Ярвагар эр



The Maltese Falcon (1941). 1941 он, Нэгдсэн улс.. хувийн мөрдөх товчоо эрхэлдэг Samuel болон Miles дээр нэгэн ганган хатагтай Wonderly гэгч ирнэ.. хатагтай дүүгээ хайж яваа гэх агаад Thursby хэмээх муу гарын эр дүүгийнхэн толгойг эргүүлээд алга болж, улмаар дүүгээ олж авахгүй бол Thursby гэгч нь нэн аюултай этгээд болохыг мөрдөгчдөд сануулаад, тусламж хүсээд овоохон ч мөнгө атгуулна.. Miles бүсгүйтэй орой уулзаж дүүгийн олж өгөхөөр болно.. 

ингээд тэр шөнөдөө Samuel-г дуг нойрондоо нойрсч байхад утас нь дуугарч сэрээнэ.. харилцуурны цаанаас цагдаа “хамтрагч Miles чинь буудуулж үхсэн байна” гэнэ.. Samuel маргааш нь хатагтай Wonderly-гийн буусан буудал руу ярихад хатагтай тооцоогоо хийгээд алга болсон байна.. Samuel гэртээ иртэл цагдаа нар \танилиуд нь\ түүнийг тосч авна.. цагдаа нар хэлэхдээ, Miles үхдэг шөнө Thursby гэгч бас буудуулж үхсэн болохыг хэлнэ.. уг мэдээ Samuel-н гайхшлыг барахын дээр цагдаа нар түүнийг эдгээр аллагуудад сэжиглэнэ.

 Учир нь Samuel хамтрагчийнхаа эхнэртэй янагийн холбоотой байсан ба бурхан болоочын эхнэр ч өөрийг нь ганцаар эзэмшихийг хүсэн нөхрийн хороож гэж бодно.. маргааш нь Samuel-г хатагтай Wonderly дуудна. Өнөөх Wonderly гэгч нь хуурамч нэр агаад жинхэнэ нэрээ Brigid гэнэ.. мөрдөгчөөс тусламж хүсч, их хэмжээний мөнгө амална.. тэр оройдоо Samuel хүүхний биеийг эзэмшихээс гадна мөнгөний амлалт авчихаад ажил дээрээ иртэл Cairo гэх эрхэмсэг эр түүнд маш их хэмжээний мөнгө амлаж, ажилд нь нэг шувууны буюу шонхор шувууны баримал олж өгөхийг хүсэх бөгөөд эл баримал нь алт, үнэт чулуугаар сийлэн урласан тоймгүй үнэтэй эд ажээ..

 Samuel энэ бүхэн нэг зүйлтэй холбогдож байгааг ухаантай хүний совингоор ойлгоно.. Brigid ч үүнийг хүлээн зөвшөөрөх бол Samuel-г толгойгоо гашилгаж байхад Gutman гэх нэлээн баян эрхэм түүнтэй холбоо барьж, мөн л шонхорыг сонирхож байгаагаа дуулгана.. Gutman шонхорын түүхэн ач холбогдлыг мөрдөгчид тайлбарлаж, хамтран ажиллах болон санаанд багтамгүй мөнгө өгнө гэнэ..

Samuel бодно: гурван өөр янзын хүний эрх ашиг, санал болгох өөр хэмжээний мөнгөний санал, бас цагдааг яалтай билээ.. кино эхний минутаасаа эхлээл үзэгчийг соронз луугаа адил татна. Эхнээсээ л бужигнасаар байгаад дуусах ба жинхэнэ амьсгаа өндөр байлгасаар төгсөх кино буюу өдгөө аугаа хэмжээнд үнэлэгддэг шедевр бүтээл.. киног Америкийн богино өгүүллэг бичигч  Dashiell Hammett-ын ижил нэрт зохиолоор сэдэвлэн бүтээсэн бөгөөд киноны үйл явдалыг, тайлбарыг бичихэд маш хүнд гэдэг учир үзсэн нь илүүтэй дээр..

 ерөнхийдөө хүний эд хөрөнгө, мөнгөнд шунах шуналын хэмжээгүйг харуулах ба ингэж хүнээ алдаж чөтгөр бологсод мөнгөний төлөө хүмүүний цэвэр ариун бүхнийг өгдөгийг энэ кинонд харуулдаг ба үйл явдлын нарийн уялдаа, логик өгүүлэмж эрэхээсээ илүү энэ киноноос жүжигчдийн зэвүүн харилцан яриа болон бие махбодийн донжтой хэл гээд ерөөсөө зураглалын гайхамшиг бас маш загварлаг хийц хэлбэрээрээ алдаршсан гэхэд их буруудахгүй болов уу..  киног Америкийн домогт кино найруулагч John Huston найруулсан ба түүний анхны бүрэн хэмжээний кино байлаа.. суут найруулагчийн анхны кино бүх талаараа алдар нэрийн оргилд хүрсэн бөгөөд анхны нуар төрлийн киноны нэг болсон гэж үздэг бөгөөд киног алдаршихад анхных хэмээх энэ өргөмжил ихээхэн нөлөөлсөн нь дамжиггүй.. 

нуар төрлийн анхдагч болсон уг бүтээлд уг жанрын бүхий л хэв загвар, үзэл санаа нь багтсан байдаг бөгөөд жинхэнэ нуар классик болсон тус бүтээл дэлхийн хамгийн шидэг мянган киноны 276-р байрт бичигддэг.. Америкчуудын хамгийн хайртай бас аугаа гэж боддог жүжигчин Humphrey Bogart \америкийн кино хүрээлэнгээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг зуун жүжигчиний нэгдүгээрт бичигддэг\ уг кинонд тоглосноороо ерөнхийдөө од болсон ба түүний ярвагар, хүйтэн төрх нуар жанрыг илтгэгч гол дүрийн хүйтэн, бүхнийг чадагч мөрдөгчийн дүртэй бүх талаараа тохирсон ба өөрийнх нь замналынх нь дүрүүдэд ч энэ киноных нь мөрдөгчийн дүрийн сүүдэр туссан байдаг .. 

уг киног Humphrey Bogart нуруун дээрээ үүрч гарсан агаад хүйтэн цэвдэг сэтгэлтэй, хэнийг ч хайрладаггүй энэ дүр нуар жанрыг бүрэн тодорхойлох агаад киноны ихэнхи зураглалыг Humphrey Bogart-ын ар нуруу буюу мөрөн дээгүүр авсан нь үзэгчийг түүний нүдээр харуулах гэсэн найруулагчийн сод санаа.. туслах дүрүүдэд: Mary Astor, Gladys George, Peter Lorre, Sydney Greenstreet гэсэн мундаг жүжигчид тоглосон ба киноны femme fatale дүрд энэ кинонд тоглосоноороо дурсагддаг Mary Astor болон Австри-Унгарын нэрт жүжигчин Peter Lorre нарын тоглолт онцгой.. кинонд зураглаачаар ажилласан Arthur Edeson-ын сул гэрэлтүүлэг болон камерын хурц өнцөг бүхий зураглал тэр үедээ гайхагдаж байсан ба жүжигчдийнхээ үйл хөдлөл, дотоод сэтгэлийг гэрэл сүүдрээр гайхамшигтай зурагласан байдаг..

 кинонд ашигласан шонхорын барималуудаас өдгөө гурван баримал үлдсэн байдаг агаад тус бүр нь нэг сая долларын үнэтэй.. зураг авалтын үеэр Humphrey Bogart салгалаад хоёр ч шонхорын баримал унагаж байсан агаад тэдгээр нь одоо Warner Bros-ын музейд байдаг ажээ.. Casablanca (1942)-д тоглохоор болсон Ingrid Bergman энэхүү киног үзэж Humphrey Bogart-ын жүжиглэх арга барилаас суралцсан гэдэг бол их найруулагч John Huston Mary Astor-той киноны зураг авалтын үеэр явалдаж байжээ.. нуар кино үзье гэвэл эл бүтээлээс эхлэхийг зөвлөе.


НЭМЭЛТ: Киноны зохиолыг бичсэн Дашиэлл Хаммет Сан Францискод хувийн мөрдөгчийн агентлагт ажиллаж байсан ба үнэнхүү "лаг" мөрдөгчийг дотроо төсөөлж явсаар уг киногоор биелжээ. Хувийн туршлага, уулзаж байсан хүмүүсээсээ санаа аван бичсэн аж. Аугаа найруулагч Жон Хьюстоны дебют ажил байв. Тэрээр киноныхоо секунд бүрийг нарийн төлөвлөж, сцэн бүрийг тоймлон ноороглож, кадр кадраар нь бэлтгэж байсан гэдэг. Мэргэжлийн, төлөвлөгөөний дагуу ажиллах ёстой гэж хатуу байр суурьтай байсан Хьюстон тогтсон хуваарьт хугацаандаа багтаж киногоо дуусгасан. Уг киног анхны нуар жанрын киноны нэг гэж үздэг. 

Comments