga болон Bunuel хоёрыг тэдний нэгэн таньдаг дотны хүн нь эвлэрүүлсэн гэдэг.
Францын хөрөнгө оруулагчид кинонд Catherine Deneuve-г тоглуул, Италийнх болохоор
ид мандаж буй Franco Nero-г тоглуул гэж найруулагчаас шаардсан байдаг. Ноён
Lope-ын дүрийг Bunuel ааваасаа сэдэвлэсэн байдаг бол Tristana-ын гэнэн цайлган
дүрийг найруулагч маань охин дүү Conchita-ынхаа дурсамжаас үүдэн бүтээжээ. Энэ
киноы үйл явдал танд мастерийн "Viridiana" киног эрхгүй санагдуулах
болов уу.
Comments
Post a Comment