Хөлчүү хардалт






Written on the Wind (1956). Дани – Герман гаралтай, холливуудад мелодрам кинонуудаараа алдаршсан, бүр зарим судлаачдын хэлдэгээр америкийн тэр үеийн тогтсон соёлыг “сөнөөсөн” гэгддэг нэрт кино найруулагч Douglas Sirk-ын америкийн дундаж нийгмийг, бүр нарийвчлан хэлвэл америкийн гэр бүлүүдийн хуурамч хийгээд амьдрах хэв хэлбэрийнхэн сул дорой чанарыг далд санаагаар, тэгэхдээ зориудын хуурамч хэтрүү
лсэн егөөдлөөр дүрслэн үзүүлжээ.. 

мелодрам бол хэт утга уянгын, гэрийн эзэгтэй нарт зориулсан жанр гэж олонх үздэг бол Douglas Sirk-ын мелодрам бол мелодрам гэсэн нөмрөг нөмөрсөн хүн хоорондын тэр дундаа гэр бүлийн гишүүдийн ярвигтай асуудал болон зөрчлийг сэтгэлзүйн, нийгэм соёл талаас асар шүүмжтэйгээр хөнгөхөн егөөдөн чимхчихдэг сонирхолтой арга барил нуугдсан байдаг, нэг ёсондоо жинхэнэ сайн мелодрам бол Douglas Sirk-ынх бөлгөө.. уг кино дээр  найруулагч санаагаа далд, бүр далд нуусан гэж судлаачид үздэг бөгөөд амьдралаас хол мэт үйл явдлуудаар албаар санаагаа халхлаж, үзэгчийг бодоосой, ухаанаа ашиглаасай гэж хүссэн мэт.. олон кино мастерууд болох Pedro Almodovar, Rainer Werner Fassbinder нарт Douglas Sirk асар их нөлөөлсөн гэдэг.. Douglas Sirk өөрөө найруулагчаас гадна зураач байсан нь кинонд нь нөлөөгөө олж, харах яруу найраг гэгддэг уран зураг шиг план олон байдаг нь түүний онцлог юм.. кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 321-р байрт жагсдаг..
Robert Wilder-ын ижил нэрт зохиолоос сэдэвлэн киног бүтээсэн бөгөөд алдартай дуучин хүүхэн болон тамхины магнат залуу хоёрын бодит амьдралыг бага зэрэг өөрчлөн бүтээжээ.. киноны үйл явдлын талаар товчхон өгүүлсү.. кино маань дөрвөн гол дүртэй: Mitch \ Rock Hudson \ бол Hadley гэдэг газрын тосны компанид геологич хийдэг шударга, сайхан сэтгэлтэй, мөн тун сайхан залуу.. Kyle \ Robert Stack \ бол Hadley компани буюу бараг эзэнт гүрэн болтлоо өргөжин томорсон тэрбумтан айлын том хүү бөгөөд архичин, эхнэргүй зугаа цэнгэл хөөгч бөгөөд сэтгэлзүйн хувьд тогторгүй үргэлж үхэл бодож явах тэрээр гэр бүлийн хайраас хөндий өссөн, эцэг нь өөрт нь огт итгэдэггүй бол ганц охин дүү нь харь элгийн хүн шиг хүйтэн харьцаж, түүнд багын буюу амьдралынхаа турш итгэн нөхөрлөж яваа ганц анд байдаг нь Mitch болой.. 
Mitch энэ гэр бүлд бараг өөрийн хүн шиг дотно агаад эцэг Hadley төрсөн хүүгээсээ ч илүү түүнд итгэх бол Mitch энэ бүхнийг зөвөөр хүлээж авахаас гадна Kyle-даа үнэнч гэж жигтэйхэн, нэг үгээр Mitch бол хамгийн шилдэг найзын үлгэр жишээ юм.. Kyle-ын дүү, Hadley-ын ганц охиныг Marylee \ Dorothy Malone – энэ кинонд тоглосон дүрээрээ оскараас шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал хүртсэн\ гэх бөгөөд үзэсгэлэнтэй шаргал үст энэ бүсгүй бараг ухаан орсон цагаасаа ахынхаа анд Mitch-д дурласан бас ухаангүй хайрласан.. үг болон үйлдлээрээ бүсгүй шулуухан сэтгэлээ илэрхийлэх бол Mitch түүнийг зөвхөн дүүгээ гэсэн нүдээр харж, бас үргэлж дүүгээ гэж бодож явахаа ч нуулгүй хэлэх ба ингэх магадгүй нэг шалтгаан байсныг, хэрвээ энэ шалтгаан огт байгаагүй бол бүсгүйг арай өөрөөр харах байсан байж магадгүйг хожим дурьдая.. өөрийг нь ямар сайхан бүсгүй болсон ч тоохгүй байгаад болон багадаа өөртөө нь хуримлана гэж амласнаа, Kyle ахыг нь дагаж хамт явсанаас хойш амласан бүхнээ үгүйсгэх болсон Mitch-д, бас амиа л бодсон аав ах хоёртоо уурсан гомдож архи ууж, хаана л зугаа цэнгүүн болж байна тэнд очин завхайрах агаад гуниг хийгээд уйтгараа сексийн хүслээрээ намжаан дарна.. өөрөөр хэлбэл Marylee хормойн донтой байлаа.. түүнтэй унтаагүй царайлаг залуу хотод үлдээгүй гэхэд хилсдэхгүй бөгөөд бүсгүй үүнийгээ аав, ах, мөн хамгийн гол нь Mitch-ыг чадах гэж, уур цухлыг нь барах гэж хорссондоо хийж, үүнээсээ ч цэнгэл эдлэнэ.. нэг нартай өдөр Kyle, Mitch хоёр ажил хөөцөлдөж яваад нэг нарийн бичиг бүсгүйтэй танилцаж хоёулаа зэрэг дурлаж орхино.. тэр бүсгүйг Lucy \ Lauren Bacall \ гэх ба үзэмж гоогоос гадна шулуун шударга зан, элдэв маяггүй яг өөрийнхөөрөө байж чаддаг чанарт залуус унаж тусах бөгөөд Kyle шууд л сүр хүчээ гайхуулж эхлэх бол Mitch эелдэг харьцахын дээр найзынхаа сүрэнд дарагдаж буйгаа мэдрэн, мөн түүнчлэн сайн найзын ёсоор, өөрөө бүсгүйд сайн байсан ч найздаа зай тавьж өгнө.. 

Kyle ёстой сагсуурч өгнө, тэрээр бүсгүйг бусад хүүхэнтэй адилтган бодож мөнгөөр бороо, цас оруулж, ингэснээрээ эхнэрээ болгон гэж бат итгэтэл бүсгүй үүнийг нь шал тоохгүй байж чадна.. Kyle үүнд нь шалчийтлаа тэнэг байдалд орж, бүсгүйн ухааныг шүтэж, өмнө нь учирч яваагүй бүсгүй болохыг мэдэн, энэ л ёстой эхнэр минь болно гэсээр өмнөх бүх алдаанаасаа уучлалт гуйгаад жинхэнэ зүрх сэтгэлээ уудлан таниулсанаар Lucy-ыг өөртөө татна.. Lucy залуугийн сайн талыг харахдаа өрөвч сэтгэлийн толиор тусгаж хараад зогсохгүй хүүхэн хүн л хойно тодорхой хэмжээнд тэр их мөнгөнд ухаан алдах нь мэдээж.. хуримынхаа анхны шөнө л Lucy насаараа зовсон эхнэр болох нь гэдгээ ухаарах ба үнэхээр сайн хүн тул энэ бүхнийг тэвчин сайн эхнэр байж, энэ гэр бүлийг сайхан авч явъя гэж зориг шулуудна.. ингээд нэг жил өнгөрөхөд Mitch өөрийг нь хайрлая гэсэн Marylee-ээс тужид татгалзах хэдий ч хүүхнийг садар амьдралаас нь болж жигшихгүй байв.. энэ бол надад хамаагүй гэсэн хандлага болно.. Marylee үүнээс болж улам хүнээ байх бөгөөд үүнд Lucy-г буруутгаж, хэрэв Lucy гарч ирээгүй бол Mitch түүнийх болсон байна гэж үзнэ, энэ ч бас магадлалтай юм.. Mitch андынхаа эхнэрийг дотроо хайрласаар ба мэдрэмжтэй хэн боловч анзаарахаар байлаа.. тиймээс ч Marylee үүнийг нь соргогоор олж харж ахынхаа эхнэрийг үзэн ядаж, Mitch, Lucy хоёрыг, хэрэгтэй гэвэл ахыгаа хорлохоос буцахгүй болно.. энэ үед харин Lucy, Kyle хоёр бэрх үеийг туулж байв.. тэд хүүхэд олохгүй байлаа.. асуудал эрэгтэйд байна гэж эмч хэлэх бөгөөд угаас эмзэг Kyle санаагаар бүрэн нурж архинд гүн живнэ.. энэ үед яах учраа олохгүй хөөрхий Lucy-д Mitch л хань болох ба Lucy сохор биш учир залуугийн хандыг ававч өвөрт гүйж орон тэнэгтэхгүй.. гэхдээ тэднийг Marylee гярхай ажиглаж бүх үйл хөдлөлийн давслан байж сайн дүүгийн хувиар ахдаа хэлж орхино.. гэтэл яг энэ үеэр Lucy жирэмсэн болно.. бүсгүй баярт мэдээгээ нөхөртөө хэлэхэд тужид согтуу байх бас дүүгээсээ үнэтэй мэдээ сонссон Kyle юу гэж итгэх билээ? Анд Mitch-гээ алахаар гарах ба Lucy-г зодож зулбуулдаг аа.. азжаргалыг мөнгөөр худалдаж авч болдоггүйг бид энэ киноноос харж ойлгоно..

НЭМЭЛТ: Америкийн гэр бүлийг шүүмжилсэн хамгийн аугаа кино. Энэ киноноос мелодрамаас хүлээж болох бүхнийг харах ба яагаад Дуглас Сиркийн оргил киноны нэг гэдгийг үзэж болох бүтээл. Энэ киног үнэлнэ гэдэг Ингмар Бергманы шилдэг кинонуудыг ойлгохоос илүү нарийн мэдрэмж шаардах агаад учир нь Бергманы сэдэв далд байдаг бол Сиркийнх хэлбэр маягаар хүрч ирдэг. Сиркийн дотоод хэлэмж шилдэг бөгөөд гаднах нь хуурамч буюу тэр үзэгчээ холливуудын хэтрүүлсэн маяг, бодит бусыг анзаараасай гэж хүсдэг. Энэ бол дээгүүр юмуу доогуур амталж болдоггүй, чухам яг дундуур нь амтлах ёстой кино.  

Comments