Үзэсгэлэнтэй алуурчин


Le Samouraï (1967). Кино эхлэхэд үнсэн саарал өрөөнд нэгэн дэгжин хослолтой эр хэвтээ үзэгдэнэ.. өрөө бараг хоосон агаад хоёр хөшигтэй цонх, сараалжин торон доторх бяцхан шувуу, тэгээд орон дээр өнөөх түрүүн дурьдсан эр тамхи татан хэвтэнэ.. тамхины утаа өрөөгөөр тархах бол энэ эрийн бодол хаагуур тэнэж байгааг чөтгөр л мэдэх буйзаа.. энэ хэсэг нэлээд удаан үргэлжлэх бөгөөд түүнийг босох хүртэл үзэгч бид хамт бодлогшрон, энэхүү идэвхгүй туниардсан мөч хязгааргүй үргэлжлээсээ хэмээн эрхгүй хүсэх.. уг залууг Jef Costello (Alain Delon) гэх бөгөөд хөлсний алуурчин, хөлсний алуурчин дундаа төгс алуурчин ба тэрээр хэзээч алдаа гаргадаггүй.. Jef Costello тунчиг царайлаг, хүссэн хүүхнийхээ зүрхийг урж чадах гоё залуу агаад насны хувьд гуч л гарч яваа болов уу гэмээр.. тамхи татан хэвтэж байсан тэрээр гэнэт гэхдээ яаралгүй босон торон доторх шувуун дээрээ очих ба торон доторх эрх чөлөөгүй шувуу Jef Costello-г бэлгэдэх мэт цаанаа нэг л өрөвдөлтэй.. Jef Costello бүрэн хувцаслаад байраа сайтар түгжчихээд гарч одно.. энэ бол Парис хот болой..

 тэрээр гудманд эгнэж зогссон машинуудаас туршлагаараа нэгийг нь сонгон шууд жолооны ард сууна, суух даруйдаа халааснаасаа уртаа гинжлэгдсэн түлхүүрнүүд гарган ирж нэг нэгээр нь машинд тааруулж эхлэх агаад эл үйлдлээ гүйцэтгэхэдээ амарилангуй яг л машины эзэн мэт байна.. ингээд машин хэддэх юм түлхүүр дээрээс асан хөдлөнө бөгөөд Jef Costello хотоос гарч хөдөө зэлүүд газар орших байшинд ирнэ.. түүнийг нэг эр хүлээж байсан бөгөөд машинаасаа буунгуут машины дугаарыг сольж, мөн Jef Costello-д буу өгөх бол Jef Costello түүнд мөнгө өгнө, тэдний хооронд бараг яриа үл өрнөнө.. тэндээсээ Jef Costello хотруу эргэн давхина, хотод орж ирээд нэгэн тансаг орон сууц руу шууд чиглэн очно.. энд түүнийг Jane гэх залуухан, гуа шаргал үстэй хүүхэн хүлээж байна.. уг хүүхэн баян эрийн нууц амраг бөгөөд Jef Costello-д үнэн сэтгэлээсээ хайртай бол Jef Costello хүүхнийг хоргодох газар болгохын сацуу ажил хэргээ явуулахад л ашиглана, үнэхээр ч Jef Costello хүүхэн дээр хүрч ирээд өнөө шөнө би чам дээр байсан шүү буюу нэг цагаас гурав хүртэл чамтай хамт байсан шүү гэж хэлчихээд явна..

замдаа Jane-ын баян амрагтай хальт тулгарчих ч саадгүй өнгөрөөд Jef Costello цаашаа мөрийтэй хөзөр тоглож байгаа хэсэг хүмүүс дээр очоод нэлээд их мөнгө өгчихөөд, би та нартай шөнөжин буюу гурван цагаас тав хүртэл байсан шүү гэж хэлчихээд явна.. ингээд тэрээр шөнө дундын үед нэгэн шөнийн клуб дээр ирнэ, шар саарал пальто, хүрэн саарал бүрх малгай өмссөн тэрээр буугаа цэнэглээд клуб руу орно.. шөнийн клуб мэдээж битүү хүнтэй, дуулж бүжиглэж бас ууцгаасан хүмүүс байх агаад Jef Costello шулуухан алхаж явсаар шууд клубийн эзэн дээр орох ба түүний даалгавар бол уг газрын эзэнийг алах: буу хоёронтоо тас хийж, клубийн эзэн үхэж, харин Jef Costello уламжлалт, дадсанаараа цэвэрхэн зугтаж яваад гайгаар клубийн хөгжимчин өнгөт арьстан хүүхэнтэй таарчихна.. Jef Costello балмагдсандаа ч уу, хүүхнийг өрөвдсөндөө ч үү, амийг өршөөнө.. бөөн цагдаа сэргийлэх болох нь мэдээж бөгөөд хотоор шар саарал пальтотой, саарал бүрх малгайтай бүхнийг барьж саатуулах агаад азгүй байдлаар Jef Costello буугаа устгаж чадсан ч баригдчихна, Парис хот шүүдээ, хэдэн зуун хүн сэжиглэгдэнэ.. алуурчныг гэрчлэх хүмүүс дунд өнөөх хөгжимчин өнгөт арьст хүүхэн ч байна, тийнхүү сэжигтнээр татагдсан бүх хүнийг эгнүүлэн зогсоогоод гэрчүүдээр таниулах үйл явц өрнөж эцсийн хүнээр Jef Costello үлдэж байдал хэцүүхэн болж ирнэ.. 

яг таван гэрч үлдсэнээс Jef Costello-г тэнцүүхэн буруутай бас буруугүй гэх агаад хөгжимчин хүүхэн бүхнийг эцэслэх болоход ямар шалтгаанаар юм бүү мэд Jef Costello-г буруугүй хэмээн хэлж явуулна, гэхдээ мэдээж цагдаа нар Jef Costello-ын араас сүүл тавихаас өгсүүлээд арга хэмжээ авна.. харин Jef Costello даалгавараа биелүүлсэн болохоор зохих шангаа авахаар болзсон газраа очиход түүнтэй уулзах ёстой хүн түүн рүү буудан шархдуулчихаад зугтааж одно.. шархтай алуурчин маань өнгөт арьст хүүхэн дээр очиж тусламж хүсэхийг зорингоо бодолдоо цагдаа нараас хэрхэн бултан байж итгэлийн алдсан захиалагчаасаа өшөөгөө авахыг төлөвлөнө.. Францын алдарт кино найруулагч Jean-Pierre Melville-ын гэмт хэрэгт, пост-нуар, модерн-нуар төрлийн өдгөө бүр култ классик бүтээл болсон киноны үй явдлыг товчхон танилцуулахад ийм ба Hitman буюу хөлсний алуурчинтай киног тухайн үедээ нэг шат ахиулан ирээдүй хойч үедээ гишгэх тавцан болсон уг бүтээл цаг үеэсээ түрүүлсэн найруулагчийн суу ухаан, мэдрэмж байжээ.. найруулагч Jean-Pierre Melville өөрийн гэсэн зэвүүн кино хэлтэй бөгөөд эл бүтээлд нь тэр зэвүүн хэл нь маш тод илэрнэ.. 

энд би киноны үндсэн өнгө буюу цэнхэр саарал, зэвхий хүйтэн дэвсгэр өнгийг онцломоор байна, энэхүү өнгө киноны уур амьсгалыг илтгэхээс гадна мөн киноны маш загварлага хийцтэйг орхидуулж болохгүй.. киноны гол дүр маань үнэнхүү дэгжин хувцаслах бол эргэн тойрных нь мөн л маш дэгжин, тун ганган ба ганган, дэгжин энэ алуурчны дүрд Alain Delon төгс таарсан гэмээр байна: кино урлагийн бүх цаг үеийн хамгийн царайлаг жүжигчин Alain Delon эл бүтээлдээ оргил тоглолтынхоо нэгийг гаргасан ба зарим судлаач түүний замналыг тодорхойлсон дүр ч гэдэг.. киноны Jane-ын дүрд тэр үедээ Alain Delon-ын эхнэр байсан Nathalie Delon тоглосон байдаг.. кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 191-р байрт жагсдаг аа.. Jef Costello-ын дүр хийгээд уг бүтээл кино урлагийн түүхэнд маш том нөлөө үзүүлснийг хальт хэлэхэд: Ryan Gosling-ын Drive болон George Clooney-ын The American зэрэг кинонууд Jef Costello-оос санаа авсан гэдэг бол Martin Scorsese, Quentin Tarantino, Francis Ford Coppola, Jim Jarmusch, John Woo, Bernardo Bertolucci, Aki Kaurismäki, Takeshi Kitano, Micheal Mann нарт уг кино маань хүчтэй нөлөөлж өөрийн бүтээлээ туурвихад санаа өгчээ.. үлгэр жишээ болсон хөлсний алуурчинтай шедевр кино..

Comments

  1. цагаан өнгө нь уншихад хэцүүмөө. Засах тухай бодно тээ :D

    ReplyDelete

Post a Comment