Хөдөлдөг зураг


Koyaanisqatsi (1982). Одоогоос зуу гаруй жилийн өмнө Францад ах дүү Lumiere нар анхны киног бүтээж, мөн хийж байсан билээ.. ах дүү хоёрын өрнөлгүй, зорилгогүй анхны тэр кино гэгчид: галт тэрэгний хөдлөлт, зогсолтоос авхуулаад хүүхдээ тэврэх эх гэх мэт зүгээр л бодит энгийн зураглалууд орсон байлаа.. тэгвэл өнөө цагийн кино гэгч маань олон ангитаас өгсүүлээд ойлгоход бэрх Эксперименталь хүртэл тоймгүй олон жанрын, ой тоонд багтамгүй олон кино нэг жилд хийгддэг болсон.. энэ дундаас чанартай бүтээл олж үзэх нь өвсөн дундаас зүү хайхтай ижил болсон гэхэд хилсдэхгүй.. 

тэгвэл 1982 онд Америкийн кино найруулагч Godfrey Reggio, Ron Fricke нар хамтран нэгэн сонирхолтой, урьд хожид байгаагүй кино бүтээв.. ерөнхийдөн авч үзвэл баримтад гэх төрөлд орох боловч би бол үзэх яруу найраг, кино уран зураг гэж томъёолмоор санагдах.. мөн үүн дээр нэмж хэлэхэд, хөгжмийг кино урлагтай нэн нягт, бараг киногоо тодруулж өгсөн цөөхөн гоц хөгжмүүдийн нэг уг киног уянгалуулна.. кинонд гол дүр, шугаман үйл явдал, эхлэл, төгсгөл аль нь ч байхгүй ба цэвэр мэдрэмж рүү хандсан оюун санааны өндөр дээд түвшинд хийгдсэн бүтээл.. нэг цаг гучин минут үргэлжлэх энэхүү урлагийн сод туурвил үнэн уйтгартай, ойлгомжгүй санагдах аваас тэр үзэгч киног зүхэхээсээ илүү өөрийнхөө урлагийн боловсролд анхаарах нь зүй, тус бүтээл мэдээжээр масс-н бус элитүүдийн бүтээл.. 

Godfrey Reggio, Ron Fricke нар \яг энэ бүтээл илүүтэй Godfrey Reggio-нх\ уг бүтээл дээрээ 1975-1982 оны хооронд ажилласан бөгөөд дэлхийн олон сайхан газар очиж үнэмлэхүй гайхалтай зураглалуудыг авсан байдаг.. кино гарсан дороо амжилт олж сайхь амжилтандаа урамшсан Godfrey Reggio 1988 онд “Powaqqatsi”, 2002 онд “Naqoyqatsi” гэсэн ижил жанрын хоёр бүт туурвьсан ба уг гурван киног өдгөө “Qatsi” трилоги гэдэг.. сонирхуулахад “Qatsi” гэдэг нь Hopi хэлээр “амьдрал” гэсэн утгатай аж.. энэ Hopi хэл гэдэг нь америк тивийн уугуул индианчуудын нэг хэл бололтой.. ерөнхийдөө одоо бараг устсан гэсэн үг.. тэгвэл Koyaanisqatsi гэдэг нь Hopi хэлээр “Life Out of Balance” гэсэн утгыг илэрхийлдэг аж.. нэрнээс нь ажихад л киноны утга гарч ирнэ.. кино америкийн агуй дахь сүг зурагнаас эхлээд их түгжрээ үүссэн орчин үеийн хотын байдлыг зураглана..

 жишээн, киноны эхэн хэсэгт голдуу байгалийн үзэсгэлэнт сайхан газруудыг харуулах бол дунд үеэс уул уурхай, цэрэг зэвсэг, технологийн хөгжлүүдийг хосгүй зурагласаар эцэстээ метронд суух түмэн олон, зам гарах шороон түмэн хүмүүсийн бужигнааныг Philip Glass-н давтагдашгүй өрнүүн хөгжмийн хамт үзнэ.. Godfrey Reggio найруулагч киноныхоо хэмнэлийг онцгой олсон.. тухайлбал, дэлгүүрт бужигнах олны хэсгийн өндөр хэмнэлтэй ая дээр хурдацтай гүйлгэж авсан нь орчин үеийн завгүй амьдралыг үнэхээр л нэг илтгэнэ.. харин удаан зураглалтай үүлний нүүх хэсгийг мөн намуун хөгжим дор эвлүүлсэн нь хүнээс хамааралгүй цаг хугацааг дүрсэлсэн мэт оновчтой.. ерөөсөө зураглал, үзүүлэх дүрслэлүүд нь цаглашгүй мөнхийн баримт болж үлдэх культ бүтээл юм.. киноны далд санааг ойлгоход хялбар, юу гэвээс, ерөөсөө хүмүүс бид нар эх дэлхийгээ ухаж, тонож дуусч байгааг ойлгоно.. дэлхий маань хүн гэдэг амьтны төгсөшгүй шуналын үрээр хэзээ нэгэн цагт дуусах хэрэгсэл болжээ.. 

хүн материаллаг зүйлсээр өөрийгөө тойруулж амьдарч байсан бол одоо материаллаг зүйлсийнхээ гарахааргүй гүн дотор амьдардаг бүтээлийнхээ \технологи\ боол болсонг харуулжээ.. энгийн киног шиг нэг дүрээр ертөнцыг харах биш шууд том дурангаар, гаднаас нь, илүү өндрөөс, холоос хүн болон байгаль дэлхийн уялдаа харилцааг харах боломж олгосон кино.. америкийн алдарт хөгжмийн зохиолч, 20 зууны хөгжмийн мастеруудын нэгээр нэрлэгддэг Philip Glass-н хөгжим байгаагүй бол эл бүтээл ийм өндөрлөгт хүрэх байсан уу гэдэг сонин. Philip Glass “Qatsi” трилоги дээр бүгдэд нь ажилласан ба чухамдаа трилогийн хамгийн шилдэг нь Koyaanisqatsi болно.. Koyaanisqatsi дээр зураглаачаар ажилласан Ron Fricke хожим бие даан “Baraka”, “Samsara” зэрэг ижил төрлийн харааны бясаглал бүхий кинонууд бүтээж асар их амжилт олсон бөгөөд тус бүтээлүүд одоо урлагийн жинхэнэ бүтээлд тооцогддог.. юутай ч Koyaanisqatsi энэ жанртаа анхны ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 403-р байрт жагсдаг..

Comments