Санваартны эхнэр




Day of Wrath (1943). Өгүүлэх явдал маань Европ тив шашны бурангуй дарамт дор тарчлан, биедээ бага сага согогтой \үүнд мэнгэ ч хамаатай\ охид, хүүхнүүдийг шулам, шулмын хорлол хүрсэн хэмээн амьдаар нь галд шатааж байсан, мухар сүсэг хүний эрхийг багалзуурдан буй тэр үед өрнөнө.. 1623 он, Дани улсын нэгэн тосгонд амьдран суух Absalon \Thorkild Roose – Даний жүжигчин\ гэгч хижээл насны пасторын гэрт анхаарлыг тань хандуулъя..

тэрээр орон нутгийнхаа хүндтэй пастор бөгөөд шулам гэгдэх эмэгтэйчүүдийг яллах уу, эс яллахыг шийддэг шашны шүүгчээр ажилдаг.. пасторын анхны эхнэр нас нөгчиж, ганц хүү нь сургууль соёл хөөгөөд явсанаар тэрээр хөгшин эхтэйгээ үлджээ.. бас ч гэж эхнэр авах хэмжээний залуу байсан учир өнчин өрөөсөн нэгэн залуухан охиныг гэргий болгон авчээ.. аав шигээ хүнтэй суусан бүсгүйг Anne \Lisbeth Movin - Даний жүжигчин, энэ киногоороо алдартай\ гэх ба цэцэг цэврүү шиг насан дээрээ яваа үзэсгэлэнтэй бүсгүй. Anne нөхөртөө хүндлэлтэй хандах бол хадам эхтэйгээ таарамж муу.. яхир хатуу эх бэрдээ анхнаасаа дургүй байсан ба шалтгаан нь, хэтэрхий залуу эхнэр хэзээ нэгэн цагт хүүг нь хуурах юмуу, орхиж явна гэсэн хардалт юм.. ийнхүү амгалан амьдарч байтал алс холоос пасторын хүү Martin \ Preben Lerdorff Rye - Даний жүжигчин \ гэртээ эргэн ирнэ.. царайлаг, жавхаатай, залуу насны ид хавийг цогцлоосон эрд Anne харуут сэтгэл алдарна..

хаашаа ч харсан хөгшин хүн, өдөр болгон дахин давтагдах шашин номын уйтай амьдралыг Martin мананг хага зүсэн гэрэлтэх нар лугаа сэтлэн бүсгүйн амьдралд орж ирнэ.. бүсгүй хүсэл тачаал хийгээд зөнгөө хазаарлахыг үл хүсэн харин ч чөлөөлж орхино.. Martin-тай хоёулахнаа үлдсэн хойноо “намайг эзэмдээч” гэсэн харцаар харж, илт аальгүйтэх мэтээр залууд хандлагаа илэрхийлнэ.. залуу ч Anne-г анхнаасаа ээжээ гэж харьцах үндэсгүй байлаа, үе тэнгийн бүсгүйг найз шигээ үзэж, байнга хамт гарах юмуу өдрийн ихэнхи цагийг хамтдаа өнгөрүүлсээр, эцэс сүүлдээ дурлачихна.. ингээд хүү хойд эхтэйгээ, хойд эх хүүтэйгээ нууцаар амраглаж эхэлнэ.. энэ үед тосгонд шинэ шулам төрнө.. 
энэ шулам бол хөгшин эмгэн Marte гэгч болно. эмгэнг шулам хэмээн үзэж шатаахаар шийдвэр гарсан агаад эмгэн зугтааж орхиж. Ингэж яваад тусламж гуйхаар Absalon дээр ирнэ.. пастор дээр ирэх шалтаг байлаа, учир нь тэдний дунд нэгэн нууц буй.. олон жилийн өмнө Anne-н эхийг бас шулам гэж үзэн алах гэж байхад Absalon амийн аварч байсан агаад үүнийхээ шанд охин Anne-г эхнэр болгон авсан ажгуу.. 

Marte үүнийг нь мэдэхээ хэлж, амийг нь авар, үгүй бол Anne-г чинь харааж, цаашлаад шулам хэмээн нийтэд зарлана гэнэ.. пастор үгэнд нь оролгүй эмгэнг шатаалгана.. уг явдлаас үүдэн пастор сэтгэлийн хямралд орж, өөрийгөө буруу юм хийсэн, Anne-н өмнө буруутай гэж үзэн гэмшиж эхэлнэ.. энэ зуур пасторын хөгшин эх ач болон бэрийнхээ дунд хачин жиг ургасанг гадарлаж, айхтар сэрдэж эхэлнэ.. хөгшний хувьд \ер нь бүх хүнд\ энэ харьцаа байж боломгүй бузар хэрэг, өөрөөр хэлбэл бэрийгээ шулам гэж үзэж эхэлнэ.. пасторын бие бага багаар муудна. Тэрээр Anne-тай уулзаж, бүсгүйд залуу насыг нь үгүй хийсэн, шударга бус хандсан гэдгээ хүлээн уучлалт эрэхэд бүсгүй түүнд \ Martin-аас өөр бодох юм байсангүй\ түүнд чамайг харахаас ой гутдаг, надад хүрэхэд чинь бөөлжис цутгадаг хэмээн хатуурхана.. эдгээр үгс үхэж байсан пасторыг улам цааш нь явуулж нас нөгчөөнө.. яг энэ явдлаас өмнө Martin, Anne хоёр уулзаж ирээдүйгээ ярилцдаг.. залуу хойшдын ирээдүйдээ итгэхгүй байгаагаа, энэ явдал ариун бусыг бүсгүйд учрлахад бүсгүй хамтдаа байхын төлөө юугч хийхэд бэлэн, эцэг чинь үхээд өгөөсэй гэж хэлдэг.. ингээд пасторын үхлийн дараа Anne-г буруутнаар шашны шүүх татах ба хөгшин эх түүнийг шулам гэж зарладаг.. 

Данийн кино урлагийн загалмайлсан эцэг, бүх цаг үеийн хамгийн нөлөөтэй, чухал кино найруулагчдын нэг Carl Theodor Dreyer-ын сэтгэлзүйн драм жанрын энэхүү классик бүтээл нь Дани улс нацистуудад эзлэгдээд байх үед хийгдсэн бөгөөд Carl Theodor Dreyer Швед руу гаран киноныхоо нээлтийг хийсэн байдаг.. тиймээс судлаачид уг киноны ухвар санааг нацистуудыг түрэмгийлэлийг далдуур харуулсан буюу киноны шашны түрэмгийлэл цаагуураа нацистуудыг илэрхийлдэг ч гэж үздэг, харин Carl Theodor Dreyer үүнийг үгүйсгэсэн байдаг.. уг бүтээл бол Vampyr (1932) бүтээлээс нь хойш Carl Theodor Dreyer-ын туурвисан анхны кино ба тэрээр арван нэгэн жил сэтгүүлчээр ажиллаж, мөн энэ хугацаанд Madame Bovary романыг кино болгох гээд бүтэлгүйтжээ.. тийнхүү Carl Theodor Dreyer Норвегийн жүжгийн зохиолч Wiers-Jenssen-ын Anne Pedersdotter хэмээх дунд зууны нэгэн бодит хэргээс сэдэвлэсэн жүжгийн зохиолыг кино болгосон ба жүжгийн зохиолд Martin, Anne хоёрын харилцаа шийдэмгий бус, ичиж зовсон байдалтай байдаг бол кинон дээр тэд шулуухан хуял тачаалаа илэрхийлцгээдэг.. 

хэтэрхий харгис, дэндүү удаан хэмнэлтэй, маш хүнд зохиолтой гэж зарим шүүмжлэгчид анхлан хатуурхаж байсан бол эдүгээ Carl Theodor Dreyer-ын хамгийн баялаг бүтээл, дарангуйллын талаар үзүүлсэн хамгийн аугаа кино гэгддэг ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 281-р байрт бичигддэг бүтээл.. камерын зугуухан хөдөлгөөн дээр дүрүүдийн нүүрэн дээр удаан тогтох план гайхамшигтай үзэсгэлэнтэйгээс гадна дүрийн дотоод сэтгэлийг хүчийг мэдрүүлнэ.. үүн дээр гэрэл сүүдрийн тохируулалт шагшмаар бөгөөд жүжигчдийн чадварлаг тоглолтыг энд дурдах ёстой.. Carl Theodor Dreyer зовлондоо шаналсан эмэгтэй хүнийг дүрслэхдээ гаргууд ба түүний кинонууд нэлээд хүнд талдаа байдаг.. уг бүтээл бол кино дэлгэцнээ “зурагдсан” цөөхөн сайн эмэгтэй хүний хүсэл тачаал болон гуниг зовлон руу өнгийсөн киноны нэг болно.. сонирхуулахад, жүжигчин Lisbeth Movin-г үнэмшилтэй харагдуулахын тулд нүүр будалтад оруулахыг Carl Theodor Dreyer зөвшөөрдөггүй байжээ..

Comments