El (1953).
Мехико хотын хаа нэгтээ нэгэн
христийн сүмд тэр хавийн аль л өнгөтэй өөдтэй, нийгмийн сайжчуул цугларан
хөлний угаалга гэх ёслол үйлдэж байх ба манай киноны баатар болох эр эл үйл
явцыг нүдээрээ сонжин ажигласаар нэгэн тун гоё хөл дээр ирж тогтон, тус хөлийг
нүдээрээ барагалж залгина.. нүдний эзэнийг Francisco гэх дөч гаран насны
тохитой томоотой, боловсролтой, нийгэмд байр сууриа олсон чинээлэг эр бол
хөлний эзэнийг Gloria гэх нөхөрт гарах насан дээрээ яваа, эхтэйгээ амьдардаг,
үзэсгэлэнтэй бүсгүй бөгөөд Francisco-ын нэвт шувт харцнаас зугтаан сүмээс гарч
одоход Francisco араас нь гүйцэж уулзах гэсэн ч замд нь сүмийн пастор тааралдан
саад хийснээр кино эхэлдэг..
Gloria болон Francisco анх удаагаа уулзаж байгаа
биш юм, тэд ойрын үеэс тааралдах болж тэр тутамд бүсгүй эвтэйхэн холдох бол Francisco
түүнд бүх бие сэтгэлээрээ солиортлоо дурлаж, өөрийн мэдэлгүй араас нь хөөж,
мөшгөж байлаа.. Gloria-д мэдээж нэр төртэй, баян эр өөрийг нь мөшгөх аятай
дагах аятайхан байсан ч Francisco-ын түрэмгийдүү хандлага айдас хүргэхээс гадна
эмэгтэй хүнийхээ эхэмсэг занг гаргахгүй хаачив гэж, гэхдээ бүсгүйд ингэх бас
шалтгаан байсныг хойно илчилсү.. Francisco тансаг харшдаа гэрийн үйлчлүүлэгч
нарын хамт суух ба эелдэг боловсон зан болон өөрт санагдсанаараа мугуйдлан
зөрүүдлэгч араншин хосолсон нэг бол долоочих гээд үгүй бол алж хядчих гээд
байдаг нэлээн тогтворгүй гэхдээ өөртөө асар итгэлтэй хүн бөгөөд түүний бодол
санааг сайхан Gloria-гаас гадна өвөө аавынхаа бусдад хууль бусаар хулгайлагдсан
томоохон эдлэн газрыг шүүхээр заргалдан буцааж авах гэж үзэвч удаа дараа ялагдан
уур бухимдалдаа шатна..
Francisco-ын эл хууль шүүхээр заргалдах явдал киноны
гол утга санаа биш ч киноны турш гарах агаад зохих газар нь энэ талаар бичээд
ихэнхдээ энэ хэргээс тойрч явах болно.. Francisco нэг өдөр дотны найз Raul-гаа
зорин очиж гэртээ урина, Raul хүнтэй гэрлэх гэж байгаа хамт очиж болохуу гэхэд Francisco
зөвшөөрнө, тэрээр яг үүнийг л хүсэж, найзынхаа сүйт бүсгүйг гэртээ ирүүлэхийг
хүсэж байв.. Тэр оройдоо Raul сүйт бүсгүйн хамт тансаг үдэшлэгт очих бөгөөд
сүйт бүсгүй бол Gloria байх нь тэр.. санасан хэргийнхээ талыг гүйцэлдүүлсэн Francisco
боломжийг ашиглаж Gloria-г тусгаарлан уулзах боломж бүрдүүлж, боломжоо ч
ашиглан бүсгүйд сэтгэлээ илчлэн, хүнд савраараа эгнэгт атгана.. Gloria ч
хүчирхэг эрийн тэвэрт хайлан урсах агаад бүсгүй өөрөө энэ мөчийг л хүлээж
байсан нь эргэлзээгүй ээ.. уг явдлаас хойш жил гаран өнгөрч, Gloria, Francisco
хоёр хуримаа хийжээ..
Нэг нартай өдөр Raul машинаараа явж байгаад зам дээр
хөөгдөж байгаа юмуу эсхүл сандран нэг тийшээ яарч байгаа юмуу гэлтэй Gloria-г
тэвдэн байхыг харж, явж очин хүргээд өгөхүү? Өнгөрсөнийг найз нь мартсан гэж
хэлэхэд Gloria эхлээд татгалзаж байсан ч эцэстээ зөвшөөрөн машинд сууна.. Raul
түүнээс амьдрал хэр байна даа гэж асуухад Gloria уйлан байж, амьдрал ёстой там
шиг байна, цаадах чинь мангас шиг хүн аж, би таньсангүй гээд өнгөрсөнөө ярих
бөгөөд энд хүрээд кино Gloria-ын дурсамж яриа маягаар өрнөнө.. Энэ бүхэн бал
сарын анхны шөнө болсон гэж яриагаа бүсгүй эхлэх бөгөөд орондоо орж секс
хийхээр үнсэлцэж, таалалцаж байхад Francisco гэнэт л чи яагаад нүдээ аниав,
нүдээ аниад хэнийг бодоов, Raul-гаа төсөөлөө юу гэж уурлаж, цаашлан бүр солиорч
чи ер нь хэдэн эртэй унтсан бэ, би мэдэх хэрэгтэй, чи яг одоо нүгэлээ наманчил
хэмээн шаардан бүсгүйг анх удаа айлгажээ..
Үүнээс хойш гудманд таарсан найзтайн
хардаж эвгүй байдалд оруулаад зогсохгүй өөрийг нь ширтсэн эр болгонтой шахуу
хэрэлдэж заримдаа бүр зодолдон, нэг ёсондоо олон нийтийн газар Francisco-той
хамт явна гэдэг хамгийн бэрх, хамгийн хүсэшгүй хэрэг болжээ.. үүгээр зогсохгүй
бүсгүйг ээжтэйн уулзуулахаа больж, өөрөөсөө алхам ч холдуулахгүй үргэлж цуг
байх болсон агаад нөгөө шүүх хурлын асуудал дордохын хэрээр Francisco ууртай,
хартай болж байлаа.. Gloria тун ихээр ганцаардаж, зовж, нөхрөөсөө өдөр өдрөөр
улам их айх агаад энэ бүхнээ ээждээ хэлтэл ээжийнх нь өмнө Francisco бөхөлзөн
тонголзож, чухам өөрийнхөө буруутайг хүлээн зөвшөөрч, барагалж ээжээр нь
өрөвдүүлчих бөгөөд ээж нь ч хүргэнээ их хүндэлж, аяыг нь хардаг учир охиноо
зэмлэчихээд тоохгүй өнгөрөхөд бүсгүй нөхрийнхөө найз пасторт хандаж үзнэ, пастор
түүнд барагалж аальгүйтэхээ багасгаад, эр нөхөртөө тахимдуу ханд гэж зөвлөнө.. Пасторт хамаг гэр бүлийн асуудлаа ярилаа гэж уурссан Francisco бүсгүйг буудна
гэж сүрдүүлсэнээс болж Gloria-ын бие муудаж өвдөнө.. Gloria-г өвдсөнөөс хойш Francisco
түмэнтээ уучлалт гуйж, тэнгэр бурханаараа илүү сайжрахаа амлах агаад хардах
өвчнөөсөө үүдэн гарсан хохирол, тэнэглэл бүрийнхээ дараа тэрээр ингэж сүржин
загнадаг зуршилтай байжээ.. ингээд, эхнэр нөхрийн харьцаа гайгүй зөөлөрч ирэн
тэд нэгэн сүмийн орой дээр гарахад Francisco доор явах хүмүүсийг өт хорхой,
тэнэгүүд хэмээн зүхнэ, тайвшруулах гэж
оролдсон эхнэрээ өндөр сүмийн дээрээс шидэх гэж оролдох ба амь зулбан гарсан Gloria
тийнхүү явж байгаад Raul-тай таарсан нь тэр ажээ..
Gloria-ын яриа төгсөхтэй
зэрэгцэн Raul тэр хоёр гэртээ ирэх бөгөөд тэднийг Francisco холоос харж
байдаг.. Francisco эхнэрээ явдалтай, өөрийг нь маш олон удаа хуурсан гэж үнэн
сэтгэлээсээ итгэж, Raul-ыг эхнэрийнхээ нууц амраг гэж бат үнэмшин, бүх үнэнээ
хэлчихвэл уучилна гэж хэлэвч эхнэр нь тэгэхгүй бөгөөд үнэхээр ч гэмгүй бүсгүй
юугаа гэмшин хүлээх билээ.. Тэр шөнөдөө Francisco эхнэрээ оронд нь алахыг
завдахад ч Gloria амжиж сэрсэнээр амь хэлтрэн, улмаар эл ёрын гэрээс нэг мөсөн
явах бол Francisco үүнээс болж сэтгэл нь улам хямарч, хий юм сонсож, хий юм
үзэж эхэлнэ, нэг ёсондоо галзуурах ба өнөөх шүүх дээр ялагдсан хэрэг нь гал
дээр тос асгасантай ижил юм болжээ.. Нэлээд хэдэн жил өнгөрчээ, пастор дээр Raul,
Gloria болон гурав, дөрвөн настай хүү хамт ирсэн байх агаад тэднийг нэгэн лам
холоос чимээгүйхэн ажиглана.. пастор дээр ирсэн зочид жаргалтай ирсэн шигээ
жаргалтайгаар буцаж, харин пастор өнөөх холоос харагч лам буюу Francisco дээр
ирнэ..
Francisco галзуурал, солиорлоо дарж, амар тайван амьдрах гэж энэ замыг
сонгосон ба пастороос ямар хүмүүс ирсэнийг дуулан харсантайгаа нэгтгэн дүгнэж
ингэж хэлдэг: миний бодож байсан нотлогдлоо.. миний хувьд бүх цаг үеийн хамгийн
аугаа арван кино найруулагчдын нэг Испанийн сюрреалист мастер Luis Buñuel-ын уг
киног хардалтын талаар, тэр дундаа хардах өвчнийг кино дэлгэцнээ төгс, нэг
нэгэнгүй тодорхой үзүүлсэн шилдэг бүтээл гэж үздэг.. Их найруулагч маань
киногоо Мексикт байх үедээ Mercedes Pinto-ын зохиол дээрээс сэдэвлэн бүтээсэн
бөгөөд Francisco-ын дүрийг эгчийнхээ хий хардаг өвчтэй нөхрөөс санаа аван
бүтээсэн гэдэг бол энэ кинонд өөрийнхөө амьдралаас хамгийн их оруулсан, гол дүр
нь надтай төстэй чанар мэр сэр бий гэж Luis
Buñuel хэлсэн байдаг.. Кино маань шүүмлэгч, үзэгчдээс өндөр үнэлгээ аваагүй ч Францын сэтгэл судлаач Jacques Lacan уг киног оюутнууддаа хичээл болгож
үзүүлдэг байсан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 335-р байрт одоо жагсаж
байна.. хайртай бол хартай гэдэг үгэнд бид анализ хийж, хардалтаас болж хичнээн
хүн зовж байгааг дахин эргэцүүлэн бодуулах бүтээл..
НЭМЭЛТ: "Adventures of
Robinson Crusoe" киноных нь нээлт хойшлогдсоноор мастер Луи Бунюэл
Мерседес Пинтогийн параной хардах өвчтэй нөхрийн тухай өгүүлсэн романыг кино
болгохоор шийджээ. Бунюэл үүн дээр нэмээд эгчийнхээ хартай нөхрийн тухай
хувийнхаа дурсамжийг шигтгэж өгснөөр магадгүй хамгийн сайн хардалтын сэдэвтэй
кино бүтжээ. Бунюэл хагас намтарчилсан элементүүд кинонд нь орсныг огт
нуудаггүй ба "энэ бол өөрийгөө хамгийн ихээр кинондоо оруулсан кино минь
болов уу. Гол дүрд надтай холбоотой зарим зүйл бий" гэж хэлсэн байдаг.
Найруулагч маань хожим өөрт нь ирсэн шахалтаас болж киногоо хэтэрхий хурдан
хийчихсэн, дахиад илүү ул суурьтай хийхийг хүссэн байдаг ч ийм зүйл даанч
болоогүй. Бунюэл киноныхоо төгсгөлд хэрд санваартны дүрээр хальт гараад
өнгөрдөг.
Comments
Post a Comment