Цөхрөлийн чимээ





Antichrist (2009). Өгүүлэх нь, цастай шөнө
нэгэн эхнэр, нөхөр хоёр угаалгын өрөөндөө хурьцал үйлдэж байхуйд дөнгөж хөлд ороод удаагүй байсан бяцхан үр нь сандалаас ширээ дамжин, өвлийн хүчит салхинд нээгдсэн цонхоор унаж үхэж байгаагаар кино маань эхэлнэ.. Германы алдарт хөгжмийн зохиолч Georg Friedrich Händel-ын хөгжим эгшиглэх ахуй дор найруулагч Lars von Trier-ын төгс бодож олсон хар-цагаан, удаашруулсан үхлийн яруу найраг болохуйц дүрслэлээр энэхүү хөгийн, мөн эмгэнэлтэй үйл явдал эхлэх ба ердөө эхний минутаасаа л уг кино олонхийн биш цөөнхийн бүтээл болох нь тодорно..

Дур тачаалдаа автан, дур тавихдаа нь зэрэг шахуу өндрөөс унаж үхсэн ганц хүүхдийнхээ оршуулганд явах эцэг эхийн байдлыг гаргаж илэрхийлэх хэцүү.. энэхүү гамшигт явдлаас үүдэн эхнэр сэтгэл санааны гүн хямралд орж эмнэлэгт хэвтэнэ.. цаг хугацаа өнгөрөх боловч эхнэр \дашрамд хэлэхэд, уг киноны гол дүрүүд нэргүй бөгөөд эхнэр, нөхөр л гэж хэллэгддэг\ эдгэхгүй, харин ч бүр дордож, үргэлж уйлан хайлж, өөрийгөө буруутгана.. Нөхөр аль байдаг чадлаараа эхнэрээ сэргээж, өнгөрсөнийг мартуулж, ирээдүйгээ бодуулахыг чармайх агаад эхнэр үргэлж айдаст автан, сэтгэл санааны хувьд улам тогтворгүй болно.. түүний сэтгэлийн гүнд бугшсан айдсыг өөрийн бие сэтгэлээр эмчлэхээр нөхөр шийддэг бөгөөд үрээ алдсан сэтгэл санааны гутрал дээр бас нэг өөр сэтгэлзүйн асуудал “нуугдаж”байлаа..

Ингээд нөхөр эхнэрийнх нь хоёрдахь том айдас байгаль буюу онгон эх дэлхий болохыг эмчийн тусламжтайгаар олж мэддэг ба нөхөр уг айдсыг тухайн газарт нь шийдэж, засахаар эхнэрээ дагуулан ойн модон дунд орших зуслангийн байртаа очно.. ойн дунд модоор хүрээлэгдсэн модон байшинд хосууд золгүй гайгаа мартаж, эмгэнэл юугаа эдгэхээр байрлана.. гэтэл эхнэрийн байдал урьдынхаасаа дордоно, өөрөөр хэлбэл, эхнэр яг галзуу солиотой мэт аашилж эхлэхээс гадна энэхүү өвчнөө дарахын тулд нөхөртэйгөө адгуус мэт секс хийнэ.. нэг ёсондоо нөхрөө тарчлааж таашаал авах юмуу ёс бус үйлдэл гаргаж эхэлж өмнөхөөсөө бүр дордчихно.. Энэ бүхэнд айсан нөхөр юун эхнэрээ эдгээж, эмчлэх болох ба нэгэн өдөр дээврийнхээ өрөөнөөс өнгөрсөн жилийн эхнэрийнхээ магистрын ажил болох гар бичмэл хийгээд фото зургуудийг олно.. эдгээр фото болон гар бичмэлүүд дээр эртний шашны ёсоор эмэгтэйчүүдийн дотор шулам шүглэсэн хэмээн тамлаж, алж байсныг өгүүлсэн материалууд байна.. 

Данийн нэрт кино найруулагч Lars von Trier-ын энэхүү асар хүнд киног яг ямар жанрт оруулах нь зөв юм бол? Ерөнхийдөө хоррор гэгдэх боловч “experimental” хоррор жанрын гэсэн байсан ба ямар ч байсан хоррор бүтээл гэхэд зохихгүй агаад харин үзэгчийг ичээж, жихүүдэст автуулж, дотор эвгүйцүүлж бол хангалттай чадах энэхүү бүтээл нь баргийн үзэгчийн шандасыг сорьж, кино дууссан хойно санаанаас үл арилахын дээр маш их дарамтанд оруулна.. Lars von Trier эмнэлэгт сэтгэцийн гүн хямрал, зовнилтойгоо тэмцэж байх үедээ уг киноныхоо зохиолыг бичиж эхлээд эмнэлэгээс гарсан хойноо зарим нэг судалгаа хийж зохиолоо улам баяжуулахдаа шашин судлал, эмэгтэй хүнийг үзэн ядах үзэл болон хоррор киноны элементүүдийг нэмж оруулсан бөгөөд найруулагчийн дотоод айдас хийгээд түгшүүр киноны бүтэц, уур амьсгалд шууд нөлөө өгчээ.. 

Найруулагч Lars von Trier католик сүм болон христиан шашны симболизмуудыг сонирхогч ажээ.. Тэрээр киногоо бүтээхээсээ өмнө Европын ой модны тухай баримтад кино үзсэн нь киногоо хийх үндсэн санаануудын нэг болсон гэдэг бол мөн Японы “Ring” болон “Dark Water” хоррор кинонуудаас ихээхэн урам зориг авсан ажээ.. Lars von Trier анх бодохдоо хоррор кино бүтээнэ гэж бодсон хэдий ч зураглалууд хоррор биш шал өөр, этгээд болж ирсэн бөгөөд хожим: бид уг киногоороо хүмүүсийг шоконд оруулах гэж хичээгээгүй, тиймээс энэ бүтээл нь хоррор биш, хорророос санаа авсанаар ийм бүтээл бий болсон хэмээн Lars von Trier хэлсэн байдаг.. кино Канны наадмаар нээлтээ хийж үзвэрийн үеэр хүмүүс киног орхин гарч байхад зарим мэдрэмтгий хүмүүс ухаан алдаж байжээ.. Дани улсад кино маш түргэн алдаршин: гуниг, үхэл, секс бас бүх зүйл утга учиргүй гэсэн жижиг зүйлсийг маш ноцтойгоор, маш хувийн шинжтэйгээр үзүүлсэн урлагийн бүтээл хэмээсэн байхад зарим шүүмжлэгчид мастер найруулагчийн дампуурсан ажил гэж үнэлжээ..

 Америкчууд: Lars von Trier-ын энэхүү артхаус нь үзэсгэлэнтэй зураглалтай, амар ойлгогдохооргүй гэсэн байхад нэрт шүүмжлэгч Roger Ebert энэ киноны талаар: Lars von Trier ямар ч чухал кино найруулагчаас илүү үзэгчээ айлгаж бас цочроож чаддаг ба тэрээр үүнийгээ секс, өвдөлт, гуниг, шашин бас гаж хэлбэрээр үзүүлдэг бөгөөд студийн шүүлтүүрээр оролгүй цэвэр өөрийнхөөрөө уран бүтээлээ туурвидаг гээд цааш нь, эл бүтээл нь хэдий уран сайхны кино ч камерын өмнөх жүжигчдийн тоглолт баримтад кино шиг сэтгэгдэл төрүүлнэ гэжээ.. 
уг киноноос үүдэн Lars von Trier-г дэлхийн хамгийн зоригтой кино найруулагч, харин жүжигчдийг баатарлаг бас чин зоригтонгууд хэмээж байв.. Энэхүү киноны хэт задгай секс \бараг порно\ сценүүд болон хэрцгий цус асгарсан хэсгүүд нь киног бүх цаг үеийн хамгийн үзэхэд тамтай, балиар гэсэн киноны тоонд оруулдаг ба насанд хүрээгүй бол үзэхийг хориглоно.. Anthony Dod Mantle-ын бишрэм зураглал дээр хөгжмийн оновчтой сонголт нь киног энэ ертөнцийнх биш гэмээр сэтгэгдэл төрүүлэх бөгөөд киноны “slow motion” үнэхээр гуа сайхан, бүтээлч байснаар киноны бүх элементийг нэгтгэнэ.. 

Кино секс, үхэл болон чөтгөр гэсэн нүд хальтрам дүрслэлээр тавгүйтлыг мэдрүүлэхдээ гоо үзэсгэлэн, тэнгэрлэг уур амьсгалаар тэнцэрээ олно.. Гол дүрүүдэд дөрвөн удаа Оскарт нэр дэвшиж байсан Америкийн жүжигчин Willem Dafoe болон Англи-Францын жүжигчин, дуучин Charlotte Gainsbourg нар шагшмаар бас зоримог тоглолт үзүүлсэн бөгөөд Charlotte Gainsbourg эхнэрийн дүрээрээ Канны кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан байдаг нь жүжигчин хүүхний чансааг харуулна.. Willem Dafoe энэ кинонд тоглох болсон талаараа: маш бараан кино зохиол байсан, үгээр илэхийлэмгүй ийм киноны талаар хүмүүс яридаггүй ба харин жүжигчдэд өөрийнхөө хүч чадлыг үзүүлэх боломж болдог учраас би энэ кинонд тоглохыг хүссэн хэмээсэн байдаг.. Lars von Trier эхнэрийн дүрд Eva Green-г тоглуулахаар болоод байсан ч Eva Green-ын агент замнал нь баларна гэж үзсэн үү, ямартай ч зөвшөөрөхөөс татгалзсанаар эхнэрийн дүр Charlotte Gainsbourg-д ирсэн ба Charlotte Gainsbourg энэ дүрийг маш их сонирхож, юу ч болж байсан хамаагүй энэ дүрийг бүтээнэ гэснээр сонгогдож байжээ..

 Lars von Trier киноны зураг авалт эхлэхээс өмнө жүжигчдийнхээ сэтгэл санааг бэлтгэхийн тулд Andrei Tarkovsky-ын “The Mirror”-г үзүүлсэн бөгөөд Willem Dafoe бас Lars von Trier-ын “The Idiots”-г үзэж өөрийгөө бэлдсэн бол Charlotte Gainsbourg Италийн кино найруулагч Liliana Cavani-ын алдарт “The Night Porter” киноны гол дүрийг бүтээсэн Charlotte Rampling-ын тоглолтыг судалсан гэдэг.. мөн түүнчлэн жүжигчин Willem Dafoe дүрийн судалгаа болгож зан авирын засалчидтай уулзаж, эмчилгээнд нь оролцож, бас энэ сэдвээр материалууд судалжээ.. Уг бүтээл хожмоо найруулагчийн "гутралын трилоги"-ын нэг болсон бөгөөд уг трилогид: “Melancholia”, “Nymphomaniac” тэгээд энэхүү бүтээл багтдаг.. энэ цаг үед амьд сэрүүн яваа цөөхөн кино мастеруудын нэг Lars von Trier уг киногоо ЗХУ-ын суут кино найруулагч Andrei Tarkovsky-д зориулсан байдаг.. киноны цаад агуулга хоёр зүйлд холбогдоно. Нэгд. Байгаль эх хичнээн хатуу ширүүн болохыг, тэгвэл хоёрдахь нь, хүн гэдэг байгаль эхээсээ, адгуус амьтнаасаа ч илүү харгис догшин гэдгийн үзүүлсэн..

Comments