770 дугаар тогтоол



4 Months, 3 Weeks and 2 Days (2007). Өгүүлэх нь, наяад оны социалист Румын улс, байшин барилга хийгээд хүмүүсийнх нь өмссөн зүүсэн гээд ахуй амьдрал, өнгө төрх эрхгүй Монголыг маань санагдуулах тэртээх үед их сургуулийнхаа дотуур байранд оюутан хоёр охин ирээдүйд угтах айдас болон одоодоо нэг л төвлөрч үл чадан сандарцгаан, өрөөндөө холхилцгооно.. шаргал үстийг нь Otilia гэх бол хар үстэйг нь Găbița гэх бөгөөд охидууд өрөөгөө чамбайлан цэвэрлэж, юм хумаа нарийн цэгцлэн байхын ажваас хаа нэгтээ явах гэж байгаа юмуу эсхүл зугтаах гэж байгаа мэт хачин жигтэй.. Otilia нь ингэ тэг гэж зааварлах байдлаас нь харвал зоригтой, биеэ даасан нь харагдах бол Găbița-ын бие өвдөж байна гэх хоолойны өнгөнөөс л арчаагүй, ноомой нь мэдрэгдэнэ.. 

Otilia найзтайгаа удахгүй уулзая гэж хэлээд гадагш гарч энд тэндээс мөнгө цуглуулж эхлэх бөгөөд найз залуу Adi-тайгаа уулзаж түүнээс хүртэл мөнгө зээлээд удаахгүй өгнө гэж хэлэхдээ чухам мөнгөө юунд зориулах гэж байгаагаа хэлэхгүй.. Adi орой ээжийн минь төрсөн өдрийн баяртай, чамайг урьсан гэж хэлэхэд охин зав байхгүй гэж маргалдаж байснаа эцэст очихоор болдог.. Otilia цааш Găbița-ын заавраар нэгэн зочид буудалд орж өрөө захиалсан байгааг лавлахад тийм захиалаг байхгүй байна гэх бөгөөд охин цааш яван өөр, арай илүү үнэтэй зочид буудалд хоёр хоногоор өрөө аваад үүнийгээ найз охиндоо мэдэгдэнэ.. тэрээр энэ ажлаа бүтээчихээд дараагийн ажилдаа гарах агаад нэгэн улаан өнгийн машинтай залуу дээр очин би таны уулзах ёстой хүн байна гэхэд өнөөх залуу нэрийг нь асуугаад хүлээж байсан хүнээс нь өөр хүн байсанд дурамжхан хандах ч машиндаа суулгана, охиныг.. 

Энэ эрийг Bebe гэх бөгөөд замын турш Otilia-д ийм ажилд хамтрахад итгэлцэл чухал, ингэж худлаа хэлж болохгүй хэмээн сургааль айлдан явна.. ингээд Otilia, Bebe хоёр түрүүн Otilia-ын авсан зочид буудлын өрөөнд орж ирэхэд Găbița аль хэзээний ирчихсэн хүлээж байна.. Bebe гар цүнхээ ширээн дээр тавиад өрөөг бас охидыг сүрхий шинжин хараад асуултаар булж гарна, өөрөөр хэлбэл Bebe утсаар ярихадаа тохирсон буудалд буугаагүйд охидыг зэмлэн, үр хөндүүлэхэд хэрэгтэй зүйлс авчраагүйд бас Găbița-г өөрөө биечлэн ирж уулзахын оронд эгчийгээ буюу танихгүй хүн явуулж бөөн бөөн эрсдэл гаргалаа хэмээн буруушаана.. тухайн үеийн Румын улсад үр хөндүүлэх нь хуулиар хориотой байсан ба шийтгэл нь шууд цаазлуулах байв, мөн үр хөндөлтийг хийсэн хүн адил хариуцлага хүлээх бөгөөд үр хөндөлт энэ мэт буудалд маш нууцаар бас маш өндөр өртөгөөр хийгддэг байсан ажээ.. Bebe захисан наад захын ариун цэврийн хэрэгсэл дутууд, мөн баригдах магадлал өндөртэй буудалд буусанд, анхнаасаа эгчийгээ явууллаа гэж хэлээгүйд уурсан байх ч мөнгөө бүтэн өгвөл яахав гээд Găbița-г хэвтүүлж шинжилгээ хийж эхэлтэл Găbița-ын анх хэлсэн гурван сартай гэдэг нь худал болж бүр таван сартай шахуу болохыг олон үр хөндсөн хашир эр олж тогтоон улам уурлана..

 Гурван сар, таван сарын хооронд асар их ялгаатайг охидуудад учрлан, таван сартай тохиолдолд эрсдэл ихсэх буюу эх нь амиа алдах аюултай, хэрэв мөнгөө нэмэхгүй бол ийм амь өрссөн ажилд орохгүй гэнэ.. охидуудад зах зээлийнх нь ханшны л мөнгө байх агаад ядаж байхад үнэтэй буудалд орсон нь нэмрээс болно.. Bebe тэр хоёрт одоо байгаа бүх мөнгөө өгөөд дээр нь хоёулантай нь хурьцал хийх буюу биеэр нь төлбөрөө авах санал тавина.. Găbița-д үр хөндүүлж л байвал яасан ч яахав бол Otilia найзыгаа өрөвдөн, найзынхаа төлөө зөвшөөрнө.. ийнхүү хоёронтоо цэнгэн жаргасан Bebe ажилдаа орж Găbița-ын үтрээ рүү гуурс шиг юм хийгээд үүгээрээ нэгэн шингэн оруулаад хөдлөхгүй хонохыг заавардаад явж өгнө.. хар ухаанаар шингэн урагийг устгаад гадагшлуулдаг агаад гараад ирэхээр нь яадагийг асуух хэрэггүй.. ийнхүү хоёулахнаа үлдсэн хойно Otilia найзынхаа тэнэгийг гайхаж бас уурлаж уйлна.. хэдэн сартайгаа ч мэдэхгүй, өөрийг нь эгчээ гэж худал хэлсэнд, буудлаа ч захиалж чадахгүй бүтэлгүйтсэнд нь уурлаж, гомдох эрх Otilia-д байгаа бол Găbița миний хүүхдийг гараад ирэхээр хогийн саванд битгий хийгээрэй , газарт булаарай гэж найзаасаа гуйна..

Энэ үед Adi-ын ээжийн төрсөн өдөрт уригдсанаа Otilia санах агаад найзыгаа хэвтэж байхыг захиад удахгүй ирнэ гээд төрсөн өдөр рүү явна.. Otilia баярт хожимдож очих ч ирээдүйн хадмууд нь ч байх магадлалтай хүмүүс уриалгахан угтаж, ширээнээ залах ба буудалд байгаа найздаа сэтгэл зовон бас саяхан үзэж туулсан бүхэн нь хоол идэх, баярлаж хөөрөх сэтгэлийг нь унтраана.. Adi найз охиныхоо хачин байгааг ажиглан өрөөндөө аваачин асуухад охин ч найз охиныхоо асуудлын талаар ярьж, \хүнтэй унтсанаа мэдээж хэлэхгүй\ ер нь би жирэмсэн болвол чи яахуу гэж найз залуу руугаа шалтгаангүй дайрч гомдоочихоод гэрээс нь зугтаах шахан Găbița руу яаран явна.. Otilia-г буудлын өрөөнд ирэхэд Găbița унтаж байх ба угаалгийн өрөөнд урагийг алчууринд боогоод тавьсан байна.. Otilia-г урагийг цүнхлээд гарахад Găbița булаарай гэж дахин захих ба Otilia харин нэгэн өндөр байшингийн хогийн хонгил руу унагчихаад явчихдаг.. түүнийг эргээд ирэхэд Găbița юу ч болоогүй юм шиг хооллож суух ба найзууд ахиж энэ талаар ярихгүй байхаар тохиролцдог.. 

Румыны кино найруулагч Cristian Mungiu эл минималист бүтээлээрээ тухайн оныхоо Канны кино наадмаас Palme d'Or буюу дээд шагнал хүртсэн нь Румын улсын анхны Palme d'Or-ын эзэн болжээ.. найруулагч Cristian Mungiu кино зохиолоо өөрөө бичихдээ дуулж сонссон бодит явдлаас санаа авсан ба Nicolae Ceaușescu-ын үеийн коммунист дэглэмийг уг бүтээлээрээ харуулахыг зорьсон мэт.. Găbița, Otilia хоёрын юу ч яридаггүй төгсөлийн хэсэг \засаглагчийнхаа талаар муу үг хэлж болохгүй\ хийгээд Bebe-ын бусармаг үйлдэл Nicolae Ceaușescu-г зүйрлэсэн мэт, бас буудлаас гарч болохгүй хавчигдам орчин нь тухайн үеийн Румын улсын ард иргэдийн байдлыг зүйрлэсэн мэт... эл бүтээл бол минималист киноны бүх чанарыг агуулсан шилдэг минималист кино бөгөөд кино ганган гоё зураглалгүй, маягласан харилцан яриагүй, бүр хөгжим ч үгүй ба харин дүрүүдийн харилцан яриа болон биеэ авч яваа нь ч үнэмшилтэйгээс гадна камерын тогтсон байдал, удаан зураглал нь үзэгчээ үйл явдлын тэг дунд нь аваачих буюу буудалд байх охидын ярилцах сцен, Otilia-ын төрсөн өдрийн ширээнд суух сценүүдэд үзэгч бид тэдэнтэй хамт байх шиг сэтгэгдэл төрүүлнэ..

Төрсөн өдрийн сценд үзэгч бид яг Otilia-ын өөдөөс харах агаад Otilia-ын сэтгэлд шуурах шуургыг нүднээс нь харах бол хажуугаар нь хоол, архи зооглох хүмүүсийн хөдөлгөөн, хараанд өртөх өнцөг нь үзэгч бид тэр ширээнд сууж буй мэдрэмж төрүүлнэ.. эл зоогийн сцен Leonardo da Vinci-ын “The Last Supper” уран зургийг зүйрлэсэн гэж үздэг бөгөөд үүгээрээ муу ер, үхлийг бэлгэджээ..мөн Otilia-ын найз залуудаа хатуурхадаг нь Bebe-гээс болсон нь ойлгомжтой ба охин тэр гэрт дахин орохгүй болов уу гэж бодох.. киноны гол дүрүүдэд буюу охидын дүрд Laura Vasiliu болон Anamaria Marinca нар төгс тоглосон байдаг.. энгийн, хялбар аргаар сайн кино бүтээж болохын нэгэн жишээ болсон кино ба кинонд саарал, хөх, ногоон өнгө зонхилно.. BBC хориннэгдүгээр зууны шилдэг зуун киноны тоонд уг киног багтаасан бол 2007 оны хамгийн шилдэг таван кинонд бүх кино судлаачид эл бүтээлийг багтаасан байдаг.. энэ кино бол нөхөрлөлийн үнэ цэнэ, найзынхаа төлөө юу хийж чадахын хязгаарыг харуулсан, тэгэхдээ эмэгтэй хүмүүсийн үүднээс зурагласан бүтээл ба үр хөндөлтийг асар бодитоор үзүүлсэн болой..

Comments

  1. Яг кино үзээд ид дундаа явж байсан чинь гэнэт "кино бүтсэн түүх" гээд нэвтрүүлэг нт гарч байгаа юм шиг л тайлбар нь ороод ирлээ хэхэ. Аль нэг гэмт үйл хийсэн нь эсвэл аль аль нь баригдаагүй юу. Яаж төгсдөг бол?

    ReplyDelete
  2. Яг ингээл төгсдөгийн ххэ

    ReplyDelete

Post a Comment