Ихрүүд




The Young Girls of Rochefort (1967). Францын кино урлагийн шинэ давалгааны үеийн нэгэн сонирхолтой кино найруулагч, “өнгө” бол Jacques Demy бөгөөд түүний кино хэл маш тод, баялаг өнгөтэй, мөн нэлээд романтик чанараараа ялгардаг.. Jacques Demy киногоо найруулахаас гадна кино зохиол бичиж, дууны яруу найраг бичдэг бузгай авъяастан байлаа.. түүний гол бүтээлүүд буюу кино ертөнцийн өв санд чухал байр суурь эзлэх бүтээлүүд нь голдуу дуутай буюу мюзикл жанрынх байдгаараа бусад шинэ давалгааны найруулагчдаасаа өөр юм.. Jacques Demy-ын хамгийн оргил бүтээл бол The Umbrellas of Cherbourg - 1964 хэмээх эмгэнэлт мюзикл кино ба одоо энд өгүүлэх кино эсрэгээрээ дуутай, хууртай, бүжигтэй тун гэгээлэг, өөрөөр хэлбэл “нар” шиг гэрэлтсэн, гялбасан бүтээл болно.. киноны хөгжмийг Францын хөгжмийн зохиолч Michel Legrand бичсэн бол дуунуудынхаа үгийг Jacques Demy өөрөө бичиж, мөн кино зохиолоо өөрөө бичжээ.. кино маань Францдаа том хит болж тухайн жилийнхээ Оскарт шилдэг хөгжим төрлөөр нэр дэвшсэн ба эдүгээ мюзикл жанртаа сонгодог хэмээгдэх хэмжээнд үнэлэгддэг болж, бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 369-р байрт жагсдаг.. анх сонсуут л чихэнд сонсголонтой хүрч, сэтгэл уяарааж, нүд баясгаж чадах хосгүй чадвартай мюзиклаас гадна киноны романтик дэврүүн орчин, мөрөөдлийн хайрыг магтсан өнгө будаг болон хувь заяандаа эзэн болоорой гэсэн суртачилсан уур амьсгал үзсэн хэнийг ч шуудхан л уусгаад авчихна..

кинонд гарах дөрвөн өөр дүр бүгд мөрөөдлийнхөө төлөө, бас жинхэнэ хайраа олохоор эрэлхийлэх нь үзэгчдэд асар их урам зориг өгөхийн дээр романтик мөрөөдлийн өдөөж өгнө..  нэг ёсондоо энэхүү мюзикл нь гэгээн мөрөөдөл, жинхэнэ хайрын сэдлийг өдөөгч шилдэг сэтгэлийн ташуур өгсөн амьдрахын баяр бахдалыг мэдрүүлэгч кино болой.. киноны тайз засалтаас жүжигчдийн хувцаслалт хүртэл тун загварлаг маягтай бөгөөд эстетик буюу гоозүйгээрэй мэдрэмж, таашаалыг дээд цэгт хүргэж чадсан кино болно.. киноны гоозүйг тодотгогч зүйл нь жүжигчдийн баг буюу гол дүрүүдэд холливуудын мюзикл жанрын ноён оргилуудын нэг Gene Kelly болон төрсөн эгч дүүс Catherine Deneuve, Françoise Dorléac нарын жүжигчдийн чадварлаг хийгээд гоё сайхан байдалтай шууд уялдана.. киноны гол дүрүүд болох эгч дүү Catherine Deneuve, Françoise Dorléac хоёр нь амьдрал дээр ч эгч дүүс байсан ба кино дээр ихрүүд болон гардаг ба Catherine Deneuve-г бид хэзээний мэдэх алдартай бас үзэсгэлэнтэй жүжигчин бол түүний эгч Françoise Dorléac энэ кинонд тоглоод гурван сарын дараа авто ослоор харамсалтайгаар нас барсан байдаг, зураг дээр: баруун гар талаас Françoise Dorléac юм.. Jacques Demy анх ихрүүдийн дүрийн ихрүүдэд Brigitte Bardot болон Audrey Hepburn хоёрыг тоглуулахаар бодож байсан нь сонирхолтой.. ингээд киноны үйл явдыг товчхон:далайн эрэг дээр орших Rochefort гэх тосгонд нэгэн хижээл насны хүүхэн цайны газар ажиллуулна.. эл хүүхнийг Yvonne гэх бөгөөд түүний цайны газар мөрөөдөгчдийн, хайраа хайгчдын төв цэг удахгүй болно.. Yvonne нэг бяцхан хүү, хоёр залуухан, ихэр охидтой \хорь хүрч яваа\ бөгөөд арван жилийн өмнө нэг залуутай бараг суухын даваан дээр нөгөөх нь сураггүй болж, хүүхэн зөвхөн дурсамж болон Dame гэдэг нэрийг л санаж үлдсэн.. хүүхэн Dame-гээ сэтгэлдээ хүлээсээр, бас хайрласаар.. тэгвэл уг цайны газраар Maxence гэх усан цэрэг буюу яруу найрагч, зураач үзэгдэж эхэлнэ.. Maxence өөрийн мөрөөдлийн бүсгүйгээ дүрслэн төсөөлж, улмаар царай төрхийг нь дүрслэн зурж түүнийгээ хорвоогоор нэг эрэн хайж яваа романтик залуу.. 
тэгвэл уг тосгонд хөгжим бүжгийн дамжаа явуулдаг киноны гол дүрүүд болох ихрүүдтэй буюу Yvonne-ын охидтой танилцая.. ихрийн шаргал үстийг нь Delphine гэх ба бүжгийн багш тэрээр уран зургийн галлериан эзэнтэй явж байгаад саяхан салж жинхэнэ хайр сэтгэлээ олохоор Парис явахаар шийдээд буй.. харин ихрийн хүрэн бор үстийг Solange гэх ба хөгжмийн багш тэрээр мөн л мөрөөдлийн хайраа олж дээр нь алдартай хөгжимчин болохоор мөн Парис явна гэж төлөвлөх.. Solange тосгондоо байрлах шинээр байгуулагдсан хөгжмийн дэлгүүрийн эзэн Dame-тэй их найз.. Dame найз охин дүүдээ арван жилийн өмнөх бүтэлгүй хайрын түүхээ хуваалцан санааширна.. ингэж байтал Dame-ын дэлгүүрт эртний анд найз Америк эр Andy ирнэ.. Andy Solange хоёр санамсаргүй, ёстой л нэг мөргөлдөж танилцах агаад хайрын оч авалцан асах нь тэр.. энэ зуур Delphine-ын экс-ын галлериад Maxence өөрийн зурсан мөрөөдлийнхээ бүсгүйнхээ зургийг байршуулах бөгөөд зураг дээрх бүсгүй ерөөсөө л Delphine байх нь тэр ээ..

Comments