Гоо сайхны эх нь үхэл


Rope (1948). Өдрийн нар Манхаттан дүүрэгт орших тэнгэрт тулсан тансаг байшинг гэрэлтүүлэхэд байшингийн дээд давхарт хоёр хүн хамсан байж нэгэн залуугийн амийг хороож байгаа нь үзэгдэнэ.. үхэж буй хүний зүрх зүсэм орилоон, чарлаан өндөрт байхаас болж үл сонсогдохоос гадна мэдээж үзэгдэхгүй.. алуурчид одоо бол хэдийнээ талийгаач болсон залууг олсоор боож, цогцсыг хуучин том авдарт хийн сууцгаах бөгөөд тэдний царай төрх ямар байсан хийгээд ямар хүмүүс болохтойн танилцая.. хийсэн хэрэгтээ гэмшсэн шинжгүй харин болбаас үүндээ бахдан байх залууг Brandon \John Dall\ гэх бол үхтлээ айж, бүр самгардаж орхисон залууг Phillip \Farley Granger\ гэнэ, тэд гуч орчим насны нийгмийн дээд давхаргынх болцгоох нь уг орон байр хийгээд өмссөн хувцас зэрэг нь харуулна.. тэд ухаалаг хүн амины хэрэг бол оюуны дасгал гэсэн үзэл баримтлагчид юм.. 

онолынх нь иш үндэс Ницщегийн дээд хүн бөгөөд тэдний онолоор төгс аллага үйлдэх нь дээд чанар ба гоо сайхны эх бол үхэл \аалага\ гэцгээнэ..  уг онолыг оюутан байцгаахдаа багшаараа заалган авч, одоо уг онолоо амьдралд хэрэгжүүлж нотлохыг \тэр дундаа багшдаа\ хүссэн амьдралын энгийн зугаа цэнгэлээс уйдсан араатнууд болно, мэдээж хөөрхий багш хүн алж хороо гэж заагаагүй нь тодорхой.. авдарт хэвтэх цогцос бол тэдний ангийн анд David ба удахгүй гэрлэх гэж байгаа жаргалтай амьдарч явсан найзыгаа тэд доромжилсон гэдгээр шалтгалан амийг нь ийнхүү хороож, аймшигт хэргийнхээ нэг хэсэг болгожээ.. аллага Brandon-ны байранд болж, одоо цогцос зочных нь өрөөний тэг дунд байх агаад Brandon онолоо сонирхолтойгоор гэхдээ улам зэвүүнээр батлахын тулд гэртээ үдэшлэг зохиохоор сэдэж: үдэшлэгтээ David-ын сүйт бүсгүй болох Janet, мөн өөрсдийн ангийн анд Kenneth \ David-ын хамгийн сайн найзаас гадна Janet-ын экс хайр \ болон David-ын аав, авга эгчийг, мөн тэгээд багш Rupert-ыг урьсан байв..

алуурчид үдэшлэгээ зочныхоо өрөөнд тэр дундаа цогцос байгаа авдар дээр ширээ засан хийх чөтгөрийн санаа төрнө.. шокноосоо гараагүй Phillip-д эл санаа таалагдахгүйгээс гадна Rupert ирнэ гэхээс айж, түүнийг сэжиг авчихна гэж уйлан донгодоход Brandon түүнийг эхлээд аргадаж байгаад эцэст нь зандарч гарна.. энэ үед хаалга дуугарч эхний зочин болох гэрийн үйлчлэгч авгай ирнэ, Brandon авгайд үдэшлэг зочны өрөөнд энэ авдар дээр хийхээр болсоноо дуулгаж авдар дээрх номуудыг галтогоонд оруулж харин авдар дээр хоол хүнс, архи дарсаа бэлтгэж зас хэмээн үүрэгдэнэ.. ингээд, хоромхон зуур дотроо үхдэлтэй авдар гайхалтай тансаг хоолны ширээ болох агаад Phillip авдраас хараа үл салган айж бэмбэгнэх бол Brandon улам өөртөө эрэмшиж, зугаацаж байлаа, энэ бүхэнд.. 

төд удалгүй албан ёсны эхний зочин болж Kenneth ирнэ, ойрд уулзаагүй андууд хундага тулгацгаахад сандарлаа дарах гэсэн Phillip өөртөө илүү нэг хундагийг зориулж байв.. Kenneth энэ үдэшлэг ямар учиртайг асуухад Brandon түүнд Phillip бид хоёр хэсэг хугацаанд хөдөө байхаар болж дотно хүмүүстэйгээ нэг оройг цэнгэж өнгөрүүлье гэсэн юм гэнэ, энэ үгээ хойно ирэх бүх зочдодоо мөн адил хэлдэг.. Kenneth удахгүй David болон Janet хоёр ирэхийг дуулаад дурамжхан байх ба экс хайр нь хамгийн сайн найзтайн суух гэж байгаад сэтгэл гонсгор байлаа.. энэ үед Janet орж ирэх бөгөөд Kenneth-ыг харж ярвайгаад шуудхан Brandon дээр очин ямар чөтгөрөө сэдээв чи хэмээн зэмлэж гарна, харин Brandon болж байгаа бүхнээс гүн таашаал авах бол Phillip лонхтойгоос байсхийгээл хундаглаж байлаа.. 

удаах зочид бол David-ын аав болон авга эгч хоёр байна, тэд бэртэйгээ уулзан баярлацгаах ба David-ын аав Brandon-той номын талаар ярицгаахад авга эгчид нь Phillip төгөлдөр хуур тоглож өгдөг, Phillip энэ үед нэлээн согтсон байна, гэтэл авга эгч түүний гарыг  хараад хүү минь чиний гар чинь чамайг алдаршуулахын байна гэж хэлдэг.. ингээд эцсийн зочин Rupert \ James Stewart \ ирнэ.. нийтлэлч, философич, тавь орчим насны энэ эр тун гярхайгаас гадна юмыг хөөж, ургуулан локигтой боддог энгийн сэхээтэн болой.. Rupert ирсэнээр үдэшлэг утгаараа эхэлж зочид зассан авдар дээрээс хооллож, ундлах ба David яагаад ирэхгүй байнаа, яасан удаж байна гэж аав нь болон Janet нар гайхах бөгөөд Rupert-ыг харсан Phillip-ын сандрал тоймоо алдаж, бас уух нь ч дийлдэхээ болино, Brandon түүнийг биеэ хяна мангараа гэж яаж ч хэлсэн тусыг үл олохын дээр Rupert-ыг ирсэнд одоо “дайн” эхэлнэ дээ гэж бодон Brandon баярлана.. учир нь, тэднийг одоогоор хэн ч сэжиглээгүй бол Rupert л сэжиглэх магадлалтай, хамгийн том өрсөлдөгч нь байлаа.. 

Phillip, Brandon хоёрыг биеэ авч яваа байдал хийгээд байн байн шивнэлдэх нь Rupert-ыг эхлээд гайхуулах бол David хааччихав, хэл усгүй ингэж алга болдоггүйдээ гэсэн санаа зовнилт ихсэж, уг байдал Phillip, Brandon зан ааш, тэр дундаа Phillip-д онцгой нөлөөлж байх шиг санагдах ба Rupert багшийн хувьд энэ хоёрыг андахгүйн дээр ажигч хараанаас нь үл мултарна.. ингээд, бүр орой болж David-ын сураггүй болсон нь айдас түгшүүр болж үдэшлэг тарах тийшээ болно, энэ үед гэрийн үйлчлэгч гэр орон оо цэвэрлэж, аяга тавгаа хурааж эхлэх ба авдар нүцгэн үлдэхэд нөгөө номнуудыг зөөж авдар руу хийх гэхэд авгайд Rupert туслаж тэд авдрыг дөнгөж нээхтэй зэрэгцэн Brandon ирж ингэх шаардлагагүй хэмээн бараг уурлаж болиулна, энэ хачин явдалд зочид гайхахгүй өнгөрөхөд Rupert-ын нүдэнд л оч гялалзан өнгөрдөг.. үдэшлэг өндөрлөж зочид явах ба тэдний аманд David-ын нууцлаг алга бололт л яригдана.. гэрийн үйлчлэгч болон зочдодоо үдэж гаргасан Brandon бахдалтайн аргагүй баяраа тэмдэглэх бол Phillip умаа хум болтлоо согтон элдвийн солиорч байтал утас дуугарах ба Brandon утсыг авахад Rupert танайд түрүүвчээ орхичжээ, ороод авчихуу гэнэ, Brandon зөвшөөрөхөд Phillip солиорсон мэт аашилж тэр мэдчиж тэр мэдчиж хэмээн орилно.. юмыг яаж мэдэхэв гэж Brandon буугаа цэнэглээд халаасандаа хийнэ... 

Чикагогийн их сургуулийн хоёр оюутан Ницщегийн онолыг буруу ойлгон улмаар арвандөрвөн настай хүүг хулгайлаад амийг нь бүрлэгсэн бодит явдлаас сэдэвжүүлэн Английн кино найруулагч Alfred Hitchcock-ын өөрийн төгс бүтээж чаддаг сэтгэлзүйн триллер төрлөөр туурвисан эл киног үзэх хүмүүсийн сонирхолыг үгүй хийхгүйн тулд оргил хэсэг дээр нь ийнхүү орхилоо.. бүх цаг үеийн Хаан кино найруулагчдын нэг, түгшүүртэй, нууцлаг киноны мастер Alfred Hitchcock-ын эл бүтээл түүний шилдэг кино нь биш ч зоримог, туршилт хийснээрээ сод туурвил болж чаджээ.. кино маань зочны өрөө, галтогооны өрөө, үүдний өрөө гэсэн гурван өрөөнд л өрнөх ба камерын хөдөлгөөн ойртуулж татахаас хэтрэхгүй тийм хязгаардагдмалтайн театрын жүжиг үзэж буй мэт санагдана.. найруулагч зураг авалтаа аль болох таслалгүй удаан хугацаанд авахыг хүссэн гэдэг, ингэхдээ арван удаагийн л зураг авалтаар бүтээсэн бөгөөд зураглал бүр дөрвөөс арван минут тасралтгүй үргэлжилж байжээ.. уг бүтээл их найруулагчийн анхны өнгөт кино нь ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 819-р байрт жагсдаг аа..

НЭМЭЛТ: Энэ кино нь Альфред Хичкокийн хамгийн туршилт бүхий кино байсан; томоохон найруулагчийн хувьд ийм туршилт хийх нь эрсдэлтэй бөгөөд сонирхолтой явдал байв. Уг кинонд кино бүтээх олон стандарт техникийг орхиж, удаан үргэлжилсэн сцэнүүдээс бүрдсэн. Кадр бүр тасралтгүй үргэлжилсэн 10 орчим минутын хугацаатай хийгджээ. Камер хөдөлгөөнийг сайтар төлөвлөсөн байсан тул бараг эвлүүлэг хийгээгүй байдаг. Сүүл үеийн судлаач шүүмжлэгчид кинонд ижил хүйстний дэд сэдэв байгааг олж анзаарсан ба 1940-өөд оны үед ижил хүйстний сэдэв нь тун маргаантай сэдэв байв. Киноноос сэдэвлэсэн театрын жүжигт Брандон, Филлип хоёрын ижил хүйстний харилцааг илүү тодорхой харуулжээ. 


Comments