A
Separation (2011). Өгүүлэх нь, шүүх хурлын танхимд нэгэр эр, эм хоёр
гэр бүлээ цуцлуулахаар шүүхдэн байх агаад тэдний хэрэлдэхийг харахад
салалтын шалтгаан ноцтой мэт.. салж буй хоёр нийгмийн дундаж давхаргынх
ба нөхөр Nader (Moaadi) нь банкинд ажилдаг бол эхнэр Simin (Hatami) багш
мэргэжилтэй, тэд арваннэгэн настай Termeh (Sarina Farhadi\ охинтой,
залуу гэр бүл гэж хэлж болохуйц юм.. тэдний салах
шалтгаан нь Simin гэр бүлээрээ гадагшаа гарч амьдрах хүслээс үүдэлтэй
бөгөөд ингэвээс амьдрал дээшилж, ганц охиных нь ирээдүй ч баталгаатай
болж ирнэ гэсэн итгэл бол Nader ой санамжаа бүрэн алдаж, бүтэн асаргаанд
байх аавыгаа орхиж явж чадахгүй, тэгж ачлалгүй загнаж чадашгүй хэмээн
үлдэхийг шаардан, улмаар эл бяцхан хэрүүлийн оч яван томорсоор унтрааж
дийлэшгүй түймэр болж тэд салахаар шийдээд байгаа нь энэ ээ.. дашрамд
киноны маань үйл явдал орчин цагт, тэр дундаа ислам шашинтай Иран улсад
өрнөж байгааг дурдсу.. шүүхээс салалтыг зөвшөөрөхгүй, ингэх болсон нь
охиноо булаалдсанаас болох ба Nader охиноо авч үлдэнэ гэхэд Simin авч
явна гэнэ, харин шүүх охиныг төрсөн эцэг нь шийднэ гээд бүсгүйг салаагүй
болохоор гадагшаа явж болохгүй гэж тогтооно..
эндээс бид улс орны
шашин, хуулийн онцлогийг харж болно.. аргагүйдсэн Simin төрхөмдөө буцах
ба охиноо авад явъя гэсэн ч охин нь өөрөө эцэгтээ илүү хайртай учир
аавтайгаа үлдэхийг илүүд үзнэ.. ингээд Nader охин болон хөгшин аавынхаа
хамт үлдэн гэртээ асрагч хөлслөнө, учир нь тэрээр өөрөө өдөржин ажилтай
бол охин нь сургуульдаа явдаг билээ.. асрагчаар Razieh гэх Nader-ын
насны маш их гүн шүтлэгтэй бүсгүй ирэх ба тав орчим насны бяцхан охиноо
дагуулсан байна.. Razieh ядруухан амьдралаа босгох гэж мөн нөхрийнхөө
өрийг дарах гэж асрагч, бас үйлчлэгчийн ажил хийх болсон агаад энд
ажиллах болсныг нь нөхөрт нь битгий хэлээрэй хэмээн Nader-аас хүснэ..
бүсгүйн нөхөр түргэн ууртай, үүнээсээ ч болж хэрэг төвөгт орчихдогоос
гадна тун омог бардам хүн учир эхнэрээ ийм ажил хийхийг мэдвэл гэр бүлээ
сүйтгэж мэднэ гэж бүсгүй ухаан алдатлаа айна..
нууцлах бас нэг шалтгаан
байсан нь Razieh жирэмсэн байлаа, гэхдээ жирэмсэн гэдгээ Nader-д
хэлэхгүй, хэлчихвэл мэдээж түүнийг ажилд авахгүй шүүдээ.. Razieh бие
давхар учир хүн асрангаа гэр орон цэвэрлэх, дээр нь бяцхан охиноо маллах
зэрэг үнэндээ ахдаж ирэх бөгөөд нэг өдөр өвгөн өмдөндөө шээчихнэ, ислам
шашны ёсоор эм хүн хамаагүй эр хүнийг нүцгэн харж болохгүй болохоор
яахаа мэдэхгүй эцэст нь тусгай дугаар руу залгаж хэрхэх талаарх заавар
авдаг, энэ сцен исламын шашны талаар бидэнд өчүүхэн ч гэсэн нээлт
болно.. дараагийн өдөр бүсгүй хүнд ажил байна, шашин номтой минь ч
харшлав гэсээр ажлаас гарахаа Nader-д хэлэх ба хэрэв намайг энд
ажилласныг хэлэхгүй гэвэл нөхрөө оронд нь явуулъя, нөхөр маань ажилгүй
байгаа гэхэд Nader ч зөвшөөрнө.. маргааш нь Razieh-ын нөхөр гэх залуу
Nader-ын ажил дээр ирж цалин мөнгөө тохироод явах ч маргааш нь ирэхгүй
оронд нь Razieh охины хамт нөхөр боломжгүй болчихлоо гэсээр ирнэ..
Razieh ажилдаа түйртэн байж байгаад өвгөнийг гэрээс гарчихсаныг олж
мэдээд сандран гудамжинд гарахад өвгөн замын цаана алхаж явдаг.. нэг
өдөр Nader, Termeh хоёр гэртээ ирэхэд Razieh эзгүй өвчтэй өвгөн гараа
ортойгоо хүлүүлчихсэн шалан дээр бараг үхлүүт хэвтэж байгаатай таарах
агаад шүүгээнд байсан мөнгө ч байсангүй \ Simin нүүхдээ тэр мөнгийг
нүүлгэгчдэд өгсөнг Nader анзаараагүй байжээ\ учир Nader бүсгүйг хулгай
хийгээд арилж өгч гэж хардана.. гэтэл Razieh охиноо дагуулсаар орж ирэх
бөгөөд ойрхон гараад ирлээ гэнэ.. Nader бүсгүй рүү аймшигтай дайрна,
нэгд мөнгө хулгайлсан гэж, хоёрт хамгийн гол нь аавтайн хүндлэлгүй
харьцаж, хамгийн гол ажлаа хийхгүй зугаалж явдаг байх нь хэмээн бүсгүйг
хөөж туухад Razieh бурханы нэрээрээ андгайлж хулгай хийгээгүйгээ амлах
ба аавын ортой нь хүлсэн нь өмнөх алдаагаа дахин давтахгүй гэснийх
байсан ч сүүлчийнхийг нь хэлэхгүй ойрхон гарах хэрэг байсан л гэдэг..
Nader бүсгүйг хулгайч, араатангаар нь дуудаж, харин бүсгүй гүтгэж
байгаад гомдон бас дээр нь цалингаа авахгүй бол явахгүй гэж зууралдаж
байгаад Nader бүсгүйг жаахан хүчтэй түлхээд хаалга хаачихад хүн амьтан
орилолдоод явчих ба Termeh хаалгаараа шагайж харахад Razieh шатан дээр
хэвтэн эргэн тойрон хөршүүд нь цуглан бүсгүйг босгож байдаг..
энэхүү
хэрүүл хийгээд бие биесээ хардан сэжиглэсэн сцен үзэхэд маш зовлонтой..
ийнхүү маргааш нь Simin Nader руу залгаж Razieh-г жирэмсэн байсанг
тэгээд чи зодоод зулбуулчихсан одоо эмнэлэгт байна гэдэг.. Simin, Nader
хоёр эмнэлэг дээр ирэхэд Razieh-ын галзуу нохой шиг ууртай нөхөр шууд л
Nader руу дайрах бөгөөд энэ хэрэг шүүх дээр очно.. Nader бүсгүйг
жирэмсэн байсныг мэдээгүй гээд мэдсэн бол ажилд авахгүй байсан, тэр үед
аавыгаа тийм байдалтай хараад уур хүрээд жаахан чанга харьцсан гэхдээ
унатал нь түлхээгүй гэнэ, үнэхээр ч яг түлхэж унагасныг хэн ч хараагүй
дотор үзэгч ч харахгүй, тийм хэдий ч жирэмсэн бүсгүйг унагаж, өөрөөр
хэлбэл зодсон нь нотлогдвол Nader гурван жил шоронд суух байв, ингэсэн
тохиолдолд охиноо алдаад зогсохгүй аав нь өнгөрнө гэсэн үг.. Razieh
үнэхээр түлхүүлж унаснаас болж зулбасан гээд жирэмсэн гэдгээ хэлээгүй ч
нэг өдөр Termeh-ын багштай энэ талаар ярьж байхад цаад өрөөнд байсан
Nader сонссон байх учиртай гэх бол нөхөр нь амийг амиар, эхнэрийг минь
зодсон, хүүхдийг минь алсан энэ эрийг шоронд хий гэж улаан галзуу үглэж,
хэрэлдсээр байна.. шүүх Termeh-ын багшийг дуудахад багш: Nader төлөв
томоотой, сайн хүн гэж ерөнхийдөө Nader-ын талд зогссоноор эл хэрэг
хаагдах боловч Razieh-ын нөхөр тэднийг зүгээр орхих хүн биш байв..
тэрээр Termeh-ын сургууль дээр очиж алуурчны охин гэж бөөн шуугиан
тариснаар хөөрхий охин ахиж сургуульдаа явах аргагүй болох ба охиныхоо
зовохыг харсан Simin юм хумаа зараад ч хамаагүй мөнгө олоод нөхөр төлбөр
болгоод тэдэнд өгчихье, өртэй улс заавал мөнгө авна гэхэд Nader өөрөө
учраа олно гэх бол Simin охиныг надад өгчих, чи өөрөө энэ бүхнийхээ
учрыг ол гэхэд Nader бас л үл зөвшөөрнө.. энэ бүхэнд Termeh шаналж
дуусах бөгөөд эхлээд эцэг эхийн салалт, одоо хүний нүүр харахын аргагүй
хүнд нөхцөл байдал ухаалаг охинг ч нугаруулах агаад аавыгаа Razieh-г
жирэмсэн байсныг мэддэг байсан гэж дотроо бодно.. охин эцэг эхээ эргэж
нийлээсээ гэж маш их хүснэ, ийм хүнд үед гэр бүлээрээ цуг байх хамгаас
чухал билээ.. гэтэл Nader аавыг нь тоогоогүй эхнэртээ гомдож, мөн энэ
бүхэн ерөөсөө орхиод явсан Simin-г буруутгах агаад маш нэхэл хатуутай,
хүнд муугаа үзүүлэхгүй гэсэн хүн боловч дотроо эхнэртээ тун хайртай..
Nader-ын аавдаа ачлах сэтгэл үнэхээр сэтгэл хөдлөм хийгээд үлгэр авахуйц
бөлгөө.. Simin хатуу, амиа бодсон мэт боловч ирээдүйгээ бодсон болон
мөн цаг үргэлж эргээд ирээч гэх үгийг Nader-аас хүлээн очиход бэлэн байх
нь нинжин сэтгэлийг нь илтгэхгүй гэж үү?..
энэ киноны бүх дүр өөр
өөрсдийн асуудал, зан төрхтэй бөгөөд дүрүүдийн асуудалдаа хандаж байгаа
байдал, ёс суртахууны сонголтын өмнө ирээд барьц алдаж байгаа зэрэг нь
киногоо баялаг болгоод зогсохгүй үнэхээр бодит амьдрал дээрх шиг буюу
хаа нэгтээ, магад хажуу айлд чинь ч ийм асуудалтай хүмүүс байгаа шүү
гэсэн бодол төрүүлсэн гайхамшигтай бүтээл.. ёс суртахууныг ээдрээтэй
дээр нь сонирхолтой адал явдлаар хачирлаж өгсөн орчин цаг үеийн хамгийн
гайхалтай гэр бүлийн талаарх энэхүү драмаг яг үйл явдлын зангилаа дээр
нь ирээд бичихээ зогсоон үзэгчдээ үлдээсү.. улс орон болгон өөрийн гэсэн
шашин, уламжлалт ёс, дэг жаяг, газар орон, хүмүүстээ таарсан хуультай
байдаг бөгөөд хаана амьдарна тухайн улсынхаа хууль болон шашны ёс
суртахуунаа яаж, хэрхэн дагаж мөрдөн газар нутаг, соёл уламжлал
ондоогоос болж хүмүүсийн аж амьдралаас үхэх хүртэл бүх юм өөр байдгийг
харж болно..
тэгэхдээ ертөнцийн түгээмэл ёс суртахуунлаг оюун болон
гэмшлийн зовиуртай харанхуй талыг ч бас харах ба эхнэр нөхрийн, эцэг эх
болон хүүхдийн, шашин, шударга ёс зэрэг нийгмийн нарийн асуудлыг уг кино
маань ширхэгчлэн ширгээн тун амьдралтай үзүүлсэнээр бүх дэлхийн иргэдэд
зориулсан бүтээл юм.. энэхүү бүтээлийг өнөө цагийн кино мастер, Ираны
кино урлаач Asghar Farhadi найруулж, өөрөө зохиолын бичжээ.. Asghar
Farhadi киноныхоо санааг аавыгаа усанд оруулж байгаа залууг хараад олсон
гэдэг.. Asghar Farhadi-ын энгийн хийцтэй\сонирхуулахад ямарч
хөгжимгүй\, ихэнхдээ гар камераас авсан энэхүү бүтээл нь Оскарын
наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагнал авсан анхны Иран кино
болсон бол Берлины кино наадмын түүхэнд шилдэг кино, шилдэг эрэгтэй,
эмэгтэй жүжигчин гэсэн гурван шагнал хүртсэн анхны кино болсон.. кино
ашиг орлогийн хувьд Ираны дээд амжилтыг тогтоосон ба бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 533-р байрт жагсдаг.. олон мэргэжилтэнгүүд
эл бүтээлийг 2011 онд бүтээгдсэн хамгийн шилдэг кино гээд зогсохгүй
сүүлийн арван жилийн дотор бүтээгдсэн шилдэг киноны нэг гэдэг бөлгөө..
сонирхуулахад, Termeh-д тоглосон Sarina Farhadi нь Asghar Farhadi-ын
төрсөн охин ажээ..
Comments
Post a Comment