To Live (1994). Өгүүлэх нь, Хятадын нэгэн гэр бүлийн гурван
арван жилийн эмгэнэлт амьдралыг буюу 1940-өөд оноос 1970 он хүртэлх гашуунаас
амттайг хүртэлх амьдралын төлөөх амьдарсан хүмүүсийн \нийгмийн\ түүхийг
өгүүлсү.. энд гарах дүрүүд \хүмүүс\ нийгэм, улс төрийн золиос болсон, үнэндээ
хэзээч өөрөөрөө амьдраагүй хүмүүс гэмээр бөгөөд томоохон үзэл суртал, ланжгар том систем доторх өчүүхэн нэг
\бие хүн-айл гэр\ нэгж болох утгаараа хувь хүний хүсэл зоригоос илүү нийт олны
хүсэл тэмүүлэл чухал болсон Хятад
орныг харуулсан бүтээл.. аливаа ИЗМ нь тухайн хэрэгжүүлсэн улс орондоо сайн,
муу нэртэй байх бөгөөд хаа ч байхгүй газар болох утопиа хэмээх идейг ерөнхийдөн
авч үзвэл хятад улс Маркизм \коммунист\
буюу энэхүү идейгээр үнэнхүү өндөрт хөгжиж, дийлдэшгүй хүчирхжиж байна.. барууны онол номыг
өөрийншүүлж, нутагшуулж чадсан урд хөрш маань мундаг гэдгийг хүлээн зөвшөөрөөд улс
орон хөгжихийн зэрэгцээ урлаг нь даган хөгждөгийг дурдаж: өдгөө хятад улс кино урлагийн ертөнцөд \Хятад гэсэн онцлогтой кино
хэлтэй болсон\ томоохон байр суурь эзлэх болжээ.. жинхэнэ кино урлаг
болох артхаус төрөлд ч өөрсдийн өнгө төрх, соёл, орон зайтай болж, үүнд Хятадын тавдугаар
үеийн нэрт кино найруулагч Zhang Yimou-ын хувь нэмэр асар их.. 20-р зууны сүүл үеэр түүнийг Хятадын соёлыг түгээгч баатар гэж байв. Кино урлагт их хожуу, аль гуч хүрч байхдаа
орсон тэрээр багадаа уран зураг, фото зургаар хичээллэж, сургуулилж байсан нь
ирээдүйн мундаг кино найруулагч болоход суурь үндсэн нөлөө болсон бизээ.. Zhang
Yimou-ын киноны гол агуулга,
цөм нь зовж ядарсан эмэгтэй хүн байдаг ба киноных нь гол
цөм болсон энэ эмэгтэй нийгмийн аль л хэцүү бэрх замыг туулан гардаг..
найруулагч гол амин сүнсээ тойруулаад бусад шигтгээ санаануудаа суулгах агаад
үүнд Хятадын үндсэн бодлого, засаг төрөө
эсэргүүцсэн өнгө аяс илт мэдрэгддэг
буюу зухалзан илэрдэг.. Zhang Yimou өөрийнхөө гол кинонуудынаа гол дүрийг үзэсгэлэнт, одуудын
од болсон Gong Li-д \2006 онд
түүнийг Хятадын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодруулж байв\ өгдөг
байсан бөгөөд амьдрал дээр тэд янаг амрагийн
харьцаатай байсан гэдэг..
өдгөө кино урлагийн алтан хослол болсон эдгээр
алдартнууд бие биеээ алдаршуулж, бие биеэ тодотгосон.. Zhang Yimou уг бүтээлээ
туурвисанаар Хятадад ад үзэгдэж, хоёр жил кино хийх
эрхгүй болж байсан хэдий ч
гадаадад тус кино асар их амжилт олж киноны гол дүрүүдийн нэг You Ge \ Xu
Fugui-ын дүрээр\ Канны кино наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн
шагнал авч байв.. Gong Li-ын дүр амьдралд ядарч туйлдсан ч
зовлон бүрээ тэсвэртэйгээр туулах нь Хятадын ард түмний
үзэж туулсан зовлон хийгээд тэсвэр
тэвчээрийн симбол жишээ болгохыг найруулагч далдуур хүссэн болов уу.. ямар ч байсан
Gong Li замналынхаа шилдэг дүрүүдийн нэгийг чадварлаг бүтээсэн бөгөөд тэр бол ямар ч маргаангүй манай гаригийн
хамгийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг билээ.. Хятадын нэрт зохиолч Yu Hua-ын ижил нэрт роман дээрээс сэдэвлэн хийсэн уг кино Хятадын язгуур соёлыг харуулахаасаа илүү коммунист улс хэрхэн бүрэлдэн
бий болж байгааг, коммунист Хятад
улсын иргэд ямар байдаг талаарх бодит
түүхэн өгүүлэмжтэй бүтээл ажээ, өөрөөр хэлбэл найруулагч дургүйцэл,
ёжлолоо кинондоо хөнгөхөөн шингээжээ.. Zhang Yimou анх Yu Hua-ын Mistake at River's Edge гэдэг романаар
триллер бүтээл хийхээр төлөвлөж байсан бөгөөд Yu Hua өөрийнхөө бүх хэвлэгдсэн
романаа Zhang Yimou-д өгч, улмаар Zhang Yimou-д “амьдрахуй” роман нь маш их
таалагдсан учир энэхүү романыг нь сонгон кино болгожээ.. энэхүү реалист
өнгө төрхтэй гэр бүлийн драм бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 892-р
байрт жагсдаг ба CNN-ээс гаргасан
бүх цаг үеийн хамгийн шилдэг 18 Ази киноны тоонд багтдаг бол The New York Times
мөн хамгийн шилдэг мянган киноныхоо жагсаалтад багтаажээ.. кино
товчхондоо: 1940-өөд он, хөрөнгөтөн Xu Fugui өдөржин шөнөжин мөрийтэй тоглоно..
эцэг, эх нь түүнийг зогсоож
үл барах ба жирэмсэн эхнэр Jiazhen нь охины хамт очиж мөрийтэй тоглохоо болиоч
хэмээн гуйвч Xu Fugui үл тоож хамаг эд хөрөнгөө буюу эцсийн зоосоо алдтал
тоглоно.. нөхрийнхөө засрахгүй байдлаас залхасан Jiazhen охиноо аван салж
одно.. ямарч өв хөрөнгө, эд хогшилгүй болсон Xu Fugui гудманд гарах агаад чихэр михэрхэн зарж дөнгөн данган амь зуух болсон тэрээр
цагтаа ханхүү шиг явсан билээ..
Xu Fugui сүүдэр ший тоглуулдаг Chunsheng хэмээх залуутай танилцаж, улмаар
хамтран сүүдэр шийний бяцхан хамтлаг байгуулна.. Xu Fugui-ын хувьд сүүдэр ший үзэн таашаадаг хобби байсан бол одоо амьдралын эрхээр өөрөө сүүдэр
шийчин болж байгаа нь энэ.. ах дүүс болтлоо дотноссон тэд аялан тоглолтоор явж
байгаад Хятадын иргэний дайны хөлд нэрвэгдэнэ.. дайтах
байтугай зодолдож чадахгүй Xu Fugui, Chunsheng нар дайтах хоёр талд ээлжлэн
зүтгэх бөгөөд тэдний хувьд дайн, үзэл суртал чухал биш амьд явах чухал юм..
дайны туршид тэд дайчин эрсийн зугааг гаргаж сүүдэр шийгээ тоглож явсаар
цэргээс халагдана.. дайн дууслаа, Chunsheng замаа хөөх бол Xu Fugui эхнэр
хүүхдүүд рүүгээ явна.. Xu Fugui эхнэр хүүхдүүдтэйгээ баяртай уулзах бөгөөд охин
нь их өвдөж, өлссөний улмаас хэлгүй болсон байна.. эхнэр Jiazhen олон нийтэд
халуун үс түгээж, жинхэнэ эв хамтын төлөө ажиллана.. дайн дажин гэж явсаар орон
гэртээ иртэл бүх нийгэм, амьдарч дассан бүхэн нь өөрчлөгсдөнийг Xu Fugui ойлгохын дээр үзэж туулсан бүхэн нь түүний их
өөрчилжээ.. энэ нийгэм бол бүгд эрх тэгш, ахан дүүсэг буюу танихгүй хүн
танихгүй хүнийхээ төлөөх нийгэм бөгөөд мөн хөдөлмөр
шүтсэн, бурхныг буруушаасан нийгэм байна.. Xu Fugui урьд нь хөрөнгөтөн
байснаасаа үхтлээ айж ичнэ,
үүнийгээ мэдэгдүүлэхгүйн тулд цэвэр коммунист хүн болохыг хичээж, бас
жүжиглэнэ.. энэ айл хөрөнгөтний нийгэмд модоо барьсан бол коммун нийгэмд хүнээ
буюу гэр бүлээ алдаж дуусдаг нь
эмгэнэлтэй.. эл бүтээл
нэлээд урт бөгөөд хүний амьдралын утга учрыг үзэгчээсээ асууж, мөн давхар
харуусал, эмгэнэлийн ангалд унагаах хүнд кино ба тэнгэр нурж, газар цөмөрсөн ч хүн та амьдрах ёстой, амьдрах
гэдэг зөвхөн азжаргал биш харин бүхий л зүйлийн холимог юм.. өөдтэйхөн төрсөн
хувь заяандаа хангалуун байгаа хэн бүхэнд их хүнд кино боловч үнэндээ амьдралыг
бодиттой дүрсэлсэн хүчтэй, нүсэр,
бас эрч хүчтэй кино юм.. Li Gong болон Yimou Zhang хоёрын хамтралыг бишрэм ба тэд нийтдээ зургаан кино хамтран бүтээжээ..
НЭМЭЛТ: Найруулагч Жан Имоу романы
сэдвийг шууд гаргахыг хүсээгүй бөгөөд үхлийн тоог бууруулж, үхэх аргыг өөрчилж,
мөн үзэгчдийг хямраасан номын сүйрлийг үлэмж хэмжээгээр багасгажээ. Кинонд
зориуд ийм эргэлтүүд хийснээр хүмүүс тухайн түүх, цаг үе, нийгмийн зөн совиндоо
найдна гэсэн сэдвийг онцолдог. Зовлон шаналлыг даах чадвар, ертөнцийг өөдрөгөөр
харах хандлага бол хүмүүсийн хувь заяандаа гомдохоос илүүтэй амьд байгаа дээрээ
хичээх ёстойг харуулна.
Comments
Post a Comment