Бурхны ганцаардмал хүн




Taxi Driver (1976). Вьетнамын дайнд оролцож, тэнгисийн явган цэрэг явсан Travis \Robert De Niro – Америкийн жүжигчин\ бол нойргүйдэх өвчин туссан ганцаараа амьдардаг зожиг эр.. шөнө унтаж чадахгүй тэрээр өдрийн цагаар насанд хүрэгчдэд зориулсан кино үзэх юмуу тэмдэглэлийн дэвтэртээ эсэн бусын юм бичнэ.. тэрээр тэмдэглэлийн дэвтэртээ өөрийнхөө талаар "өөрийнхөө байх ёстой газраа хайж байна, шинэ зүйл эрэлхийлж байна” гэдгээ бичнэ.. 

Travis шөнө унтаж чадахгүйн улмаас таксины жолооч хийхээр шийдэж буйгаар кино маань эхэлдэг.. ингээд тэрээр Нью-Йорк хотын хамгийн л болж бүтэхгүй газраар таксигаар хүмүүст үйлчилнэ, түүнд айх явдал байсангүй, учир нь тэрээр айх айдсаа эгнэгт гээсэн нэгэн юм.. таксины жолооч болсон эхний өдрөөсөө л олон янзын хүмүүстэй танилцаж, их хотын үнэн төрхтэй нүүр тулж эхлэх бөгөөд үүнийгээ ч тэмдэглэлийн дэвтэртээ “шөнөөр бүх хог новшнууд гарч ирдэг” гэж бичдэг.. их хотын шөнийн амьдрал харагддагаасаа шал өөр буюу хүмүүний амьдралын хамаг л муу муухай бүхнийг Travis олж үзнэ, үүнд: хулгай дээрэм, аллага таллагаас авхуулаад янхандалт, хар тамхи зэргийг бичихэд хангалттай.. энэ үед нэгдсэн улсад ерөнхийлөгчийн сонгууль болж байлаа, Travis ажлаа хийж яваад Betsy \Cybill Shepherd - Америкийн жүжигчин, загвар өмсөгч\ гэх үзэсгэлэнтэй бүсгүйг олж харна..

 амьдарч байгаа нийгэмдээ гутарч, цөхөрсөн Travis-д энэ бүсгүй тэнгэрийн дагина мэт, бөөн новш дундах ганц цэцэг шиг ариун нандин санагдан улмаар дурлана.. тэрээр бүсгүйг холоос ажиглан нэлээд явах ба Betsy бол ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн сонгуулийнх нь штабын ажилчин болно.. Travis нэг өдөр зориг гарган бүсгүйтэй танилцаж шууд болзоонд урина, харин бүсгүй Travis шиг этгээд хүнийг хэзээч мэдэхгүй бөгөөд хачин яриа хөөрөө нь бусдаас онцгой санагдаж, сониучлан болзохыг зөвшөөрнө.. болзоо болоход Travis бүсгүйг өөрийнхөө “ертөнцөөр” аялуулна, эгэл жирийн Betsy харамсалтайн, түүний ертөнцийг хүлээж авахгүй, харин бүр зугтаах агаад Travis яаж ч учирлан ойлгуулах гээд нэмэргүйг ойлгон сэтгэлээр унана, энэ бүхэн ялзарж, доройтсон энэ нийгмийн буруу гэж тэрээр сэтгэх бөгөөд бузар булайд идэгдсэн нийгмийн ялгаагүй нэг хэсэг нь Betsy бас мөн гэдгийг ч ухааран, үүнтэй хатуу тэмцэхээр эрс шийднэ..

нийгэм өөрөө цэвэршихгүйг, ямарч ерөнхийлөгч хэзээч энэ идээ бээрийг шахахгүй болохыг Travis ухамсарлан, өөрийгөө энэ бүхнийг цэвэрлэх сайн дурын баатраар өргөмжлөн, өөрийгөө үүнд буюу нийгмийн цэвэршилтэд бэлтгэж эхэлнэ, ингэхдээ хатуу дэглэмтэй дасгал хийхээс гадна хамаг мөнгөөрөө буу зэвсэг худалдаж авна.. ийнхүү тэрээр жинхэнэ баатар, дайчин эр болно, Travis ажлаа хийж яваад Easy \ Jodie Foster – Америкийн жүжигчин, энэ кинонд тоглон од болсон\ гэх нэртэй 12 настай биеэ үнэлэгч охинтой танилцана, энэ охин амьдрахын эрхээр бүлэг этгээдүүдийн дор ажиллах ба үүнийгээ хувь тавилан гэж үзэхэд Travis муу гартуудаас охиныг суллахаар шийдэж, хуримтлуулсан хэдэн цаасаа охинд гэрээслэчихээд буугаа аван дайран ордог..


 энэхүү киноны төгсгөлийг олон янзаар авч үздэг агаад үзэгч өөрийнхөөрөө төгсгөх боломжтой юм, өөрөөр хэлбэл киноны төгсгөлд Travis амьд гаран бүр баатар болсон байхын дээр мөн Betsy-тэйгээ уулзаж байгаагаар гардаг ч ийм байх боломжгүй, тэрээр охиныг аварч яваад үхсэн, энэ хэсэг бол түүний үхлийн өмнөх мөрөөдөл, хий төсөөлөл гэж тайлбарладаг байхад зарим судлаач төгсгөлийн хэсгийг киноны эхэн хэсэг буюу кино эхэлж буй цэгтээ ирж байгаа гэж үзэгсэд байдаг ажээ.. кино Travis-ын “яриа” хэлбэрээр явах ба энэ дүр маань эргэн тойрныхоо нөлөөллөөс болж аажмаар галзуурах буюу сэтгэлзүйн асуудалд орж байгааг илхэн харж болно, мөн киноны эхэн хэсэгт үзэгчид түүнтэй хамт их хотын амьдралтай танилцаж, цаашлаад гол дүр маань ажиглагчийн байрнаас оролцогчын байрлалд орж байгааг үзнэ, Travis бол яаж ч үзсэн сэтгэлзүйн асуудалтай дүр юм, гэхдээ түүнийг солиоруулж байгаа хүчин зүйлс бол дайн хийгээд огиудас хүргэм нийгэм юм гэдгийг хэн ч ойлгоно.. 

Travis эцэстээ энэ киноны ганц ирээдүйтэй, гэгээлэг \хэдий янханч гэсэн\ дүр болох охиныг аварч байгаа нь хүслээ биелүүлэхээс гадна нийгэмд ийм баатрууд төрж болно, төрөх ёстой гэсэн далд санааг суулгасан мэт ээ.. хал цэрэг Travis-ын бусадтай харилцаж чаддагүй байдал, нийгэмээсээ өөрийгөө тусгаарласан болон авраад өгөөч гэж гуйгаагүй байхад амь сорьсон аялалд гаран нэг охиныг аварч байгаа зэрэг олон зүйлээр уг кино суут John Ford-ын "The Searchers" бүтээлийг санагдуулах ба кино уран бүтээлчид маань "The Searchers" киноноос санаа авсанаа хэлсэн байдаг.. 
домогт кино урлаач Martin Scorsese-ын хүнд мөртлөө хүндлэхүйц энэхүү бүтээл эдүгээ Америкийн кино урлагийн туг далбаа болж чадсан ба тэр жилийнхээ Оскарт дөрвөн төрлөөр нэр дэвшиж \үүнд шилдэг кино, шилдэг хөгжим, шилдэг гол дүрээр Robert De Niro, шилдэг туслах эмэгтэй дүрээр Jodie Foster \, мөн Канны кино наадмын дээд шагналыг хүртэж, өдгөө култ классик хэмжээнд очтлоо алдаршсан, бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 15-р байрт жагсдаг агаад залуухан Martin Scorsese-ыг алдаршуулсан, дэлхийн хэмжээний кино найруулагч болох замын нээсэн кино..

 кино гарсан даруй үзэгч болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан ба 70-аад оны холливуудад “жинхэнэ” кинонууд олон байсан, энэ дунд домогт “загалмайлсан эцэг” болон тус өгүүлэн буй кино хоёр маань хамгийн их хүндлэл хүлээсэн гэдэг, мөн уг киног кино сурах бичиг ч гэдэг.. Америкийн кино хүрээлэнгээс тус киног Америкийн хамгийн шилдэг зуун кино жагсаалтынхаа 52-р байрт жагсаасан бол Time болон Empire сэтгүүлүүд мөн л хамгийн шилдэг кино жагсаалтадаа багтаасан ба Америкийн кино хүрээлэнгээс Travis-г хамгийн шилдэг зуун эсрэг талын дүрийн 30-р байрт, мөн Empire сэтгүүл хамгийн шилдэг киноны зуун гол дүр жагсаалтынхаа 18-р байрт тус тус жагсаажээ.. мөн түүнчлэн Robert De Niro-ын толинд харан өөрөө өөртэйгөө ярьдаг хэсгийн "You talkin' to me?" ишлэлийг Америкийн кино хүрээлэнгээс шилдэг зуун кино ишлэл жагсаалтынхаа 10-р байрт жагсаасан бол Paul Schrader-ын зохиолыг Америкийн зохиолчдын холбоо бүх цаг үеийн хамгийн шилдэг кино зохиол жагсаалтынхаа 43-р байрт жагсаажээ.. домогт хөгжмийн зохиолч Bernard Herrmann-ын хөгжим киноны шөнийн амьдралын хэсгийг улам амьлуулах ба энэ кино Bernard Herrmann-ын сүүлчийн ажил байж тэрээр 1975 онд нас барсан бол алдарт зураглаач Michael Chapman-ын зураглал киног хөндлөнгийн ажиглагчийн мэдрэмж төрүүлэх бөгөөд тэрээр Францын шинэ давалгааны нөлөөнд, тэгэхдээ Jean-Luc Godard болон түүний зураглаач Raoul Coutard-ын арга барилаас нэлээн санаа авчээ.. 

киноны зохиолыг Америкийн кино зохиолч, кино шүүмжлэгч Paul Schrader бичсэн бөгөөд тэрээр эхнэрээсээ салаад машиндаа хоног төөрүүлж байхдаа буюу 28 хоногт л бичжээ, зохиолчын тухайн шаналал, цөхрөл шууд зохиолдоо туссан нь аргагүй юм, тийм ч учир кино маань тэр чигээрээ ганцаардал, ганцаардлын тухай ба үзэгч Travis-ын уур хилэн, хүмүүсээс тусгаарлагдсан, ганцаардлыг хүчтэй мэдэрдэг.. Paul Schrader зохиолоо бичихдээ Сартрын оршихуйн зохиол Nausea болон John Ford-ын "The Searchers" зэрэг бүтээлүүдээс санаа аван бичсэн агаад бичиж байх үедээ урам зориг авахын тулд ширээн дээрээ гар буу тавьдаг байжээ.. Paul Schrader, Martin Scorsese хоёрыг нэрт кино найруулагч Brian De Palma танилцуулсан ба Martin Scorsese киноны зураглалын санааг домогт Alfred Hitchcock-ын “The Wrong Man” бүтээлээс авсан гэдэг..

 найруулагч Martin Scorsese энэхүү киногоо шашны бэлгэдэл агуулсан хэмээсэн, ингэхдээ Travis бие болон оюун ухаанаа муу бүхнээс цэвэрлэхийг хүссэнээрээ санваартантай төстэй гэсэн бөгөөд хэдий тэр порно үздэг боловч сексийн дуршилгүй байдаг нь нийгмийн завхайрал, садар самуунтай холбодог ажээ.. киноны гол дүрд домогт Robert De Niro гайхамшигтай, Оскар авахуйц тоглосон ба ид үедээ байсан түүний энэ дүр бол замналынх нь шилдэг тоглолтынх нь нэг билээ.. Robert De Niro дүрээ амьлуулахын тулд бараг сар такси барьсан гэдэг бөгөөд тэрээр энэ кинонд тоглонгоо мастер Bernardo Bertolucci-ын “1900” хэмээх туульсын бүтээлд давхар тоглон Нью Иорк, Ром хоёрын дунд байнга нисч байжээ.. мөн түүний өөртэйгөө толинд харж ярьдаг сцен кино урлагийн түүхэндэх хамгийн алдартай хэсгүүдийн нэгээр нэрлэгддэг бөгөөд Martin Scorsese энэ хэсгийг нэрт найруулагч John Huston-ын “Reflections in a Golden Eye” бүтээлийн Marlon Brando-ын толинд хардаг хэсгээс санаа авсан бол Robert De Niro энэ хэсгийг тухайн мөчид нь өөрөө зохион шууд тоглож байжээ.. 

киноны бяцхан янхны дүрийг бүтээсэн Jodie Foster-ын дүр бөөн шуугиан тарин, өчнөөн шүүмжлүүлсэн ч жүжигчин бүсгүй маань энэ дүрдээ дуртай гэж байгаа, бас тухайн үед Robert De Niro түүнд маш их тусалж, зөвлөдөг байсан, жүжигчиний замналд нь том нөлөө үзүүлсэн гэж Robert De Niro-д талархаж явдаг ажээ.. кино маш их цус нөж үзүүллээ, мөн насанд хүрээгүй охидын биеэ үнэлэлт харууллаа гэж асуудлууд дагуулж байсан ба найруулагч Martin Scorsese Нью Иоркийг жишээ болгосон болохоос ер нь бүх том хот ийм бугшсан, өт хорхойндоо идэгдэж байдгийг харуулахыг зорьсон гэдэг, энэ ч утгаараа киноноос гэрэл гэгээтэй юм бараг үгүй, харин ч хүнд гүн агуулгатай, маш хүчтэй нөлөө үзүүлсэн ховорхон киноны нэг бөгөөд хэдий кино боловч бид ер нь худал хуурмаг, завхай, заваан бүхэнд дасаад, бүр нэг хэсэг нь болчихжээ? Сонирхуулахад, жүжигчин Meryl Streep Betsy-ын дүрээс татгалзаж байсан бол найруулагч Martin Scorsese Travis-ын дүрээ жүжигч Dustin Hoffman-д санал болгоход тэрээр Martin Scorsese-г галзуу юм байна, яаж ийм дүрд тоглохов хэмээн татгалзаж байсан агаад энэ шийдвэртээ харамсаж явдаг ажээ..

НЭМЭЛТ: Киноны санамсаргүй төгсгөл нь нийгэм Трэвисын хүчирхийллийг алдаршуулж байгааг харуулдаг. Тэрээр хэд хэдэн хүн алж, өөрөө амь өрссөн буудалцаанаас амьд үлдээд зогсохгүй бүр орон нутгийн баатар болж байна. Кино Трэвисын өрөөний хананд дүүрэн сонины хайчилбар, тэр дундаа Айрисын эцэг эхээс ирсэн талархлын захидал байгааг харуулдаг. Егөөтэй нь мөнхөд нийгмээс хөндий байсан Трэвис хуулийг зөрчсөнөөр нийгэмд алдаршдаг ба хууль сахигч Трэвис үл үзэгдэгч бол хууль зөрчигч Трэвис баатар болж байна. Нэг үгээр зохиолын энэ эргэлт нь хүчирхийллийг хүлцэн тэвчиж, харин ч магтан сайшааж байгаа явдал бол Нью-Йоркийн нийгэмд хандсан Трэвисын шүүмжлэлийг бататгана. 

Гагцхүү харгислал үйлдсэнээрээ Трэвис хувь тавилан нь болсон мэт ганцаардлаас зугтаж чадаж байна. "Таксины жолооч" кинонд гарах таксины салхины шил бол Трэвисын хотыг харах линз ба такси ганцаардал, тусгаарлагдмал тээврийн хэрэгсэл юм. Киноны нээлтэд, борооноор Трэвис такситайгаа хотоор явж өнгөрдөг. Салхины шил борооны усыг арчих хүртэл хотын гэрэл бүдэгхэн байдаг. Уг булингартай байдал нь Трэвисын хотыг, ертөнцийг харах өнцөг гажуудсаныг илтгэнэ. Трэвисын ертөнцийг хэзээ ч байгаагаар нь хардаггүй, учир нь сэтгэцийн эмгэгийн улмаас түүний мэдрэмж гажуудсан ба такси нь нэг ёсондоо түүнийг гадаад ертөнцөөс хамгаалдаг. Такси дотроо тэрээр атаархуу эрчүүд, үзэсгэлэнтэй хүүхнүүд, мөн өөрийн уур хилэнд өртдөггүй. 

Трэвис хувь заяагаа хянан залж байгаа эсхүл хувь заяа нь урьдаас тодорхойлогдсон эсэх талаар байнга бодож, энэ бодол нь зогсолтгүй өөрчлөгдөж байдаг. Киноны эхлэлд тэрээр очих газаргүйдээ, ганцаардаж байгаадаа гомдоллодог. Тэр ажилд орж, бүсгүйтэй танилцах замаар хувь заяагаа гартаа авах гэж оролддог ба төлөвлөсөн нь итгэж байсан шиг нь болохгүй үед тэрээр өөрийгөө "Бурхны ганцаардмал хүн" байх заяатай учраас л зорьсон нь бүтэлгүйтээд байна хэмээн урьдчилсан хувь төөрөгт итгэн бурууг өөрөөсөө зайлуулдаг. Киноны хоёрдугаар хагаст Трэвис өөрийнхөө бүхий л үйлдэл цаанаасаа гэсэн идеанаас татгалзна. Тэрээр өөрийгөө болон Палантиныг хөнөөх төлөвлөгөөтэй байрнаасаа гарахдаа энэ бол түүний хувь тавилан, өөрт нь хэзээ ч сонголт байгаагүй гэдэг. Гэвч түүний нэр дэвшигчийг алах бүтэлгүйтсэнээр түүний хувь заяаны тухай онол алдаатай байсныг харуулна. Трэвис Айрисын харгалзагчдыг хөнөөх замаар өөртөө шинэ хувь заяаг бий болгох агаад тэр өөрөө шийдвэр гаргагч, хувь заяаг нь Бурхан биш тэр өөрөө бүтээгч нь болж байна. 

Нью-Йорк хотын сая сая хүмүүсийн дунд жинхэнэ, утга учиртай харилцаатай хүмүүс цөөхөн харагддаг ба уг киноноос их хотын тусгаарлагдсан амьдралын хэд хэдэн жишээг харж болно. Таксинд нь суусан хүмүүс өөрийг нь огт оршихгүй байгаа мэт дүр эсгэн буйд Трэвис эгдүүцдэг; мөн нэг талаараа Нью-Йорк бол асар том Трэвисийн такси юм. Хот бие биенээ анхаардаггүй хүмүүсээр дүүрэн. Трэвис киноны ганцаардсан цор ганц дүр биш. Том, Бетси өөр хоорондоо сээтэгнэдэг ч тэдний дунд жинхэнэ хувийн харилцаа үүсээгүй мэт байдаг. Бетси мөн л ганцаардмал дүр бөгөөд огт танихгүй Трэвис түүн дээр ирээд болзохыг асуухад зөвшөөрч байгаагаас харагдана. Кинонд гардаг цорын ганц жинхэнэ харилцаа бол Спорт, Айрисын хоёрынх боловч энэ нь хууль бус бэлгийн мөлжлөгт суурилдаг билээ. Кинонд хүн болгон өөр өөрийнхөөрөө явж буйг харуулсан олон кадр бий. Нью-Йоркийг ингэж харуулсанаар Трэвисийн гажуудсан, тусгаарлагдсан мэдрэмжийг тодорхой хэмжээгээр илэрхийлж байгаа ч тэр ганцаараа ч ганцаарддаггүй.

Comments