Миний архичин найз


Withnail & I (1987). Өгүүлэх нь, жараад оны сүүл үе, тэнгэр уйлагнасан Лондон хотын Camden Town-ын нэгэн түрээсийн байранд урьд шөнө галзуутай сайн уусныхаа горыг амсан шарталтын зовиурт автан өрөөний голд суух эрийг Withnail \ Richard E. Grant\ гэх бол нөгөө өрөөнд мөн л архиа гаргахаар ногоорох эрийг Marwood \ Paul McGann \ гэдэг бөгөөд жүжигчин мэргэжилтэй ч ажилгүй \албаар ажил хийхийг хүсдэггүй ч гэхүү\ дампуурсан, лойчихсон хоёр этгээтэй таныг танилцуулаад цааш нь тэдний хөгтэй түүхээр аялуулахыг болгооно уу.. тэдний түүхийг үлгэр жишээ юмуу сургамжтай гэж хэлэхгүй ч хангалттай хөгжилтэйгөөс гадна оюун ухааныг тань амрааж, магадгүй зарим нэг дурсамжийг тань сэргээх болов уу гэж найднам.. андууд хоёр өрөөг хамтран түрээслэх бөгөөд угаагаагүй цонх, халтардсан шал, хаа сайгүй хөглөрөх архи, пиво, дарсны шил болон хог новшиндоо хутгалдсан эл байрыг нохой оромж л гэхээс өөр оновчтой үг эс олдоно.. устай онгоцонд нүцгэн сууж байхдаа хооллох, кофег тавганаас халбагдаж уух зэрэг сценүүд тух алдуулам ба хогийн цэг шиг тэдний гэрийн өмхий самхай барагалж дэлгэц нэвт цоолон үнэртэнэ..
Withnail бол хэлэмгий доломгой, үргэлж ууртай явах тэрээр хүмүүсийг үзэн ядсан харцаар шөвөгдөх бөгөөд гадна царай төрхөөсөө яруу найрагч юмуу уран зураач шиг онцгой харагдана, мэдээж усны үхэр шиг ууж идэх ч тэгсгээд тасарчихна.. Marwood гаднаасаа рок дуучин шиг харагдана, энэ залуу юм болгоныг нарийвчлан тунгаах боловчиг үр дүнд хүрэх нь барагтаа үгүй агаад андыгаа бодвол зөөлөн зантай нь ууж идэхэд нь ч харагдах ба юм үзээгүй юм шиг уухгүй ч нэг уухаараа харин тасарна гэж мэдэхгүй.. тэр хоёр дээр ганц зочин ирдэг нь хар тамхины наймаачин Danny болно, эндээс тэднийг бас хар тамхичид гэдгийг харж болно.. нэг айхтар уусны маргааш найзууд шараа тайлан пиво уунгаа өөрсдийнхөө жүжигчиний замнал бүтэлгүй байгаад дүгнэлт хийж, тэгээд үүнээ засч хийморио сэргээе хэмээн хөдөө хэд хоног амарчихаад ирэх болцгоох бөгөөд санааг Withnail гаргана.. Withnail-ын нэг баян хамаатан ах нь хөдөө нутагт зуслангийн байшинтай агаад зоориндоо үнэтэй дарсны цуглуулгатай байв, хэрэв залуус байшингийн түлхүүрийг авч чадвал есөн хүсэл нь биелнэ гэсэн үг бөлгөө.. Withnail болон Marwood нар хамаг байдгаараа гоён Withnail-ын хамаатны ах Monty-ын \ Richard Griffiths \ тансаг харшид очно.. Monty тавь орчим насны урлаг, уран сайхныг сэтгэлээсээ таашаан соёрходог нэгэн ба ганц бие энэ эрхэм ижил хүйстэнээ сонирхогч болой.. 
залуус Monty-ын “эмзэг” сэдэв болох урлагийн талаар уусан юмандаа улам халан ёстой нэг уран донгодож өгөх ба Withnail Marwood-ыг мундаг эрдэм номтой гэж Monty-д магтахаа мартсангүй.. яриа болон архиндаа хөөрсөн Monty согтоход залуус зуслангийнх нь байшингийн түлхүүрийг хулгайлж одно.. ногоорсон тал, хонь мал бэлчсэн хөдөөний агаар манай согтуу хоёрыг угтах агаад тэр хоёртой хамт бороо хөдөө нутагт ирэв үү гэмээр цагийн мөнхөд бороо цутган жаахан зутраах нь тиймхэн.. цэвэр сайхан агаар, дулаахан байшин, ууж барахгүй архи дарс байвч хоол хүнс түй ч байсангүй.. ууж суутал нэг хоногийг хөнгөхөн давах ч хоёрдахь өдрөөсөө хүн юм хойно өлсөж ирнэ.. тэдэнд мөнгө байсангүй, хүн амьтангаас хүнс гуйхад нутгийн иргэд үзэгдэж харагдаагүй согтуу залуусыг ад шоо үзэж төмс лууванхан өгөх хэдий ч архи уугчдад махан хоол эрхгүй хүсэцгээнэ.. зовсны эцэст амьд тахиатай болох ч яаж гаргах учраа олохгүй хөгөө чирнэ.. ингээд, уушийн газар хулгайн анчинтай муудалцаж, анчин Withnail-ыг сүрдүүлсэнээс хойш тэрээр унтахаас айж эхлэх агаад эндээс түүний ямаршуу аймхай болохыг харж болно.. хий хоосон айсан Withnail-ын байдал хийгээд хүнсгүйдсэн хүндхэн нөхцөл Marwood-дод буцах хүслийг төрүүлэхэд Withnail зоориндоо хорогдоод хаашаа ч явах сонирхолгүй байв.. нэг бороотой шөнө байшинд үл таних этгээд мяраан орж ирж манай хоёрыг зүрхээр явуулах дөхөх бөгөөд энэ хүн бол Withnail-ын айж байсан анчин биш мөнөөх гомо Monty харин бөөн хоол хүнс барьсаар ирж буй нь энэ ажээ.. Monty ингэж эелдэг загнан ирэх шалтгаан нь Marwood-ыг Withnail ижил хүйстэн хэмээн ахдаа хэлсэнээс үүдэлтэй ажээ.. эндээс Withnail-ыг амиа бодсон худалч болохыг харж болно.. кино энэ хэсэгт ирээд үйл явдлынхаа талд ирж цаашлах тусам сонирхолтой болох ба хөдөө нутаг найзуудын хувьд амралт биш харин нөхөрлөлийг нь шалгах шалгуур болж орхино.. 
энэхүү бүтээл нь элэг хөшөөм үйл явдлаар дүүрэн биш ч ухаалаг яриа, жүжигчдийн бишрэмээр тоглолтоороо хаа нэг газраа тун оновчтойгоор үзэгчдээ инээлгэж чаддаг.. гэхдээ Азийн үзэгчдэд барууны буюу Англи хошигнол харийн байхыг үгүйсгэхгүй.. дүрүүдийн харилцан ярианаас үзэгч тэднийг гудамжны архичид биш харин ч уран зохиол, улс төрийн өндөр мэдлэгтэйг олж харах ба энэ дүрүүд бол энэ цагийн үеийн нүдээр харахад өнөөгийн манай нийгмийг дүрсэлсэн мэт.. эл бараан комедийг \бас нөхөрлөлийн ч кино гэдэг\ Английн кино найруулагч Bruce Robinson өөрийнхөө амьдралаас сэдэвлэн кино зохиолоо бичиж бас найруулан кино болгосон ба эмгэнэлт инээдэм төрөлд багтана.. Marwood гэдэг нь найруулагч өөрөө юм, кино Marwood-ын өнцгөөс буюу бодрол маягаар өрнөнө.. Withnail бол ерөнхийдөө киноны гол дүр юм.. киноны төгсгөлд найзтайгаа салах ёс хийчихээд баруун гартаа шүхэр зүүн гартаа дарс баричихаад бороонд шүлэг чангаар унших Withnail-ын сцен хоосон, дүнсгэрээрээ сэтгэл хөдөлгөм бөгөөд энэ сцен бол бүх цаг үеийн хамгийн гоё төгсгөл сценүүдийн нэг болой.. Withnail бол хорвоод байсан, байгаа, байсаар ч байх бодит дүр юм.. 
та бидний эргэн тойронд Withnail-ууд байдаг, аягүй бол та өөрөө ч Withnail байж болно.. ямартай ч Withnail нь кино урлагийн түүхэндэх хамгийн онцгой дүрүүдийн нэг билээ.. жараад оны загвар \сонирхуулахад кинонд эмэгтэй хүн барагтаа бол гардаггүй\ болон тэр үеийн дуу хөгжмийг бүтээлчээр ашигласанаараа цаг хугацааны машин хэмээн судлаачдаас үнэлэгддэг ба их британы хамгийн томоохон култ классик киноны тоонд ордог ажээ.. Их Британы кино хүрээлэнгээс тус киног Их Британы бүх цаг үеийн хамгийн шилдэг 29 дэх кино болгосон бол “Total Film” сэтгүүл хамгийн шилдэг комеди киноны гуравдугаарт жагсаасан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 443-р байрт жагсдаг ажээ.. киноны харилцан яриа, ишлэлүүд энэ цаг үед маш их алдартай култ болжээ.. дашрамд сонирхуулахад, гол дүрийг бүтээсэн жүжигчид: Richard E. Grant , Paul McGann нарын хувьд энэ кино нь анхны бүрэн хэмжээний кино нь байжээ.. залуу халуун насны хариуцлагагүй, үгээ хэлтлээ ууж явсан үеийг чинь эргэн санагдуулах бүтээл ба та энэ киног үзсэний дараа ядаж ганц пиво уух хүсэл төрөхгүй байна гэж үгүй..

Comments

  1. Өө санаагүй юм сануулчих юм за сайхан пиво ууя даа

    ReplyDelete

Post a Comment