Америк сарнай


American Beauty (1999). Америкийн дундаж давхаргад хамаарагдах Lester-ын \Kevin Spacey-Оскарын шагналт Америкийн жүжигчин, дуучин\ гэр бүлийг танилцуулъя. Гэрийн эзэн Lester дөч гарч яваа, зар сурталчилгааны газар ажилладаг олон сая Америк эрсийн нэг.. түүний хувьд өглөө шүршүүрт орохдоо гар хангалга хийх нь тэр өдрийн хамгийн жаргалтай мөч.. эхнэртэйгээ ойртолгүй хоёр жил болж, өсвөр насны \арван зургаа, долоотой\ охинтойгоо учраа олохгүй, хүсэж, дурлаагүй ажлаа өдөр бүр хийх түүний амьдрал гадны нүдээр төгс мэт харагдах бол үнэн хэрэгтээ ямарч жаргалгүй, хүсэл тэмүүлэлгүй амьдрал болно.. Lester-ын эхнэр Carolyn \Annette Bening-Америкийн жүжигчин\ бол ажилдаа улайрсан, бүх амьдралыг материаллаг нүдээр харсан, шуналтай, хүссэнээ авахын төлөө сүнсээ өгөхөөс ч буцахгүй хүүхэн..

Lester-ын ганц охин Jane \Thora Birch-Америкийн жүжигчин\ бол бүхий л өсвөр насны охид шиг болохгүй болгон руу зүтгэсэн, эцэг эхтэйгээ таарахгүй тэрсүү охин.. Jane-г хөршийнхөн хөвгүүн Ricky \Wes Bentley- Америкийн жүжигчин \ эргүүлэх бөгөөд тэд нэг сургуульд сурдаг.. Ricky бол камераар бичлэг хийж, фото зураг авах дур сонирхолтой бүрэг, нууцлагдмал хөвгүүн.. түүний аав халагдсан усан цэрэг, хүүгээ хар тамхичин болчих вий, ижил хүйстэн болчих вий гэж мөнхөд зовох хартай хүн.. Lester охиныхоо сургуулийн спортын өдөрлөг дээр явж байгаад охиныхоо ганц сайн найз Angela-д \ Mena Suvari - Америкийн жүжигчин,загвар өмсөгч\ дурлана. Дурлана ч гэж, сексийн хувьд хүсэн тачаадаж эхэлнэ.. Angela ч үнэхээр болсон жимс шиг халуухан, сургуулийнхаа хамгийн хүсэмжит охин агаад цагийн мөнхөд секс ярина.. тус үдшээс хойш Lester хэвтээ ч, босоо ч тувт Angela-г хүсэн мөрөөдөж, булбарай охиныг мөрөөдөх дундаа гар хангалга хийнэ.. Angela ч найзынх нь аав өөрийн шүлс асгаруулан сонирхож буйг мэдэн уулзах бүртээ албаар аальгүйтэнэ.. энэ үед нэгэн үдэшлэг болж Lester Ricky-тэй танилцана..

Ricky-г бид бичлэг хийх дуртайгаар нь мэдэх болсон бол тэрээр мөн нууцаар хар тамхи зардаг нэгэн юм... үдэшлэг дээр уйдаж бас ганцаардсан Lester Ricky-тэй хамт хар тамхи татан тайвширна.. энэ хооронд эхнэр Carolyn өөрийнхөө бизнесийн гол өрсөлдөгчтэйгөө маасганаж, аальгүйтэнэ.. Carolyn-нд амжилттай яваа мөнгөтэй өрсөлдөгчтэйгөө дотносож цаашлаад өөрт нь л ашигтай бол өвөрт нь орсон ч чадахаар шуналтай хүүхэн юм.. 
Өөрийг нь залуухан бас халуухан охин сонирхож байгаа явдал хийгээд өөрийн хүү шигээ залуутай нөхөрлөн хамт хар тамхи татах зэрэг нь Lester сэтгэлийг өргөж, дахин амьдралын амтыг мэдэрч эхэлнэ.. ажлаасаа сайн дураараа гарч, чөлөөт цагаа гүйх болон фитнессээр хичээллэх зэргээр өнгөрүүлж эхлэх бол орон гэртээ эр нөхрийнхөө байр суурийг алдаад удсан Lester эхнэртэй хатуу үг хэлж, олон жилийн дараа дахин гэрийн эзэн, эр хүн гэдгээ харуулна.. 

Энэ зуур Ricky-ын аав хүүгээ байнга хөршийнхөө Lester-тэй уулзаж байгаад хар бууж, хүүгээ ижил хүйстэн болж гэдэгт итгэнэ. Carolyn харин бизнесийн өрсөлдөгчтэйгөө буудалд энгэр зөрүүлсээр.. Ricky эцэгтээ гомо хэмээн зодуулж гэрээсээ хөөгдөж Jane дээр ирж хамтдаа зугтацгаая гэхэд охин зөвшөөрдөг. Angela харин Lester-ын өвөрт орчих боломжийг эрсээр.. киноны үйл явдал төгсгөлдөө ирэхэд дүрүүдийн сэтгэл санааны оргилолт болон өрнөлийн хурцадмал эргэлт гашуун, харанхуй болох ба хэрхэн төгсөж, үйл явдлын зангилаа яаж тайлагдахыг киног үзэх үзэгчидээ үлдээх нь зүйтэй болов уу.. 

мерик гоо үзэсгэлэн" гэх гоё нэртэй боловч Америкийн нийгмийн буюу бүр задалбар Америкийг төлөөлж чадах дундаж давхаргын нэгэн гэр бүлийн гишүүд бүрийн дотоод сэтгэл санаа, оюун ухамсар, үнэт зүйлс хэр их бохирдсоныг ёгт утгаар илэрхийлжээ.. кинонд Lester-ын гэрийн бараг бүх өрөөнд улаан сарнай үзэгдэх нь Lester-ын Angela-д дурлан тачаадах хүслийг бэлгэдэхийн хамт Carolyn-ын хашаандаа ургуулах сарнай цэцэг бол гаднаа үзэсгэлэнтэй хэдий ч үндэс дороо муудсан байдаг шүү гэдэг санаагаар давхар Америкийн гял цал өнгөц амьдралыг бэлгэджээ.. Киноны турш цагаан дэвсгэр дээр улаан өнгийг зэрэгцүүлэн ашигласан нь харагддаг, жишээлбэл: цагаан банн болон таазан дахь улаан сарнайн дэлбээнүүд, цагаан шал болон цагаан цамц дээрх цус, мөн цагаан хаалгатай гараашны өмнө зогсох улаан машин гэх мэт болно.. 

  Дэлхий нийт нэг туйлт шилжсэн өнөөгийн капиталист нийгэм углуурга, заадсаараа буюу оюун санаа, үнэт зүйлсийн уналтад гүн орсныг эрх чөлөөний орон болон америкийн гэр бүл дээр, өөрөөр хэлбэл хоёр хөрш айлын дүрүүдээр тусган хэн ч ойлгом, тэгээд мэдээж “үзэсгэлэнтэйгээр” зураглан буулгасан бүтээл.. хэрэглээд л, цуглуулаад л байх бидний амьдрах хэв маяг хүн өөрөө өөр рүүгээ тольдож, дотоод хүнээ таньж мэдэх боломж олгохгүй явсаар, эцэстээ утгагүй амьдарч ирсэнээ ойлгоход оройтсон байдгийг харуулна..  

 Хүн дөчин насандаа бие болон сэтгэлзүйн хямралд орж энэ үедээ буруу зөрүү юманд донтох магадлалтай болдог аж.. жишээн, нууц амрагтай болохоос авхуулаад хар тамхинд, архинд орох зэрэг.. Lester-ын дүр бол чухам хямралд орсноор амьдралаа шинээр нээгч болно..Lester бол урсгал сөрж зогссон нийгмийн тэрслүү юм шиг боловч материалист нийгмийн хоригдол ба дахин төрж, улмаар сэхээрч чадсанаар өөрийгөө чөлөөлөгч юм.. түүнийг “шоронд” байгааг буюу хоригдсоныг илтгэсэн хэд хэдэн зүйрлэсэн сценээс харж болох: үүнд компютерийн эрээлжсэн дэлгэцнээ тусах  Lester-ын толгой болон шүршүүрт гар хангалга хийх хэсгүүд түүний оршихуй хоригдож буйг харуулна..  тэрээр ажилдаа сэтгэл хангалуун бус, гэртээ эхнэрийнхээ ханашгүй шуналыг хүлцэн тэвчигч байж байгаад Angela-д дурласнаар цочроо аван сэхээрэх бол Ricky-тэй танилцаж найзласнаар хөвгүүний ухаалаг, өөртөө итгэлтэй байдал түүнд асар нөлөөлж, улмаар эхнэртэйгээ тэмцэж эхлэн бүрэн өөрчлөгдөх бөгөөд ажлаасаа сайн дураараа гараад түргэн хоолны газарт ажиллах мөчөөс түүний шинэ амьдрал эхэлж, бүх амьдрал өмнө нь байгааг харна.. 

Киноны эхэнд бид Lester-г адгийн новш мэтээр хүлээж авах ч кино үргэлжилж, төгсөх үед тэрээр хүмүүнлэг, барагалж сайн сайхныг түгээгч лугаа болно.. Lester-ын хоригдолтоос чөлөөлөгдөх аялал киноны төв цэг бөгөөд киноны төгсгөлд Lester Angela-тай ярилцан, охиныг онгон бас үнэндээ хайр халамж дутсан хөөрхийлөлтэй охин болохыг мэдээд түүнтэй хурьцах хүслээ орхин, охин шигээ харж эхлэх үеэс амьдралаа шинээр эхлүүлж байгаагаа, ёс суртахууны ялалт байгуулж буйгаа ухамсарлах ба үхэхийнхээ өмнө хэдэн жилийн өмнө гэр бүлээрээ хамт авахуулсан жаргалтай байх үеийнхээ гэрэл зураг руу харж гашуунаар инээмсгэлдэг, мөн цусанд будагдсан үхлүүт хэвтээ Lester-ын төрх царайнаас амар амгалан хийгээд сэтгэл хангалуун байдал харагддаг.. Lester-ын эхнэр бол хүссэнээ авахын төлөө юугч хийгч бөгөөд материалист бэлэг тэмдэг..  Lester-ын охин эцэг эхийнхээ таарамжгүй харьцаанаас залхаж, хайр дутсан өрөвдөлтэй дүр. Angela бол бардам ам шалдан гуя бөгөөд киноны гол санаа болох аливаа юмс харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг батлан тээгч нь болно.. 

Ricky-ын хартай эцэг залуудаа өөрөө ижил хүйстэн байсан бөгөөд хүүгээ бас тийм болчих бий гэсэн айдсандаа сохорч өөрөөсөө хүүгээ үүрд холдуулж байгаа нь айдас, хардалт хүнийг муу юм руу аваачдагийг харуулна.. мөн Ricky киноны нууцлаг, сүнслэг, мөрөөдөгчийн бэлэг тэмдэг болох агаад тэрээр өдөр болгон амьдралын агшин бүрээс гоо үзэсгэлэнг олж харагч, харсан болгоноо бичиж дүрсжүүлэх бөгөөд бүхий л амьдралын цаана гоо үзэсгэлэнтэй зүйлс оршдог, тэр болгоныг дүрсжүүлж амжихгүйдээ, чадахгүйдээ харамсагч билээ.. киноны бараг бүх дүр ямар нэгэн хэмжээгээр сексийн асуудалтай: үүнд Lester эхнэртэйгээ ойртохоо больсны дээр балчир охиныг хүсэн тачаадан өөртэйгөө тэмцэлдэхэд эхнэр Carolyn өөртэйгөө ижил төрлийн залуутай хэнэгч үгүй хурьцана, харин Ricky-г аав нь ижил хүйстэн гэж хардан өдөр, шөнөгүй тагнаж мөрдөх бөгөөд үүнд нь гомдож, бас залхасан хөвгүүн өөрийгөө ижил хүйстэн гэж хэлэн аавыгаа зориуд шаналгана.. Ricky-ын аав ижил хүйстэнээ сонирхогч ба хүүгээ энэ замаар орчих бий хэмээн хардаж шаналсандаа бараг галзуурах дөхсөнөөр юу ч хийхээс буцахгүй болдог, ер нь киноны бараг бүх дүр секс хүслийнхээ, хүсэл тачаалынхаа дарамт болон айдсаас болж өөрийн мэдэлгүй хүчирхийлэгч болцгоодог.. 

Ижил хүйстэнээс айх юмуу ижил хүйстэн болчих бий гэсэн айдас киноны маань үзүүлэх гэсэн олон санааны нэг ба өөр чухал нэг дэвшүүлсэн санаа бол цус ойртох буюу гэр бүлийн аав охин хоёрын сексийн асуудал агаад хэдий Lester охиндоо тачаадан, охинтойгоо хурьцаагүй ч охиныхоо найзад татагдсан нь шууд тийм зүйрлэл рүү аваачих болов ч Lester эцсийн мөчид тачаал болон фантазиа даван гарч үүрэг хариуцлагаа эргэн ухамсарладаг..  Кино уламжлалт хүүрнэгчтэйгээр өрнөх бөгөөд Lester-ын сүнс үзэгчдэд үхэхийнхээ өмнөх сүүлийн нэг жилийг өгүүлж буй хэлбэрээр өрнөж, найруулагч Sam Mendes Lester-ын фантазийг удаашруулсан, давтагдсан зураглалаар авахдаа хөгжмийг тун бүтээлчээр “нааж” өгсөн нь Lester-ын фантазийг ховслог болгосон ба энэ давтагдсан хэмнэл киноны цөм гэж үзэгсэд байдаг ажээ..

Театрын найруулагч байсан Sam Mendes-ын \Оскарын шагналт Английн тайз, дэлгэцийн найруулагч\ анхны кино найруулгийн ажил эзэндээ таван оскар авчирсан ба үүнд: шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүр, мөн шилдэг кино зохиол шагнал багтдаг агаад тухайн жилийн Америкийн хамгийн шилдэг кино болсон гэж шүүмжлэгчид үздэгийн дээр тэр жил амтай болгон зөвхөн энэ киног л ярьж байсан гэдэг... кинонд гол дүр бүтээсэн Kevin Spacey, кино зохиолыг бичсэн Alan Ball болон анхны киногоороо оскар хүртсэн цөөхөн найруулагчийн нэг болсон Sam Mendes нарыг судлаачид магтаалаар булсан ба  арга барил, хийц хэлбэр өмнө нь байгаагүй шинэлэг содон болсон, кино зохиол бас цоо шинэ уур амьсгал оруулсан гэж өндөрөөр үнэлсэний дотор мэдээж өөрөө хүсээгүй ч нийгмийн урсгалаар явсаар хоригдол болсон байснаа мэдсэн Lester-ын дүрээрээ Kevin Spacey оскар хүртэх эрхтэй байлаа.. 

Кино продюсерүүд Lester-ын дүрээ тухайн үед илүү алдартай байсан Bruce Willis, Kevin Costner,  John Travolta нарын аль нэгэнд өгөхийг хүсч байсан ч найруулагч Sam Mendes “The Usual Suspects”, “Seven” болон “Glengarry Glen Ross” бүтээлүүдэд гайхалтай тоглочихоод байсан Kevin Spacey-г нүдэлчихээд байсан ба мөн кинондоо том од тоглуулах сонирхолгүй байжээ.. жүжигчин Kevin Spacey-д Lester-ын дүр нь шууд таалагдсан, надтай зарим талаараа төстэй санагдсан гэсэн байдаг ба найруулагч Sam Mendes түүнийг “The Apartment” киноны Jack Lemmon-ын тоглолтыг дуурайж, санаа авахыг зөвлөсөн байдаг.. Kevin Spacey үнэхээр ч эгэл мөртлөө онцгой хүний дүрийг бүтээж чадсан, түүний тоглолтыг судлаачид баатар бас усан тэнэгийг төгс хослуулсан гэжээ.. кино зохиолыг Америкийн кино зохиол бичигч Alan Ball бичсэн бөгөөд зохиол маш сайн болсон гэж үздэг, бас энэхүү ажил нь түүний хамгийн шилдэг нь билээ.. 

Alan Ball зохиолынхоо санааг хоёр зүйлээс олсон гэдэг, эхнийх нь тэрээр гудманд явж байгаад салхинд хийсч байсан пластик уут хараад гэнэт маш том сэдэл төрсөн бол удаах нь тухайн үед хэвлэл мэдээллээр шуугиж байсан нууц амрагийнхаа эхнэрийг буудаж шархдуулсан порно жүжигчиний хэрэг түүнд нөлөөлсөн ажээ.. зохиолч маань Lester-ын дүрээ өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бичсэн гэдэг бол ижил хүйстэн аавтайгаа тэмцэлдэх Ricky-ын дүр түүний хүүхэд наснаас урган гарсан буюу Alan Ball багадаа аавыгаа ижил хүйстэн гэж харддаг байжээ.. сонирхуулахад, эх зохиол дээрээ Lester, Angela хоёр секс хийдэг бол Alan Ball сүүлд энэ хэсгийг өөрчилжээ.. кино судлаач, шүүмжлэгчид эл бүтээлийг маш олон давхар утга санаа, өнгө төрхтэй гэцгээхдээ америк капиталист амьдралын сөнөлт, ерөөсөө амьдралын утга учрыг нууцлагаар, хошиноор болон романтикаар үзүүлсэнээрээ 1999 онд Америкт бүтээгдсэн “Fight Club”, “Magnolia” гэсэн шилдэг кинонуудтай адитгаж, сайшаасан байдаг.. 

Амьдралын олон талын зовлон хийгээд секс ядлыг гоо үзэсгэлэнтэй зэрэгцүүлж, эсрэгцүүлж чадсан модерн кино ба энэ ч утгаараа уг бүтээлийн агуулга үнэ цэнэтэй байсаар байгаа ба үзэх тусам нэг шинэ зүйл олж харахуйц, тун мөлжүүртэй шилдэг бүтээл.. уг кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 808-р байрт жагсдаг, арилжааны кино биш гэхэд зах зээлээс 356 сая доллар олж чадсан нь бишрэм үзүүлэлт болсон байдаг.. дашрамд сонирхуулахад нэрт найруулагч Steven Spielberg уг киног Sam Mendes-г найруул гэж зааж өгсөн гэдэг бөгөөд энэхүү киног бүтэхэд классик триллер болох “Blue Velvet” кино асар хүчтэй нөлөөлсөн гэдэг бөгөөд эл хоёр кино хоёулаа Америкийн дундаж давхаргын хар бараан талыг үзүүлдэг.. сонирхуулахад, Angela-ын овог Hayes байдаг нь Vladimir Nabokov-ын романы Lolita Haze-ээс санаа авсан ажээ..

НЭМЭЛТ: Лестер гар хангалга хийж байгаад Каролинд баригдахдаа анх удаа эхнэртээ секс хийхээ больсон талаараа болон өөрийг нь юу гэж боддог тухай чангаар бас ууртайгаар асуудаг. Тэрээр эхнэр охиныхоо хүндэтгэлийг олохыг тулд дуу хоолойгоо чангалж байна гэж үзвэл зохино. Лестерийн эцсийн чухал мөч Анжелтай бараг л секс хийчих үед тохиодог; охин онгон гэдгээ хэлсний дараа Лестер түүнийг секс объект гэж харахаа больж, харин ч охин шигээ үздэг. Энэ нь магадгүй түүний аяллын хамгийн сэтгэл ханамжтай төгсгөл байж болно гэж найруулагч Сэм Мендес хэлсэн байдаг. Төгсгөлийн хэсгүүдэд Лестерийн "үлгэрлэсэн эрэл хайгуулын" дүгнэлтийг үзүүлэхийг зорьжээ. Лестер хөргөгчнөөс пиво авсны дараа камер түүн руу ойртож, дараа нь тэрээр үүдний өрөө рүү харж зогсдог нь түүний учрах хувь тавиланг илтгэнэ. Жэйн, Рики нар түүний цогцсыг олоход Рики Лестерийн үхсэн нүд хардаг сцэн киноны сэдвийн оргил нь ба гоо үзэсгэлэн хүлээгээгүй газраас олддог. 

Comments

  1. Lester-ийг "ижил хүйстэн аав" буудсан гэж та бодож байна уу?

    ReplyDelete
  2. Lester-ийг "ижил хүйстэн аав" буудсан гэж та бодож байна уу?

    ReplyDelete

Post a Comment