Сахиусан тэнгэрийн нулимс




Lilya 4-Ever (2002). Энэ цагийн шилдэг кино найруулагчдын нэг Lukas Moodysson-ны \Швед\ голлох бүтээлүүдийнхэн нэгийг товчхон танилцуулъя. Өмнө нь түүний “Fucking Åmål”-ыг танилцуулж байсан билээ. Швед улс дэлхийн кино урлагт хүлээн зөвшөөрөгдсөн уламжлалттай агаад Ingmar Bergman-аас хойш Швед улсын кино нүүр царай, уламжлалыг Lukas Moodysson амжилттай тахалж байна. Өсвөр насныхны секс амьдрал, үүнд хандах хандлага зэргийг хурц боловч гашуун бодитойгоор, элдэв чимэглэлгүй шулуухан хүргэдэг нь энэ найруулагчийн дахин давтагдашгүй чадамж юм. Үүн дээрээ нэмээд түүхэн нөхцөл буюу тухайн \ер нь ямар ч нийгэм\ нийгмийн баргар сүүдэртэй тал хэрхэн дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хүүхдүүдийн нурууг “хугалж”, ирээдүйг нь баллаж байгааг бараантсан “хараар” харуулна. 

Нэн ялангуяа уг бүтээл нь тун хүнд сэдэвтэй бөгөөд эхнээсээ авхуулаад дуустал сайн сайхан зүйлсийг үл өгүүлнэ. Үүгээрээ амьдралын гашуун үнэн, гоёл чимэглэлгүй жинхэнэ амьдралыг нүүрэн дээр тулган аваачих ба далд санаа нь хүн хүнээ гэсэн сайхан, өөдрөг сэтгэлийг бадрааж, бидний нийгэмд ийм харанхуй тал байдаг шүү, бид бүхэн хүнлэг сэтгэлээрээ үүнийг давах буюу гэрэлтүүлэх ёстойг сануулсан, дохио болсон бүтээл гэж бодох.

Кинонд тусгагдсан дараачийн чухал санаа бол, үүрэг хариуцлагага хүлээх чадамжгүй байж, амьдралд гэнэн томоогүй хандаж, улмаар нэгэн шөнө, хэсэгхэн тачаалын үрээр хүүхэдтэй болохын буруу зөвийг харуулна. Амьдралаа сайтар төлөвлөхгүйгээр төөрөлдсөн шийдвэр бүү гаргагтун. Эцэг эхгүй өссөн хүүхэд ямар хүн болж өсөн торниж болохын бараан талыг уг киноноос харж болно. Мөн тэгээд хүүхэдтэй болсон бол болсон шиг болох буюу бүрэн дүүрэн хариуцлагатай байхыг шаардсан болно.

Киноны үйл явдал СОЦ нийгмийн үед Эстон улсад болно. Хотын тохжилт, байшин барилгууд хэдэн жилийн өмнөх Монголыг ч санагдуулах мэт. Барагалж хүнгүй мэт, цаанаа л дүнсгэр, хоосон уур амьсгал нь киноны чиг шугамыг илтгэнэ. Өсвөр насны \15-16 настай\ Lilya охин эхийн хамт гурван өрөө байранд амьдарна. Тэдний амьдрал базаахгүй ба эх нь зуучлах товчоогоор дамжуулан нэгэн Орос эртэй танилцаж, улмаар хамтдаа АНУ явахаар болно. Орос эр харин Lilya-г дагуулж явж чадахгүй гэнэ.. эх нь, даанч муу хүн байж, охиноо эргэж ирээд аваад явна гэсээр орхиод явна. Өөрийг нь үүрд орхиж байсанг Lilya яаж мэдэх билээ. Төд удалгүй нагац гэх авгай хүрч ирэн байрны чинь мөнгийг төлж дийлэхгүй, илүү жижиг, хямд байранд ор хэмээн нэг умгар байранд Lilya-г хүчээр оруулж, өөрөө гурван өрөөг нь авчихна. Хөөрхий охинг өмөөрөх, хамгаалах хүн байсангүй. Lilya өдөр бүр ээжээсээ захидал хүлээн амьдарна. Хичээлдээ ч суухгүй бөгөөд Volodya гэх өөрөөсөө хоёр насаар дүү хөвгүүнтэй танилцана.

Volodya архичин аавдаа ад үзэгдэж хөөгдсөн, нэг ёсондоо Lilya-ын адил хувь тавилан эдэлж буй орхигдсон нэгэн. Тэд хоёр биендээ хань болж хамт амьдрах агаад хамтдаа байснаар гансрал хоосролоо бага ч болтугай тайлна. Ингэхдээ тэд цавуу үнэрлэж мансуурна. Зовлон нэгтэй тэд дотно найз болох агаад хэн хэнийхээ хайр халамж дутагдсан зүрхэнд түшигтэй дулаан илч болж байв. Lilya-н мөнгө тэгсээр дуусна. Ээжийгээ хүлээгээд хэрэггүйг ойлгоно. Нагац нь байрын аваад охиныг хаясан байв. Байр нь тоггүй, өлссөн Lilya аргагүйн эрхэнд ангийнхаа “хөдөлгөөнтэй” охиныг дагаж ойролцоох хот руу явж шөнийн клубт орно. Найз охин нь ингэж биеэ үнэлж сурсан ба Lilya-г уруу татна. Эхний удаа Lilya зөвхөн хань болж даган явах боловч сургууль, мөн ойр тойрныхон нь үүнийг мэдчихнэ. Биеэ үнэлээгүй Lilya найзынхаа муу нөлөөнөөс улбаалж муу нэртэй болчихно. Өдөр хоног өнгөрсөөр харин охин амьдрах хэрэгтэй байлаа. Янхан болоогүй байтал янхан нэртэй болсон түүнийг ойр орчмын залуус нь хүчиндэнэ. Хэтэрхий бага Volodya яаж ч чадахгүй.

Ийнхүү амьдралдаа гутсан охин биеэ үнэлэхээр шийдэж өнөөх хот руу явдаг болно. Хоосон хонохоос ангижрах ба Volodya тэр хоёр ууж идэн давгүй амьдрах болно. Энэ үед Lilya бааранд Andrei хэмээх дэгжин, царайлаг залуутай танилцана. Andrei бусдаас шал өөр байлаа. Тэрээр бүсгүйг хатан шиг л хүндлэхээс гадна хүссэнийг нь биелүүлж байв. Өөрийгөө Шведээс ирсэн гэж танилцуулсан Andrei мөд буцах ба охиныг хамт явъя, тэнд ажил олж өгөөд хамт жарган сууя гэнэ. Мөрөөдлийн залуу нь диваажингийн амьдрал санал болгосонд мансуурсан Lilya одоо л нэг жаргах нь хэмээн бодож шууд зөвшөөрнө. Утга учиргүй там шиг амьдралаас салах ганц гарц нь Andrei шиг санагдана. Volodya харин энэ бүхнийг худлаа гэж эсэргүүцнэ. Охин явчихвал Volodya ганцаарханаа үлдэж гуньж үхэхээс гадна Andrei-д итгэхгүй байлаа. Volodya-н үгийг Lilya сонсолгүй Andrei-г даган Швед явдаг. Ганцаардаж хоцорсон Volodya амиа хорлодог бол Lilya Шведэд очоод хүний наймааны золиос болсоноо ухаарна. Нэг ёсондоо, барын амнаас гараад чонын аманд оров гэгч болно. Гол дүрүүдэд тоглосон Оросын жүжигчид Oksana Akinshina, Artyom Bogucharskiy нарын тоглолтыг хэдэнтээ магтаму. Сэтгэл өвдөм гэхдээ реалист бүтээл буюу харанхуй үлгэр.

Comments

  1. Гайхалтай шүүмж агуу. Кино өөрөө мундаг л даа. Хэд хэдэн удаа үзсэн.

    ReplyDelete

Post a Comment