Ой гутам сонирхол


Rear Window (1954). Зуны шатам халуун өдрүүд үргэлжилсээр.. Нью Иорк хотын хаа нэгтээ өөрийн байрандаа Jeff \ James Stewart – Америкийн домогт жүжигчин ба бас цэргийн офицер\ халуунд нозоорон тэргэнцэр дээрээ зүүрмэглэнэ.. Jeff бол мэргэжлийн фото зурагчин ба ажлаа хийж яваад осолд орон нэг хөлөө хугалсан учраас “чөлөөндөө” гарчихаад байгаа нь энэ ажгуу.. Jeff-ын өрөө арагшаа харсан цонхтой ба цонхоороо ур талынхаа байрны оршин суугчдыг чөлөөтэй харж болохуйц сайхан үзэгдэх орчинтой агаад халуунд бүх айл цонхоо нээсэн нь тэднийг харахаас гадна сонсох боломж олгожээ.. өдөржин хийх юмгүй дээр нь угаасаа хэрэгт дуртай Jeff мэргэжлийнхээ фото аппаратаар “хөршүүдээ”судалж эхэлнэ.. Jeff-ыг хэн ч харахгүй, анзаарахгүй бол Jeff бүгдийн ажиглаж, бүр таньдаг шахуу болтлоо судална.. 

өөрийн ажиглалт дээрээ тулгуурлан оршин суугчдад нэр хоч өгч өөрийгөө зугаацуулна.. жишээн, нэг бүжигчин залуухан гоё хүүхэн байв, түүн дээр олон эрчүүд орой бүр цуглавч хүүхэн хэнийг нь ч тоохгүй харин хэн нэгнийг үргэлж хүлээгээстэй бол, мөн нэг ганц бие хөгжимчин залуу байна, бас л ганцаараа тэрээр орой болгон найзуудтайгаа ууна.. дөнгөж хуримласан хос хоёроос авхуулаад ганцаараа гуниглан суух эмэгтэй гээд есөн жорын хүмүүсийг алийг тэр гэхэв, бүх төрлийн хүн Jeff-ын өмнө амьдарч Jeff тэднийг нууцаар харан цагийг аятайхан өнгөрүүлнэ.. эдгээрээс Jeff-ын анхаарлыг өвчтэй, орондоо байдаг эхнэрээ харж хандах нэгэн үнэт эдлэлийн худалдаачин эр татна.. Jeff-ын бодлоор өнөөх эр эхнэрээ асрахаас бүр залхаж гүйцсэн нь илхэн агаад өөр хүүхэнтэй явдаг нь тодорхой мэт санагдана..

ийнхүү нэгэн ширүүн бороотой өдөр өнөөх айлын цонхноос эмэгтэй хүний зүрх зүсэм орилоон Jeff-ыг сэрээнэ.. ингээд маргаашнаас нь өвчтэй эхнэр ер харагдахаа байж харин нөхөр нь том цүнхтэй юм ийш тийшээгээ зөөж, том балиус утга, хөрөө зэргийг арчиж цэвэрлэж, ер нь л тун сэжигтэй санагдаж эхлэн манай баатрын сонирхлыг туйлгүй татдаг.. энэ бүх хугацаанд Jeff ганцаараа байсангүй, түүн дээр сувилагч хөгшин Stella ирж массаж энэ тэрхэн хийж туслах бол бараг орой болгон сэтгэлт бүсгүй Lisa \ Grace Kelly – Америкийн жүжигчин тэрээр кино урлагийн хамгийн сайхан хүүхнүүдийн нэг\ нь ирж хань болно.. Stella Jeff-ыг сэтгэлт бүсгүйтэйгээ суухыг ямагт ятгах бол Jeff өөр бодолтой байлаа.. Jeff бол адал явдалд дуртай, эрх чөлөөг эрхэмлэсэн, эмэгтэй хүн өөрөөс нь дээгүүр байх ёсгүй гэж үздэг хөдөө маягийн эр бол Lisa бол бүх талаараа орчин үеийн эмэгтэй, тэрээр залуухан, үзэсгэлэн төгөлдөрөөс гадна дээд зиндааны баян айлын охин.. тэрээр хамгийн сүүлийн үеийн юм хэрэглэж чамирхахаас авхуулаад дандаа том үдэшлэг цэнгүүнд оролцоно.. энэ бүхэн Jeff-д таалагдахгүй, ирээдүйгээ ч бүсгүйтэй хамт өнгөрөөнө гэж бодохгүй.. гэвч бүсгүйг харахаараа хүсэл хийгээд сэтгэлдээ дийлдчихнэ.. бүсгүй ч муухай аашыг нь үргэлж тэвчин хамаг байдгаа л хэрэндээ зориулна.. Jeff үзсэн харсан болгоноо Stella болон Lisa-д тайлагнах бөгөөд эмэгтэйчүүд эхэндээ түүнийг ёс суртахуунгүйг зэмлэдэг байснаа барин тавин баримт гараад эхлэнгүүт үнэмшиж эхэлнэ.. Jeff үүндээ бүр улайран итгэж мөрдөгч найздаа хандахад найз нь харин ямар ч сэжигтэй юм олж илрүүлэхгүй.. манай сайн дурын мөрдөгчид бууж өгөхийг хүссэнгүй нарийн төлөвлөгөө зохион сэжигтний гэрт орохоор болно, ингэхдээ энэ амь дүйсэн байж болох хэргийг Lisa гүйцэтгэхээр болдог.. 

түгшүүр хийгээд айдсын мастер Alfred Hitchcock-ын нэрийх нь хуудас болсон шилдэг киноных нь нэг болсон эл бүтээлээс түгшүүр, үл мэдэгдэх нууцлаг айдас, сэжиглэхүйг мэдрэхээс гадна бүр цаашлаад “voyeurism”, “feminism” зэрэг сэдвийг хөндөн тавьсан болохыг харна.. кино тэр жилдээ дөрвөн төрлөөр Оскарт нэр дэвшиж байсан \үүнд шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэх мэт багтана\ ба Америкийн кино хүрээлэнгээс уг киног хамгийн шилдэг зуун киноны 42-р байрт жагсааснаас гадна “Mysteries” жанрын шилдэг арван киноны гуравт эрэмбэлсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 41-р байрт жагсдаг.. киног Америкийн зохиолч Cornell Woolrich-ын детектив богино өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд киноны зураг авалт Paramount кино студид зургаан долоо хоног тусгайлан бэлтгэж зассан асар том зааланд явагджээ.. хэдийгээр, нэг уйдсан нөхөр санаандгүй аймшигт хэргийн гэрч болж байгааг өгүүлэх боловч Jeff-ын нууцаар бусдын амьдралыг харж, улмаар үүндээ хэт автаж байгаан “voyeurism” ба тэрээр айдас хүрмээр зүйлийг сонирхон зугаацахаас гадна энэ зугаагаа ухамсартайгаар хийдэг.. киног алдартай болгож байгаа гол зүйл бол Alfred Hitchcock-ын арга барил буюу кино зөвхөн нэг өрөөнд л болно, шүүмжлэгчид Alfred Hitchcock-ын ухаалаг бүтээлч санааг болон киноныхоо үйл явдал, сонирхол татах адал явдалт байдлыг сайшаасан байдаг, бүх зүйл Jeff-ын өрөөнд өрнөх ба үзэгч Jeff-ын тэргэнцэрийн хамт маш хязгаарлагдмал орчинд түгжигдчих бөгөөд халуун бөгчим уур амьсгалтай нийлээд бачимдам, орон зайн хүнд мэдрэмж төрүүлнэ, үзэгч ерөөсөө л Jeff-ын нүдээр бүгдийг харж, үзэгч Jeff-тэй нэгдэнэ бөгөөд үзэгч хэзээч аллага болсон байранд орохгүй, зөвхөн гаднаас ажиглаж, сэжиглэнэ, мэдээж бүрэн мэдээлэл үгүй, хялбархан юм шиг хэрнээ хүнд сэдвээр богино зайнд, жижигхэн өгүүлмжээр төгс кино бүтээж чадсан аугаа Alfred Hitchcock мандан бадраг.. 

тус кинонд хүчтэй автсан найруулагчдын шилдэг бүтээлүүдийг дурдвал: D. J. Caruso-ын Disturbia, Brian De Palma-ын Body Double, Phillip Noyce-ын Sliver гэсэн бүтээлүүд байдаг агаад дээрх кинонууд их бага хэмжээгээр тус бүтээлээс санаа авсан юмуу, эсхүл шууд даган дуурайсан байдаг.. мөн Lisa нь хөлнөөсөө толгой хүртэл орчин үеийн эмэгтэй буюу “feminism”-ын туг далбааг илэрхийлсэн дүр мэт бөгөөд эрх чөлөөтэй, бие даасан бүсгүй билээ.. гол дүрүүдэд дэлхийн хэмжээний сүпер одод болох James Stewart, Grace Kelly нар тоглосон.. James Stewart бол Alfred Hitchcock-ын олон кинонд тоглосон ярих юмгүй бүх цаг үеийн шилдэгүүдийн нэг.. тэгвэл Grace Kelly эрхэмсэг, тансаг гуа үзэсгэлэнгээрээ киног чимнэ.. Оскар, алтан бөмбөрцөгийн шагналтай, холливуудын гүнж хэмээгдэж явсан Grace Kelly 1956 онд Монакогийн хан хүүтэй хуримлан жинхэнээсээ гүнж болсон түүхтэй.. Герман, Ирланд гаралтай энэ бүсгүйд авъяас билиг, гоо сайхан хослон заяагдсан нь гайхалтай бөгөөд ховор үзэгдэл.. ааш зан, биеэ авч яваа байдлаараа киноны зураг авалтын турш хүндлэгдэж, түүнийг зураг авалтын талбайд гаруут бүгд нүд унагаж биширч дуусдаг байсан гэдэг.. Grace Kelly кинон дээр тамхи татахаас татгалздаг боловч зөвхөн энэ бүтээл дээр тамхи татахыг зөвшөөрсөн бөгөөд энэ кино бол түүний тамхитай гарч байгаа цорын ганц кино ажээ.. сонирхуулад, 1924 онд, Англид жирэмсэн нууц амрагаа алсан нэгэн хүн амины хэргээс зарим санааг уг кинонд авч ашигласан байдаг ажээ.. 

НЭМЭЛТ: Киноны зураг авалтыг бүхэлд нь Paramount студид авсан ба Гринвич хорооллыг хуулбарлан бүтээжээ. Энэ нь асар том бүтээн байгуулалт болсон буюу Хал Перейра, Жозеф МакМиллан Жонсон зэрэг дизайнерууд зургаан долоон хоногийн турш ажилласан. Маш нарийн, түвэгтэй ажлын дүнд энэ тайз нь студийн түүхэн дэх хамгийн том тайз засал болсон. Энэ онцгой байгууламжийн нэг онцлог нь гэвэл кинонд гарах борооны усыг зайлуулах системтэй хийгдсэн. Мөн өдөр, шөнийн байгалийн гэрэлтүүлгийн эффектийг бий болгосон өндөр нарийвчлалтай гэрэлтүүлгийн системийг бүтээсэн байдаг. 

Comments