Au Hasard Balthazar (1966). Кино урлагийн гэгээнтэн Robert Bresson-ын хамгийн гайхалтай наманчлал буюу кино, цэвэр ариуны туйл болсон нэгэн бүтээлийг товчхон танилцуулъя.. Robert Bresson-ын тус бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны жагсаалтад тогтмол дээгүүр \тодруулбал, бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 35-р байрт жагсдаг\ бичигдсээр иржээ.. юмны зөвхөн гадна талыг чухилчилдаг хүнд бол энгийн, онц гойд юмгүй, уйтгартай мэт санагдавч аливаа юмны дотогш, мөн чанар руу өнгийж чаддаг хүнд бол хүний мөн чанар хийгээд амьдралын утга учрын талаар өгүүлэх хүчтэй өгүүлэмжтэй бодрол, эргэцүүлэл болсон бүтээл юм.. хүн гэх амьтаны дотор орших муу муухай бүх зан чанарыг элдэв маяггүйгээр, яг тэр байдлаар нь харуулсан нь тун үнэмшилтэй бүтээл бөгөөд гутранги өнгө аясаа найруулагч маань их зохиолч Ф. М. Достоевскийн “Маанаг” романаас урам зориг, эрч хүчин аван туурвижээ.. хотжиж, иргэнших нь сайн талтай ч бас нөгөө талдаа олон сөрөг үр дагавартайг тус кинонд тусгасан мэт ба хүн угаасаа муу \тэнэг\ учир ёс суртахуунлаг буюу бурханлаг байхгүйгээр ямар ч хөгжлийг хүлээж авахгүй, ингэсэн тохиолдолд улам тэнэгшрэх бодгаль хэмээсэн мэт..
он
цагийн хэлхээсээс үл хамааран уг кино нь, хүмүүс бидний хүсэл, шуналдаа л
хөтлөгдсөн, үнэндээ амьтанаас ч долоон дор болж буйг харуулна. Хүнийг
тэнэг, адгийн талыг хангалттай илчлэсэн бүтээл. Ерөөсөө оюун ухаант
хүмүүсийг шүүмжилсэн, нэгийг бодуулж, нүүр рүү нэг сайн дэлсээд авсан
бүтээл.. Францын суут найруулагч Jean-Luc Godard: “ энэ киног цаг
хагасын дотор дэлхийг тойрох, хорвоог туулах боломж” хэмээн магтсан
удаатай.. киноны үйл ядлыг товчхон өгүүлье.. Францын хөдөө нутгийн хаа
нэгтээ киноны гол “дүр” болох илжиг Balthazar төрөх бөгөөд илжигний
балчир нас киноны бас нэгэн гол дүр болох хөдөөний охин Marie-тай
холбогдох буюу цэвэр ариун, сүү шиг цагаахан Marie-ын хар багын найз нь
Balthazar илжиг болж, тэд хамтдаа өсөн торнино.. охин хөршийнхөө
хөвгүүнтэй дотно үерхэж, улмаар нас нэмэгдэхийн хэрээр тэдний энгийн
үерхэл амттай ч бас исгэлэн хайр хэмээх жимс лугаа болж ирэх бөгөөд
өсвөр нас ирэхэд Marie-ын найз хөвгүүн “намайг хүлээж байгаарай” гэсээр
хот руу явж одохтой зэрэгцэн Balthazar илжиг ч өөр хүнд зарагдана..
хөдөөний гэнэн ичимхий охин Marie нутгийн муу залуу болох танхай
этгээдийн худал сайхан үгэнд үнэмшсээр онгон бие хийгээд хүнд итгэх
итгэлээ алдах бол охины үнэнч анд Balthazar эзэнээс эзэнд зарагдаж,
зарагдах тутамдаа илүү муу эзэнд очин хөөрхийлөлтэй байдалд байна..
жинхэнэ, ариун хайрыг үзээгүй Marie бүсгүй хүний сул дорой, ядруухан
амьдралаасаа болж муу эрчүүдийн гарын шүүс болж зовох бол Balthazar
охиноос салах мөчөөс л олон эзэний нүүр үзэж, эзэн солигдохын хэрээр
илжигний зодуулах, зовох нь ихсэж, улам бэрх болно.. охин болон илжигний
“хүүхэд” үедээ хагацах мөчөөс үзэгчид охин, илжиг гэсэн зэрэгцээ хоёр
ертөнцийн амьдралыг зэрэгцүүлэн тольдож, хоёр өөр янзын нүдээр энэхүү
бүтээлд анализ хийх болов уу.. ямар ч байсан тэдний амьдрал муу
хүмүүсээс муу хүмүүсийн гарт шилжих бөгөөд биеийн ашиглая, дураа хангая
гэсэн хүмүүсийн хорон тачаалын бай нь Marie болох бол буянлаг, өгөөмөр
сэтгэлгүй төмөр шиг зүрхгүй тэнэг хүмүүсийн гарын шүүс хөөрхий илжиг
Balthazar болдог..
киноны төгсгөлд хөгширч, ядарсан Balthazar хүний
гараас ангижран бөөн хонины дунд орж амар амгалантайгаар үхэж байгаа
сцен бол гайхалтай юмаа.. хүнээс салж амьтдынхаа дунд орсоор нэг юм
амрах тэр илжиг.. илжиг нь Европт үнэнч дуулгавартай, номхон буянтай
амьтан гэгддэг бөгөөд эл кинонд байгаль, цэвэр нандин \бурхан\ бүхнийг
төлөөлж байгаа болно.. энэ бүтээл бол илжигний нүдээр хүмүүний амьдралыг
байгаа чигээр нь үзүүлэхийг оролдсон суут кино найруулагчийн амжилттай
санаа юм.. кино гарсан даруйдаа амжилт олоогүй ба цаг хугацааны үнэний
шалгуураар шүүгдэн энэ цаг үед ирэхдээ заавал үзэх киноны тэргүүнд
бичигдээд зогсохгүй их найруулагч Robert Bresson-ын хамгийн бүрэн, бүтэн
хийгээд шилдэг бүтээл нь гэгдэх болжээ.. угаас жүжигчидтэй тэр дундаа
од жүжигчдээс татгалздаг Robert Bresson-ын хувьд илжиг нь санаагаа
илэрхийлэхэд амар модел байсан болов уу, учир нь тэрээр жүжигчдийг модел
л гэж үздэг арга барилтай.. киноны гол дүрийн нэг Marie –д оросоос
Францад цагаачилсан хунтайжын охин буюу гүнж гаралтай Anne Wiazemsky
\тэрээр 1967 оноос 1979 оны хооронд Jean-Luc Godard-ын эхнэр байв\
тоглосон ба түүний жүжигчиний замналын дебют нь байв.. Anne Wiazemsky
дуртгал номондоо: киноны зураг авалтын үеэр Robert Bresson-нд татагдаж,
унтах шахсан ч эцэст нь эсэргүүцсэн ба кино багийнхны нэг эртэй унтаж
онгоноо өгсөн гэдгээ бичсэн байдаг.. энэхүү бүтээл нь кино урлагийн
үүргийг элдэв шалтгаангүй гүйцэтгэсэн цэвэр кино бөгөөд шашинлаг,
хүмүүнлэг болон жам ёсны байдлыг төгс зурагласанаараа шижир алт болсон
урлагийн жинхэнэ бүтээл бөлгөө.. дашрамд сонирхуулахад, эл бүтээл маань
алдарт кино найруулагч Michael Haneke-ын хамгийн хайртай кино ажээ..
Comments
Post a Comment