Barry Lyndon (1975). Аугаа кино
найруулагч олон сэдвээр, янз бүрийн төрлийн кино бүтээсэн байх ёстой гэж би
хувьдаа боддог ба ийм өндөр шалгуурыг давсан тун цөөхөн кино найруулагчдын нэг
бол Stanley Kubrick билээ.. тэгвэл суут Stanley Kubrick аймшгаас түүхэн хүртэл
бараг бүх сэдвээр кино хийсэн ба кино болгон нь амжилт олж, кино сан хөмрөгдөх
эрдэнэс болон үлджээ.. түүний “пессимист” трилогийн хамгийн сүүлийн бүтээл
Barry Lyndon нь уян яруу хэрнээ гутранги өгүүлэмжээрээ онцгой сод бүтээл
болохоос гадна ер нь найруулагчийн хамгийн уран зураглаг \нэрт кино шүүмжлэгч Roger
Ebert уг киног хамгийн үзэсгэлэнтэй киноны нэг гэсэн байдаг\, мөн хамгийн
хүйтэн цэвдэг бүтээл болов уу.. миний хувьд “пессимист” трилогиос нь хамгийн их
хүндэлдэг бүтээл ба суут Martin Scorsese мөн Stanley Kubrick-ын хамгийн дуртай
киногоор эл бүтээлийг нэрлэжээ.. Stanley Kubrick Английн алдартай зохиолч
William Makepeace Thackeray-ын "The Luck of Barry Lyndon" зохиолоос сэдэвлэн
киногоо бүтээжээ.
Анх тэрээр Napoleon-ын талаар намтарчилсан кино хийхээр бодож
байсан хэдий ч хэдхэн жилийн өмнө ижил төрлийн Sergei Bondarchuk-ын "Waterloo" киноны санхүүгийн алдагдлаас нь болоод айж өөрийн төсөлдөө санхүүжилт татаж
чадаагүй ба ингээд William Makepeace Thackeray-ын хамгийн алдартай роман болох "Vanity
Fair"-г кино болгох гэж үзсэн ч эл роман гурван цагт багтахааргүй нүсэр болж
тааран улмаар The "Luck of Barry Lyndon"-г нь барьж авчээ.. кино зохиолоосоо хэд
хэдэн зүйлээр өөр, тухайлбал William Makepeace Thackeray гол дүр Barry Lyndon-г
хүүрнэгчээ болгосон буюу нэгдүгээр биеэс өгүүлэх зарчимаар роман бичигдсэн бол Stanley
Kubrick кинон дээрээ хүүрнэгчээ Barry Lyndon-гоос салгаад Barry Lyndon одоо
цагт бодитоор явахад хүүрнэгч бүхнийг мэдэгчээр өгүүлэх болно.. уг арга киног
онцгой болоход чухал хүчин зүйлсийн нэг болсон гэж хувьдаа боддог ба киноны
хүүрнэгчээр жүжигчин Michael Hordern ажиллажээ..
эх зохиол нь үнэн, худал нь
мэдэгдэхгүй сайхан ярьдаг хүний хошин маягийн хүүрнэл бол кино яг эсрэгээрээ
хүйтэн цэвдэг, гашуун нясуун билээ.. мөн Stanley Kubrick-ын хийсэн хэд хэдэн
өөрчлөлтөд роман дээрээ байдаггүй киноны төгсгөлд гардаг ирүүл ажээ.. Эх зохиол
нь төдий л амжилт олоогүй бол Stanley Kubrick-ын бүтээл кино урлагт үнэтэй хувь
нэмэр оруулахаас гадна эх зохиолоо ч олны анхааралд аваачсан гэдэг.. Stanley
Kubrick-н хамгийн урт хугацаатай кино бол Spartacus (1960) байдаг бол энэхүү
кино хоёрт орох удаан үргэлжлэх кино нь, бас трилогийнхоо хамгийн урт
хугацаатай нь.. кино нийт 184 минут үргэлжлэх бөгөөд 184 минут бид кино биш
уран зураг үзсэн мэт сэтгэлийн дээд ханамж өгнө.. урсдаг уран зураг, музейн нэг
хэсэг хэмээн эл бүтээлийг судлаачид магтдаг нь чухам онож хэлжээ.. найруулагч өөрийн
нэрийн хуудас болсон, кино болгондоо шинэ санаа, шинэ бүтээлч сэтгэлгээгээр уг
кинондоо ч хандаж киноныхоо бүх зургийг НАСА-ын сансрын телескоп дурангаар авсан
бөгөөд лаа, нарны гэрлийг л кинондоо ашигласан ба удаан давхарласан зураглал,
ингэхдээ удаанаар томруулан ухрах зураглалууд гайхамшигтай билээ..
кино
“хиймэл” гэрэлтүүлэг огт хэрэглээгүй нь киног тэр чигээрээ амьд, бодиттой, мөн
хамгийн чухал нь уран зураглаг болгосон.. киноны кадруудыг тасдаж зураг болгон
жаазлавал гоёмсог уран зургаас дутахааргүй тийм яруу, тийм үзэсгэлэнтэй ажгуу..
мөн Stanley Kubrick киноныхоо зарим хэсгийг Watteau, Gainsborough, Hogarth
зэрэг 17-аар зууны суут зураачдын бүтээлүүдээс санаа авч, адил зураглалуудаар
киногоо чимсэн.. тэгвэл кино улам тансаг, сонгодог болгоход: George Frideric
Handel, Franz Schubert, Wolfgang Amadeus Mozart, Johann Sebastian Bach нарын
үлэмж яруу, хосгүй сонсголонтой хөгжмийн зохиолууд туслах \тэрээр жүжигчидээ
кинондоо оруулахын тулд зураг авалтын үеэр классик хөгжим сонсогдог байжээ\ ба
уран зураг, классик хөгжим нийлнэ гэж бодохоор сэтгэл хөдөлж, ухаан балартах
бус уу? Үүн дээр заавал онцлон хэлэх нэг зүйл бол киноны тайз засал \хувцас\
буюу сонгосон байгаль орчин болно.. энийг нь л харахад хичнээн хүнд хөдөлмөрөөр
боссон бүтээл болох нь харагдана. Киноны зургийг Ирланд, Герман болон Их Британид авсан агаад нийт 300 өдөр болсон гэдэг.. Stanley Kubrick диваанжин шиг үзэсгэлэнтэй
тайзан дээр шал өмнөө дүр болон утга санааг сөргүүлэн тавина..
Stanley Kubrick
уг киногоороо хүмүүний ёс суртахууны доройтол, дотоод ялзрал буюу өөрийгөө
хуурах, шударга бустай эвлэрэх зэрэг хурц асуудлыг тансаг, өнгөлөг байдлаар
үзүүлсэн нь үнэн ёжтой.. тэрээр "Spartacus" (1960) бүтээлийнхээ
дараачаас киноныхоо гол дүрүүдийн сэтгэл хөдлөлийг хязгаарлан дарж ихэвчлэн
хөлдүү хүйтэн, сэтгэлгүй байдлаар туурвидаг болсон гэдэг бөгөөд өмнө "2001:
A Space Odyssey" (1968) бүтээл нь гариг ертөнц, тенхологи болон хүмүүн
хоорондын асуудлыг хөндсөн бол эл туульсийн бүтээл нь ертөнц цаашлаад дэлхий
дээр амьдрах нэгэн эрийн амьдралын замыг үзүүлсэн агаад сэдвийн далайц
жижигэрсэн ч мөн чанар нь мөнхийн чухал хэвээрээ хадгалагдсан .. киноны гол дүрүүдэд
Ryan O'Neal \Америкийн жүжигчин тэрээр жүжигчиний замналаа эхлүүлэхээсээ өмнө
сонирхогчийн боксчин байжээ\ чадварлаг тоглосон ба түүний замналын хамгийн
шилдэг дүр нь гэж хувьдаа боддог, харин хатагтай Lyndon-ын дүрд Америкийн
жүжигчин Marisa Berenson \тэрээр мөн модел бөгөөд Vogue болон Time сэтгүүлүүдийг
чимж байжээ\ тоглосон.. түүхэн болон туульсан жанрт хамаарагдах энэхүү бүтээл
нь бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 51-р байрт жагсах ба анх хүмүүст
хүрэхэд дэндүү удаан хэмнэлтэй, сэтгэл хөдлөлийг боон хаагдуулсан гэж
шүүмжлүүлэн тоогдоогүй ч уламжлал ёсоор буюу Stanley Kubrick-ын бусад кино шиг
аажмаар нэр хүнд нь өссөөр эдүгээ хүлээн зөвшөөрөгдсөн шедевр болжээ..
кино тэр
жилийнхээ Оскараас дөрвөн шагнал авсан үүнд: шилдэг хөгжим, шилдэг зураглаач,
шилдэг тайз засал болон шилдэг хувцас гэсэн авах ёстой шагналаа авсан.. киноны үйл явдлыг товчхон өгүүлье: арван
наймдугаар зууны үе буюу Европт “долоон жилийн дайн” гэж алдаршсан үе.. энэ үед Ирландад Redmond Barry хэмээх гутранги, өөрийгөө өрөвддөг, амиа бодогч хэдий ч
сэтгэл татам энэ залуу нэгэн бүсгүйн төлөө ирүүл хийж \багаасаа үерхэсэн охин
нь нэлээд ах цэргийн даргад дурлачихна\ азаар ялна.. хожим энэ ирүүл анхнаасаа
түүний амь насыг бодсон зохиомол жүжиг байсныг тэр хэрхэн мэдсэнгүй.. хүн
алчихлаа гэж бодсон Redmond Barry дайнд явах буюу хар дурсамжаасаа зугтаана..
дайны хатуу хөтүү жилүүлүүдэд тэрээр байлдагч талуудын аль, аль талд орж
тулалдаж явсаар томоохон цэргийн даргын амийг аварч, улмаар амьдрал дээшилж,
язгууртны хүрээлэлд орох үүд нээгдэнэ.. манай хүнийг бас ч гэж бурхан
хаячихаагүй байж..
Английн гүнгийн хатантай явалдаж эхлэх бөгөөд хөгшин гүн
үхсэнээр Redmond Barry залуу эхнэрийг \мөн жаахан хүүхэдтэйн хамт\ нь асар их
хөрөнгөтэйн өөрийн болгож, ингээд гүн Barry Lyndon болно.. жаргалаа
гэвэл эндүүрэл байв, дагавар хүүхэд нь түүнтэй үргэлж тэрслэхээс гадна манай
баатар ч өөрөө архи, янхан, мөрийтэй тоглоомд гүн живнэ.. тэрээр хөл, хайр
хийгээд хүүгээ алдсанаар кино төгсөнө.. дэндүү урт, гүн агуулгатай киног энэ
хүрээд зэрэмдэглэхээ больё.. баян, нэр алдартай боллоо гээд асуудал, зовлон
үгүй болж, үргэлж жаргадаггүйг лааны хурц гэрэлд үзүүлнэ, хүн бол хамгийн харгис
араатан гэдгийг нарны туяанд харуулна.. Stanley Kubrick кинондоо хэд хэдэн гүн утгыг
шигтгэж өгчээ, тухайлбал Barry Lyndon амьдралынхаа шийдвэрлэх мөчүүд рүү ямар
нэгэн хүчин зүйлсээр татагдах орох ба энэ нь зайлшгүй мэт санагдах ч түүний л
сонголт байдаг, мөн түүнчлэн тэрээр багадаа аавыгаа алдсан нь амьдралд нь чухал
нөлөөлөх хүчин зүйл болж, тэрээр үргэлж аавыгаа хэн нэгнээс харахыг, орлуулахыг
хүсэхээс гадна өөрөө аав болох мөчид энэхүү эрхэм боломжоо гараасаа,
ухамсарлаагүйгээсээ болж алддаг..
Barry Lyndon бол хаа сайгүй орших, оршсоор
байсан, орших ч ёстой тийм л хүн-дүр ажээ.. киноны турш жүжигчин Marisa
Berenson ердөө 13 удаа л харилцан ярианд ордог бол хатагтай Lyndon болон Barry
Lyndon хоёрын энгэр зөрүүлдэг сцен байсан ч хассан байдаг ажээ.. сонирхуулахад,
жүжигчин Marisa Berenson Stanley Kubrick-г зураг авалтын үеэр өөрөөс нь ичээд
дэргэд нь байдаггүй байсан, холбоо тогтоох, заавар өгөх бол зурвас бичин
өгүүлдэг байсан гэж хэлсэн байдаг ажээ.. олон хүн эл бүтээлийг уйтгартай, бас
удаан гэж боддог байх, харин би сонгодог урлаг ойлгодоггүй хүмүүс тэгж яриддаг
гэж боддог, үнэндээ хамгийн дутуу үнэлэгдсэн кино шедевр байх гэж
бодох.. эцэст нь бүх цаг үеийн хамгийн
үзэсгэлэнтэй, гайхамшигтай зураглалтай киноны нэг..
НЭМЭЛТ: Уг киноны судалсан гол
сэдэв бол хувь тавилан ба заяа төөргийн тухай бөгөөд гол дүр Барри хэд хэдэн чухал
үйл явдлуудын улмаас амьдрал руу түлхэгдэж, зарим үйл явдал нь зайлшгүй мэт
санагддаг. Барри ахмад Финитэй хамт хоол идэхээс татгалздаг ч дээрэмдүүлэх
учиртай байсан учир ямар ч тохиолдолд дээрэмдүүлж байна. Өгүүлэгч Брайаны үхэл,
Буллингдоны ирүүл хийх хүсэл гэх мэт үйл явдлыг дэлгэцнээ гарахаас өмнө
зарлахдаа хувь тавилангийн үүргийг ахин дахин онцолдог. Хувь тавилангийн сэдэв
нь мөн уран зургийн давтагдах бүтцээр гарч ирнэ. Өөр нэг чухал сэдэв бол эцэг
хүү хоёрын хооронд оршдог. Барри эцгээ багадаа алдсан ба киноны туршид тэрээр
эцгийн дүрийг хайж, өөртэйгөө холбож байдаг. Жишээлбэл; үүнд авга ах Гроган,
мөн Шевалье нарын дүрүүд багтана. Өөрөө эцэг болсон хойноо Барригийн хайр
хүүгээ сүйтгэдэг; тэрээр лорд Буллингдоны эцэг болсон ч түүнийг үл тоомсорлож,
шийтгэж байгаа нь эцгийн дүртэй зөрчилддөг.
Comments
Post a Comment