Love Actually (2003). Таны хувьд хайр гэдэг зүйл маань юу вэ? Бид хайрыг эзэмшин төрдөг юмуу, эсхүл туршлагаар олж мэддэг юмуу? Ерөөсөө хамгийн энгийн, дандаа байдаг мөртлөө тулж болдоггүй, чухам яв цав илэрхийлж болдоггүй, хорвоо дээрх хамгийн хөнгөхөн ч хатуу, гашуун ч чихэрлэг зүйл бол хайр билээ. Хайр болон жаргал гэдэг хоёр ухагдахуун нь дандаа хоршин байдаг юмуу холилдон байж л хайр нь хайр гэдэг утгаа олж, жаргал гэгч маань жаргал гэдэг чанараа олдог мэт санагддаг. Хайрыг мэдрэхийн тулд тодорхой цаг хугацаа ордог бол жаргалыг баяраас, өөрөөр хэлбэл шинэ жилээс мэдэрч болдог. Хүн төрөлхтөн бид нар олон соёлд, олон заншилд хуваагддаг ч ерөнхийдөө бүх дэлхийгээрээ арванхоёр сарын гучин нэгэнд гэр бүлээрээ хамгийн амттай, хүндтэй ширээгээ засан хайртай хүмүүстэйгээ нэг дор цуглан тэмдэглэдэг билээ.
Энэ нь нэг үгээр хүн төрөлхтөний хамгийн том баяр бол шинэ жил
гэж хэлсэнээс өөрцгүй бөгөөд шинэ жилийг бид эцэг эхтэйгээ, найз
нөхөдтэйгөө, мөн амраг хайрттайгаа гээд аль ч төрөлд тэмдэглэж болдог
олон талт баяр гэснийг тодотгох ба одоо энд өгүүлэх кино маань чухам энэ
олон улсын, олон төрлийн хайрыг харуулсанаараа бусад бүх шинэ жилийн \ зул сарын \ кинонуудаасаа ялгарна. Шинэ Зеландын кино найруулагч,
кино зохиолч, продюсер Richard Curtis \ "Bridget Jones's Diary" болон "Notting Hill" гэсэн алдартай кинонуудын зохиолыг бичсэн ба уг кино
Richard Curtis-ын анхны бүрэн хэмжээний найруулсан кино\ өөрийн “Love
Actually” бүтээлээрээ романтик комеди төрөлд шинэ уур амьсгал авчраагүй
юм гэхэд Англи маягийн романтик, Англи маягийн хайрыг кино дэлгэцнээ
үзүүлсэнээрээ гавъяатай. Хайрын өөдрөг сэтгэлийг баярын \шинэ жилийн\
уур амьсгалаар баяжуулан урамтай бүтээсэн бүтээл буюу олон нийтийн
сонгодог шинэ жилийн, \зул сарын\ нэг ёсондоо хориннэгдүгээр зууны
классиск зул сарын кино бол дурьдан буй кино маань юм.
Нэг ёсондоо,
кино маань Лондон хотод өрнөх найман өөр хайрын түүхийг зул сар хүртэлх
таван долоо хоногт үзүүлэх агаад түүх болгон өөр өөрийн онцлог
шинжтэйгээс гадна зул сартай \шинэ жил\ холбогдоно. Мөн түүнчлэн найман
түүхийн дүрүүд өөр хоорондоо холбогдох агаад кино маань тэр чигээрээ
нэг том, сүлжэлдсэн ороомог бөлгөө. Энд би бүх найман түүхийг өгүүлэх
аргагүй ба дөрвөн түүхийг нь л товчхон дурдъя. Эхний түүх: Juliet
болон Peter \хар\ хоёрын хурим, Peter-н хамгийн сайн анд Mark хуримын
бүх үйл ажилгааг камераар бичиж авах ба Mark андынхаа эхнэр болсон
хүүхэнд дургүй. Харин Juliet нөхрийнхөө хамгийн сайн найз нь яагаад
өөрийг нь үзэн яддагийг санамсаргүй олж мэдээд шоконд \миний хувьд
киноны хамгийн гоё сцен\ орно. Хоёрдугаар түүх: зохиолч Jamie хайрт
хүүхэндээ араараа тавиулсандаа шаналан, ганц биеийн тусгаарлагдсан
амьдралыг сонгосон ч гэрийг нь цэвэрлэх гэж ирсэн гэрийн үйлчлэгч
португаль хүүхэнд дурлах ба тэд хэл ус ойлголцохгүй хөглөнө. Гуравдахь
түүх: Harry бол тавь хүрч буй томоохон компаний захирал ба шинэхэн
нарийн бичиг Mia-ынхаа залуухан, халуухан өнгө төрхөнд эрхгүй татагдан
байгаа эр. Harry-ын эхнэр санамсаргүй байдлаар нөхрийнхөө хармаанаас
үнэт эдлэл бүхий зүүлд олох агаад уг зүүлтийг шинэ жилээр бэлэг болгон өөрт нь өгнө гэж итгэнэ. Харин Harry нууц амраг болж буй
Mia-даа авсан байдаг ба эхнэр хүний гомдол, нөхрийн гэмшсэн ухаарлыг
хөнгөхөн үзүүлдэг. Дөрөвдөх түүх: Sarah бол тун аятайхан хүүхэн ба
ажлын газрынхаа залууг урт удаан хугацаанд харж яваа нэгэн, ингээд нэг
боломжит үдэш ирэхэд тэрээр зовлонт дүүгээ орхин хувийн жаргалаа хөөж үл
чадна, өөрөөр хэлбэл бие муутай дүүгээ гэсээр ганц бие уйтгартай
амьдралыг туулавч эгчийн нинжин сайхан сэтгэлийг мэдрүүлнэ. Энэ мэт
хайрыг асуусан, хайрыг хүссэн хэсгүүд дундаас үнэнч сэтгэл болон ёс
суртахууныг асуусан агуулга уг киноны гол хэсгийг бүрдүүлнэ..
Киноны
маань жүжигчдийн бүрэлдэхүүн оддын чуулга юм: Hugh Grant, Liam Neeson,
Colin Firth, Emma Thompson, Laura Linney, Martin Freeman, Alan Rickman,
Keira Knightley, Rowan Atkinson нар бутран сарньж байгаа хайраас дахин
цэцэглэж байгаа хайр хүртэлх хийгээд эцэг эх, эгч дүүгийн, нийгмийн хайр
\үүнд ерөнхий сайдын дүр бүтээсэн Hugh Grant-ын ард түмнээ гэсэн
сэтгэлийг хэлж болно\ гэсэн хайрын олон өнгийг дэлгэцнээ чадварлагаар
тоглож үзүүлжээ. Кино “удаан” буюу 136 минут үргэлжлэх ч нэг
амьсгаагаар үзээд дуусгачих сонирхолтой бөгөөд зугаатай. Кино маань 45
сая ногооноор бүтээгдээд 246 саяыг дэлхий дахинаас олжээ. Найруулагч
Richard Curtis тус бүтээлээ хэтэрхий “чихэрлэг” нялуун болгохгүй нь тулд
зарим нэг жижигхэн гуниг шигтгэж өгсөн нь киноны тэнцвэрийг барьж, ахин
дахин үзэж санаашрах сэдлийг олгосон санагддаг. Энэ кино бол хуучны
урт удаан, нуршсан кинонуудаас татгалзаж, хурдтай нь дээр олон түүхийг
богино хугацаанд амжиж үзэх сонирхолтой орчин үеийн “завгүй” залууст нэн
тохирох, орчин үеийн классик хийгээд үнэмлэхүй хайрын, бас шинэ жилийн
кино болой. Кинонтой холбоотой зарим нэгэн сонирхолтой баримтаас
дурдахад: тус киноны маань DVD 2004 онд Их Британид хамгийн их түрээслэгджээ. Тэгвэл киноны турш "actually" гэдэг үг хоринхоёр удаа хэллэгддэг бол
Hugh Grant бүжиглэдэг хэсгээ үзэн яддаг гэжээ.

Comments
Post a Comment