Америк Гэйша






Breakfast at Tiffany's (1961). Нью Иорк хотод өглөө иржээ.. бөмбөрцөгийн хамгийн завгүй, бохир хотын нүргээнтэй амьдралын хөдөлгөөн дөнгөж сэрэх зуур нэгэн такси үнэт эдлэлийн Tiffany & Co гэх дэлгүүрийн өмнө ирж зогсох агаад машинаас хар даашинзтай гоолиг бүсгүй шууд алхасаар дэлгүүрийн шилний цаана хараа сохлом хурц гялалзах ч сэтгэл гижигдэх үнэт эдлэлүүдийг мөрөөдөн харангаа нарийн боов болон кофе уух нь бүсгүй өглөөний ундаа үргэлж тус дэлгүүрийн өмнө хар өглөөгүүр ууж заншсаных ажээ.. энэхүү эхлэл сцен нь кино урлагийн түүхэндэх домогт эхлэлүүдийн нэг гэгддэгийг хэлье.. цайлж дууссан бүсгүй гэр рүүгээ явж байгаад өөрийг нь гэрийнхэн үүдэнд шөнөжин хүлээсэн эртэй халз мөргөлдөн согтуу эрээс шөнөжин зугтаасан шигээ хөлсний байр руугаа чавхдан одоход араас нь архи нь гараагүй эр янаг сэтгэлээ илэрхийлсээр үлдэнэ.. шөнийн цэнгээндээ алжаасан бүсгүйн гүн нойрноос хонхны чийртэй чимээ сэрээж, тус байранд шинээр хөрш болж ирж байгаа өндөр, шар үстэй царайлаг залууд гадаах хаалгаа тайлж өгөхөөс аргагүйдэн босно, залуу өршөөл ирж энд шинээр нүүж ирж байгаа учир учраа сайн олохгүй байгаагаа учирлахад бүсгүй түүнийг хэзээний таних мэт гэртээ оруулан цаг асууж, ойр зуурын яриа үүсгэнэ..

залууг Paul (George Peppard) гэдэг бөгөөд залуухан зохиолчийг цамцнаас өөр нүцгэн биеэ халхлах хувцасгүй таг нойрмог хэрнээ өөрийг нь хэдийнээ таньдаг мэт нүүрэмгий харьцах бүсгүйн хээ шаагүй, хүүхдээрээ ч гэмээр тоомжоргүй зан гайхашыг нь бараад зогсохгүй хосгүй хөөрхөн төрх, гоолиг сайхан бие нь соронз лугаа татна.. бүсгүйг Holly (Audrey Hepburn) гэдэг ба тодорхой ажилгүй, үзэсгэлэнтэй сайхан төрсөнөө ашиглан томоохон үдэшлэгүүдээр хэсч баян эрчүүдтэй “найзлаж” өөрийгөө болгох агаад туйлын хүсэл нь баян, ганц бие эртэй хуримлаж амьдралаа баталгаажуулах.. Paul бүсгүйг нохой гахай шиг бохир суудгийг дорхоноо ажиглаж, шинэ хөршдөө зочломтгой загнахаас нь угийн ийм нүүрэмгий, дүрсгүй болохыг нь ойлгохоос гадна мууртайгаа хамт амьдардагийг нь, муурандаа маш их хайртайг нь бас олж харна.. бүсгүй яриан дундаа цаг хэд болж байгааг асуун яарч эхлэх бөгөөд тэрээр шоронд байгаа нэг эрхэм найз дээрээ очиж цаг агаарын мэдээ сонсох ёстойгоо хэлсээр даруй гарч явна.. хуй салхи шиг түргэн хөдөлгөөнтэй Holly-ын шоронд байх найз нь үнэндээ мафийн гишүүн агаад бүсгүйгээр дамжуулан цаг агаарын мэдээ гэсэн өнгөлөн далдласан нууц үгээр хамсаатандаа мэдээ дамжуулдаг ба гэнэн Holly уг нарийн учрыг нь мэдэлгүй мэдээ дамжуулсаны хөлс болох овоо хэдэн цаасандаа хууртагдана.. 

Paul болон Holly хоёр гэрээс гарч яваад Paul-ын ивээн тэтгэгч Emily (Patricia Neal) гэгч баян, насаар лав л тэр хоёроос багадаа арав эгч хүүхэнтэй таарсанаар энэ өдрийн явдал өндөрлөнө.. маргааш шөнө нь Holly бас л нэг согтуу эрээс зугтаан аргагүйдэн шинэ найз Paul-ын байр руу цонхоор нь орно, бүсгүй орохоос өмнө цонхоор Emily ширээн дээр мөнгө тавьчихаад орондоо хэвтэх залууг үнсчихээд явахыг харж одоо орж болох нь гэж бодсоор явж орно, Paul цочих ч дандаа гэнэтийн байдаг Holly-ыг ойлгодог болж иржээ.. бүсгүй учраа хэлж гэмгүй хамт ярьж хонохыг гуйх ба тэд хамт архи ууцгааж илүү дотносно.. Holly цэрэгт явсан дүүгээ хүлээж, дүүгээ ирэхэд нь ахиухан мөнгө хуримтлуулах ёстойгоо бас дүү нь энэ ертөнцөд түүнд байгаа ганц хүн гэдгээ хэлж, сайхан амьдрахад мөнгө л чухал тиймээс би заавал баян хүнтэй сууна гэнэ, тэрээр бүр улс орнуудын хамгийн баян ганц бие эрчүүдийг цээжээр нэрлэж чадна.. Paul ч бас ариухан амьтан байсангүй, амжилт олж, нэрд гараагүй ядуу зохиолч баян хөгшин хүүхний нууц амраг болсон агаад энэ байраас нь авхуулаад өмсөх хувцсыг нь ч нууц амраг нь авч өгдөг байв.. маргаашнаас нь тэд сайн найзууд болж, Holly хаа явсан газраа Paul-ыг дагуулж, бие биенийхээрээ орж гардаг болцгооно.. нэг удаа Holly баячуудтай танилцахаар гэртээ үдэшлэг зохиож байгаагаа, тэнд нь нэр нөлөөтэй олон хүн ирнэ, чи ч бас ир гэж Paul-ыг урина.. 
Paul хэзээч харж байгаагүй үдэшлэгтээ очиж баян эрхэмүүд ч бас авиргүй загнаж, эх адаггүй цэнгэдэгийг харах агаад Holly энэ зуур нэг бүдүүн баян эрийг урхидаж бас нэг бразилийн чинээлэг залуутай ч учир ургуулж амжина.. энэхүү үдэшлэгний сцен мөн л их алдар нэрийг олж, ирээдүйн үдэшлэгийн өнгө төрхийг зурагласан хэмээдэг.. дараагийн өдрүүдэд Paul байрных нь гадаа цаг тутам нэг эрхэм тагнуулдаад байгааг олж анзааран учрыг олохоор шууд тэр хүн рүү явж очиж хэрэг зоригийг нь асуухад: тавин орчим насны хөдөөний байрын эр өөрийгөө Doc гээд Holly-ын нөхөр гэнэ, тэрээр гэрээс нь зугтаасан эхнэрээ дагуулж явахаар ирсэн гээд цааш нь: Holly-г үнэндээ Lula Mae гэдэг бөгөөд арван дөрөвтэй байхад нь эхнэр болгож авсан ч зугтаачихсан, чи надад туслаач гэхэд Paul дургүй ч зөвшөөрнө.. 

Paul эхнэр, нөхрүүдийг уулзуулна, Doc бүсгүйг хамт буцъя гэж хичнээн гуйвч Holly татгалзаж, хөдөөний охин байхаа больсон, намайг тайван орхи гэж хэлээд үлдэх бөгөөд тэрээр дотроо Doc-ыг ер нь нөхрөө гэж үздэггүй ааваа гэж хардаг байсан нь салах мөчид урсах нулимс нь илтгэх мэт.. уг явдалд сэтгэл нь хөдөлсөн бүсгүй согтотлоо хамт ууя гэж Paul-д хандаж, улмаар тэд сайн уух ба энэ үед бүсгүй өнөөх бүдүүн баян эртэй суухаар төлөвлөсөнөө Paul-д хэлнэ.. Holly-оос урам зориг авсан Paul оюуны ажилдаа эрчимтэй орсон байсан нэгэн өдөр бүсгүйг тагтан дээрээ гитар тоглон дуулж байхыг харах агаад Holly дуулж байхдаа ер бусын сэтгэл татам харагдаж, чухам энэ үед л Paul түүнд хайртай болсоноо ухаардаг.. Audrey Hepburn-ны энэхүү дуулдаг сцен эл киноны хамгийн алдартай, оргил мөч ба "Moon River" хэмээх дуу ямарч хүний сэтгэлийг татдаг аа.. хэдэн өдрийн дараа, Paul сонинд өгүүллэг гарган багагүй мөнгө олох бол Holly-ын нөгөө бүдүүн баян нь өөр хүнтэй сууж орхино.. Paul-ын амжилтыг тэд тэмдэглэхээр болж, ингэхдээ өмнө нь хэзээч хийж байгаагүй зүйлсээ хийхээр болж бүтэн өдрийг хамт өнгөрүүлнэ.. тэд Holly-ын хэзээч орж үзээгүй номын санд орохоос гадна жаахан хүүхдүүд шиг сахилгагүйтэж дэлгүүрээс хулгай хүртэл хийж нэг өдрийг сайхан өнгөрүүлэх бөгөөд гэртээ ирсэн хойноо хайр сэтгэл хийгээд хүсэл тачаалдаа автан үнсэлцэж цаашлан нэг оронд орцгооно.. 

маргааш өглөө Paul-ыг сэрэхэд Holly байхгүй байх агаад харин Emily хүрэлцэн ирнэ.. Paul эгчмэд амрагтаа салъя гэтэл Emily мөнгө сарвайж наад охиноо аваад хэд хоног зугаацчихаад ир, салахгүй шүү хоёулаа гэхэд нь Paul уурлаж гоё эгчээсээ эгнэгт харилцаагаа тасалдаг.. Paul, Holly хоёр секс хийснээс хойш бүсгүй Paul-аас зугтах агаад Paul түүнийг өөрийн болсон гэж итгэсэн хэдий ч Holly улайн цайм хөндий харьцаж, бүр нөгөө үдэшлэг дээр танилцсан Бразил эртэй суухаар болсон гэдгээ хэлж, Paul хайртайгаа хэлж, хувь заяагаа холбоё гэж яаж ч гуйсан бүсгүй эрс татгалздаг.. уг явдлаас хойш тэд эргээд энгийн найз болох бөгөөд Holly бразил эртэйгээ хамт байхад нь дүү нь цэрэгт үхсэн гэсэн шуудан ирсэнээр бүсгүй бараг галзуурна, уг эмгэнэлт явдал түүнийг улам ирээдүйдээ итгэлгүй, харгис болгох ба бушуухан мөнгөтэй эр дагаж жаргая гэсэн хүслийн улам бадраана.. ингээд, Paul нүүхээр болж, харин Holly Бразил явахаар болж тэд сүүлийн удаа уулзаж хооллохоор болзох үед нь тэднийг цагдаа нар баривчлах ба бүсгүйг хар тамхины мафийн мэдээллэгч байсан гэсэн үндэслэлээр хорих хэдий ч Holly-ын олон найзтайн хэрэг гарч нэг том эрх мэдэлтний ачаар суллагдах бөгөөд дөнгөж суллагдсан бүсгүйг Paul такситай хүлээж байна.. бороо орж, юу юугүй харанхуй болох дөхжээ, харин таксинд Paul, Holly болон муур хамт явах ба бүсгүй бразиль нисэх онгоцноосоо хоцорлоо гэсээр үглэхэд залуу түүнд нэг захиа өгнө, захианд  Бразил эр бүсгүйн хар тамхитай холбогдсоноос болж суухгүйгээ хэлсэн байх хэдий ч үхтэлээ уурласан Holly заавал Бразил явна, өөр хүнтэй суусан ч хамаагүй явна гээд уураа муурандаа гарган машинаа зогсоон гудамжинд хөөж гаргадаг.. Paul үлдэхийг гуйж хамт амьдрая гэхэд бүсгүй хайр гэж байдаггүй ашиг хонжоо л гэж бий, хүн хүнээсээ хамаардаггүй, хайр бол шорон гэхэд залуу түүнд хандаж: чи бол амиа хичээсэн хулчгар, чи хаана ч очсон амиа бодсон, бусдад итгэж, бусдыг хайрлаж чаддаггүй энэ хязгаардагдмал шорондоо үүрд үлдэнэ гэж хэлээд гэрлэх санал тавихаар зэхэж байсан сүйн бөгжөө шийдчихээд муурыг олохоор машинаас гарч явдаг.. Holly энэ үед ямар тэнэг, гэнэн байснаа ухаарч, одоо л хайрынхаа араас явахгүй бол насаараа харамсана гэж ойлгон машинаас бушуухан бууж муур болон хайртай Paul руугаа гүйдэг ээ.. 
   
Америкийн кино найруулагч Blake Edwards замналынхаа хамгийн оргил бүтээлээ Truman Capote-ын киноны ижил нэртэй “Breakfast at Tiffany's” туужаас сэдэвлэн бүтээсэн ба уг тууж Truman Capote-ыг дэлхийд таниулсан.. хэдий оригнал тууж кино зохиолоосоо өөр буюу аз жаргалтай төгсдөггүй боловч George Axelrod эх бүтээлийг мундаг кино зохиол болгож, улмаар тэр жилийнхээ Оскарын шилдэг кино зохиол төрөлд нэр дэвшсэн байдаг.. хөнгөхөн хэмнэл, өнгөлөг зураглал, чихэнд чимэгтэй дуу уг киног хамгийн ганган тансаг хийгээд загварлаг кино болгодог ба эл кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 631-р байрт жагсдаг.. хөдөөнөөс их хүсэл тээж ирсэн охин хотын амьдралд ороод мөнгө л чухлыг ойлгож хэрхэн төөрөгдөн алдаж байгааг болон Америк маягийн гэйша болж буруу замаар орж байгааг нэгэн зохиолчийн нүдээр харах ба сонирхолтойн нүд чих болсон зохиолч маань өөрөө бас нэгэн төрлийн биеэ худалдагч буюу энэ киноны гол дүрийн хоёр хоёулаа тэнүүлчид боловч хоёр биенээ олсоноор модерн насанд хүрэгчдийн сонгодог хайрын түүх бий болно.. киноны гол хоёр дүрийн нэг Paul-д жүжигчин George Peppard тоглосон ба түүнийг дэлхий энэ дүрээр нь л дурсах болов уу.. Paul киноны гол дүр Holly-ыг ажиглагч, үзэгчийн үүргийг давхар гүйцэтгэх бөгөөд номхон, хүлцэнгүй тэрээр бүсгүйг аялдан дагах боловч нөгөө талаар бүсгүйг зөв замд чиглүүлдэг билээ.. Holly буюу киноны гол дүрийг холливуудын сахиусан тэнгэр, домогт Audrey Hepburn бүтээсэн ба ерөөсөө энэ кино бол тэр чигтээ Audrey Hepburn юм.. уг кино Audrey Hepburn-ын хамгийн алдартай хийгээд хамгийн ихээр олонд дурсагдан үлдсэн дүрээс нь гадна кино урлагийн түүхэнд тохиосон хамгийн сэтгэлд хоногшим эмэгтэй гол дүрийн нэг болжээ.. 

Audrey Hepburn уг дүрээрээ жараад оны загварыг төлөөлөөд зогсохгүй цаашдын загварын ертөнцөд түүний үсний засалт, хар даашинзаас өгсүүлээд кинонд өмссөн бүх хувцас нь домог болж үлдсэн бөгөөд биеэ авч яваа байдал зэрэг нь үе үеийн охид хүүхнүүдэд нөлөөлж чадсан бишрэм дүр болжээ.. Truman Capote зохиолоо бараг Marilyn Monroe-д зориулж бичсэн бөгөөд түүнийг тоглуулахыг хүсч, Audrey Hepburn-г тоглохоор болоход маш их дургүйцэж байжээ.. Marilyn Monroe киноны бараг янханы гэмээр дүр нь нэр төрд нь харшилна гэсээр татгазлсан бол Audrey Hepburn энэ кинонд тоглосноороо Оскарт нэр дэвшээд зогсохгүй холливуудын хамгийн алдартай, загварлаг эмэгтэй дүрийн бүтээгч болсон.. уг киног алдартай болгодог нэг зүйл бол киноны дуу юм.. киноны дууг Henry Mancini бичсэн ба дүрээ маш их бодсоны үндсэн дээр бас жаахан халамцуудаа зохиосон гэдэг.. дуугаа Audrey Hepburn өөрөө дуулаад бэлэн болгосон ч кино багийнхан хасах санаатай байтал бүсгүй чанга эсэргүүцсээр дуугаа авч үлдэж чаджээ.. энэ дуу бол бүх цаг үеийн хамгийн гоё киноны дууны нэг бөлгөө.. охид хүүхнүүд сор сувд, байгаль дэлхийн гайхалтай бүтээл Audrey Hepburn-ын гоо үзэсгэлэнг биширмү..

НЭМЭЛТ: Холлигийн өндөр "шиньон" үсний засалт, соруултай тамхи барьсан дүрх төрх 20-р зууны Америкийн кино урлагийн хамгийн алдартай дүрийн нэг болсон; мөн Холлигийн нарны шил маш их алдартай болжээ. Сайхь нарны шилийг Ray-Ban-ийнх гэж андуурдаг аж, харин үнэндээ Лондонд Оливер Голдсмитийнх зохион бүтээсэн шил аж. Жүжигчин Одригийн дүрд зориулж Givenchy-ийн бүтээсэн гурван даашинзны нэгийг 2006 онд $947,000 үнэ хүрч дуудлага худалдаагаар зарагдсан түүхтэй. Киноны эхэнд Одригийн өмсдөг Givenchy-ийн "бяцхан хар даашинз" 20-р зууны кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай хувцаснуудын нэг ба магадгүй хамгийн алдартай нь ч байх. Хоёрдахь "бяцхан хар даашинз"-ийг кинонд Холли Саллитай уулзахаар шорон руу явахдаа өмсдөг агаад найруулагч Кристофер Нолан "The Dark Knight Rises" киноныхоо Селина Кайл дүрдээ энэ даашинзыг өмсүүлж Одригийн дүрд хүндэтгэлээ илэрхийлдэг.  

Comments