Багны цаана


In a Lonely Place (1950)."Тэр намайг үнсэхэд би төрсөн. Тэр намайг орхиход би үхсэн. Тэр намайг хайрласан хэдэн долоо хоногт би амьдарсан" : Өгүүлэх нь, холливуудын алдартай кино зохиол бичигч хэрхэн хүн амины хэргийн гол сэжигтэнээр сэжиглэгдэж, мөн түүнчлэн гайхам сайхан хайр үл итгэлцлээс болж яаж бутран салж буйг дүрслэхийг хичээе.. нэгэн цагт холливуудын амжилттай кино зохиолч явсан Dixon \ Humphrey Bogart\ бол зан ааш түргэнтэй, биеэ барьж дийлэхгүй ууртай нэгэн ба архи уухаараа бүр хүнээ байдаг гэмтэй.. хурц араншингаасаа болж зодоон цохион хийчихдэг ч шударга, ерөнхийдөө сайн хүн юмаа.. нэгэн үдэш, шөнийн клубт маргаан дэгдээснээр хөөгдөж гарна. Үүдний жижүүр бүсгүй Dixon-ын фэн гээд түүнтэй хамт явж номынх нь талаар ярилцах санал тавихад Dixon зөвшөөрнө.. ингээд гэртээ шөнө ирэх үед тэднийг Dixon-ын хөрш бүсгүй Laurel \ Gloria Grahame \ үүдэн дээрээсээ олж харна.. Dixon болон фэн охины хооронд элдэв юм болсонгүй тэгсгээд охин гэртээ харина.. 

маргааш өглөө нь Dixon-ны цэргийн анд, цагдаагийн мөрдөгч Nicolai тэднийд ирээд, жижүүр охин алуулсан байдалтайгаар олдсоныг дуулгана. Ингээд Dixon цагдаагийн хэлтэст очно.. Dixon талийгаачтай хамгийн сүүлд хамт явж харагдсан сэжигтэн болж таарна.. үүнийг хөрш Laurel гэрчилнэ.. цагдаа нарын Dixon-г сэжиглэх бас нэг шалтгаан бол түүний айхтар хурц түргэн уур, уурласан үедээ юу ч хийхээс буцахгүй араншин байв.. гэтэл хөрш Laurel талийгаач шөнө Dixon-нхоос гарж явахыг харсан гээд илт өмөөрөх хандлагатай мэдүүлэг өгнө.. гайхсан Dixon энэ үед хөршийгөө анхаарч, тогтон харж, судлахад жүжигчний замналаа дөнгөж эхлүүлж буй үзэсгэлэнтэй, залуухан бүсгүй байна.. тэр өдрөөс хойш Dixon болон Laurel хайраар холбогдож эхлэх ба хамтдаа амьдарч эхэлнэ.. удаан хугацаанд зохиол бичээгүй байсан Dixon хайрын хүчээр дахин онгод тэнгэрээ сэргээн бичиж эхэлнэ.. Laurel ч түүнд тусалж, гал дээр тос асгасан мэт тэдний дурлал дорхноо дүрэлзэн асна.. харин цагдаа нар Dixon-г гол сэжигтэнээрээ үзсээр, бас ажигласаар байлаа..

Dixon-ны өнгөрсөн түүхийг сөхөн үзэхэд, олон арван зодоон хийж байсан, зан араншгийн хувьд асуудалтай гэсэн байв. Уг мэдээ Laurel-д хүрнэ. Мөн Laurel-н эргэн тойрны хүмүүс ч түүнд болгоомжтой байхыг сануулж, ер нь салж явсан нь аминд чинь өлзийтэй гэнэ.. энэ бүх явдалд Laurel аажмаар автаж, өдөр ирэх тусам Dixon-ноос айж, бүр зугтахыг хүсч эхэлнэ.. Dixon ч ойр дотных нь хүмүүс түүнийг алуурчин мэт үзэж, түүнээс дөлөх болсонд сэтгэлээр унаж улам ширүүн дориун, муухай аашилна.. ийнхүү үл итгэлцэл туйлдаа хүрэхэд, Laurel хайртыгаа алуурчин гэж итгэж хаяж явахаар зэхнэ, харин Dixon хамгийн хайртай хүн нь өөрт нь итгэхгүй болсонд уурлаж Laurel-д гар хүрчихнэ. Яг тухайн мөчид цагдаагийнх ирж, Dixon буруугүй болох нь нотлогдож Охины үхэлд найз залуу нь буруутай болохыг тогтоосныг хэлнэ.. гэрлэх санал тавих гэж байсан Dixon элэг зүрх нь гомдон шархлах агаад өөрт нь итгээгүй хүүхэнг орхин явах бол Laurel бүр мөсөн сөнөж дуусч байгаа хайр сэтгэлээ, харилцаагаа чимээгүй гуниглан нулимстайгаар түүнийгээ үдэж гаргадаг.. огт хамаагүй хүн амины хэргээс болж тэд харуусалтайгаар салахаас гадна зүрх сэтгэл, бие махбодиороо тэр хоёр хохирогч болдог нь харуусмаар.. хамгийн ухаалаг төгсгөлтэй киноны нэг бөгөөд киноны турш үзэгч Laurel-ын хамтаар Dixon-г алуурчин болов уу гэж сэжиглэн эргэлзэж түгшүүртэй байдалд байна .. тухайн цаг үеийн тогтсон хэвшмэл байдлыг эвдсэн кино болсон ба бүх цаг үеийн хамгийн гунигт хайрыг өгүүлсэн бүтээлийн нэг ээ.. цаг үеийнхээ холливуудын алдартай найруулагчдын нэг Nicholas Ray-ын сэтгэлзүйн триллер, нуар төрлийн кино.. уг бүтээлийг нуар төрлийн титэм болсон бүтээл ч гэдэг..

тэр жил холливуудын одууд болон холливуудын амьдралыг шүүмжлэн, егөөтсөн гурван том бүтээл гарч байсны \Billy Wilder-н Sunset Boulevard, Joseph Mankiewicz-н All About Eve\ нэг. Анх гарсан даруйдаа маш их шүүмжлүүлэн, үл ойшоогдож байсан бол өдгөө АНУ-ын Конгрессийн Номын Сангийн Үндэсний Кино Бүртгэл багтсан классик кино болжээ.. мөн хамгийн шилдэг мянган киноны 275-р байрт жагсдаг.. Nicholas Ray Францын кино урлагийн шинэ давалгаанд ихээхэн нөлөөлж, ялангуяа уг бүтээлийг нь францууд их дээдэлдэг байсан гэдэг.. нэгэнтээ суут Jean-Luc Godard: Кино урлаг бол Nicholas Ray гэж хэлсэн байдаг.. 20-р зууны агуу сэтгэгчид Камю, Сартр нарын оршихуйн философийн бодрол, тэмцэл уг киноны гол дүр Dixon-д “туссан” гэж үздэг бөгөөд кино зохиолоо Dorothy B. Hughes-ын ижил нэрт роман дээрээс бүтээсэн..  гол дүрийг тодорхойлоход түвэгтэй ба зан авир нь ахуйд үл баригдахыг хүссэн, олныг даган алмайрахыг үл хүссэн зөрүүд, гаж ч гэмээр санагдсан ч тэрээр хохирогч бас азгүй нэгэн гэмээр.... ийм ээдрээтэй дүрийг домогт, Америкийн кино институтээс гаргасан номер нэг жүжигчин Humphrey Bogart бишрэмээр гаргасан агаад хувь хүний хувьд амьдрал дээр Dixon-тойгоо ойролцоо хүн байсан гэдэг.. Humphrey Bogart-н замналын хамгийн сайн дүрүүдийн нэг гэгддэг бол 1952 онд оскар авсан Gloria Grahame мөн гол дүрийг чадварлаг бүтээсэн... сонирхуулахад, Humphrey Bogart болон Gloria Grahame хоёр тухайн үед хорин дөрвөн насны зөрүүтэй байсан ба тэд хоёулаа тавин долоотойдоо ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ..

 НЭМЭЛТ: Найруулагч Curtis Hanson энэ киног биширдэг, ялангуяа найруулагч Nissan Ray-ын Холливуудыг бараанаар дүрсэлсэн найруулга, мөн Humphrey Bogart-ын тоглолтыг шүтэж явдаг хэлсэн байдаг. Hanson "L. A. Confidential" киногоо хийхдээ жүжигчин Russell Crowe, Guy Pearce хоёрт уг киног үзүүлжээ. Тэрээр "Би тэдэнд тухайн үеийн бодит байдлыг, тийм сэтгэл хөдлөлийг харуулахыг хүссэн. Энэ киног би хамгийн аугаа кино гэж хэлэх гээгүй байна, гэхдээ энэ кино миний үзүүлэхийг хүссэн зүйлсийг буюу зохиолын өрнөл гэхээсээ илүү зан авир, сэтгэл хөдлөлийг бий болгож байгаа тэр зүйлсийг илэрхийлж байсан" хэмээгээд цааш нь мөн; "би In a Lonely Place киног өсвөр насандаа анх үзээд маш их айж байлаа. Энэ кино бараг л намайг ховсдон мэт өөртөө татсан. Яагаад ингэв гэдгийг нь хожим ойлгосон. Маш ховор тохиолдолд, цөөхөн кинонд үнэхээр чин сэтгэлийн хөдлөм, илэн далангүй мэдрэмжийг жүжигчин, найруулагч хоёрын гарамгай хослол үзэгчдэд төрүүлж чаддаг. Жүжигчин, найруулагч хоёрын хооронд ийм зохицол тохиоход үнэхээр сэтгэл хөдөлгөм бүтээл гардаг" гэжээ.  

Comments