Үнэмлэхүй аялал





2001: A Space Odyssey (1968). Би юу хүсч байгаагаа үргэлж мэдээд байдаггүй, гэхдээ би юу хүсэхгүй вэ гэдгээ мэддэг... хэмээн кино урлагийн аугаа найруулагч Stanley Kubrick нэгэнтээ хэлж байжээ.. Еврей гаралтай Америк кино мастер маань багадаа ном унших, шатар тоглох, зураг авах дуртай хүү байжээ.. фото зурагчин байсан нь кино найруулагч болоход гол нөлөө, суурь мэдлэг болсон нь мэдээж.. сурлага муутай, хүсэл мөрөөдөлтэй хүү зорьсондоо 1953 онд хүрч, тэр ондоо анхны бүрэн хэмжээний киногоо найруулсан нь амжилт олоогүй боловч цуцашгүй хөдөлмөр, итгэл үнэмшилдээ үнэнч, тууштай байснаар бүх цаг хамгийн шилдэг найруулагчдын (олон үзүүлэлтээр эхний аравт орно) нэг болжээ. Амьдарч байх ихэнхээ цагаа Англид өнгөрүүлсэн нь түүний бүтээлээс Америк “уур амьсгал” мэдрэгддэгүйтэй холбоотой байх. Ямартай ч надад тэгж санагддаг.. өдгөө Stanley Kubrick-ын бүтээлүүд ихэнхи нь культ, домгийн хэмжүүрт хүрч, шинэ залуу найруулагчдын урам санааг тэтгэгч, чиг баримжаан болсон гэхэд хилсдэхгүй.. ингээд 1968 онд бүтээгдсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг бөгөөд хамгийн нөлөө бүхий кинонуудын нэгээр (sci-fi төрөлдөө номер нэгт ) зүй ёсоор нэрлэгддэг гайхамшигтай, жинхэнэ урлагийн бүтээл (epic) болох 2001: A Space Odyssey бүтээлээ олонд хүргэсэн нь жинхэнэ тэсрэлт болсон. Энэхүү бүтээл шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд үнэлж баршгүй хөгжил, дэвшил авчирсан.. бид сүүлийн үед sci-fi буюу уран зөгнөлт, шинжлэх ухааны киноны талаар багагүй мэдэх болсон, жишээн: Interstellar, The Martian гэх мэт энэ төрлийн киног мэдэх болсон бол эдгээр киноны өвөг эцэг, эх сурвалж болсон бүтээл нь 2001: A Space Odyssey юм.. sci-fi буюу ерөөсөө энэ төрөлдөө стандарт тогтоосон, оргил бүтээл болно.. 


1968 оны хүмүүсийн ирээдүйн төсөөлөл, мөрөөдөл, өнөөдөр хэр биеллээ олсон бэ? Энэ асуултанд кино маань ганц нэгэн хариу өгнө. Кинон дээрээс өдгөө хүн төрөлхтөний хэрэглээ болсон, тэр үеийн мөрөөдөл байсан олон зүйлсийг бид харна, иймэрхүү ирээдүйг оновчтой зөгнөсөн сценүүдтэй үзэгч олон учирна. Тухайлбал: сансарын нисгэгчид өөр хоорондоо монитор дэлгэц (iPad) ашиглан харилцана.. энэ мэтээр кинонд маш олон гайхмаар, цочирдмоор хэсгүүд тухайн цаг үеийн үзэгчдээ алмайруулж, шоконд оруулж байв.. киноны тусгай эффектын тухайд: тусгай эффект хийгээд уран зураг луугаа мэт жавхлантай зураглал аль 1968 онд хийгдсэн гэхэд төгс болсон агаад энэ бүтээл тусгай эффекттэй анхны киноны тоонд ордог.. тайз засал, тусгай эффект, хослол зураглал нь, тухайн үедээ шагшин магтагдаж байсан бөгөөд мэргэжилтэнгүүдэд хэтэрхий “сансарын” болоод тэр үү, киноны гүн агуулга, чанарт бус зөвхөн тусгай эффектэд анхаарч, тэр жилдээ оскараас Best Effects, Special Visual Effects гэсэн төрөлд ганцхан шагнал авсан нь даанч чамлахаар.. өдгөө кино-тенхик, технологи хангалттай хөгжөөд буй ч 2001: A Space Odyssey шиг амжилт олж, утга санаагаараа мөнхийн сэдэв болсон, болж чадах кино байхгүй байна.. 

тиймээс ч өдгөө энэ их тусгай эффект хөгжсөн үед чанараа алдалгүй явсаар байна.. энэ бол анхдагч санаа, шинжлэх ухаанч, үзэгчийгээ “сансарт” аваачих, гүн гүнзгий утга бүхий философийн бүтээл.. хиймэл оюун ухаан хийгээд цаг хугацаагаар аялж болох уу, гэх мэт мөнхийн сэдвээр хийгдсэн классик, дахин давтагдашгүй бүтээл юм. Stanley Kubrick-ын хүн төрөлхтөн, нийгмийн доройтлыг харуулсан трилогийн нэг \ Barry Lyndon болон A Clockwork Orange зэрэг бүтээлүүд багтдаг\ бөгөөд уг трилогиос хамгийн алдартай нь гэж үзэж болно.. нэрт найруулагч George Lucas түүнийг “кино найруулагчдын найруулагч” гэж хэлсэн байдаг ба мөн 2001: A Space Odyssey-ын талаар “тэрээр үнэмлэхүй sci-fi кино бүтээсэн, уг киног давах юмуу нэг түвшинд хүрэх бүтээлийг хэн нэгэн хийх нь маш хүнд байх болно, яахав техник талаасаа ижил түвшинд харьцуулагдах бүтээл гарч болох ч миний бодлоор энэ кино үнэмлэхүй дээд юм” гэсэн байдаг.. мөн түүнчлэн эл бүтээл Steven Spielberg, Christopher Nolan нарын замналд нөлөөлсөн гэдэг бөгөөд бусад том найруулагчид уг киноны талаар: Sydney Pollack “анхдагч” гэж магтахад харин William Friedkin “бүх кинонуудын өвөг эцэг” гэсэн байхад Ridley Scott “sci-fi жанрыг алсан дийлдэшгүй кино” хэмээн тус тус шагшсан байдаг.. 


2001: A Space Odyssey-г Америкийн кино хүрээлэн номер нэг sci-fi киногоор нэрлэсэн, харин OFCS-с бүх цаг үеийн хамгийн шилдэг sci-fi киногоор шалгаруулсан бол Ватикан хамгийн шилдэг 45 кинондоо багтаасан агаад Sight & Sound хамгийн сүүлийн санал асуулгынхаа хоёрдугаар жагсааж байгаа бол TSPDT-ын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 3-р байрт жагсааж байна.. Америкийн кино хүрээлэн шилдэг зуун кино ишлэлийнхээ 78-р байрт "Open the pod bay doors, HAL." хэмээх ишлэлийг нь оруулсан ба мөн шилдэг зуун эсрэг талын дүрийнхээ 13-р байрт HAL 9000 компютерийг оруулсан байдаг ажээ.. Их Британий дунд сургуулиудад хамгийн их үзэгдсэн тоогоороо гуравт ордог тус бүтээлийг ахлах сургууль болон коллежийн оюутнуудын дунд энэ киног хэн нь олон удаа үзсэн бэ гэдгээрээ уралддаг байсан гэдэг.. кино 12 орчим саяар бүтээд дэлхий даяар нийт 190 саяыг олсон бөгөөд нээлтийн үеэр 241 хүн театрыг орхин гарсаны дотор нэрт жүжигчин Rock Hudson байв, тэрээр киноны талаар “энэ юуны талаар үзүүлээд байгааг хэлээд өгөх хүн байна уу” хэмээн гайхширсан гэдэг.. 

Stanley Kubrick 1964 онд Dr. Strangelove бүтээлийнхээ дараа сансар огторгуйн тухай, цуутай sci-fi кино хийхээр бодох болсон агаад хамтарч ажиллах зохиолч хайж яваад нэрт шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Arthur C. Clarke-тэй танилцсан ба Arthur C. Clarke түүнд өөрийн бичсэн зургаан ширхэг богино өгүүллэг өгсөнөөс Stanley Kubrick "The Sentinel" өгүүллэгийг нь сонгосон буюу тус өгүүллэг дээр үндэслэн кино зохиолоо хөгжүүлэн бүрэн болгожээ.. тэд хамтдаа шинжлэх ухаан болон хүн судлалын тухай ном уншиж, sci-fi кинонууд үзэж судалсаар зохиолоо бэлэн болгосон ба Stanley Kubrick киноныхоо нэрийг эртний грекийн домогт яруу найрагч Хомерийн Одиссей туулиас урам аван өгсөн бөгөөд эртний грекчүүдэд далай тэнгис нууцлаг байсантай адилаар манай үеийнхэнд сансар огторгуй нууцлаг тул тус нэрийг зүйрлүүлэн сонгосон гэдэг.. HAL компютерийг Frankenstein-ын мангастай харьцуулдаг ба сүпер компютер, бүх дүрүүдээс хамгийн хүнлэг нь гэгддэг.. 

нээлтээ хийснээс хойш киног мэргэжлийн судлаачид, онолчид, sci-fi жанрын фенүүд болон энгийн сонирхогчид задлан шинжилж, анализ хийж, HAL компютерийн эвдрэлийн шалтгаан,  David Bowman-ын хувь тавиланг өөр өөрсдийнхөө тайлбарласан байдаг ба кино маш олон давхар санаатай, утгыг агуулсан байдаг, тиймээс ч киног бүрэн ойлгон тайлбарлах нь философи юмуу сансар огторгуйг тайлбарлахтай ижил хэцүү бөгөөд Stanley Kubrick өөрөө бүрэн тайлбар өгөөгүй, харин үзэгч эрх чөлөөтэйгөөр өөрөө оюун ухаандаа тунгаах эрхийг олгосон бол Arthur C. Clarke манай киног үзэгчид бүрэн дүүрэн ойлговол бид сүйрлээ гэсэн үг, бид хариултаасаа илүү их асуулт үүсгэхийг хүссэн гэж хэлж байжээ.. 
харин зарим судлаачид бүх зүйлийн тайлбар эх зохиолд нь буюу номонд нь байгаа, номыг нь уншвал тайлбарын түлхүүрийг олно гэж үздэг.. олон янзын тайлбарлал дотроос энэ бүтээл хүний үхэл амьдралын үлгэрлэл эсхүл Friedrich Nietzsche-ын философийг ухвар санаагаа болгосон гэх ч энэ нь зөвхөн таамаг төдий билээ..

 киноны төгсгөлд гарах ододын хүүхдийг шинэ эхлэл, шинэ диваажин гэж тайлбарлах бол monolith буюу чулууг харь гаригийн ертөнцийг бүтээгч “багаж” гээд үүгээрээ тэд хувьсалын үе шатыг авчирагч бөгөөд monolith бол киноны хамгийн том шийдэгдээгүй таавар бөлгөө.. кино хүн төрөлхтөний үүслээс сансар огторгуйд аялах хүртэлх асар гүн гүнзгий бөгөөд дэндүү нүсэр сэдвийг хөндөж үзүүлэхээс гадна оршихуйн тухай, технологийн хөгжлийн тухай, мөн хиймэл оюун ухааны тухай үзүүлнэ.. кинонд үйл явдал, өрнөл гээд байх хурц момент байхгүй, бараг уйтгартай хэдий ч шөнө тэнгэр өөд сар, од харахтай адил мэдрэмж төрүүлэх буюу бид тэнгэрт байх сар, од, огторгуйг харахдаа сүрдэм хийгээд мөнхийн нууцыг бахдан хардаг шиг энэхүү киног тэрчлэн зүйрлэвэл чухам онох билээ.. киноны эхний болон сүүлийн хорин минут ямар ч яриагүй ба Stanley Kubrick зураг авалт эхлэхэд ихэнхи харилцан яриа болон хүүрнэл хэсгийг хассан ажээ.. хөгжим бол түүний бүтээлүүдэд эзлэх гол зүйлсийн нэг байв.. 

кинондоо классик хөгжмийн зохиолчдын бүтээлийг ашигладаг нь киног нь илүү сүрлэг, утга агуулгатай нь зохицож өгдөг бөгөөд энэхүү философийн аялал болсон бүтээлд классик хөгжим л хамгийн тохиромжтой билээ.. анхандаа Spartacus болон Dr. Strangelove бүтээлийнхээ хөгжим дээр хамтран ажилласан Alex North-р кинондоо зориулж хөгжим бичүүлсэн байсан хэдий ч Stanley Kubrick бодлоо өөрчлөөд классик хөгжмөөр сольсон ба хөгжим солигдсоныг Alex North хожим кино нээлтээ хийх үеэр л үүнийг мэдсэн байдаг.. кинонд Унгар-Австрийн хөгжмийн зохиолч György Ligeti, Армений хөгжмийн зохиолч Aram Khachaturian, Австрийн хөгжмийн зохиолч Johann Strauss II болон Германы хөгжмийн зохиолч Richard Strauss гэсэн аваргуудын бүтээлийг бүтээлчээр ашиглажээ.. сонирхуулахад, алдарт кино найруулагч  Federico Fellini  HAL компютерийн үхлийг гунигтай гэж дүгнэжээ..

НЭМЭЛТ: Энэ кино олон зүйрлэлт тайлбартай. Амьдрал ба үхлийн бэлгэдлийг киноны төгсгөлийн мөчүүдээс харж болох буюу энэ нь Шведийн зурагчин Ленарт Нилссоны бүтээлээс сэдэвлэсэн "Оддын хүүхэд" болох хэвлий дэх ургийн дүрслэлээр тодорхойлогддог. Оддын хүүхэд нь нүцгэн, том нүдтэйгээр дүрслэгдсэн байдлаараа "аугаа шинэ эхлэлийг" бэлгэддэг. Судлаач Леонард Ф. Уэйтын үзэж буйгаар энэ кино бол Ницше, Хомер хоёрын бүтээлтэй зэрэгцээд мөн хүний машинтай харьцах харилцааны талаарх олон давхаргат зүйрлэл гэсэн буй. Зарим шүүмжлэгчдийн үзэж буйгаар Кларкийн эх зохиолыг үндэслэн авч үзвээс киног тайлбарлахад дөхөмтэй аж. Зохиолд, цул чулууг хувьслын олон үе шатыг туулж, органик хэлбэрээс биомеханик хэлбэрт шилжээд эцэст нь цэвэр энергийн төлөвт хүрсэн харь гаригийн төрөлтний бүтээсэн зэмсэг болохыг тодорхой дурдсан байдаг. Эдгээр харь гаригийнхан сансар огторгуйд аялж, жижиг төрөлтнүүдэд хувьслын алхам хийхэд тусалдаг. 

Үүний эсрэгээр кино шүүмжлэгч Пенелопа Хьюстон 1971 онд бичсэн өгүүлэлдээ зохиол нь киноноос олон чухал аспектаар ялгарах тул зохиолыг оньс тайлах түлхүүр гэж үзэж болохгүй гэжээ. Каролин Гедулд харин киноны бүх дөрвөн дарааллыг бүтцийн хувьд нэгтгэдэг зүйл бол цул чулуу буюу цул чулуу нь киноны хамгийн том бөгөөд тайлагдашгүй оньсого юм гэж бичжээ. Кубрикийн намтраас иш татвал; кинонд дүрсэлсэн цул чулуу нь хоёрдмол утгатай болохоор эх зохиолоос зарим ойлголтыг нөхөж авах нь зөв гэж дурджээ. Гедулд хэлж байна "цул чулуу... Кларкийн романд тун энгийн тайлбарласан байдаг" гэж байсан ч хожим романд хүртэл төгсгөлийг бүрэн бүтэн тайлбарлаагүй гэжээ. Хамгийн сонирхолтой тайлбар бол цул чулууг 90 градус эргэлдсэн өргөн хүрээтэй кино дэлгэцийн илэрхийлэл, нэг үгээр симболик кино дэлгэц аж. Энэ нь хоёр талтай дэлгэц, хар гадаргуу нь зөвхөн шингээж, юу ч гаргадаггүй. Энэ бидний сэтгэл хөдлөлийн тусгал аж.


Comments

  1. Энэ ч яах аргагүй мастерпийс л дээ.Хэд үзээд ч ойлгохгүй хэдий ч агуу бүтээл гэдэг нь мэдрэгдээл байдаг.
    Күбрик ер нь хувь хүнийхээ хувьд суут хүн л дээ.Номын санд ороод эхний гартаа баригдсан номоо уншдаг байсан гэсэн.Тэгээд тэр номон дээрээсээ заавал нэг шинэ ойлголт авж байж санаа нь амрана.Аль ч сэдэвээр ямар ч судлаачаас дутахааргүй судалгаа хийдэг.Ном шатар мэдлэгийн уурхай.
    Номны зохиолын хувьд Күбрик киногоо хийж байхдаа цаашдаа иймэрхүү байдлаар үйл явдал өрнөнө гэж бичүүлсэн гэсэн.Гэхдээ тэр нь киноны үйл явдалаас нилээн өөр гэж байсан.Номны зохиолыг нь бичиж байх явцадаа энэ ер нь юу өгүүлэх гээд байгаа талаар сайн ойлгоогүй бичигдсэн гэсэн шүү.Бас тайз засал зураг авалт гээд л ер нь энэ агуу төсөл ерөөсөө Күбрикийн толгойнд л ихэнхи санаа нь байсан бусад стафууд ер нь яг юу өгүүлэх гээд байгаа талаар сайн ойлгоогүй гэдэг.

    ReplyDelete
  2. Ridley Scott энэ филмийн тухай, , Federico Fellini HAL-ын тухай юу гэж хэлсэн нь тус тус их сонирхолтой байна. Болвол эх сурвалжыг нь мэдэж авахсан.
    Би хувьдаа бол энэ филмийг Shining (1980) тай адилхан хүмүүс ихэнхидээ л overlook хийгээд байх шиг санагддаг. Таах оньсого биш интерпрэтацлах визуал текст гэж тодорхойлох нь зөв гэж боддог.

    ReplyDelete

Post a Comment