Хувирашгүй, өөрчлөгддөггүй, дуусдаггүй хайр


Make Way for Tomorrow (1937). Нэгдсэн улс. Их хямралын хүнд үе. Нас дээр гарсан эхнэр, нөхөр Cooper нар ажил хийж орлого олох боломжгүйн улмаас банкны зээлээ төлж чадахаа больж байшингаа алдана.. ингээд Barkley, Lucy хоёр өөрсдийн таван хүүхдүүдээ цуглуулан гэр бүлийн хурал хийж байгаагаар кино эхэлнэ.. өсгөж хүн болгосон хоёр хөгшин тавын таван хүүхдүүдээсээ тусламж эрж, хорогдох байр хүсэх эрхтэй биздээ? Хоёр хөгшиний хүүхдүүд цөм тус тусын амьдралыг хөөж, гэр бүл, үр хүүхэдтэй болцгоосон ба нэг хүүхдийг нь эс тооцвол бүгд \дөрвөн хүүхэд, хоёр нь эр, хоёр нь эм\ гэр бүлийн хуралд ирцгээнэ.. улс орон даяар эдийн засаг хямарч, айл өрх бүр гундуухан амьдарч байсан үе. 

 Хямрал Cooper-ын хүүхдүүдийг тойрсонгүй, тэд эцэг эхээ хамтад нь авахад, орон байрны хүрэлцээ, ажил олдохгүй байгаа зэрэг есөн шидийн шалтаг тоочицгооно.. ер нь л дургүйхэн байх боловч төрсөн эцэг эхээ гудманд гаргачихаж болохгүй учир ээлжлэн буюу гурав гурван сараар гэртээ байлгахаар болно.. ингэхдээ эцэг эхээ хамтад биш тус тусад нь салгаж авахаар тохирно.. хөгшин хонины насгүй болсон хөгшид хоёр талд амьдрахыг эсэргүүцэж байсан ч хүүхдүүдийнхээ боломжийг харж, хүүхдүүдээ зовоогоод яахав хэмээн зөвшөөрнө, ямартай ч байдал сайжрах хүртэл ингэж амьдрахаар болно..
эхнэр Lucy том хүүгийндээ ирнэ.. том хүүгийнхэн нэг өсвөр насны охинтой агаад эмээгээ ирсэнээс хойш ач охины амьдрал эрс өөрчлөгдөнө. Нэг ёсондоо хатуу хараан дор орох ба эхэндээ эмээгээ үзэн ядах нь холгүй байсан бол сүүлдээ эмээгээсээ зөвлөгөө авдаг, эмээтэйгээ нууцаа итгэж хуваалцдаг болно.. эмээ нь ч ач охиноо олон удаа аварна.. энэ бүхэн бэрд нь үл таалагдана.. өсч байгаа охиныхоо ааш аягыг өөрөө олж чадахгүй, харин бүр хадам нь олж тунгаагаад буйд түүнд охиноо алдаж байгаа мэт хор шар хүрнэ.. 

энэ зуур нөхөр Barkley хар яр гэсэн муухай ааштай бага охинындоо амьдарна.. хөгшин залуу хоёр үе хамт байхаараа заавал зөрчил үүсдэгчлэн тэр ёсоор байнга л маргалдсан, зөрчилдөн амьдрах нь Barkley-д хэцүү байлаа. Дээр нь эхнэрийнхэн халамж хайр дутсанаас ханиад хүрэх ба энэ үед эхнэрээ бүр ч их санана.. Barkley энэ хугацаанд эхнэртэйгээ утсаар л ярих ба хэцүү, тухгүй байгаагаа үргэлж хоёр биенээсээ нууна. Учир нь, хайртай хүнийхээ санааг зовоохгүй гэж тэр шүүдээ.. Barkley эхнэртэйгээ эрх дураараа хамт амьдраад дассан байв.. түүнд хүүхдүүддээ тээр болж, мөн өөрөө ч эхнэрээ санаж амьдрах нь там шиг байв.. тэрээр бушуухан ажил олж, мөнгө хуримтлуулж, эхнэрээ дэргэдээ авахыг хүснэ.. Lucy ч нөхрөө хүлээнэ. Гэвч бодит байдал ондоо байлаа. Хөгшин өвгөнд ажил олдоно гэдэг үлгэр байв. Ийнхүү цаг хугацаа жирэлзэн өнгөрч гурван сар өнгөрнө.. нөгөө байдал сайжрах байтугай ээлжлэн авах ч худлаа болов. Солигдож авах ёстой хүүхдийнх нь амьдрал дээшилсэнгүй бол заримынх нь ар гэрийн хүн “би чамтай сууснаас эцэг эхтэй чинь суугаагүй” гэж хатуурхана.. 

эцэг Barkley-г эхэнд өгүүлсэн гэр бүлийн хуралд ирж чадаагүй хүүхэд нь авахаар болно.. энэ хүүхэд нь бараг ертөнцийн нөгөө талд амьдрах агаад нэгэнт тийшээ явбал дахиж мөддөө ирэхгүй болно.. хөгшин настай хүнд энэ нь зөвхөн нэг талын л зорчих тасалбар ажээ.. харин нөгөө талд эхнэр Lucy бэртэйгээ таарахаа болино.. бэрийн шахалтаар хөөрхий эмгэнийг асрамжийн газар байлгахаар болно.. Lucy хүүхдүүддээ тээр болохгүй гэсэн эхийн аугаа сэтгэлээр хүлцэнгүй зөвшөөрөх хэдий ч аавдаа битгий хэлээрэй гэж хүүхдүүдээсээ гуйна.. ингээд Barkley, Lucy хоёр хамгийн сүүлчийн удаагаа ч байх магадлалтайгаар уулзана.. нөхөр оройн галт тэргээр явах бөгөөд тэд гэр бүлээрээ оройн зоог барих ёстой байв. Тавин жил хамт амьдрахдаа анх удаа олон сар хоёр тусдаа байсан хөгшдөд хоёулахнаа байх хэдэн цаг оногдоно.. олон жил махаа зулгаан байж өсгөсөн хүүхдүүд нь хоёр ядарсан хөгшнийг насны эцэст ингэж цээрлүүлэх гэж, амьдрал яасан шударга бус вэ? Минут бүр үнэтэй байлаа. Barkley, Lucy аль аль нь зөнгөөрөө энэ тэдний эцсийн уулзалт гэж мэдэрдэг. Иймээс нөхөр нь хүүхдүүд дээрээ очих цагаасаа албаар хожигдож эхнэртэйгээ нэг үдшийг залуу насаа дурсан өнгөрүүлэхээр шийддэг .. 

Lucy эхлээд дургүйцсан ч нөхрөө дагадаг.. Эхнэр нөхөр хоёр хамтдаа дэлгүүр хэсэн, цэцэрлэгээр зугаалан, хотын төвөөр үнэтэй машинд суун сэлгүүцэн, оройн нь тансаг зоогийн газар орж хооллодог.. тэдэнтэй зоогийн газар, гудманд гээд таарсан танихгүй хүн бүр эелдэг, хүндэтгэлтэй харьцах ба хачирхалтайн хүүхдүүд нь тийм биш байдаг нь гунигтай.. Холливуудын алтан үеийн нэрт найруулагч Leo McCarey 1937 онд хоёр шилдэг бүтээлээ оскарт сойсноос түүний инээдмийн төрлийн "The Awful Truth" кино шилдэг киногоор шалгарч, харин энд өгүүлэн буй кино хоосон үлдсэн байдаг. Харин Leo McCarey үүнд “хошигнож” АКА буруу кинонд минь шагнал өгчихлөө гэсэн гэдэг.. үнэндээ Leo McCarey “Make Way for Tomorrow”-той өгнө гэж харж байж.. одоо бүх кино судлаачид Leo McCarey-ын хамгийн шилдэг кино нь "Make Way for Tomorrow" хэмээн үздэг ба найруулагч ч өөрөө ингэж үздэг байжээ.. энэхүү уярам мелодрам нь бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 330-р байрт жагсдаг ба гэр бүлийн кино жанртаа сонгодог, цаглашгүй бүтээлд багтана.. нэгэн гэр бүлийн асуудлыг онцгой, гэхдээ үнэн байдлаас үзүүлж чадсан нь өдгөө ямар ч загварын нийгэмд байх гэр бүл хийгээд эцэг эх, үр хүүхдүүдийн хоорондох зөрчил, ер нь нас хоорондын зөрчлийг хөндсөн.. 

ингэснээрээ мөнхийн сэдвийг дэлгэцнээ энгийн боловч сэтгэл өвдөм, ухаарал өгч, юм бодогдуулахаар бүтээсэн.. зарим судлаач уг киног Капиталист нийгмийн төрхийг илчилсэн ч гэх нь бий. Нэг ёсондоо хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлийг бид киноны туршид хүсэн хүлээнэ.. алдарт кино найруулагч Peter Bogdanovich уг киног хамгийн гунигтай кино гэсэн бол суут Orson Welles чулууг ч уйлуулах чадалтай кино гэж магтсан. Мөн түүнчлэн, John Ford, Frank Capra , Jean Renoir нарын аваргууд эл бүтээлийг дээдэлдэг ажээ.. аугаа Yasujirō Ozu энэ киноноос урам зориг аван домогт“Tokyo Story”-гоо \сонирхолтойн Tokyo Story илүү алдартай болсон\ хийсэн байдаг ажээ. Эцэг эхийнхээ ачийг хариулна гэдэг хэзээч бүтэхгүй хэрэг. Ач хариулна гэж өөртөө дарамт үүсгэх ч хэрэггүй. Тэртээ тэргүй төрсөн цагаасаа л бид эцэг эхдээ бэлэг болсон буюу ачаа хариулсан.. гол нь эцэг эхээ хамгийн түрүүнд тавьж байхыг, нас дээр гарсан хойно нь тэднийхээ хүслээр байлгах нь чухал юм.. эцэг эх гэдэг хамгийн анхдагч хайр билээ..

Comments

  1. Хммм ямар өрөвдмөөр кино вэ. Ийм дээр үеийн кино мөртлөө одоо Монголд хааяа үзэгдэх болсон түүхийг л өгүүлсэн байна даа. Асрамжийн газрын хөгшид үнэхээр өрөвдмөөр шүү. Залуудаа ямар сайхан байсан бол гэж бодохоос сэтгэл өвддөг.

    ReplyDelete

Post a Comment