Ахмад минь, Ахмад минь




Dead Poets Society (1989). 1959 оны намар, Welton-ын \зохиомол сургууль \ их сургуулийн бэлтгэл академид асар бүрэг ичимхий, дотогшоогоо хөвгүүн Todd \Ethan Hawke – Америкийн жүжигчин, найруулагч, уг кинонд тоглосноор олны танил болсон\ сурахаар ирнэ.. тус академид дан хөвгүүд суралцах агаад оюутнууд тус сургуульд амьдрангаа суралцацгаана.. энэ бол мөнгөтэй айлын хүүхдүүд сурдаг, ирээдүйн эмч, сенатч, банкны эзэд суралцан төгсдөг тусгай бас хатуу дэг журамтай академи юм.. Todd-ын ах уг сургуулийн онц сурлагтан, манлай оюутан байсан нь манай ичимхий хөвгүүнд бөөн дарамт болох нь тодорхой.. 

Todd-ын өрөөний хамтран амьдрагчийг Neil \ Robert Sean Leonard -  Америкийн жүжигчин \ гэх бөгөөд түүнийг халуун дотноор хүлээн авч өөрийн нийлдэг фракцтай оруулна.. эл фракц тав, зургаан хөвгүүнээс бүрдсэн хаа ч хамт явцгаах арвандолоо насны хөвгүүд болой.. одоо фракцтай товчхон буюу киноны гол дүрүүдтэй танилцая: түрүүн дурьдсан Neil бол хатуу эцгийнхээ үгнээс гарч үзээгүй эмч болохоор сурж байгаа нэгэн, гэхдээ хөвгүүний хүсэл мөрөөдөл нь жүжигчин болох ба мөрөөдлөө эцгээсээ нууцлан орон нутгийнхаа театрт ажиллана.. хэрэв эцэгтээ баригдвал толгойгүйгээ ухаарах бөгөөд өөрийн хүсэл мөрөөдлөө хэзээч илэрхийлж байгаагүй түүнд эцгийн үг тушаал болой..
харин Knox \ Josh Charles - Америкийн жүжигчин \ бол ойролцоох энгийн сургуулийн хөгжөөн дэмжигч охинд ухаанаа алдтал дурласан Ромео, гэвч охин хөлбөмбөгчин залуутай үерхэх бөгөөд Knox сэтгэлээ илчлэхээс айж, дотроо шаналан явна.. энэ мэтчлэн өсвөр насны эдгээр хөвгүүд дахин давтагдашгүй ертөнцүүдээс гадна эцэг эхийн хүүхдээ баян, эрдэмтэй хүн болгоё гэсэн хүслийн золиос шахуу болцгоосон хүүхдүүд гэмээр ба тэдэнд өөрийнхөө хүслийг даган явах эрх байхгүй, мөн хүслээ танин мэдэж, түүнийг нь таниулах зөв жолоодогч дутаж байлаа.. ийнхүү байтал сургуульд Англиас ирсэн гэх Англи хэлний багш Keating \ Robin Williams - Америкийн жүжигчин, комедиан, нэг удаа Оскар шагнал хүртсэн\ ирнэ. Тэрээр гаднаасаа энгийн бас нүдэнд дулаахан агаад биеэ авч яваа байдал бага зэрэг гаж гэмээр.. 

Keating оюутнуудад яруу найргийн хичээл заах агаад эхний өдрөөсөө л уламжлалт бус аргаар хичээлээ зааж эхлэх нь оюутнуудын сонирхолыг эрхгүй татах бол сургуулийн удирдлагуудын дургүйцэлтэй тулна.. Keating оюутнууддаа хандан өөрийг нь ахмад гэж дуудаж байхыг хүсээд сурах бичгээ урж хаяхыг шаардана.. түүнийхээр яруу найраг математик шиг, шинжлэх ухаан шиг яг таг нотлогдсон зүйл биш харин цэвэр мэдрэмж, сэрлийнх гээд өөрсдийнхөө хайрцаглагдсан ертөнцөөс чөлөөлөгдөж, одоодоо амьдар буюу “Carpe diem” гэсэн философиор амьдрахыг зааж эхэлнэ.. төд удалгүй Keating-ын хичээл оюутнуудын хамгийн дуртай хичээл, мөн дуртай багш нь болно.. тэрээр сурагчтайгаа найзууд шиг нь нөхөрлөж, тээршаалгүй зөвлөх бөгөөд оюутан болгоныхоо өвөрмөц хувь хүн гэдгийн тодотгож, зөвхөн яруу найргийн ч биш амьдралынх нь багш болж ирж байв.. энэ үед манай фракцынхан Keating-г өмнө нь энэ сургуульд сурж байсан хийгээд мөн Талийгаач найрагчдын нийгэмлэг гэгчийн гишүүн байсныг олж илрүүлдэг..

 хүүхдүүд Keating-ээс энэ талаар асуухад, тэрээр энэ бүхэн үнэн гээд хатуу дэглэмтэй сургуульд үнэхээр ийм клуб байсан, хэдэн оюутнууд ойролцоох нууц агуйд цуглан яруу найраг уншиж амьдралын сайхныг ойлгон ухаардаг байснаа зөвшөөрнө.. ингээд фракцынхан өнөөх агуйг олж клубыг дахин сэргээнэ.. тэд шөнө бүр нууцаар цуглан өөрсдийн зохиосон болон сонгодог шүлгүүдээс уншиж, дуулж, сургуулиас гадуур чөлөөтэй байцгаан оюуны цэнгэл эдэлнэ.. Keating-ын одоодоо амьдар гэсэн нөлөө манай гол дүрүүдэд хүчтэй нөлөөлж, Todd ичимхий зангаа гээж шүлэг бичих авъяасаа нээх бол Knox дурлалт охиндоо сэтгэлээ илчлэн бүр амжилт олно, харин Neil жүжигт тоглохоор болж, үүнийгээ эцэгтээ ч хэлнэ.. энэ мэт хүүхдүүд амьдралаас өөр өөрсдийн өнгийг сайн багш, сурган хүмүүжүүлэгчийн ачаар олно.. гэвч кино төгсгөлд клубийн нэг гишүүний болчимгүй үйлдлээс нууц клуб илчлэгдэн тарж, улмаар Keating сургуулиас хөөгдөж, Neil эцгийнхээ хатуу дарамтыг тэсэлгүй амиа хорлодог.. 

Австралийн кино найруулагч Peter Weir-ын (тэрээр энэ бүтээлээрээ Оскарт шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн) энэхүү кино 16 саяар бүтээд 235 саяын ашиг олсон ба Оскарт дөрвөн төрлөөр нэр дэвшиж шилдэг кино зохиол төрөлд ялалт байгуулжээ.. киноны зохиолыг бичсэн Tom Schulman зохиолоо өөрийн оюутан цагийн дурсамжаасаа сэдэвлэсэн бөгөөд Keating-ын дүрээ өөрийн багшаасаа сэдэвлэжээ.. уг киног Америкийн кино хүрээлэнгээс хамгийн их урам зориг өгөгч зуун киноны 52-р байрт жагсаасан бол киноны алдарт "Carpe diem. Seize the day, boys. Make your lives extraordinary." Хэмээх ишлэлийг хамгийн шилдэг зуун кино ишлэлийн 95-р байрт жагсаасан агаад эл бүтээл маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны  991-р байрт жагсдаг.. кино уйтгар хүрэм дэндүү гүн агуулгатай биш бөгөөд хэтэрсэн марзан алиа ч биш, харин энэ хоёрын дундах балансыг чадамгай олсон; эцэг, эхчүүд болон багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд залуус үзэхэд маш тохиромжтой ба хүний оюуныг төрүүлэгч багш гэдэг хүн ямар чухал, залуу хүнд сайн багш заавал хэрэгтэйг харуулсан, ер нь л маш их урам зориг өгөх бүтээл гэж бодож байна.. киноны гол дүрд Robin Williams тоглож, энэ дүрээрээ Оскарт шилдэг гол дүрийн шагналд нэр дэвшсэн бөгөөд түүний замналын шилдэг дүр бүтээлтүүдийн нэг болсон.. судлаач, шүүмжлэгчид Robin Williams-ын тоглолтыг хүлээлтээс давсан хэмээн магтсан ба түүнийг нас барахад фенүүд нь ахмад минь хэмээн дуудаж хүндэтгэл үзүүлж байсан гэдэг.. Сонирхуулахад, Robin Williams энэ киногоо өөрийнхөө тоглосон хамгийн дуртай киноны нэг хэмээсэн байдаг ба Peter Weir-г хамтран ажилласан хамгийн шилдэг найруулагч гэж хэлж байжээ.. хүн болгон хувь заяаныхаа эзэн шүү..

НЭМЭЛТ: Шульманы гар бичмэлд багш Китинг цусны өвчтэйгөөр дүрслэгдэж, бүр эмнэлэгт үхэж байгаа хэсэг багтсан байжээ. Энэ хэсгийг хэрэггүй гэж үзэн найруулагч Вейр устгасан ба үзэгчид багшийн өвчинд хэт анхаараад түүний юуны төлөө байсныг анзаарахгүй гэж үзжээ. Мөн сурагч хөвгүүд маань яруу найрагт бус бүжигт дурлахыг санал болгосон ноорог байсныг хэрэгсэхгүй болгосноор одооны энэ киноны нэр ч бас сонгогджээ.

Comments