Citizen Kane (1941). Бүх цаг үеийн номер нэг кино юу вэ? Rotten Tomatoes,
IMDb гэм мэт кино сайтнаас дэлхийн хамгийн сайн киног хайгаад хэрэггүй.. эдгээр
сайт нь зөвхөн сонирхогчдын үнэлгээн дээр үндэслэсэн мэргэжлийн бус хүмүүсийн
жагсаалтыг л харж болно.. харин жинхэнэ кино экспертүүд, шүүмжлэгчид,
найруулагчдын санал хийгээд тун сайн шүүлтүүрээр дэлхийд кино урлаг анх үүсэн
бий болсоноос өдгөөг хүртэлх кинонуудыг жагсаан гаргадаг, үнэн зөв, тулхтай
сайт бол THEY SHOOT PICTURES, DON'T THEY? Гэх сайт юм.. энэхүү сайтыг “мөнх”
тэргүүлсээр ирсэн, олонхи мэргэжилтэнгүүдийн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг
хамгийн шилдэг, номер нэг бүтээл “Citizen Kane” хэмээх кино билээ.. мөн уг
аугаа бүтээл Их Британий кино хүрээлэнгээс гаргадаг бүх цаг үеийн хамгийн
шилдэг кино жагсаалтыг таван удаа дараалан тэргүүлж байсан бол Америкийн кино
хүрээлэнгийн жагсаалтыг бас л тэргүүлэгч ба нэрт кино шүүмжлэгч Roger Ebert
өөрийн хамгийн дуртай киногоор мөн л эл киног нэрлэсэн байдаг..
аугаа кино
найруулагч Orson Welles \Америкийн жүжигчин, найруулагч тэрээр радио, театр
болон кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч\ нь энэхүү төгс, суут
бүтээлээ туурвихдаа дөнгөж 25 настай байсан энэ кино бол жүжигчиний хувиар ч,
найруулагчийн хувиар ч түүний анхных байв.. тэрээр CBS радиод цуврал драм жүжиг
тоглодог The Mercury Theatre on the Air гэдэг радио театр бүхий броадкасттай
маш авъяаслаг залуу байсан агаад аль 1936 оноос эхлэн холливуудын том кино
компаниуд түүнийг сонирхон ажлын санал тавьж байсан боловч Orson Welles кино
урлагийг төдий л сонирхолгүй өөрийн радио театртаа хамаг анхаарлаа өгч байсан
гэдэг.. RKO кино студийн продюсер George J. Schaefer Orson Welles-ын авъяас,
чадварыг кино урлагт ашиглахыг хүсэн толгойг нь “эргүүлэх” гэж шаргуу оролдож
эхэлсэн бөгөөд энэ үед Orson Welles өрөнд орж таарсанаар холливуудад гурван сар
ажиллаж бас амьдрахаар болжээ, өөрөөр хэлбэл Orson Welles мөнгөний төлөө кино
урлагт хөл тавьжээ..
RKO болон Orson Welles ширээнд сууж: Orson Welles хоёр
кино найруулахаар болсон ба кинондоо өөрөө тоглож, бас продюсерлаад кино баг
болон жүжигчдээ өөрөө сонгох, мөн кино зохиолоо өөрөө бичих заалт тусгажээ,
ингээд тэрээр киногоо найруулж, зохиолоо бичиж, мэдээж өөрөө гол дүр бүтээхээс (гайхамшигтай
тоглосон) гадна тайз засал, хувцас ёох гээд бүх ажилд гар бие оролцжээ.. киноныхоо
бараг бүх ажилд оролцон, анхны найруулсан кино нь байсан гэхэд итгэмээргүй
гайхалтай ба цаг үеийн байдал, оюун ухааны хязгааргүй боломжийг тэрээр мэдрэн
ашигласнаар “энгийн” нэгэн хар-цагаан кино энэ төрлийн урлагийнхаа ноён оргил
дээр манджээ.. Orson Welles эхний таван сарыг ямар ч амжилт, санаа оноогүй
өнгөрүүлээд бараг жил өнгөрөхөд “Citizen Kane”-ын санаа орж ирсэн бөгөөд тэрээр
зохиол дээрээ нэмэлт хүч болгон ажиллуулахаар Mercury радио театрт зохиол
бичдэг Herman J. Mankiewicz-г урьсан байдаг.. ингээд Herman J. Mankiewicz болон
Orson Welles зохиол дээрээ хамтран ажилласан ба Herman J. Mankiewicz хэвлэлийн
том магнат, саятан William Randolph Hearst-ын амьдралаас сэдэвлэн зохиолоо
бичсэн ба тэрээр William Randolph Hearst-ын амьдралын хүрдийг сайн мэддэг
байсных ажээ..
Herman J. Mankiewicz болон Orson Welles хоёрын дунд зохиолын
зарим зүйл дээр маргаан байсан гэдэг \Herman J. Mankiewicz-ын бичсэн зохиолд Orson
Welles дураараа гар хүрэн өөрчилсөн, хүндэтгэлгүй хандсан гэдэг\, Orson Welles
энэ бол миний кино учраас зөв ч бай, буруу ч бай эцсийн шийдийг би гаргана гэж
хэлж байсан ба кино нээлтээ хийх болоход киноны зохиолын зохиогчийн эрхийн
асуудал удаан үргэлжилсэн маргаан дагуулж Herman J. Mankiewicz-г зөвлөхөөр
шахуу авсан учир кино бүтээгчдийн тоонд орохгүй гэж байсан ч заргалдаж явсны
эцэстээ Herman J. Mankiewicz хүссэнээ авсан байдаг.. Charles Foster Kane гол
дүрийнхээ санааг хаанаас авсанаа найруулагч Orson Welles хэзээ ч албан ёсоор
хэлээгүй байдаг, Kane бол Samuel Insull болон Harold Fowler McCormick гэсэн
тэрбумтанууд хийгээд Pulitzer, Northcliffe гэсэн аварга сэтгүүлчдийн нийлэг дүр
ч гэж үзэгсэд байдаг боловч ерөнхий гол эх сурвалж нь William Randolph Hearst
гэдэг.. кинон дээр Kane-ын нууц амраг байж байгаад эхнэр болдог Susan Alexander
Kane хэмээх дүрийг амьдрал дээр William Randolph Hearst-ын нууц амраг байсан
жүжигчин Marion Davies-ээс сэдэвлэсэн гэж шуугидаг агаад William Randolph
Hearst уг киног бүхий л хүчээрээ эсрэгүүцэж байсны гол шалтгаан нь энэ Marion
Davies байв.. гэхдээ найруулагч Orson Welles үргэлж үүнийг тийм биш гэдэг
байв.. киноны симбол болох "Rosebud" нэртэй чарга байдаг, тэгвэл Orson
Welles мөн л Herman J. Mankiewicz-аас энэ санааг зээлсэн буюу Kane-ын хүүхэд
насны эрдэнэ байсан чарга нь Herman J. Mankiewicz-ын өөрийнх нь хүүхэд настай
холбоотой агаад гэхдээ түүнийх чарга биш унадаг дугуй байжээ..
Herman J.
Mankiewicz харин "Rosebud" нэрний санаагаа нэгэн уралдааны мориноос
санаа авчээ.. “Rosebud” гэдэг нь өдгөө кино урлагийн түүхэндэх хамгийн алдартай
ишлэл болсон ба Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн тэмдэглүүштэй зуун
ишлэлийн 17-р байрт жагсдаг.. киноны гол дүрүүдэд Orson Welles болон Joseph
Cotten (Orson Welles-ын гурван том бүтээлд тоглосон Америийн тайз, дэлгэцийн
жүжигчин) тэргүүтэй театр, радио театрын жүжигчид анх удаагаа ийнхүү кинонд
тоглосон ба жүжигчдийн баг бараг тэр чигээрээ олонд төдий л танигдаагүй хүмүүс
байлаа.. Orson Welles-г жүжигчдээ кинондоо бэлтгэнгээ өөрөө бас бэлтгэл хийдэг
байсан, тэрээр сайн жүжиглэхэд бэлтгэл их хийх хэрэгтэй гэж үздэг байсан хэмээн
жүжигчин Agnes Moorehead дурссан байдаг.. эдүгээ Orson Welles-г кино хийх олон янзын
хэлбэрийг судалж улмаар нэгтгэн цоо шинэ кино хийх аргыг бүтээсэн гэж судлаачид
үздэг бөгөөд сонирхолтойн Orson Welles кино хийж эхэлж байхдаа л ажлаа ойлгон,
кино урлагт дурлах болсон гэдэг.. Orson Welles-ээс өмнө гүн фокусласан
зураглал, нам зураглал, chiaroscuro гэрэлтүүлэг болон түр хугацааны үсэрсэн
монтаж зэрэг техник нь тийм ч алдартай байгаагүй ба 1920-д оны Германы Expressionist
кинонуудад хэсэг бусгаар хэрэглэгддэг байсан ч Orson Welles энэ бүх техникийг
нэг кинонд төгс ашигласан анхны найруулагч гээд энэ бүтээлийг кино урлагийн
хуучин арга техникийн нэвтэрхий толь хэмээдэг..
энэхүү бүтээл нь уламжлалт
шугам, хронолог өгүүлэмжит тухайн үеийн аргаас зайлсхийж Kane-г таньдаг
хүмүүсийн өөр өөр өнцгөөс дурсан ярих дурсамжаар өгүүлэгдэх бөгөөд олон
өгүүлэгч ашигласан нь тухайн үедээ шинэлэг арга байж: тэдний дүрсэлсэнээр бол Kane
онцгой увдистай, ярвигтай хүн болж бууна.. киноны үйл явдал энгийн юм шиг
хэрнээ тун ээдрээтэй бас философлог.. тус бүтээл Kane хэмээх хэвлэлийн магнат
үхэж байгаагаар эхэлнэ.. Kane үхэхдээ “Rosebud” гэж нууцлаг үг хэлчихэээд
талийна.. тэрбумтан, аугаа хүчирхэг хүний үхэл сурвалжлагчид, хэвлэлийнхний
анхаарлыг зүй ёсоор татна.. чухам тэр “Rosebud” юу юм бол? Ямар учиртай юм?
Гэсэн сониуч бас мэргэжлийн шаардлагаар сэтгүүлчид Kane-ын өнгөрсөн амьдралыг
ухаж төнхөж эхэлнэ.. Thompson гэгч сэтгүүлч Kane -тэй холбоотой, түүний хувийн
амьдралыг сайн мэддэг дөрвөн хүнтэй очиж уулзан, Kane ямар хүн байсан хийгээд
хэрхэн өндөрлөгт хүрсэн талаар яриулна.. Kane-ын залуу нас болон идэр нас,
сүүлд нь өвгөн насыг нь бусдын нүдээр бидэнд харуулах юм, өөрөөр хэлбэл Kane кино
эхлэхэд л үхчихнэ, кино маань Kane-ын амьдралын дурсамж маягаар өрнөсөөр бид
түүнийг ямар хүн байсныг мэдэх бололцоотой болно..
түүний тухай бид зөвхөн
бусдын ярианаас л мэдэх бөгөөд киноны гол санаа бол бидний хэрхэн амьдарч
байсан маань биднийг өнгөрсөн хойно бусдад бидний хэр хандаж, яаж аашилж
байснаар бусдын ой дурсамжаар л илэрч, бид тэдэнд үлдээсэн тэр сэтгэгдэл болон
дурсамжаар л санагдаж үлдэнэ.. кино төгсөхөд Kane хэдий асар их сүр хүчтэй,
баян хүн байсан ч жинхэнэ аз жаргалтай хүн байгаагүй юм байна гэсэн сэтгэгдэл
үзэгч бидэнд төрөх бөгөөд өнөөх “Rosebud” гэгч нь Kane-ын хүүхэд ахуйдаа
тоглодог байсан нэг муу чарга төдий болж таарна.. эндээс бид Kane-ын хүүхэд нас
л түүний хамгийн аз жаргалтай үе нь байжээ гэдгийг хараад зогсохгүй хүн гээч
амьтны аз жаргалтай нас нь, үе нь ер нь хүүхэд нас л юм гэдэг дүгнэлтэд
хүрмээр.. Kane эхнэрээ хаян нууц амрагаа сонгодог, Kane тэрбумтан болдог ч
ганцаараа гуниглан үхдэг: алдар нэр, эд баялаг яг жинхэнэ аз жаргал биш бөгөөд
эдгээр нь аз жаргалтай болох зарим нэг боломжийг л олгохоос бүрэн дүүрэн тэр
зүйл өөрөө биш юм байна гэдэг бодол төрнө. Цаашлаад, ер нь аз жаргал юу юм бэ,
яаж жаргалтай болох вэ? Гэсэн асуудлууд руу ч аваачина.. Orson Welles энэ
бүтээлээрээ олон шинэ арга техник кино урлагт нэвтрүүлсэний нэг бол Orson
Welles болон түүний зураглаач Gregg Toland-ын кино зураглалын ажил ба Америкийн
нэрт кино зураглаач Gregg Toland өөрийнх нь шинэ аргыг бусад кинонд ашиглахыг
зөвшөөрөхгүй байсан учир Orson Welles-тэй хамтрахыг хүссэнээр тэд нэгджээ..
тэдний энэ кинонд ашигласан гол шинэ техник бол гүн фокус ба киноны бараг бүх
сцен, нүүрэн тал болон дэвсгэр хооронд тэр чигт хурцаар фокусласан зураглал
байдаг..
мөн уламжлалт бус нэг арга хэрэглэсэн нь нам дороос зураглах буюу
үзэгч дүрийг эгц дороос нь шахуу харах энэ зураглалыг хийхийн тулд тэд бетон
шал өрөмдөж нүхлээд камертайгаа тэр нүхэнд орж суусан байдаг.. би Gregg Toland-д
хэр их өртэйгөө хэлж мэдэхгүй, тэр бол хамгийн шилдэг зураглаач хэмээн Orson
Welles зураглаачаа магтсан байдаг.. суут кино найруулагч François Truffaut
энэхүү киноны саундын талаар: радио техникийг кинонд гайхалтай ашигласан анхны
бөгөөд цор ганц кино гээд холливуудад өмнө нь уг кино шиг хөгжмийг үр ашигтай ашигласан
кино байгаагүй гэж хэлсэн бол киноны хөгжмийг алдарт Bernard Herrmann бичсэн ба
түүний анхны киноны хөгжим байжээ.. киноны ухвар санааг фашистын эсрэг гэсэн
байдаг бол мөн өөрийгөө тусгаарлах болон аливаа зүйлд хөндлөгөөс үл оролцох
хоорондын тулаан гэж тайлбарласан агаад энэ нь тухайн үеийн дэлхийн хоёрдугаар
дайнд Америкийн байр суурийг илэрхийлжээ.. энэхүү тусгаарлах гэдэг нь Kane-ын
Европын түүх, соёлын үнэт эдлэлийнхээ дунд уйтгарлан, ганцаардан үхдэгийн
симбол гэж үздэг.. энэ бүтээл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтийн
тархийг хэрхэн залж удирдахыг үзүүлсэн анхны жишээ болсон кино ч гэдэг ажээ..
кино нээлтээ хийх дөхөхөд саятан William Randolph Hearst өөрийнх нь амьдралыг
увайгүй дэлгэлээ гэж уг киноны эсрэг бүх эрх мэдэл, хүчээ үзүүлэн сонинуудад эл
киноны суртачилгааг тавих, киноны талаар бичих, дурдахыг хориглоод зогсохгүй
зарим кино театрт гаргахыг хориглож байжээ..
Orson Welles коммунистуудын захиалгаар энэ
киног бүтээсэн хэмээн William Randolph Hearst маш их уурлан эсрэгүүцэж байсан
гэдэг бөгөөд түүний сүрдүүлгээс айсан Orson Welles орой болгон унтах газраа
сольж байжээ.. ингээд асар их дарамт, шахалтан дунд арай гэж кино нээлтээ
хийсэн бөгөөд Чикагогийн үзвэрийн үеэр танхим бараг хоосон байсан гэдэг.. кино
Оскарт есөн төрлөөр нэр дэвшиж, үнэмлэхүй ялалт байгуулна гэж яригдаж байсан ч ердөө
шилдэг кино зохиол төрөлд ялалт байгуулсан нь чамлалттайгаас гадна шударга бус
зүйл болсны дээр судлаач, шүүмжлэгчдээс сайн, муу \Их Британид маш өндрөөр
үнэлсэн\ холимог үнэлгээг анхлан хүртсэн хэдий ч Францын нэрт кино шүүмжлэгч André
Bazin-ын магтаалаар олны анхааралд дахин орсон байдаг.. кино маань дэлхийн
хоёрдугаар дайнаас болж Европын ихэнхи оронд гарч чадахгүй байсаар дөнгөж 1946
Франц-д гарсан ба Jean-Paul Sartre тэргүүтэй Францын сэхээтнүүд сөргөөр хүлээн
авч хурцаар шүүмжилсэн, үүнд философич Jean-Paul Sartre-ын шүүмж бусдадаа их
нөлөөлсөн гэдэг: уг кино нь бодит байдлыг үзүүлэхийн оронд өнгөрсөндөө санаа
зовсон романтик байна, кино урлаг өнгөрсөнд биш одоодоо байх ёстой гэж Jean-Paul
Sartre үзсэн бөгөөд тэр үеийн Францын сэхээтнүүд холливуудыг соёлгүй гэж үздэгээс
гадна кино найруулагчид нь Марксист үзэлтэй, анти-холливууд итгэл үнэмшилтэй
байв..
Францын кино шүүмжлэгч André Bazin энэ бүхний эсрэг байж: энэхүү киноны
гүн Фокусласан зураглал нь шинэлэг байснаар кино урлагийн зураглах чиглэлийг
өөрчилсөн бөгөөд реализмын гоо зүйн баримтлалаараа Roberto Rossellini-ын “Paisà”-тай
харьцуулагдам гэсэн бол мөн Gregg Toland-ын ажилласан William Wyler-ын “The
Best Years of Our Lives” зэрэг кинонуудад ашиглагдсан гүн фокусласан зураглал
нь кино урлагийн хэлийг нэг алхам урагшлуулсан хэмээн André Bazin хэлжээ.. мөн André
Bazin уг кино бол хорвоо ертөнцөөс хүний өөрийгөө болон амьдралын утгыг хайсан
асуулт хэмээжээ.. Expo 58 үеэр зуун кино түүхч уг киног бүх цаг үеийн хамгийн
шилдэг арван киноны хоёрт жагсаасан бөгөөд энэ кино бол бүх цаг үеийн их нөлөө
үзүүлсэн бүтээл гэгддэг..
уг киноны зураглаачийн ажил аугаа John Huston “The
Maltese Falcon” кинонд нөлөөлсөн байдаг, мөн “Citizen Kane”-ын гэрэлтүүлэг
болон үйл явдал нь дурсамж маягаар ухран явдаг бүтэц нь дөч, тавиад оны нуар
төрлийн гол кинонуудад тусгалаа олсон бий.. “Citizen Kane”-ын бүтэц, хэлбэр
намтарчилсан болон түүхэн “Lawrence of Arabia”, Warren Beatty-ын “Reds” зэрэг
классик кинонуудад нөлөөлсөн бөгөөд “Citizen Kane”-г зохиолын түвэгтэй чанар
хийгээд олон өгүүлэгчтэй бүтэцээрээ Akira Kurosawa-ын “Rashomon”-той адил
төстэй гэж үздэг, харин Orson Welles: минийх бол үндсэн санаа байсан харин Akira
Kurosawa-ынх дараа нь гарсан шүүдээ гэж хэлсэн байдаг бол Akira Kurosawa “Rashomon”-оо
хийхээсээ өмнө “Citizen Kane”-г хараахан үзээгүй байдаг ажээ.. судлаачид Charles
Foster Kane дүрийг “The Godfather”-ын Michael Corleone, “Raging Bull”-ын Jake
LaMotta болон “There Will Be Blood”-ын Daniel Plainview гэсэн дүрүүдтэй харьцуулсан
байдаг ба уг киног дээдэлдэг найруулагч: Woody Allen, Michael Mann, Sam Mendes,
Martin Scorsese, Milos Forman, Sydney Pollack болон Stanley Kubrick гээд
үргэлжилнэ, харин Yasujirō Ozu “Citizen Kane”-г хамгийн дуртай Япон бус
киногоор нэрлэжээ..
François Truffaut “Day for Night” бүтээлээ уг кинонд
хүндэтгэл үзүүлэн бүтээсэн бөгөөд “Citizen Kane”-г дэлхий дээрх ямарч киноноос
илүү их нөлөө үзүүлсэн кино хэмээн François Truffaut хэлжээ.. Theo
Angelopoulos, Luc Besson, ах дүү Coen, Francis Ford Coppola, Brian De Palma,
John Frankenheimer, Sergio Leone, Ridley Scott, Bryan Singer болон Steven
Spielberg нарын аваргууд “Citizen Kane” өөрсдийнх нь бүтээлд нөлөөлсөн хэмээсэн
байхад суут Ingmar Bergman уг кинонд дургүй, үнэн уйтгартай гэж хэлсэн байдаг
ажээ.. Joyce-ын “Ulysses” зохиол зохиолчдын эх сурвалж гэдэг бол “Citizen Kane”
кино урлаачдын эх сурвалж хэмээн найруулагч William Friedkin хэлсэн
байдаг.. 1988 онд киног өнгөтэй болгох
гэж оролдсон боловч 1939 оны RKO болон Orson Welles-ын гэрээнд Orson Welles-ын
зөвшөөрөлгүйгээр уг киног өнгөтэй болгож болохгүй гэсэн заалт байснаар уг кино
хар-цагаанаараа үлджээ.. сонирхуулахад, Энэхүү бүтээл Donald Trump-ын хамгийн дуртай кино ажээ.. мөн Orson Welles өдөр болгон арванзургаагаас арваннайман цагийг кинон дээрээ
ажиллан өнгөрүүлдэг байжээ..
НЭМЭЛТ: Энэ кино бол Америк
мөрөөдөл гэдэг бол хоосон хүслээс өөр юу ч биш гэдгийг үзүүлсэн анхны
кинонуудын нэг юм. Эцэг эхтэйгээ навсгар байшинд амьдарч, амьдрал нь ядруухан
байсан ч Кэйн хүүхэд байхдаа л бүрэн дүүрэн жаргалтай байдаг. Түүнтэй тоглох
хүүхэд байдаггүй байсан ч тэр гэртээ байхдаа амгалан, аюулгүй байж,
ганцаарддаггүй байв. Тэтчер Кэйнийг энэ газраас нь холдуулаад оронд нь
Америкийн мөрөөдөл буюу материаллаг тансаглал, санхүүгийн баялгийг өгдөг. Гэсэн
хэдий ч Кэйн эдгээр зүйлс нь өөрийг нь жаргалтай болгохгүй байгааг олж мэдэхийн
дээр мөн сэтгэлийн ханамжийг санхүүгийн ханамжаар солиод нэмэргүй болохыг
эцэстээ ухаардаг. Америк мөрөөдөл гэдэг Кэйний хувьд хоосон юм. Кэйн насанд
хүрээд аз жаргалаа өөрийн гараар бүтээхийн төлөө бус харин хайрыг мөнгөөр
худалдаж авах эсхүл бусдыг өөр шигээ зовлонтой болгохын тулд мөнгө, эрх мэдлээ
ашигладаг. Эд баялаг нь Кэйнийг бусдаас тусгаарлаж, тэрээр тансаг харшдаа
ганцаараа үхдэг. Тэр жинхэнэ өөрийг нь гэсэн хүмүүсийн дунд бус харин энэ
бүхнийг орлуулсан эд зүйлсийн дунд үхдэг. Хүний амьдрал дуусч, үхэнгүүт
амьдралыг нь тайлбарлахад хэцүү байдаг талаарх сэдэв уг киноны үндсэн сэдэв юм.
Кейний амьдралын тухай гүн гүнзгийгээр буулгасан намтар киног үзсэнийхээ дараа
продюсер сэтгүүлчдээс тун энгийн асуулт асуудаг; Чарльз Фостер Кейн гэж
чухамдаа хэн байсан бэ?. Энэ хүн бол эд хөрөнгө, ололт амжилт, үйлдлүүдийнхээ
нийлбэрээр илэрхийлэгдэх албагүй, харин илүү гүн гүнзгий ямар нэг зүйл түүнийг
жолооддог байсныг продюсер ухаардаг. Олон нийтэд харагдаж байгаа ололт
амжилтаас нь илүү зүйл байсан гэдгээ Кейний сүүлчийн хэлсэн үгнээс харж болно;
энэ бол "rosebud".
Сурвалжлагч Томпсоны эрэл хайгуулын явцад, мөн
Кейнтэй ойр дотно байсан хүмүүстэй хийсэн яриануудаар Кейний амьдрал түүхээ
аажмаар дэлгэдэг бөгөөд хүмүүсийн янз бүрийн санаа, бодолд тэдний өрөөсгөл
бодол шингэсэн байдаг ба дурсамжууд нь эцсийн дүндээ хоёрдмол, бас найдваргүй
байдаг. Кинонд, Кейн өөрийнхөө түүхийг ярьж амждаггүй, хэрвээ тэр ярьсан бол
түүнийг мэддэг хүмүүсийнхээс хэр зэрэг ялгаатай байх байсан бол гэж үзэгчид
боддог. Кинонд гарах хэн ч Кейнд юу тэгтэл их нөлөөлснийг мэддэггүй. Зөвхөн
Тэтчер л түүнийг бүрэн ойлгох боломжтой байсан боловч тэрээр ганцаардмал
хүүхдийг ойлгож энэрэхээсээ илүүтэй мөнгөнд л шуналтсан хүн байв. Тэтчер балчир
Кейнийг консерватизм, хөрөнгө оруулагч гэж алслагдсан нүдээр хардаг. Кейний
амьдралын тухай төрөл бүрийн үзэл бодол, ялангуяа Кейний өөрийнх нь санаа,
бодол байхгүй байгаа нь Кейний амьдралд юу үнэхээр чухал байсан бэ гэсэн
эргэцүүлэл төрүүлэхээс гадна ер нь амьдралыг юу бүрдүүлдэг юм бэ гэсэн асуултыг
үзэгчдэд үлдээнэ. Кейний сүүлчийн үгнээс харахад түүний амьдралын хамгийн чухал
хэсэг хэвлэлийн магнат, улс төрийн амбиц, нөхөрлөл бус юм. Харин Кейн үхэж
байхдаа хүүхэд насаа дурсдаг; материалист өнцгөөс харахад амьдрал нь эгнэгт
өөрчлөгдсөн ч энэ нь түүнийг сул дорой, ганцаардмал нэгэн болгожээ, эцсийн
эцэст.
Comments
Post a Comment