Эмэгтэй ба хүүхэлдэй


That Obscure Object of Desire (1977). Севилья-ээс Парис руу хөдлөх галт тэрэг замдаа гарах үед нэгэн хижээл насны зорчигч амжиж сууна.. энэ мөчид өнөөх эр нэгэн залуухан бүсгүйтэй хэрэлдэн, бүр түмпэнтэй ус цацаж байх нь олон зорчигчыг гайхшруулахаас гадна гол нь их бүдүүлэг явдлын гэрч болцгоосон тэд өнөөх эрд их л дургүй хандацгаана.. эл бүдүүлэг эрийг Mathieu гэх агаад гаднаасаа бол соёлтой, сэхээтэн хүн болох нь илт.. амьдрал үзэж хал суусан түүний амьдралд эхнэрээс бусад бүх юм бий.. Mathieu бөөн хэрэг тарьчихаад галт тэрэгнийхээ өрөөнд орж ирэхэд өрөөнд нэг хуульч эр, бас нэг хүүхэдтэй хүүхэн, тэгээд нэг одой хүн байна.. тэд Mathieu-г янзгүй харах ба ийм нүдэнд дулаахан бас намбатай эр яагаад тэр хүүхэнг тэгтэл олны нүдэн дээр доромжилсонг шалгаацгаана..

Mathieu үүнийгээ цэвэр эр эмийн асуудал гээд тэр бүсгүйг шуламтай зүйрлэж, өөрөө шуламнаас зугтаж байгаагаа хэлнэ.. зам урт, дээр нь өөрийгөө зөвтгөх үүднээс Mathieu уйдаж суусан хамт аялагчдадаа өөрийнхөө хайрын түүхийг ярьж эхэлнэ.. Mathieu ажил хэргээр найзындаа зочилж яваад ирээдүйн хайр, хүсэл тачаалынхаа хатан Conchita-тай учиржээ.. хижээл насанд ирсэн дурлал түрэмгий, унтрашгүй бөгөөд олон дутагдал дагуулдаг билээ.. үзэсгэлэнтэй, залуухан, гүзээлзгэнэ, сарнай цэцэгтэй л зүйрлэм сайхан Испани бүсгүй Conchita тэр айлын үйлчлэгч байв.. Mathieu бүсгүйг хараад л дур хүсэлдээ шатаж эхлэх бөгөөд ил тод эргүүлж эхэлнэ. Бүсгүй ч хандыг нь гомдоохгүй өгч байлаа.. ингээд маргааш болоход Conchita алга болж Mathieu сэтгэл гонсойно.. бүсгүйг үргэлж бодох тэрээр санаандгүй явж байгаад хэдэн залууст дээрэмдүүлдэг.. Mathieu мөнгөө дээрэмдүүлсэндээ бухимдсангүй харин хүүхнээ хамар дороосоо алдсандаа бухимдана.. дараагийн өдөр цэцэрлэгт хүрээлэнд цайлж суутал зүрхний хайрт Conchita өнөөх дээрэмчидтэй хамт Mathieu-г чиглээд ирнэ.

Conchita түүнээс уучлалт гуйгаад мөнгийн эргүүлж өгөх ба эдгээр залуус түүний найзууд гэнэ.. Mathieu мөнгө авахгүй, өөртөө үлдээ гээд харин хаана амьдардаг дахин уулзах хүсэлтэйгээ хэлнэ. Бүсгүй ч амьдардаг газраа хэлнэ.. жаргах цаг нь ирсэнийг мэдэрсэн Mathieu бөөн баяртайгаар маргааш нь бүсгүйн гэрт давхин очно.. Conchita хөгшин эхийн хамт умгар гэрт амьдардаг байх агаад бүжигчин мэргэжилтэй ажээ.. бүсгүйн эх Mathieu-г ноён гэж хүндлэн тун тахимдуу хандаж, охинтойгоо зовж амьдардаг, мөнгө өгсөнд баярласан, удахгүй эргүүлж өгнө гэнэ.. Mathieu тэднийхээр байнга орж гардаг болов.. ирэх болгондоо бэлэгтэй ирэх юмуу ойр зуурын юм аваарай гэж мөнгө өгнө.. хөгшин эх түүнийг ирэнгүүт гэрээс гарах ба Conchita ч өөрт нааштай хандаж царай өгнө. Гэхдээ бас зовлон байв. Тухайлбал гэрт ирэх бүрт өнөөх дээрэмчдийн нэг нь болох залуу байнга байх агаад ер нь ч хүүхний дэргэдээс холдох шинжгүй байна.. өөрийг нь бодвол залуу бас сайхан тэр хархүү өөрийнх нь өрсөлдөгч юмуу гэхээр Conchita үгүй хэмээгээд тэр залуу гомо, мөн гитар тоглодог учир бүжигчин миний найз гэж сэтгэлийн тайтгаруулна.. бүсгүй Mathieu-д дасч байгаагаа өдөр бүр хэлж энэ нь яваандаа хосын хэмжээнд хүрнэ.

Гэвч бүсгүй Mathieu-г өөртөө ойртуулахгүй байлаа.. зөвхөн үнсэлтээс эс хэтрэх харьцаагаа бүсгүй өөрийгөө онгон гэдгээр тайлбарла ба мэдээж Mathieu хүлээж цөхнө, нүдээ анихад л Conchita адтайн аргагүй урин дуудсан бүжиглэх нь харагдаж байж суухаа үл олно.. Mathieu-д нэг санаа төрсөн нь Conchita-тай суух байв. Ингэхдээ эхээс нь салгах агаад эхэд нь ахиухан мөнгө өгчихөд болчих мэт байлаа.. үнэхээр ч үүнийгээ хэрэгжүүлэх бөгөөд шуналтай эх мөнгө аваад арилж өгсөн бол Conchita үүнд асар их уурлаж, өөрийг нь худалдан авах гэлээ, би чамд хайртай байхад, дахиж уулзахгүй гээд хэсэг алга болно.. тэсгэл алдаж буруу юм хийснээ Mathieu ухаарна.. ийнхүү хэсэг хугацааны дараа тэд нэгэн зоогийн газарт таарна.. Conchita тэнд зөөгч хийж байв.. Conchita түүнийг уучлахаас гадна хайртай хэвээрээ гэнэ, тийнхүү тэд дахин нийлж энэ удаа Mathieu-ын тансаг гэрт амьдрахаар нүүж очно.. орой болж унтах болоход Conchita эрт дээр үеийн тайлагдах аргагүй дотуур хувцас өмссөн байна, санаа нь бол секс хийхгүй юм..

дараагийн өдөр Conchita бие муу байна гэх юмуу, секс хийх хүсэл алга гэсээр ер ойртуулахгүй.. Mathieu эхэндээ бүсгүйг хүндлэхээс гадна хүмүүжил, боловсролтой эр хүн тул энэ бүхнийг тэссээр байсан ч сүүлдээ арга барж, энэхүү байдал нь там шиг санагдаж эхэлнэ.. 
өөрөөр хэлбэл, гартаа маш амттай жимс барьсан хэрнээ хазаж чадахгүй тойруулан харахтай ижил байлаа.. нэг өдөр Conchita өрөөндөө өнөөх гитарчин залуугаа нууцаар орогнуулж байгаад баригдана.. Mathieu дэлбэрэх дөхөх ба хоёулангийн гэрээсээ хөөнө.. Mathieu бодохдоо, бүсгүйг энэ бүх хугацаанд өөрийг нь хуурч гитарчинтай явалдаж, намайг зөвхөн мөнгө гэж үзэж байж гэж санана.. ингээд тэрээр Испани руу явах ба санаандгүй \үнэндээ Conchita-г хайж явсан болов уу?\ Conchita-тай таарна.. бүсгүй нэг газар бүжиглэж байгаа гээд орой ирж үзээрэй гэнэ.. дахин нийлэх боломж гарсанд үнэндээ тэд хоёулаа баярлана.. Mathieu явж очтол үнэндээ Conchita жуулчдад тайчих үзүүлбэр үзүүлж байв, Mathieu ахиал хардаж, үхтлээ уурлахад Conchita мөнгөгүйн улмаас ингэж явна, чи дэндүү хартай, гэтэл би чамд одоо хүртэл хайртай гэнэ..

Mathieu бууж өгч, түүнд гоё байшин авч өгнө, хариуд нь Conchita орой ирээрэй, чамдаа охин биеэ өгнө гэдэг.. Mathieu товлосон цагтаа ирэхэд бүсгүй түүнийг хашааныхаа гаднаас хүлээн авч дотогш оруулахгүй бөгөөд нэмээд ингэж хэлнэ, би чамд хайргүй, чамайг надад хүрэх бүрт миний дотор муухайрдаг, чамайг ашиглаж би олон юм авхуулсны нэг энэ байшин, чи секс хүсч байгаа бол хүслээр чинь больё хэмээгээд нөгөө гитарчинаа дуудаж гаргаж ирээд Mathieu-ын нүдэн дээр секс хийхээр зэхэж тайчина.. хашлаганы цаана байгаа Mathieu яах билээ? Бушуухан арилна.. маргааш нь Mathieu түргэн Парис явах гэж байхад Conchita түүн дээр ирээд, би чамайг шалгасан юм, үнэхээр надад хайртай эсэхийг чинь мэдэх гэж, харин чи чадлаа, одоо би чинийх, би онгон хэвээрээ гэнэ.. үнэхээр ч Conchita гитарчинтай секс хийж байгаа хэсэг гардаггүй билээ.. гэхдээ ямарч эр хүн ийм юмыг тэсэхгүй нь үнэн ба Mathieu бүсгүйг нэвширтэл нь зодчихоод амжиж галт тэргэндээ сууж байсан энэ билээ.. Mathieu зорчигчдод яриагаа дөнгөж ярьж дуустал Conchita өрөөний хаалган дээр зогсож байдаг.. 

Сюрреал киноны мастер Luis Buñuel-ын хамгийн сүүлчийн, мөн миний хамгийн дуртай кинонуудын нэг уг бүтээл сюрреал амтаа жаахан султагаад, харин эротик амтыг илүү оруулж өгсөн бөгөөд хэдий егөөдөлт, бараан комеди жанрынх боловч эмэгтэй хүний тэнгэрлэг ариун бие цогцос болон эр хүний хүсэл тачаалын бараан, шаналгаатай талыг “нүцгэнээр” зураглана, гэхдээ кинонд секс хийж байгаа хэсэг нэгээхэн ч үгүй боловч хэлэх гэсэн санаа, өнгө, мөн уур амьсгалаараа хагас эротик жанрынх юм.. Luis Buñuel сүүлийнхээ бүтээлийг Францын зохиолч Pierre Louÿs-ын “The Woman and the Puppet” хэмээх романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд кино гарсан даруй олигтой ашиг олоогүй ч шүүмжлэгчдэд сайшаагдаж, хайр сэтгэл болон дур тачаалын эргэлзээтэй, үл ойлгогдом чанарыг Дон Кихот маягаар бичсэн судар хэмээн зүйрлэн магтсан агаад эдүгээ эл бүтээлийг шедевр хэмээх болжээ..

кино маань тухайн жилийнхээ Оскарын наадамд шилдэг гадаад хэл дээрх кино болон шилдэг кино зохиол гэсэн хоёр төрөлд нэр дэвшиж байсан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 553-р байрт жагсдаг.. Найруулагчийн суут, гол шийдэл бол Conchita-ын дүрд хоёр өөр жүжигчин тоглуулсан явдал, өөрөөр хэлбэл, нэг дүрд хоёр өөр жүжигчин тоглох ба сцен солигдох бүр жүжигчид солигдоно гэсэн үг, энэхүү шийдэл киног өвөрмөц, содон болгосон гэж боддог агаад Conchita-д тоглосон жүжигчин хүүхнүүд өөр өөрийнхөөрөө дүрээ гаргасан нь киног улам амттай болгоно.. кино төсөл хаагдах дээрээ тулж, сэтгэлээр унасан Luis Buñuel бааранд архи ууж байхдаа буюу бараг согтуудаа нэг дүрд хоёр жүжигчин тоглуулах санаагаа олж улмаар уг санаа нь продюсерүүдэд таалагдсанаар энэ кино бүтсэн байдаг ажээ..

киноны гол дүрүүдэд: Fernando Rey \Испаний тайз, дэлгэцийн нэрт жүжигчин тэрээр 150 гаруй кинонд тоглосон\, Ángela Molina \
Испаний жүжигчин\, Carole Bouquet \Францын жүжигчин, модел\ нар тоглосон ба Conchita-д тоглосон Ángela Molina болон Carole Bouquet хоёрын тоглолтыг онцлон магтая.. Conchita Mathieu-г хуурч байсан уу, эсхүл сорьж байсан уу, гэдэг зөвхөн үзэгч өөрт нь л үлдэх асуудал, мөн бодох бодол болов уу. Эр хүн бүрийн нууцхан хүсэлд Conchita байдаг болов уу.. эрх дураараа, заримдаа зэрлэг, заримдаа нялх хүүхэд шиг, тэгээд хүрч боломгүй юм шиг боловч ойрхон харагдаад байдаг хүслийн хүүхэн юмуу даа.. Luis Buñuel-ын дүрүүд тэвчээр барсан, сексийн хувьд ёс суртахууны уналтад орсон өөдрөг биш дүрүүд байдаг, өөрөөр хэлбэл, нэг бол хүслийнхээ боол болсон, үгүй бол секс нь хүрч болшгүй ариун зүйл болсон байдаг мэт санагддаг..

Comments