Галзуурсан гуа үзэсгэлэн


Repulsion (1965). Бельги эгч дүүс Carol болон Helen нар Лондонд байр түрээслэн амьдарна.. эгч дүүс гаднах үзэмжээрээ хэн хэнээсээ дутахааргүй үзэсгэлэн гуа боловч зан аалийн хувьд тэрс өөр.. эгч Helen шулуухан, нээлттэй бол дүү Carol дуу цөөтэй, дэндүү ичимхий.. бидний анхаарвал зохих хүн нь Carol юм.. үзэсгэлэнтэй шаргал үст Carol нэгэн гоо сайхны салонд ажиллах бөгөөд түүнийг Colin гэх тун аятайхан залуу эргүүлнэ, бас болоогүй тэд хэдэнтээ болзсон гэж байгаа.. 
Helen удахгүй суух залуутайгаа хамт өрөөндөө амьдарна.. үүнд Carol илт дургүйцэнэ.. өөрийнх нь болон эгч дүүсийнх нь нандин \эмэгтэйлэг\ харьцаа дундуур дэндүү эршүүд залуу бүдүүлгээр хүчин түрэн орж ирэн бүсгүйн хувийн орон зайд бүдүүлгээр халдах \ Carol л тэгж бодох\ нь бухимдлын төрүүлнэ.. эгч нь түүнийг хэтэрхий мэдрэмтгий гэж тодорхойлсон нь хоосон үг биш юм.. ойрын өдрүүдэд Carol ажил дээрээ идэвхгүйгээс гадна Colin-оос илтээр зугтаж эхэлнэ..
бүсгүй шөнө унтаж чадахаа байсан агаад шалтгаан нь эгчийнх нь шөнөжин хийх секс буюу дур тачаалаа барьж дийлэхгүй гийналт, янаглалт юм.. Carol-д энэ бүхэн жигшлийн л төрүүлэхээс цаашгүй бол нэг унтахаараа зүүдэндээ явах юмуу хар дарж тарчилна.. ингээд өдөр өнгөрөх тусам Carol дуугаа хурааж, бодлогшронгуй суух нь олширно.. Colin бүсгүйг болзоонд урьж, аль байдгаараа л эргүүлэвч Carol түүнээс улам зугтаж, барагалж айна.. гэтэл ашгүй эгч нь сүйт залуутайгаа хэдэн хоногоор итали явж амрахаар болно.. 

Carol байрандаа ганцаар хаалгаа сайтар түгжиж аваад бүгнэ.. бүсгүйг эхний өдөр ганцаараа хоноход нэг залуу хаалгын эвдэн орж ирж хүчирхийлнэ.. гэтэл энэ зүүд байна.. дараагийн өдөр хий юмс харж, хана цуурга хагарч, ховхорч байна хэмээн харна.. энэ бас л зүүд байна.. ийнхүү бүсгүйн сэтгэцийн байдал богино хугацаанд муудаж солиорно.. энэ үед санаа зовсон Colin гэрт ирэхэд бүсгүй түүнийг алж орхино.. кино цаашаа улам галзуурал, дэмийрлийн эргүүлэгт унах ба үлдсэн хэсгийг нь уншигчдаа үлдээе.. Франц-Польшийн иргэншилтэй суут кино найруулагч Roman Polanski-ын энэхүү сэтгэлзүйн аймшгийн бүтээл солиорлыг дэндүү ойроос бодитой зурагласнаараа шижир алт шиг үнэлэгддэг бөгөөд сэтгэлзүйн аймшиг төрөлдөө тэсрэлт, жинхэнэ гайхшрал болж байсан бүтээл.. Roman Polanski-ын домогт сэтгэлзүйн аймшгийн төрлийн “байрны” трилогийн анхны кино болж гарсан уг бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 490-р байрт жагсдаг.. Carol-ын эрчүүдийг үзэн ядах сэдэл болон хамгийн аймшигт зүүд нь эр хүнд хүчиндүүлж байгаа нь Carol бага насандаа хүчирхийлүүлж байсан юмуу саяхан хүчиндүүлсэнтэй нь холбоотой гэж үзэж болох юм.. үүнд эгчийн нөхрийг бид хардаж болохоос гадна Carol-ын эцгийн талаарх хардалтыг төрүүлдэг.. энэ талаар киноноос үзэж, сайн ажиглавал харж болно..

 кино хар-цагаанаар хийгдсэн бөгөөд зураглаач Gilbert Taylor-ын \тэрээр энэ кинонд ажиллахаасаа нэг жилийн өмнө Richard Lester-ын A Hard Day's Night болон Stanley Kubrick-ын Dr. Strangelove гэсэн мөн хар-цагаанаар бүтээгдсэн шилдэг кинонуудад зураглаачаар ажиллаад байв\ ажил солиорлыг хамгийн ойроос дурандсан гайхамшигт туршилт гэмээр бодитой болжээ.. удаан тогтсон зураглал хийгээд цагны чимээ,утасны хонх, гүнзгий амьсгалах чимээ зэрэг нарийн, анзаарагдам зүйлс киног хосгүй аймшигтай бас жихүүцэм эвгүй болгожээ.. харанхуйгаас айх, өмнөх амьдралын хар сүүдрээс болж эрчүүдээс айх бүсгүйн дүрийг нэрт Catherine Deneuve гайхамшигтайгаар бүтээсэн бөгөөд үзэсгэлэнт бүсгүй дүрийг бүтээхдээ дөнгөж 22 настай байжээ.. кино тухайн үедээ эмэгтэй алуурчинтай хоррор бүтээл гэдгээрээ онцлог чанартай байв.. киноноос бид сүнс юмуу элдэв мангас зэргийг харахгүй ч хангалттай айх буюу эвгүйрхэнэ.. уг кино Roman Polanski-ын анхны англи хэлтэй хийгдсэн кино бол хамгийн аюултай 25 киноны тоонд мөн ордог оо..

 НЭМЭЛТ: Өнгөрсөний хар дурсамж хэрхэн хар даран зүүдлэх шалтгаан болдог, ганцаардал яаж галзуурал руу хөтөлсөн энэ түүхийн гол дүрд гоё Кэтрин Денев тоглосон ба найруулагч Роман Поланский Парист байхдаа киноныхоо санааг олжээ. Кино зохиолд Жерард Брах хэмээх Францын зохиолч тун их нөлөөлсөн буюу киноны галзуурсан эмэгтэйн дүрийг Брахын таньдаг шизофрени өвчтэй эмэгтэйгээс сэдэвлэсэн ажээ. Шизофренийг нарийн бөгөөд бодитой дүрсэлсэн хамгийн шилдэг кино байж магадгүй.

Comments