Аз жаргал яг шил шиг




Le Plaisir (1952). Maximillian Oppenheimer буюу кино урлагт Max Ophüls нэрээрээ алдаршсан кино найруулагчийн хамгийн оргил бүтээлүүдийн нэг "Цэнгэл" хэмээх тансаг, сэтгэл татам бүтээлтэй танилцая.. Max Ophüls германд төрсөн боловч нацистууд эх оронд нь засгийн эрхийг барих болсоноор Франц руу дүрвэж тэндээ суурьшсан байдаг.. түүний бүтээлүүдээс камерын мэдрэмжтэй, онцгой маягийн гулссан зураглалуудыг харж болох ба үргэлжийн хөдөлгөөнтэй байх камер үзэгчийг үйл явдал хийгээд дүрүүдийг дагаж яваа юм шиг, тэднийг ажиглах цонх болж өгдөг.. Max Ophüls-ын бас нэг авъяас бол үзэгч ном уншиж буй мэт сэтгэгдэл төрүүлэм киногоо өгүүлэх чадвар, түүний кино камерын мэдрэмжтэй хөдөлгөөн хийгээд өгүүлэх чадамжтай хоршсоноор номон дотор яваад орчих шиг болно.. 

одоо энд бичих киноныхоо зохиолын тэрээр Францын төдийгүй дэлхийн богино өгүүллэгийн мастер Guy de Maupassant-ын \ Guy de Maupassant-ын бүтээлүүдээс Max Ophüls-ын хамгийн дуртай гурван өгүүллэг\ гурван богино өгүүллэгийг ашигласан агаад кино маань гурван богино хэмжээний киноноос бүрдэнэ.. гурван кино гурвуулаа цэнгэл жаргал гэсэн нэг сэдвийг гурван өөр өнгө төрхөөр үзүүлэх бөгөөд тус бүр нь бодол доргиож, сэтгэлд хадагдана..
кинонд маш олон алдартай жүжигчид тоглосноос том гэсэн гурван жүжигчинийг товч танилцуулъя.. Францын кино урлагт маш том хувь нэмэр оруулж, олон арван сайхан дүр бүтээсэн Jean Gabin, мөн жүжигчинийх нь замнал найман арван жил үргэлжилсэн, Францын хамгийн том ододын нэг гайхамшигт Danielle Darrieux болон La Bête Humaine, Cat People зэрэг олон шилдэг кинонд тоглож явсан үзэсгэлэнт Simone Simon нар тогложээ.. ингээд, олон үг нуршилгүй гурван богино хэмжээний кинотой танилцая... 

Le Masque. Парисын зүг бүрээс хүмүүс нэгэн цуутай цэнгээний газрыг зорих ба том бүжгийн талбайд хөлөө тасартал бүжиглэх хөөрхөн, дэгжин хүүхнүүд болон тэднийг харж баясангаа шампаан дарс уух ноёнтонгуудыг та нэг төсөөлөөд үзээрэй.. ар араасаа эгшиглэх хөгжим хэнийг ч зүгээр суулгахгүй бол хөөс захруулан урсах шампаан дарс шөнийг барьж, нарыг саатуулна.. тус газарт гайхамшигтай бүжиглэдэгээрээ алдартай нэг залуу бий, тэр шөнө цэнгээн эхлүүт л салхи татуулан орж ирэн ядрахыг мэдэхгүй бүжиглэх бөгөөд ганган хувцасласан болов ч үргэлж масктай байх нь сонирхолтой.. нэгэн үдэш тэрээр ирдэгээрээ ирж, бүжиглэдэгээрээ бүжиглэж байгаад гэнэт ухаан алдан унах ба азаар ойрхон эмч байж таарна.. эмч түүнд анхны тусламж үзүүлэхийн тулд маскыг нь автал жар гаран насны цал буурал шахуу өвөө байх агаад хүмүүсийн гайхсанаас илүүтэй энэ өвөө шөнө бүр ирж хамгийн гойд сайхнаар бүжиглэдэг нь гайхамшигтай.. эмч өвгөнийг аваад гэрт нь хүргэж өгнө, гэр нь ядуусын байр байх агаад өвгөнийг эмгэн нь хүлээж байлаа.. эмгэн яаж уурлаж, хөөрхий муу өвгөнөө хэрхэх бол гэж эмч дотроо төсөөлж байтал харин эмгэн огтхон ч гайхсангүйгээр үл барам өвгөнөө дандаа ингэж оройгоор явдаг, түүний ганц жаргал нь энэ гээд залуу сайхан явахдаа бал бурам шиг үгэнд нь согтож эхнэр нь болсоноос хойш үнэндээ өдийг хүртэл  зарц шиг нь явлаа, энэ миний төөрөг юм билүү дээ гэдэг.. өвгөн салонд үсчин хийдэг бөгөөд үсийг нь засдаг залуу хүүхнүүдэд татагдаж, улмаар тэдэнтэйгээ хамт байж бүжиглэхийн тулд маск өмсдөг ажээ.. эмчийг өвгөнийхээс гарахад шөнө дуусаагүй байх агаад жаргал гэдэг залуу насны нэг хэсэг юмдаа гэж эмч бодсоор алхана...

 La Maison Tellier. 
Хагассайн өдөр бол хотын эрчүүдийн хувьд хүсэн хүлээдэг, алжаал ядаргаагаа тайлдаг өдөр буюу гагцхүү энэ өдрийг л бусад бүх өдрүүд нь тойрох мэт тийм чухалаа.. Julia бол итгэл олсон, хотын хамгийн алдартай янханы газрын эзэн хүүхэн бөгөөд түүний дор махлагаасаа туранхай хүртэл тав зургаан хүүхэн үнэнчээр ажиллаж, мөн хамт амьдарцгаана.. хагассайны орой бүр Julia-ын хоёр давхар байшинд хотын бараг бүх эрчүүд нас, зиндаа харгалзахгүй цуглаж наргиж цэнгэнэ.. нэг өдөр Julia-д хөдөө байдаг эгчээс нь охиныхоо христийн шашинтан болох ёслолд ирж оролцохыг хүссэн захиа ирнэ, хүүхэн “ажилчдаа” аван эгчийнх рүүгээ явах ба энэ нь алдартай янханы газар маань хэсэгхэн зуур ажиллахгүй гэсэн үг ээ.. хүүхнүүдийг хөдөө явсан хойгуур хотын эрчүүд ёстой л уйдаж үхэцгээнэ.. урт сандал дээр зэрэгцэн суусан эрчүүдийн уй гуниг, уйдсан сэтгэлийг саран авхай л хуваалцах ба уйдагсадын дотор хотын дарга, банкны ажилтан, даатгалын ажилтан зэрэг байхаас зарим нь бараг уйлах нь холгүй урвайна.. Julia-ын эгчийн нөхөр Joseph гэгч эр хүүхнүүдийг тосон бор бааз орон гэртээ аваачина, Joseph хүүхнүүдтэй тун элэгсэг, хүндлэлтэй хандахдаа Rosa гэгч хүүхэнд илүү тахимдуу хандаж, халамжлах агаад хөдөөний молхи эр гэхэд хамгийн гоё хүүхнийг нь ялгаж харах нүдтэй ажээ.. хөдөөний нам гүмд ирсэн хотын хүүхнүүд тэр шөнөдөө унтаж чадахгүй зовно, учир нь тэд хэзээ ч ийм амар тайвныг мэдэхгүй бөгөөд их хотын ужид амьдралдаа дассаных билээ.. төд удалгүй Julia-ын эгчийн охиных нь шашинд орох ёслол нэгэн сүмд болж хүүхнүүд ариун сүмийн орчинд ороод биеэ барилгүй цурхиртал уйлцгаана.. ёслол өндөрлөж хүүхнүүд хот руугаа буцах болсоныг тэмдэглэцгээж тэд зантайхан уухад Joseph нэлээн согтон Rosa руу чичрэн нэр нүүрээ барна.. гэхдээ тэрээр дараа нь уучлалт гуйх ба Joseph хүүхнүүдийг галт тэргэнд суулгаж өгчихөөд Rosa-г хараанаас алсартал галт тэргийг даган гүйдэг.. хүүхнүүд ирсэнээр хот ахин амь орох ба хүүхнүүд маань ч энэ амьдралаа санацгаасан нь илт ээ.. Julia-ын байшинд өрнөх садарлалт, архидалтыг цонхны гаднаас харуулах ба жаргалын нэг хэсэг болох цэвэр ариун байдал эл байшингийн гадна л бий... 

Le Modèle. Би нас дээр гарсан хүн.. хөгшин, ядарсан биеэ далайн эрэг дээр ээн суух дуртай бөгөөд өнгөрсөнөө эргэн дурсан ийнхүү суух нь жаргалтай санагддаг билээ.. нэгэн бүрхэг өдөр ийнхүү сууж байтал миний өмнүүр тэргэнцэртэй эхнэрээ түрсэн залуу өнгөрсөн бөгөөд олон жилийн өмнө энэ эр, эм хоёрт тохиосон эмгэнэлт түүхийн гэрчийн хувьд би танд эл түүхийг ярьж өгье.. Jean бол өсөх ирээдүйтэй, авъяслаг уран зураач хэдий ч онгод шүтээнээ хүлээн гараасаа олигтой бүтээл туурвиж амжаагүй яваа ба нэгэн өдөр гудмаар явж өнгөрөх Joséphine гэх голшиг гоё хүүхэнд дурлаж орхино.. Jean-ны уран бүтээлийн онгод нь янаг сэтгэлтэйн хамт ийнхүү ирэх бөгөөд Joséphine-ны араас хөлөө хугартал гүйсний эцэст найз хүүхнээ бас уран зургийнхаа модел болгож чадна.. ингээд хэдэн сар өнгөрөхөд Jean-ны уран зураг бэлэн болж хосууд маш их мөнгө олох агаад зураг зурагдах явцын хэдэн сард хосуудыг ямар янаг халуун байсныг асуух хэрэггүй.. гэтэл жаргал удаан үргэлжилсэнгүй, зураг бэлэн болсоноос хойш Jean-ны сэтгэл хөрж, өдөр хоног өнгөрөх тусам Joséphine-ээс залхаж, сүүлдээ бүр үзэн ядаж, дээрхэлэнгүйгээр үл ойшоож хандах бол Joséphine харин яг эсрэгээрээ түүнгүйгээр амьдарч чадахгүй болж харин ч гэрлэхийг хүснэ.. Jean хүүхнээс зугтаж найзындаа байх үед нь Joséphine орон дотроо хайртыгаа хүлээн хүлээн хэвтэнэ.. Joséphine сурагласаар Jean-ыг олж ирэхэд залуу түүнийг үл тоож, бүр хөөхөд Joséphine тэгвэл би үхнэ гэхэд нь Jean тэг тэг хэмээснээр хүүхэн цонхоор шууд үсэрчихдэг.. Joséphine-г үсэрдэг сцен тухайн үедээ тун бүтээлч байсан бөгөөд үзэгч Joséphine-тэй хамт цонхоор үсрэх мэт сэтгэгдэл төрүүлэм зураглалтай.. хүүхэн амьд үлдсэн ч суумгай болсон агаад Jean нүгэлээ цайруулах гэж түүнтэй гэрлэн хамт байх болсон.. миний ярьсан түүх хүн жаргахын төлөө үхлээс ч айдаггүйг харуулсан болов уу..

Comments