Ичимхий баатар


Closely Watched Trains (1966). Дэлхийн хоёрдугаар дайны үе.. нацистуудад эзлэгдсэн Чехословакийн нэгэн жижигхэн тосгоны галт тэрэгний буудал дээр өрнөх жижигхэн боловч сэтгэл догдлуулам түүхийг өгүүлэх бүтээлийг танилцуулъя.. нэг ёсондоо, уйтгартай тосгоны аж амьдралыг ойроос задлан харвал тун баялаг хийгээд сонирхолтой болохыг энэ киноноос харж болно.. мөн үүн дээр дайны аж байдал орж ирсэнээр киног хүчтэй болгоно.. 

 Милош хүү \арван зургаа хүрч байгаа болов уу\ олон жил тосгоны галт тэрэгний буудалд диспетчер-ээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан аавынхаа халааг авч, нэр хүнд, орыг нь залгамжлахаар диспетчер-ээр ажилд орж буйгаар кино маань эхэлдэг.. эх орон нь эзлэгдсэний дээр эр хүн болж \зандан\ амжаагүй байгаа Милош хүү бие хийгээд сэтгэлийн эрх чөлөөнд хүрэхийг юу юунаас илүү хүсэмжилнэ.. дөнгөж эр хүн болох насандаа яваа өсвөр насны хүүд ертөнц тэр чигээрээ хурьцал, эмэгтэй хүнд урин дуудсан сэрэл хөдөлгөм том тайз байв.. өөрөөр хэлбэл, түүний хувьд хурьцал руу чиглээгүй юм гэж байсангүй, дайн дажин хоёрдугаар зэргийн асуудал байв.. үе тэнгийнхнээ бодвол Милош ичимхий байв, уг сул чанар нь охидуудтай уулзахад тодоор илрэх агаад хурьцал хийх байтугай үнсэлцэж ч чаддаггүй байв.. буудал дээр Милошоос нэлээд ах Хубичка гэх бас нэг диспетчер байна, эрчүүд дотно нөхөрлөж ирэх бөгөөд Хубичка улаан хөлтнийг өмнүүрээ гишгүүлдэггүй эр байв: өөрөөр хэлбэл, Милошын яг эсрэг дүр юм.. Хубичка мөн нутгийнхаа партизаны нууц ажилтан агаад нацистуудыг “чадах” хорон аргандаа Милошыг уруу татах ба дайчин өвөг, аавынхаа нэр төрийг бахдалтайгаар үргэлжлүүлэх хүсэл, эр зориг Милошд харин бий бөлгөө... буудлаар дамжин өнгөрөх галт тэргэнд маша хэмээх хөөрхөн кондуктор охин ажилладаг байв.. охин милошыг бодвол нээлттэй, нүүрэмгий бөлгөө..

Милошын цайлган цагаан зан охинд их таалагдах ба өөрөө бараг санаачлан байж хөвгүүнтэй үерхэж эхэлнэ. хорон үгт Хубичка Милошыг байнга “секс хийсэн үү?”, “Маша чинь орондоо хэр юм?” гэх мэтээр даачигнана.. харин үнэндээ Милош сэтгэлтэй охиноо үнсэж ч амжаагүй байлаа. яг үнсэх гэхээр заавал нэг саад гарч ирдэг байв, үнэн гаслантай.. ингэж, ингэж залуухан хосууд хамтдаа байж, хамт хонох аятай өдөр ирдэг: Маша зүрх гарган түрүүлж үнсэх жишээгээр бүх санаачлагийг гаргах хэдий ч Милош даанч хариу үйлдэлд хүчгүй, сул дорой хандана.. үүнд охин эмзэглэх бол хөвгүүн асар их сэтгэлийн гутралд орж улмаар милош амиа хорлохыг завдана.. азаар амьд үлдэх түүнд эмч зөвлөнө: “санаа зовох юм биш, сэтгэл санааны асуудал, өөрөөсөө эгч туршлагатай хүүхэнтэй эхлээд унт, тэгээд асуудалгүй” гэнэ.. 

ийм зөвлөгөө авсан Милош хамгийн түрүүнд Хубичка дээрээ очилгүй яахав, Хубичка түүнд эгч хүүхэн олж өгөхөөр болно.. Хубичкагийн олж өгсөн хүүхэн циркийн жүжигчин, партизан гоё хүүхэн байна.. юу хийхээ мэдэх хүүхэн хийгээд юу хийлгэхээ ухамсарласан хөвгүүн шөнийг зовлонгүй сайхан өнгөрөөнө.. өглөө боллоо, чухал үе ирэхэд нацистын сум ачсан галт тэрэг өнгөрөх явцад Милош урьдчлан бэлдсэн бөмбөг дэлбэлэх байв.. Милошд одоо үхэх сэхэх нь чухал биш юм, занданаа тайлсанаас гадна эх орондоо хэмжээгүй их тус хүргэх гэж буйдаа сэтгэл хангалуун алхана.. ийнхүү явж байгаад замдаа Машатай таарна.. Маша түүнд хандан “би чамайг ойлгосон, уучилсан” гэж хэлдэг харин Милош хариуд нь “би одоохон эргэж ирнээ” гэнэ.. бөмбөг дэлбэрч сум ачсан галт тэрэг сүйрдэг бол Милош энэ үеэр буудуулж амь алддаг... 
 1968 оны Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагнал хүртсэн бүтээл юм.. итгэмээргүй нь, найруулагч Jiří Menzel анхны киногоороо шууд Оскар хүртсэн цөөхөн тохиолдлын эзэн болсон..

 Чехийн шинэ давалгаа гэх үед хамаарагдах уг кино дайныг ёжлосон инээдэмт өнгө аясаараа суут Хашек-ын “Эрэлхэг Цэрэг Швейк” романыг санагдуулна.. уг хоёр бүтээл үйл явдал нь дайнаар холбогдохоос өөрөөр ижил төсгүй ч “Эрэлхэг Цэрэг Швейк” романыг уншсан хэн бүхэнд киноны эхний сценээс л Чех егөөдөл, хошигнолоороо төстэй юм шиг мэдрэгдэнэ.. дайн болон өсвөр насны хөвгүүний секс ертөнцийг давхар дэвсгэрээ болгосон гэж бодож байна, уг кино. Аль нэгийг нь үгүйсгэвэл кино маань бүхэлдээ нурах аюултай ба Милошын дүр бол баатар эр ч жулдрай хөвгүүн байдаг юм шүү гэсэн санааг агуулна.. үүний завсраар хөнгөхөн хошигнол киног уйдамгүй зугаатай болгоно.. инээдэмтэй, гунигтай, баатарлаг явдлыг нэг жижигхэн галт тэрэгний буудалд гайхамшигтайгаар “бөөгнүүлсэн”.. кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 391-р байрт жагсдаг ба мэдээж Чехдээ тэргүүний тоонд орно... их дайныг нэг ичимхий, болхи хөвгүүнээр дамжуулан харуулахдаа баатар эр, баатарлаг үйл жижиг юмаас эхлдэгийг найруулагч онцлосон мэт. Мөн түүнчлэн, баатар эр, бяр чадал гэдэг гадна харагдах сүрэндээ биш шүү гэсэн өнцөг ч бийг хэлмээр байна.. эцэст нь, эл бүтээлийг үзсэн ямарч эр өсвөр насаа, эр хүн болсон мөчөө эргэн санах бизээ..

НЭМЭЛТ:   энэхүү киног Чехийн зохиолч Bohumil Hrabal гэгчийн романаас сэдэвлэсэн бөгөөд найруулагч Jiri Menzel өмнө нь бүтээж байсан кино антологи бүтээлээсээ санаа авч, буюу хөрвүүлөн бүрэн хэмжээний кино болгожээ. Энэ бол найруулагч Jiri Menzel-ын анхны кино байсан ба киноны зохиол дээр зохиолч Hrabal үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг аж. Дайны үе дэх ид залуухан эрийн секс хүсэл, эх орноо гэх ариун сэтгэлтэй хэрхэн хоршиж болохыг үзүүлсэн гайхалтай кино.

Comments